sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нефть импортлогч компаниудад 8 дугаар сарын 6-ны өдөр хийсэн хяналт шалгалтаар 9 ААН-ийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 шатахуун октан хэмжээндээ хүрээгүй байсан талаар ШӨХТГ-аас газраас өнөөдөр мэдээлэв.  
Тодруулбал, Петростар, Магнай трейд, М-Ойл, Шунхлай трейдинг, Содмонгол, Жаст-Ойл, Синчи-Ойл, Монсуль, Ойн бирж зэрэг шатахуун жижиглэн борлуулдаг ААН-ийн АИ-92 авто бензины марганецын агууламж байх ёстой хэмжээнээс илүү буюу 0.6-0.9 мг/дм3-аар илэрчээ. Стандартчиллын үндэсний зөвлөлийн тогтоолоор Хөдөлгүүрийн түлшний стандартыг баталсан  бөгөөд тус стандартаар АИ-92 автобензинд агуулах марганецийн хэмжээ 0.25 мг/дм3 байхаар тогтоосон байдаг. Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд ангид муугаар нөлөөлдөг аж.
Иймд ШӨХТГ-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шатахууны худалдаа эрхэлдэг дээрх ААН-үүдэд тус бүр 9 сая төгрөгийн торгууль оноож, энэ сарын 25-н хүртэл зөрчлөө арилгах, чанар, стандарт хангасан бензин борлуулах Улсын байцаагчийн дүгнэлт хүргэсэн талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээлэв.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг