sonin.mn
Сэтгүүлч хүнд ховор зочинтой уулзаж ярилцлага авах шиг сайхан тохиол үгүй. Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн клиникийн хамт олны ажлын нэг өдрийг сурвалжлахдаа эрдэмтэй хүн даруу гэдгийг энэ л хүнээс, энэ л хамт олноос харж болох мэт санагдав.
 
ЖИЛД 5000 ОРЧИМ ИРГЭНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА
 
Клиникийн хаалгаар зурагчныхаа хамт яваад орлоо. Сувилагч бүсгүй “Эргэлт оруулдаггүй юм, та эргээд гарна уу” гэж байна. Сурвалжлагч гэдгээ хэлэхэд тэр дор нь эмнэлгийн зориулалтын өмд, цамц, малгай авчирч өмсүүлэв. Гадуур хувцастай хүн оруулдаггүй, манайх мэс засал хийдэг клиник гэдгийг ойлгож байгаа биз дээ гээд клиникийн захирал, дэд хурандаа Т.Сүхбаатарын өрөөг зааж өглөө. Т.Сүхбаатар эмч хагалгаанд орохоор бэлтгэлээ базааж байгаа нь илт. “За, манай хамт олон ширээний ард гараа эвхэж суугаад ярилцлага өгдөг хүмүүс биш. Ажлын онцлог нь ийм. Дагаад гүйх хэрэг ч гарна даа зүгээр үү?” гэхэд нь “Сурвалжлагч хүн сууж биш явж ажилладаг юм аа” гэж хариуг нь барив. Нээрээ л түүний хэлсэнчлэн 10 минут ч тайван гэгч нь сууж ярилцсангүй. Эмч хүний ажил минут, секундээр хэмжигддэг учраас тэр байх.
Гэмтлийн клиник нь Гэмтлийн яаралтай тусламж, Гэмтэл согог, Мэдрэлийн мэс засал гэсэн гурван тасагтай бөгөөд 10 гаруй эмч, 30 орчим сувилагч, асрагчтай. Хэвтэн эмчлүүлэгчийн 70 гаруй ортой, үүнээс 60 орчмыг нь тогтмол хэрэглэж, үлдсэнийг нь нөөцөд хадгалах “хатуу” бодлого баримталдаг байна. Цэргийн эмнэлэг гэдэг утгаараа үүссэн аюул, ослоос хүмүүсийг авран хамгаалах нөөц, бэлтгэлтэй байх нь ч зүйн хэрэг биз. Өнөөдөр төлөвлөгөөт 3-4 том хагалгаа хийнэ. Түнхний болоод үе солих хагалгаа. Харин төлөвлөгөөт бус яаралтай хэдэн ч хагалгаа хийж магадгүй. Монгол Улсын хэмжээнд хүйтэн зэвсгийн шарх авсан хүмүүст хагалгаа хийдэг учраас өдөрт тийм тооны гэж баримжаалах боломжгүй гэлээ.
Т.Сүхбаатар эмчтэй гэр бүл, хамт олон, хийгдэж байгаа мэс заслууд, түүний үр дүн болоод өөрийнх нь гаргасан амжилтын талаар ярих сэдэв маш олон байв. Тэр дундаас 2011-2012 онд Судан улсын Дарфур мужид явагдсан НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг дэмжих “UNAMID” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хоёрдугаар шатны эмнэлгийн нэгдүгээр ээлжийн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэснийг нь заавал онцлох учиртай. “Та Зэвсэгт хүчинд олон анхдагчийн нэг болжээ. Суданд цэргийн эмнэлгийн анхны багийн захирагчаар ажилласан түүхэн үе таныг сайн эмчээс гадна сайн удирдагч болохыг харуулсан цаг хугацаа байсан гэж цэргийнхэн ярьдаг юм билээ” гэхэд өөдөөс сүрхий чанга инээснээ “Одоо би тэгсэн, ингэсэн гээд өөрийгөө магтаад яах вэ. Ямар ч байсан анхных гэдэг утгаараа амар байгаагүй. “Цэргийн эмнэлгийн баг оролцуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарахаас ч өмнө БХЯ, ЗХЖШ-аас энэ талын сургалт, судалгаа, бэлтгэлийг хийгээд эхэлчихсэн байсан. “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих сургуулийн хүрээнд гэхэд л АНУ-аас жилд 1-2 удаа сургалтын бүлгүүдийг урьж хамтарсан дадлага, хээрийн гаралт хийж, хөдөө орон нутгаар үзлэг, оношилгоо хийж байв. Үүнийг бид Монгол Улсын эмч нар, тэр дундаа цэргийн эмч нарын чадал чансааг олон улсад таниулж, мэдлэг, чадвараа ч дээшлүүлэх боломж гэж харсан. БХЯ, ЗХЖШ-аас хөрөнгө мөнгийг нь хангалттай гаргаж, бүх талаар дэмжсэн. Ингээд багагүй сургалт, судалгаа, бэлтгэл хийсний дараа 2010 онд цэргийн багаа сонгон шалгаруулахад багийн захирагчаар ажиллах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг надад хүлээлгэсэн. “Чадах уу” гэхэд нь “Чадна аа” гэсэн. Энхийг сахиулах нь цэрэг хүний хийх ажил биш ч зөвхөн цэрэг хүн хийж чадна гэдэг үг бий. Тухайн оныхоо 5 дугаар сард ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилтад гараад 12 дугаар сард бууж, ажиллагааны газар оронд очлоо. Гэтэл бидний төсөөлж байснаас огт өөр орчин угтсан. Эмнэлгийн байр байхгүй, цэргийн байр ч байхгүй. Улаанбаатар хотоос 10 дугаар сард ачуулсан үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай автомашин техник, эмнэлгийн тоног төхөөрөмж, материал хэрэгсэл маань ирдэггүй. Яах вэ, эмнэлгийн барилгыг маань Египетийн инженерийн салаа, орон нутгийн 10 орчим иргэн барьж байсан ч маш удаан байсан. Тэгээд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр очсон манай бүрэлдэхүүн өөрсдөө амрах байр, эмнэлгийн байраа барихаар шийдсэн. Үндсэндээ тал нь эрүүл мэндийн үйлчилгээгээ үзүүлж байхад штабын дарга, хурандаа М.Болдбаатараар ахлуулсан баг зургаан сарын дотор бүх барилгаа барьж дуусгасан. Энэ хугацаанд орчин нөхцөл нь бүрдээгүй ч бид эрүүл мэндийн үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж байв. Анх удаа цэргийн эмнэлгийн баг очсон учраас орон нутгийн иргэд нь үзүүлэх, оношлуулах нь их байсан. Бидний үүрэг зөвхөн НҮБ-ын ажилтан алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үзүүлнэ гээд буцаах эрх байгаагүй. Эмч хүний сайхан сэтгэлээр тусламж хүссэн хэн бүхэнд авралын гараа сунгасан. Ялангуяа зэвсэгт мөргөлдөөн их гарч байсан учраас шархадсан иргэд олон ирж байв. Дээр хэлсэн ачаа маань гурван сарын дараа ирж, манайхны магнай ёстой тэнийсэн дээ. Анх их инээдтэй. Зуух, тогоо гээд гал тогооны хэрэгсэл байдаггүй. Тогоо, шанага, аяга, халбагаа орон нутгийн зах, зарим цэргийн багаас авчихаж байгаа юм. Харин зуух л олддоггүй. Аргаа бараад манай залуучууд гадаа шавраар зуух хийж, алба хаагчдаа халуун хоолоор нь таслаагүй юм даа” гэв. Энэ үеэр хагалгааны сувилагч Ж.Энхжаргал “Эмч ээ, Увс аймгийн харьяат, 66 настай Р.Дуламжав гуайд хийх үе солих хагалгааны бэлтгэл бүрэн хангагдлаа” гэхэд Т.Сүхбаатар эмч яаравчлан гарлаа.
 
ӨВДӨГНИЙ ҮЕ СОЛИХ ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО
 
Хагалгааны өрөө жирийн бидний хувьд түгшүүрт орчин байв. Даралтны аппаратын тэр дуу бүр ч их түгшүүртэй. Дүд... дүд... дүд... Тэр дуу одоо ч чихэнд тод сонсогдох шиг. Хагалгааны багийнхан зурагчин бид хоёрыг багаж, тоног төхөөрөмжид хүрч болохгүй, маскаа авч болохгүй гэдгийг хатуу сануулаад, үүдний хэсэгт ажиглаад зогсож болно гэв. Хагалгаа удирдагч Т.Сүхбаатар эмч “Энэ өвчтөний өвдөгний үе хоорондын зай нийлж, хөдөлгөөн хязгаарлагдсан. Эхлээд энийг сайн хар. Хагалгааны дараа дахиад хараарай” гээд тэнийдэггүй өвдөг харуулав. Удсан ч үгүй хиншүү шиг зүйл үнэртэж эхэлсэн нь өвдөгний үеийг хагалж байгаа бололтой. Мэдээгүйжүүлэлтийн сувилагч, ахлагч Х.Мөнхцэцэг “Зүгээр биз дээ, бие нь тавгүйтвэл хэлээрэй” гэхэд өвчтөн “Зүгээр ээ, миний охин” хэмээх яриа үүдний хэсэгт бүдэг бадаг сонсогдох. Энэ удаагийн хагалгаанд зургаан эмч, хоёр сувилагч, нэг асрагч байв. Хагалгааны сувилагч Ж.Энхжаргал эмч нарынхаа хэлсэн багажийг гарт нь атгуулж, бохирдсоныг нь цэвэрлэж бас тэдний бээлийг нь ч дор бүр нь солих бол асрагч Б.Чулуунчимэг бохирдсон хэрэглэлүүдийг хувинд хийж, зарим үед сувилагчийнхаа гарын үзүүрт гүйж байв. Энэ зураглал хоёр цаг орчим үргэлжлэв. Ер нь хагалгааны өрөөнд номхон зогссон хоёр цаг түгшүүртэй хийгээд бахархлын минь оргил үе байсан. Өвчин зовлонтой буурлыг эрүүл болгож байгааг өөрийн нүдээр харж, сэтгэлээр мэдрэх агшин ямар сайхан байв аа. Цэргийн нөхдийн дунд ийм бахархалт залуус олон байгаа гэж бодоход л омогших шиг. Хагалгаа дуусч, Т.Сүхбаатар эмч “Сурвалжлагч аа, одоо энэ хөлийг хар даа” гээд тэгш болсон хөл үзүүлэв. Хагалгааны дараа бүгд алга ташин бие биедээ баяр хүргэж, өвчтөнийг ч тасгийн сувилагчид хүлээлгэн өглөө. Үүний дараа Т.Сүхбаатар эмчээс хийсэн хагалгаатай нь холбоотой асуух зүйл ч олон байв.
 
ХАГАЛГААНЫ ДАРАА НӨХӨН СЭРГЭЭЛТ Л ХАМГИЙН ЧУХАЛ
 
“Эмч ээ, хагалгаагаа амжилттай хийсэнд баяр хүргэе. Энэ өвчтөнд хүндрэл харьцангуй гайгүй байв уу? Өвдөгний үед нь гурван биет хийх шиг харагдлаа” гэхэд “Хагалгааны үеийн болон хагалгааны дараах, хожуу үеийн хүндрэл гэж бий. Энэ тохиолдолд харьцангуй гайгүй байлаа. Мэдээж цаашдаа гурван сарын хугацаанд хяналтанд байлгаад дараа нь харьяа орон нутаг, дүүргийнх нь эмнэлэгт шилжүүлнэ. Бүх өвчтөнөө тэгж л шилжүүлдэг. Шаардлагатай гэвэл үргэлжлүүлэн хянана. Манай Цэргийн төв эмнэлгийн гол онцлог нь хагалгааны дараах нөхөн сэргээлт юм. Зарим эмнэлгүүд хөнгөн, хүнд гэлтгүй хагалгаа хийгээд өвчтөнөө гаргаад явуулчихдаг. Энэ нь эрсдэлтэй алхам л даа. Яагаад гэхээр хөдөлгөөнд оруулж, уян хатан байдлыг нь хэвийн болгохгүй бол хагалгаа хийлгэснээсээ ч дор нөхцөл үүсэх эрсдэлтэй. Жишээлбэл, манай эмнэлгийн өвдөгний үе солих хагалгаан дээр авч үзэхэд бусад эмнэлэгтэй хийх технологи нь адилхан, хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь ч адилхан. Ялгарах онцлог нь хагалгаа хийх аргачлал өөр, хагалгааны дараах нөхөн сэргээлт сайн. Үүнээс ч болов уу, сүүлийн таван жилд үе солих хагалгааны захиалга их ирж байгаа. Ялангуяа орон нутгаас хандагсад их байна. Хоёрдугаарт, үнийн хувьд харьцангуй боломжийн. Даатгалын сангаас санхүүжүүлэхэд тухайн өвчтөнөөс нэг сая 500 мянга орчим төгрөг гарч байна. Энэ нь зөвхөн хагалгааны зардал. Харин таны асуусан гурван биетийг энгийнээр тайлбарлахад өвдөгний дээд, доод хоёр талд тусгай биет, голд нь жийргэвч оруулж өгч байгаа юм. Энэ биетүүд нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Аль ч эмнэлэг энэ төрлийн хагалгаанд 15-18 жилийн баталгаа өгдөг. Голын жийргэвч нь элэгддэг учраас тэр л дээ. Гэхдээ хожим жиргэвчийг нь солих хагалгаа хийж болно. Ам нээвэл уушги нээ гэдэг шиг эмнэлгийн хөгжил техник технологитой шууд холбоотой. Цэргийн төв эмнэлэгт БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгтэйгээр Австри Улсын Засгийн газрын тусламжаар нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд өнөөдөр бидний гол хэрэглээ болж байна. Тоног төхөөрөмж сайжрах тусам эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал дээшилдэг. Хүндрэл гарахгүй хагалгаа хийх бололцоог олгож байна гэсэн үг. Манай клиник жилд 5000 орчим хүнд үйлчилж байна. Гэмтэхгүй эрхтэн гэж байдаггүй учраас хийхгүй хагалгаа гэж байхгүй. Бидний хүрэхгүй эрхтэн ч гэж байхгүй. Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвийн дараа орох гэмтлийн том клиник. Улсын хэмжээнд хүйтэн зэвсгээс үүдсэн хагалгааг манай хамт олон л нуруун дээрээ үүрч яваа” гээд дөнгөж сая хамт хагалгаа хийсэн залуус руугаа заав. “Ингэхэд та аль нутгийнх бэ? Гэр бүлээ танилцуулахгүй юу?” гэхэд “Говь-Алтай аймгийнх. 1998 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөнөөс хойш Цэргийн төв эмнэлэгтэйгээ ажил, амьдралаа холбожээ. Энэ хугацаанд энхийг сахиулах үйлсэд ч цөөнгүй оролцсон. Эхнэрийг минь Ж.Энхжаргал гэдэг Арьс судлалын үндэсний төвийн эмч. Бид гурван хүүхэдтэй. Том хүү маань Анаагахын их сургуульд мэс заслын эмч мэргэжлээр суралцаж байна. Одоо тавдугаар дамжааны оюутан. Дунд охин сургуульд, бага охин цэцэрлэгт явж байна даа” гэсэн юм.
 
ӨВЧТӨНӨӨ ЭДГЭХИЙГ ХАРААД УРАМ ЗОРИГ АВДАГ
 
Биднийг ийн ярилцах зуур хагалгаа хийсэн эмч, сувилагч нар түр амсхийв. Одоо дахиад хоёр ч хагалгаанд орох гэнэ. Түүнээс нь урьтаж хэдхэн асуултад хариулт авлаа. 
Яаралтай тусламжийн мэс заслын их эмч Б.Батцэнгэл “Өвдөгний үе солих 55 дахь хагалгаандаа сая орлоо. Хагалгааны үр дүн маргаашаас нь эхлээд мэдрэгддэг. Дөнгөж сая хагалгаа хийлгэсэн Р.Дуламжав гуай гэхэд маргаашаас эхлээд бага багаар явж эхэлнэ. Эмч хүн өвчтөнийхөө эрүүл болж байгааг харах хамгийн сайхан. Бидэнд улам их урам зориг, эрч хүч өгч, өөрөөрөө, мэргэжлээрээ бахархах мэдрэмж төрдөг” гэсэн бол мэдээгүйжүүлэлтийн эрчимт эмчилгээний эмч, ахлах дэслэгч Г.Үүрийнтуяа “Цэргийн төв эмнэлэгт ажиллаад 11 жил болж байна. Энэ хугацаанд бусдын аз жаргал, эрүүл энхийн төлөө олон мэс засалд оролцжээ. Тоолж байсангүй. Санаанаас гардаггүй урт хугацаанд үргэлжилсэн нь өнгөрсөн жил хийгдсэн мэдрэлийн мэс засал юм. 11 цаг үргэлжилсэн том хагалгаа байсан. Одоо тэр өвчтөн маань эрүүл саруул болчихоод явж байгааг хараад их сайхан санагддаг. Ёстой нөгөө “кайф авна” гэдэг чинь л тэр байх. Бас нэг зүйл нь тоног төхөөрөмж маань сайжирч байгаа явдал юм. Цаашдаа ч улам сайжрах байх. Ингэснээр хагалгааны цар хүрээ, төрөл нэмэгдэж, тэр хэрээр эмнэлгийн нэр хүнд өсч байдаг давуу талтай” гэсэн юм. 
Дараагийн эрхэм бол хагалгааны тасгийн үйлчлэгч Б.Чулуунчимэг юм. Даруухан, үг дуу цөөн энэ эгч хагалгааны өрөөний цэвэрлэгээг хариуцдаг. Өдөрт хэд хэдэн хагалгаа хийгдэнэ, тэр бүхний өмнөх бэлтгэлийг төвөггүйхэн хангачихдаг, ажилдаа хариуцлагатай гэдгийг нь эмч нар хэлж байв. Түүний аав, ээж ч Батлан хамгаалах салбарт ажиллаж байжээ. Энэ хагалгаанд оролцсон бусад залуусын хувьд мэс заслын эмч, ахлах дэслэгч Б.Гантулга, ахлах дэслэгч Д.Анужин, мэдээгүйжүүлэлтийн тасгийн сувилагч, ахлагч Х.Мөнхцэцэг, хагалгааны сувилагч Ж.Энхжаргал нар. Ахлах дэслэгч Б.Гантулга өмнө нь Зэвсэгт хүчний 339 дугаар ангид Эмнэлгийн албаны даргаар ажилласан туршлагатай бөгөөд хагалгааг хэзээ ч яарч хийж болдоггүй. Гэхдээ бас удаан хийж болдоггүй. Удаан хийх тусам эрсдэл нэмэгддэг гэсэн бол ахлагч Х.Мөнхцэцэг манай клиникийн алба хаагч бүр ажилдаа эзэн болсон залуус. Залуусаа дэмжиж, ахмад настнуудаа үргэлж хүндэлж явдаг нь бидний онцлог юм даа хэмээсэн. Хагалгааны сувилагч Ж.Энхжаргал “Эмч нараараа үргэлж бахархдаг, энэ хорвоод хамгийн буянтай ажил хийдэг хүмүүс бол эмч, тэр дундаа мэс заслын эмч нар юм. Бас хагалгаанд ороод эдгэсэн хүмүүсийг харахад хайр хүрдэг” гээд инээсэн. Тэд дараагийнхаа хагалгаанд орохоор бэлтгэлээ базааж эхлэв, би ч тэднийг орхив.
Энэ өдрийн ээлжийн сувилагчаар П.Батхишиг ажиллаж байлаа. Тэрээр өдрийн эмчилгээг хийж дуусчихаад хагалгаанаас гарсан зарим өвчтөнийг эргэж тойрох ажээ. П.Батхишигт хамгийн хүндрэлтэй санагддаг зүйл нь өвчтөний ар гэрээс хэрүүл хийх явдал гэнэ лээ. Мэс засал хийлгэсэн өвчтөнүүд дээр ар гэр, найз нөхөд нь орно гээд зүтгэчихдэг. Эрүүл, аюулгүй байдлын төлөө хийж байгаа алхам, тавьсан шаардлагыг нь зарим хүн ойлгодоггүй гэв. Тус клиникийн ахлах сувилагчийг Э.Дэгдмаа гэдэг, 11 дэх жилдээ ажиллаж байгаа ахлагч цолтой бүсгүй. Сувилагч нараа удирдаж, алдаа эндэгдэлгүй байх талаас нь арга зүйн зөвлөгөө өгч байхтай хэд хэд таарав. Түүний хэлснээр хэвтэн эмчлүүлж байгаа 55 өвчтөний 26 нь хөнгөн, хүнд хэлбэрийн хагалгаанд орсон хүмүүс гэнэ. Халуун, хүйтэн зэвсгийн шарх авсан хүмүүс шөнийн цагаар ирэх нь элбэг. Тэр утгаараа манай сувилагч нар өдөр, шөнө гээд бүх цаг үед өндөр ачаалалтай ажилладаг гэлээ. Энэ үеэр сувилагч, ахлагч Б.Баярмаа ахлахдаа даалгасан ажлыг нь гүйцэтгэж дуусгасан тухайгаа дуулгав. Дүүргийн эмнэлгээс цэргийн эмнэлэгт шилжиж ажиллахад асар их зөрүү анзаарагдсан. Цэргийн эмнэлэг нь зохион байгуулалт, дэг журам, хариуцлагатай байдлаараа үнэхээр ялгарсан. Атгасан гар шиг сайхан хамт олныхоо дунд орж ирсэндээ баярлаж явдгаа ахлагч Б.Баярмаа энэ үеэр илэрхийлж байсан юм. 
Энэ клиникийн ахмадуудын тухайд боолтын сувилагч Ш.Тунгалаг, эмийн сувилагч А.Соёлхүү нар юм. Ш.Тунгалаг эгч хагалгаанд орсон өвчтөнүүдийн шархыг боодог бол А.Соёлхүү өдөр бүр эм, эмэн бүтээгдэхүүнийг тасгуудад хуваарилж өгөх үүрэгтэй. А.Соёлхүү сувилагч нэлээд ичимхий талдаа эмэгтэй бөгөөд “Юу ярих юм бэ” хэмээн нэлээд “шаналах” шинжтэй шүү. Энэ үеэр Т.Сүхбаатар эмч “Та манай клиникийн түүх шүү дээ. Ярих юм их баймаар даа. Үүдэндээ Гэмтлийн клиник гэж бичихээс илүү таны зургийг хадчихвал хүн бүр шууд ойлгох байх” хэмээн цаашлуулахад тас тас хөхрөөд сүйд болов.
Ш.Тунгалаг эгч “Бидний залуу үетэй харьцуулахад цаг үе хөгжөөд сайхан болжээ. Эм, тариураас эхлээд цөөнгүй багаж хэрэгсэл нэг удаагийнх болж хэдэн сувилагчийн маань ажлыг хөнгөвчилж байна. Бидний үед зүү, тариураа буцалгах гээд олон шат дамжлагатай байсан шүү дээ. Манай клиникийн сувилагч нар үеийн үед дэг журам, сахилга баттай явсан. Энэ эрчээ одоо ч алдаагүй хэвээр байгаад нь баярлаж явдаг. Цэргийн төв эмнэлэг бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Үнэр нь хүртэл дэндүү дотно сайхан” гэлээ.
Тасгуудаар оров. Өвдөгний үе солиулах хагалгаанд орсон Ч.Дулмаа, мэдрэлийн мэс засалд орсон Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн А.Аюурзана, хальтирч унаад зүүн хөлөндөө хүнд гэмтэл авч хагалгаанд орсон Ч.Хонгорзул нар эмч, сувилагч нарыг алтан гартай бурхад хэмээн магтаж, маш их талархаж байгаагаа танай сониноор дамжуулмаар байна гэцгээв.
Энэхүү клиникийн бас нэг онцлох эмч нь Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч, дэд хурандаа Д.Нямдорж. Тэрээр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Эмнэлгийн албаны дарга, Сьерра Леон улсад явагдсан энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн багт эмчээр үүрэг гүйцэтгэсэн туршлагатай. 2011-2013 онд ХБНГУ-д мэдрэлийн мэс заслын курсэд суралцаж ирээд клиникийнхээ мэдрэлийн мэс заслын голлох ачааг нугалж яваа эмч гэсэн. Эхнэр нь Цэргийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн эмчээр ажилладаг, хошууч цолтой С.Нэргүй гэж бүсгүй. Тэд хоёр хүүхэдтэй, ёстой нөгөө эмч нарын бичигдээгүй хуулиар том охин нь аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр Анагаахын их сургуульд суралцаж байгаа. Харин аз болоход бага хүү маань эмч болохгүй гээд байгаа хэмээв. Тэрээр мэдрэлийн мэс засал цэргийн хүрээндээ цөөнгүй хийгдэж байна. Мэдрэл гэхээр зөвхөн тархи, нуруу нугас хамаардаггүй. Захын мэдрэлийн өвдөлтүүдийн үед ч мэс засал хийдгийг нэмж хэлэв. Түүнээс тархинд хагалгаа хийх хүнд байх. Тархи эргээд гавлынхаа ясанд багтдаггүй тухай сонсч байснаа хэлэхэд “Мэдээж маш нарийн мэдрэмж шаардана. Мэс заслыг дотор нь хүнд, хөнгөн гэж ялгах аргагүй. Бүгд хүнд” гэсэн юм.
 
ЭХ ҮРСИЙГ УУЛЗУУЛСАН ЭМЧ ТАНД БАЯРЛАЛАА
 
Хамгийн сонирхолтой нь сонины дугаар шилжих агшинд нэгэн бахархалтай мэдээ дуулдсан нь бас л Т.Сүхбаатар эмчийн тухай байв. Юу гэхээр С.Оюун гэдэг эмэгтэй Фэйсбүүк хуудсаараа “Ээжид минь тусалсан цэргийн эмнэлгийн Т.Сүхбаатар эмчид маш их баярлалаа. Ээжтэйгээ энх тунх уулзсан хувь заяандаа бахархаад баршгүй. Эмч хүн гэж таныг л хэлэх байх. Маш их баярлалаа” хэмээсэн пост олон нийтэд ихэд түгж байх юм. Энэ даруй юу болсон тухай нь лавлахад тэр бүсгүй “Миний ээжийг С.Нандинчимэг гэдэг, 66 настай буурал бий. Саяхан БНХАУ-ын Эрээн хот руу найзтайгаа хамт явсан. Эргээд галт тэргээр буцаж явахдаа гэнэт харвасан. Бөөлжсөндөө хахаж, хөшчихөөд тэнд сууж байсан бүх хүнийг сандаргасан гэнэ лээ. Аз болж тэр эмч хамт зорчиж таарч бүх талын тусламж үзүүлсэн. Сайншанд дээр зогсоход нь эмийн сан руу гүйж шаардлагатай эм, тариаг нь ч авчирч хийсэн гэнэ лээ. “Тэнд явсан хүмүүс та амжих уу, удахгүй галт тэрэг хөдөлнө шүү дээ” гэхэд нь “Миний хоцрох яах вэ, хүний амь нас аврах нь хамгаас чухал байна” гэж хэлснийг нь сонсоод их сайхан санагдсан. Эмч хүн ийм л байдаг байх. Даралт харвасны маргааш өглөө нь хотод ирсэн. Тэгэхэд Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн эмч нар үнэхээр гайхсан. “Ямар мундаг эмч вэ, даралт харвасан хүнийг 17 цагийн туршид эсэн мэнд байлгаж чадсан байна. Ийм тохиолдол ховор шүү” гээд байсан. Сураг сонсох нь ээ, тэр ачтай хүн нь Цэргийн төв эмнэлгийн мэс заслын эмч Сүхбаатар юм билээ. Ээжийгээ эрүүл саруул болохоор нь хамт очиж баярласнаа илэрхийлнэ дээ. Одоогоор ээжийгээ асарч байгаа болохоор жаахан завгүй л явна. Эх үрсийг эсэн мэнд уулзуулсан тэр эмчид талархаад баршгүй ээ” гэхийг нь сонсоход цэргийн эмч нараараа бахархах, бишрэх сэтгэл улам төрж байв. Эмч гэдэг сэтгэлийн дулаан тойргоос гардаггүй, аврал ханхлуулсан өвөрмөц хүмүүс юм аа.
 
 
 
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин