sonin.mn
БУСАД НЬ ИЙМ БАЙДАГ ЮМ УУ ДАА ГЭХ БАРДАМНАЛ Ч ТӨРДӨГ
 
Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Г.ЖИГЖИДСҮРЭН:
 
-Цэрэг, армийн тухай ярихаар юуны түрүүнд надад Халхын голын болон Чөлөөлөх дайнд баатарлагаар тулалдаж явсан ахмад дайчид санаанд буудаг юм. Би ч бас хувьтай хүн шүү. Яагаад гэхээр тэр мундаг ахмад дайчдын заримтай нь үг сольж, гар барьж явсан даа. Алаг морьт Л.Дандар баатар, С.Дампил баатар гээд л их сайхан зантай, яриа хөөрөөтэй хүмүүс байж билээ. Тиймдээ ч нэг муу шавилхан банди намайг тоож яриа хөөрөө үүсгэж байхгүй юу даа. 1980-аад оны дунд үе юм уу даа. Оросын зохиолчийн бүтээлээр “Халхын гол-39” хоёр ангит туульсын кино хийхээр болж, Монголын талаас С.Дашдооров бид хоёр найруулагчаар нь ажиллахаар болоод киноныхоо асуудлаар алтан Москваг зорилоо. Очоод эд ажилдаа орж байтал Гадаад явдлын яамны Соёлын атташе яаралтай эргэж холбоонд ор гэж дамжуулсан байх юм. Тэгээд холбогдтол наад киногоо хийхээ боль, хэлмэгдүүлэлтийн тухай кино байна. Хэлмэгдэгсэд болоод тэдний ар гэрийнхний зүрхний шарх аньж ядаж байхад хэрэггүй гээд энэ кино бүтээл болж, олон түмэнд хүрээгүй орхигдсон юм. Одоо эргээд бодоход энэ киног хэрэв хийчихсэн бол өнөөгийн хүүхэд залууст эх орны үнэ цэнэ, ахмад дайчдын баатарлаг гавьяат үйлсийг харуулах, ойлгуулж, мэдрүүлэх сайхан бүтээл үлдэх байсан даа гэж харамсдаг юм. Яагаад би эдгээрийн тухай дурсав гэхээр ямар их үнэ цэнэ, ямар олон хүний амины төлөөсөөр эх орон минь бидэнд бүрэн бүтэн үлдсэнийг ялангуяа бидний үргэлжлэл болсон хүүхэд, залуус зүрх сэтгэлээрээ мэдэрч, ойлгох учиртайг давхар сануулах гэсэн санаа. Мөн энэхүү баатарлаг үйлсийг түүчээлж, үймээн самуунтай дэлхийн дайдад энхийг сахиулж байгаа энэ цагийн монгол цэргүүдээр бахархаж омогшдогоо хэлэх гэж ядаж байгаа нь энэ л дээ. Манай цэргүүдийн мэргэжлийн ур чадвар, ажил албаны гүйцэтгэл аль хэдийнээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдчихлөө шүү дээ. Бусад улс орны цэргүүд ийм байдаг ч юм уу даа гэх бас нэг бардамнал ч төрдөг юм.
 
ЭХ ОРОН ГЭДЭГ БОЛ ЦЭРЭГ ХҮНИЙ ЗҮРХ, ТАРХИ, ЦУС, АМИНЫ ТӨЛӨӨС ГЭДГИЙГ БОДОХ УЧИРТАЙ
МУГЖ З.ЖАРАНТАВ: 
 
 
-Багшийн дээдийн кино драмын ангийн оюутан байх үед надад цэргийн алба хаах тэр эрхэм хүндтэй үүргийн зарлан дуудах хуудас ирж байлаа. Тухайн үед багш нар маань “Өө тийм юм байхгүй, энэ хүүхдийг жүжигчин болгоно, цаг хугацаа алдахгүй” гэх мэт шалтгаан хэлээд харамсалтай нь намайг цэрэгт явуулаагүй юм. Гэсэн хэдий ч би цэргүүдийг чин үнэн сэтгэлээсээ хайрладаг, мэдэрдэг. Тэр тусмаа бидний сайн сайхны төлөө, биднийг бүрэн бүтэн эх оронд амар тайван амьдруулах гэж алтан амиа өргөсөн ахмад дайчдыг биширдэг. 
Эх орон гэж юу юм бэ, эх орон хаанаас, юунаас эхэлдэг юм бэ? Эх орон гэж хилийн зурвас уу? Аль нь ч биш шүү, ингэж өнгөц харах хэрэггүй. Эх орон гэдэг бол цэрэг хүний зүрх, тархи, цус, амины төлөөс гэдгийг бодох учиртай. Тэгэхээр “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж амиараа тангараг өргөсөн эгэл бор цэргүүдээ бид алхам тутамдаа хайрлаж, хүндлэх учиртай. Тэртээх 1969 он буюу Халхын голын дайны ялалтын 30 жилийн ойн хүрээнд “Залуучуудын чуулга уулзалт, тойрон аялал” гэж нүсэр арга хэмжээ болж байлаа. Түүнд Оросоос 400, Монголоос 400 залуу оролцсон юм. Тухайн үед би Улсын драмын академик театрын Эвлэлийн үүрийн дарга байлаа. Ойн хүрээнд явагдсан урлаг, соёлын бүхий л арга хэмжээг найруулж, хөтөлж, өөрөө дунд нь оролцон тоглож явсан юм. Энэ үед ямар их үнэ цэнээр, ямар олон хүний амиар энэ эх орон бидэнд үлдсэн юм бэ гэдгийг зүрх, тархиараа илүү мэдэрсэн. Тойрон аялалд оролцсон Орос, Монголын залуус ч мэдэрсэн. Ингэж эх орны үнэ цэнийг залуус, хойч үедээ мэдрүүлэх учиртай. Удахгүй Халхын голын дайны ялалтын 75 жилийн ой тохионо, ийм тойрон аялал хийж, залууст эх орны үнэ цэнийг мэдрүүлээсэй. Зүгээр нэг хэдэн дарга очоод хэдэн хүнд тэмдэг өгөөд, орой нь хүлээн авалтад ороод буцдаг биш байгаасай гэж хүсч байна. 
Сүүлийн үед манай монгол цэргүүд дэлхийд нэр алдраа сайн сайхнаар цуурайтуулж явна. Энэ бол миний, таны бахархал юм шүү. Монголчууд гэж хэн юм бэ, монгол хүний мөн чанар юу юм бэ гэдгийг дэлхийд таниулж, мэдрүүлж яваа өнөө цагийн баатарлаг хөвгүүд, охидоороо омогших сайхан. Миний хувьд эцэг өвгөд, буурал дээдсээс минь үлдсэн энэ эх орныг бүрэн бүтэн байлгах гэж, хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэх асар хүндтэй үүргийг хүлээж ирсэн үе, үеийн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийнхэнд талархаад баршгүй. Мөн Онцгой байдлынхныг ч орхиж болохгүй. Байгалийн элдэв араншин, болж бүтэхгүй бүхэн рүү амиа үл хайрлан ухалзаад л ордог улс гэдгийг дурдах хэрэгтэй.
 
ЦЭРЭГ, ТАМИРЧИН ХОЁРТ АДИЛХАН ЧАНАР БИЙ
Пара олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.БААТАРЖАВ: 
 
 
-Монголын ард түмний бахархал тоолж баршгүй олон. Тэр дундаас Монгол төрийн хамгийн агуу бахархал нь монгол цэрэг юм. Цэргийн алба хаагч, тамирчин хоёр нэг зүйлийн төлөө зүтгэдэг. Тэр нь эх орон. Цэргүүд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж байхад тамирчид олон улсад эх орныхоо нэрийг дуурсгаж, мандуулахын төлөө зүтгэдэг юм. Энэ хоёрын хэн нь илүү эх оронч вэ гэвэл мэдээж цэрэг дайчид. “Цэргийн тангараг”-т хүртэл байдаг биз дээ. Дайсан халдахын цагт амь насаа хайрлахгүй гэж. Тэгэхээр энэ нийгэмд цэрэг дайчдаас илүү өөрийгөө эх оронч гэж хэлэх хүн байхгүй болов уу. Яах вэ, улс төрчид л магадгүй юм. Ер нь цаашдаа Монгол Улсын төр, засгаас Зэвсэгт хүчнээ улам хүчтэй болгохын төлөө хөрөнгө мөнгийг харамгүй зориулах ёстой. Тэр дундаа зэвсэглэл, техникийг нь сайжруулах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Үүний төлөө зоригтой шийдвэр гаргаасай гэж хүсэх байна даа.
 
ХАТУУЖИЛ, ХҮМҮҮЖЛИЙН ТОМ СУРГУУЛЬ
Ц.Балдоржийн нэрэмжит шагналт, сэтгүүлч Г.ОТГОНБАЯР: 
 
 
-Цэргийн тухай ярих их сайхан. Бичих бүр сайхан. Үйлс нь зөвхөн эх орны төлөө байдаг учраас бараан үгээр хучиж, баатар гавьяаг нь баллуурдаж боломгүй ганц салбар. Түүнээс гадна Зэвсэгт хүчнийг би хүмүүжлийн сургууль гэж боддог. Эртнээсээ дунд сургууль завсарласан эсвэл буруу замаар орох гээд байгаа хүүгээ цэрэгт явуулж л хүмүүжүүлж авъя даа гэсэн тохиолдол бишгүй байлаа. Одоо ч байгаа. Тэгэхээр хүмүүжлийн алба гэдэг эндээс харагдаж байгаа биз. Цэрэгт олсон хатуужил, хүмүүжил хүнийг тугалган жад шиг туйлбаргүй байхаас хамгаалдаг. Зориг, зүрхгүй шийдвэргүй байхаас ч сэргийлдэг. Одоо ч гэсэн найзууд уулзахдаа “Цэргийн хуарангаас олж авсан хүмүүжил, сахилга бат, үг даах чадвар маань амьдралд тун хэрэг болж байна даа” гэж ярихыг нь олонтаа сонссон. Тэр үнэн. Ямар ч ажил хийсэн цэрэгт байсан хүн арай илүү шүү. Амьдрал дээр аль хэдийнээ нотлогдсон зүйл. Энэ ч утгаараа цэргийн салбарыг эх орноо батлан хамгаалах ариун үүргээс нь гадна айл гэрийг цаашлаад улс орноо авч явах эрчүүдийн хүмүүжил, хатуужлын сургууль юм даа. 
Мэдээж монгол цэргүүдийн энхийг сахиулах үйлсийн талаар дурсахгүй өнгөрч болохгүй. Монгол Улсын Засгийн газрын Хэвлэлийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа энэ ажил, үйлсийнх нь талаар илүү их ойлголттой болсон юмдаг. Ажиллагааны газар оронд ямар ч хүнд нөхцөлтэй байсан монгол цэргүүд амархан дадаж, сонор сэрэмжээ огтхон ч алддаггүй, ур чадвар, сахилга батаараа бусад орны цэргүүдэд үлгэрлэдэгт нь баярлалаа гэж хэлье. Монгол цэргийн босоо цагаан хийморь үргэлжид бадарч байх болтугай.
 
ЭХ ОРОН, ЭЛГЭН САДАН МОНГОЛ ТҮМЭН ТАНЬ ЯМАГТ БАХАРХДАГ ШҮҮ
СТА, дуучин П.ЖИМСЭЭ: 
 
-Цэргийн албыг би маш өндөр шалгууртай алба гэж ойлгодог. Тэр ч утгаараа цэргийн хүмүүсийг хамгийн хариуцлагатай, чадварлаг, тэвчээр хатуужилтай, хувийн зохион байгуулалт сайтай хүмүүс гэж боддог юм. Мөн цэргийнхний гэр бүлийн хүмүүсийг маш их хүндэтгэдэг. Цаг завгүй ажил, мэргэжлийнх нь онцлогийг ойлгож, ар гэрээ авч явахаас гадна хань нь хаана томилогдоно яг л цэргийн хүний адил “тушаал” аваад л хол, ойр, хөдөө гэхгүй дагаад л явна. Тэгэхээр зөвхөн хэн нэг нь биш, гэр бүлээрээ эх орноо батлан хамгаалах үүргийг хүлээж байгаа биз, бахархмаар... Эх орон гэж цээжээ дэлдэх биш, эх орныхоо төлөө нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйлс бүтээж байгаа хүмүүс бол яах аргагүй цэргийнхэн. Миний хувьд цэргийн насны залуус бүр цэргийн алба хаагаасай гэж боддог. Тэндээс тэсвэр хатуужил, зөв хандлагаас эхлээд их зүйлд суралцаж, бие хүн болон төлөвшинө шүү дээ. Цэргийнхнээрээ бахдах бас нэг зүйл бол хүнд хэцүү нөхцөл байдалтай харийн газар энх тайвныг эрхэмлэн энхийг сахиулж байгаа үйл явдал. Үүнийг зөвхөн цэргийнхэн л хийж байна, хэн нэгэн дурын хүн биш, зөвхөн цэргийнхний л чадах ажил учраас тэднийг илгээж байгаа нь лавтай. Миний нэг үеэл дүүгийн нөхөр нь цэргийн хүн л дээ. Энхийг сахиулах ажиллагаанд цөөнгүй удаа үүрэг гүйцэтгэсэн залуу бий. Тийм болохоор энэ тухайд би бага зэрэг мэдээлэлтэй байгаа хэрэг л дээ. Бас намайг СУИС төгсөх жил ЦДБЭЧ-аас ажлын санал ирүүлж байсан юм. Тэр үед би хувийн уран бүтээл хийгээд эхэлчихсэн байсан болохоор тэр хариуцлагатай ажлын саналаас татгалсан даа. Ная гаруй жилийн түүхтэй ЦДБЭЧ-аар овоглон уран бүтээлээ туурвиж яваа мөрдэс гоёсон уран бүтээлчдээрээ бахархаж, тэднийхээ тоглолтуудыг байнга үздэг шүү. Энэ дашрамд эх орныхоо төдийгүй эх дэлхийнхээ өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийнхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье. Та бүхнээр эх орон тань, элгэн садан монгол түмэн тань ямагт бахархаж байгаа шүү гэдгийг давхар хэлье дээ.
 
Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин