sonin.mn
СУИС-ийг үүсгэн байгуулагчдын нэг, “Сити” их сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор Цэмбэлийн Байгалмааг “Амьдралын тойрог” булангийн зочноор урьсан юм. Тэрээр Улаанбаатар хотын I төрөхөд мэндэлж зургаан нас хүртлээ нийслэлд амьдарч байгаад аавыгаа дагаж Хэнтий аймагт ирж сургуульд орсон байна. Уг нь эхээс наймуулаа, айлын том охин ч амьдралын эрхээр аав ээж нь хоёр тийшээ болоход аавыгаа дагасан аж. Түүний Цэмбэл гуай охиноо зургаан настайд нь үсэг зааж өгснөөр долоотой сургуульд орохдоо номыг дуржигнатал нь уншдаг, бичдэг, тоо бодож сурсан байжээ. Мөн гуравдугаар ангид байхад нь монгол бичиг зааж өгсөн байна. Ц.Байгалмаа анх сургуульд орохдоо уншиж, бичдэг байсан болохоор их сурлагатай, таван онцыг эзэмшигч болж салаан дарга, бүлгийн дарга хийж байсан. Бүлгийн дарга болох их дуртай. Учир нь “Бүлэг дуулж бай, номхон, салаадын дарга нар мэдээллээ гээд мэдээллийг нь авчихаад өөрөө Бүлгэмийн зөвлөлийн даргад “Мэдээлэл ирүүлсэн пионер Байгал” хэмээн рапорт өгөх нь ихэд таалагддаг байсан хэмээн хүүхэд насаа дурссан юм. Аав Цэмбэл нь сэхээтэн, намын дарга байсан болохоор юм юманд оролцдог, морин хуур, аман хуур тоглодог нийгмийн идэвхтэй хүн байсан нь охиндоо нөлөөлсөн байна. Багадаа шүлэг унших, бүжиглэхээс гадна мандалин хөгжим тоглодог байжээ.
1966 онд хөдөөгийн сумдын удирдлагыг бэхжүүлэх бодлогын хүрээнд сэхээтэн, боловсролтой хүмүүсээ сумын намын хороо сумын даргаар томилоход аав нь Хэнтий аймгийн Бат-Ширээт сумын намын хорооны орлогч даргаар томилогдсон учир Ц.Байгалмаа VIII ангиа Бат-Ширээт суманд дүүргэжээ. Тэрээр сургууль дээр зохиосон арга хэмжээнд зөвхөн бүжиглэнэ. Харин найз Хоролмаатай Эгийн голын эргээр зугаалж явахдаа дуулах их дуртай. Тэр үед “Морины” гэгдэх гавьяат жүжигчин Ж.Нансалмаа, Ё.Цэрэндолгор гуай хоёр алдаршиж байсан болохоор одооныхоор элэглэж адилхан дуулдаг байжээ. Тэгэхэд найз нь “Чи Нансалмаа гуай шиг дуулдаг юм чинь хотод Ардын дуу, бүжгийн чуулгад шалгуулаач” гэхэд нь дэврүүн сэтгэлээр тэгье гээд гэртээ ирээд аав ээж хоёртоо “Би хот явж Улсын ардын дуу, бүжгийн чуулгад дуучнаар орно. Нансалмаа гуай “Пионерийн үнэн” сонин дээр VIII ангиа төгсөөд Улсын ардын дуу, бүжгийн чуулгад орсон гэж байна” гэжээ. Ц.Байгалмаа айлын ганц хүүхэд болохоор өөрийнхөө дураар заавал болно гэхэд аав нь “Тэгвэл миний хүү аймгийн Соёлын ордонд ороод 1-2 жил ажиллаад Улсын ардын дуу, бүжгийн чуулга руу очиж шалгуул” гэснээр шалгуулахад тэнцэж 250 төгрөгийн цалинтай дагалдан дуучин болов. Тэр үед Соёлын ордон 24 хүнтэй байлаа. Соёлын ордонд орсноор дуулахаас гадна хөтлөгч, ятгачин, бүжигчин, жүжигчнээр таван жил ажиллажээ.
 
Кино драмаас боловсролын салбарт
 
 
1978 он. Ангийн анд гавьяат жүжигчин Б.Батзаяатай.
 
Аймгийн Соёлын ордонд анх дагалдан дуучнаар орсон охин сүүлдээ дуулахаа больж жүжигт тоглодог болов. Гэтэл аймгийн боловсролын газрын Батсүх гэж хүн ирээд “Сурлага сайтай байж ордонд ажиллаж болохгүй Х ангиа төгсөөд гадаад, дотоодын их сургуульд яв, хэрэгтэй. Аав руу чинь ярина” гэхэд нь аав руугаа залгаад “Аав аа, намайг сургуульд оруулах гээд байна. Та битгий зөвшөөрөөрэй, би ордондоо л байна шүү” гэж. Тэгээд ажлынхаа хажуугаар оройгоор Х анги төгссөн болохоор их сургуульд ордог ч юм билүү гэж бодож байтал нь хотоос аймгийн жүжигчдийг шалгахаар хүмүүс ирнэ гэхэд Соёлын ордныхон “Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Жанчив гуай битгий ирээсэй, аймаар чанга, унагадаг, өндөр мэдлэгтэй хүн” гэхэд тэр Жанчив гуай нь битгий ирээсэй хэмээн залбирч байжээ.
Гэтэл Д.Жанчив гуай Ардын жүжигчин, бүжигчин Г.Долгорсүрэн гуай хоёр ирж мэргэжил, онолын шалгалт авахад Ц.Байгалмаа өндөр үнэлгээ авч кино драмын ангид орох хүсэлт хүлээн авсан байна. Тэр үед Ц.Байгалмаа МУИС-ийн математикийн ангид ордог юм билүү гэж бодож байснаас кино драмын ангид оръё гэж бодоогүй байсан болохоор сайхан санагдаад тэгье хэмээн саналыг нь хүлээн авчээ. Тухайн үед аймгийн намын хорооноос хүмүүс ирж жүжигчид хэр мэдлэгтэй байгааг шалгадаг байж. Социализмын үед сурлагатай хүүхдүүдийг намын дээд сургуульд оруулдаг байсан бөгөөд Ц.Байгалмааг дуудаж “Чи өөрөө кино драмын ангид явъя гэж байгаа юм уу эсвэл хүчээр ор гээд явуулж байгаа юм уу” гэхэд нь “Би өөрөө явъя гэж байгаа юм” гэхэд “Өөрөө гэж байгаа бол яах вэ, өөрөө биш бол бид чамайг намын дээд сургуульд явуулъя гэж бодож байсан юм” гэж хэлж байсан гэдэг.
Ц.Байгалмаа гуай “Хүний амьдрал их сонин эргэдэг юм байна. Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид ороод дөрвөн жил онц сурсан. IV курст байхад тэнхимийн эрхлэгч, урлаг судлаач С.Дашдондог багш намайг дуудаад “Тайзны ярианы мэргэжлийн багш манайд байхгүй. Нарийн өндөр мэргэжлийн багш хэрэгтэй байна. Чамайг багшаар үлдвэл Орос руу явуулаад мэргэшүүлье” гэхэд гоё санагдсан. Тэр үед их, дээд сургуулийн багш нарын цалин сайн байсан болохоор багшаар үлдсэн. Миний амьдралыг тэр чигээр нь боловсролтой холбосон. Би уг нь IV курст байхдаа кино найруулагчаар явъя гэж бодож байсан. “Форбес” сэтгүүлээс намайг хэрхэн амжилтад хүрсэн талаар асуусан. Миний тайзны ярианы багш Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Г.Гомбосүрэн гуай. Тайзны яриа шинжлэх ухааны үндэстэй, чухал хэсэг. Жүжигчин хүний зэмсэг нь хэл яриа. Тиймээс намайг Зөвлөлт холбоот улсын Москвагийн театр урлагийн дээд сургуульд тайзны ярианы тэнхимд мэргэжил дээшлүүлэхээр явуулахад Оросын тайзны ярианы хамгийн алтан үе буюу акулууд нь, Оросын театрын урлагийн мундгууд нь байж надад тайзны ярианы техник, тайзны яриа ямар байдаг, яаж оюутнуудтай ажилладгийг сайн зааж өгсөн” хэмээн хуучилсан юм. Түүнийг Москвад очиход Хасар Жагаа, Урнаа хоёр I курст байсан бөгөөд түүний олон шавь олны танил болсон байна. Тухайлбал, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Ж.Сүххуяг, найруулагч Ч.Найдандорж, Н.Онон, Л.Баттулга, О.Энхтуул нар ажээ.
 
“Монголжингоо” кино сургууль болов
 
1978-1989 он хүртэл Улсын багшийн дээд сургуульд багшилж байгаад 1989 онд СУИС байгуулагдахад есөн жил нийт кино драмын ангид 20 жил багшилжээ. Эх хүн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй. Ээжийнхээ хормойноос зүүгдээд эрдүү хонгор дууг нь сонсож өссөн хүүхдүүд ажилч зөв болж байна. Гэтэл өнөөдөр ажил ажил гээд эмэгтэйчүүд хүүхдээ ясли, цэцэрлэгт өгнө. Эсвэл том нь багыгаа хараад хүүхдээ анхаарч чадахгүй байна гэсэн санааг кинондоо тусгасан. Тэр үед эмэгтэйчүүдийн үндэсний чуулган болж байсан болохоор үр дүнгээ өгөөсэй гэсэндээ тэндээс санаа авч “Монголжингоо” киноныхоо зохиолыг бичиж, найруулан гол дүрд нь жүжигчин Г.Оюунцэцэгийг тоглуулж 1995 онд нийтийн хүртээл болж, тухайн ондоо “Шилдэг зохиол”-ын шагнал авчээ. Кинонд нэгэн монгол эмэгтэйн амьдралыг харуулсан. Киноныхоо нэрээр эмэгтэйчүүдийн сургууль байгуулсан байна. Учир нь үйлчилгээний байгууллагад эмэгтэйчүүд ажилладаг учраас гоо сайхан, хувцас загвар, үйлчилгээний менежментийн ангийг нээсэн нь сургууль өргөжин тэлэхийн эх үндэс болсон аж. “Монголжингоо” сургууль өнөөдөр “Сити” их сургууль болж 25 мэргэжлээр эх орондоо хэрэгтэй боловсон хүчин бэлтгэж байна.
 
МАНЛАЙЛАГЧ
 
Ц.Байгалмаа багш 65 нас хүрсэн ч англи хэл сурч байгаа гэсэн. Учир нь “Сити” их сургууль англи хэлтэй сургууль болох зорилго тавин тусгай аргачлалаар Оюун ухааны академитай хамтраад англи хэлний тусгай төсөл хэрэгжүүлж байгаа. Ирэх жилээс тус сургуулийн багш нар хичээлээ англи хэлээр заадаг болно. Гэхдээ жүжигчний ангид тайзны яриаг монгол зохиол ярина. Ийм л биш бол англи хэлээр ор гэж байгаа. Тэгэхгүй бол хүүхдүүд мартчихна. Тиймээс хэрэглээг нь болгоод төгсгөнө. Өндөр шаардлага тавьсан болохоор би өөрөө англи хэл мэдэхгүй байж болохгүй учраас англи хэлийг анхаарч байгаа. Гадаадын их, дээд сургуулиудтай гэрээ, хэлэлцээр хийхэд дипломат харилцаагаар тусгай орчуулагч ажиллана. Бусад үед ойр зуурын ч юм уу, гадаадад очиход орчуулагчийн хэрэггүй, өөрөө л ярина. Ер нь хүүхдийн сурах арга барилыг нь олгоно. Өөрсдөө энэ надад хэрэгтэй юм шүү гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй хэмээн ярьж байсан юм.
Тэрээр цааш нь “Манайх дэлхийн шилдэг сургууль болох зорилго тавьсан. Дэлхийн шилдэг их сургууль болно гэхээр хүмүүс ёжилж инээлдэнэ. Монгол Улсын их сургууль болоогүй байхад энэ муу жижиг хувийн сургууль юу юм бэ л гэх байх. Гэхдээ Михайлд бодол бий гэдэг шиг бид зорилгодоо хүрнэ гэж бодож байгаа. Ямар нэгэн зүйлд манлайлагч байх ёстой. Манайхан чинь тэнхим, албадаараа надтай уулздаг. Үүнийг та нар чадна гэдгийг ойлгуулах гээд байгаа юм. Бид энэ зорилгоо ойрын 10 жил гэхгүйгээр нааш нь татаад биелүүлнэ гэж бодож байна. Энэ бол бидний амбиц биш Монголын боловсрол бидний үр хүүхдэд хэрэгтэй. Монгол Улсын хөгжилд боловсрол хамгийн тэргүүлэх үүрэгтэй шүү дээ. Боловсролтой хүмүүс Монголыг авч явна. Тиймээс өнөө маргаашаа аргацаасан байдлаар сургалт явуулж болохгүй. Тиймээс бид гадаадын сайн сургуулиудтай гэрээ, хэлэлцээр хийж хамтран ажиллаж байгаа. Энэ маань үр дүнд хүрнэ гэж боддог. Яагаад гэвэл хүнийг ханилсан, нөхөрлөснөөр нь шинждэг болохоор бидний хамтарч ажиллаж байгаа сургуулиуд тухайн орныхоо сайн сургуулиуд байгаа. Хүн зорилгогүйгээр юуг ч бүтээхгүй. Гэхдээ өчүүхэн зорилгоор агуу ихийг бүтээхгүй гэж Гидрогийн үгийг хэлэх дуртай. Сүүлийн үед би Жак Магийн үгийг хэлэх дуртай болсон. Хамгийн шилдэг, мундаг нь биш хамгийн зөв хүнийг олох нь чухал. Боловсролын салбарт орсондоо харамсах зүйлгүй сайхан байна. Энэ сургуулийг олон улсад нэр хүндтэй, шилдэг сургуулиудын эгнээнд орсон явж байх сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл ажиллагаанд хамт олныг итгүүлэх явдал чухал. Манайх харьцангуй сайхан хамт олон. Бид дэлхийн бусад сургуулиас дутахгүй сайхан сургууль байх ёстой гэсэн зорилгоо биелүүлээд явж байгаа хэмээн өөдрөг дэврүүн сэтгэлээр өгүүлж байлаа.
 
Ном их уншдаг байсан нь амьдралд нь хэрэг болжээ
 
Хань Монгол Улсын гавьяат хуульч Д.Дэмбэрэлцэрэнгийн хамт.
 
Ц.Байгалмаа багш сайн хань, сайн хүний нөлөө их бий хэмээн ханийгаа дурссан юм. Түүний хань гавьяат хуульч агсан Д.Дэмбэрэлцэрэн ажээ. Тэрээр Улсын дээд шүүхийн дарга, УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн болон Улсын бага хурлын гишүүн гэсэн албан тушаал хашиж явсан нэгэн юм. Эднийх хоёр хүү, нэг охинтой байсан ч охин нь багадаа бурхан болжээ. Харин том хүү нь “Сити” их сургуулийн дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг бол бага хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөн хуульч болсон хэмээн гэр бүлээ танилцуулсан. Ц.Байгалмаа багш багын номонд дуртай болохоор нэг ном уншихаар дуусахаас нааш салдаггүй. Ном их уншсанаас толгой нь өвддөг болсон ч сайн орчуулгатай зохиол уншихаар хүний эх хэлний баялаг нэмэгддэг. Дээр үеийн номнууд яг монгол зохиол шиг орчуулагддаг байсан. Одоо монгол хэлний баялаг ядуурч байна. Өнөөдөр үлгэр, домог ярьдаг настангууд байхгүй болж. Би гэхэд өнөөдөр ач нартаа үлгэр ярьж өгөх завгүй болжээ. Уг нь үлгэр, мангас, чөтгөр ярихдаа айлгахаар дүр оруулж ярихад айдаг байсан нь хүний сэтгэлийг янз бүрээр хөглөж байдаг. Ном их уншдаг байсан маань одоо амьдралд хэрэг болж байна.
Намайг хүүхэд байхад Төрийн хошой шагналт Д.Сэнгээ гуайн “Өвгөн партизаны яриа”, “Тагтаа”, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Ерэн баатрын дууль” гэсэн шүлгийг хүүхэд бүр уншдаг байсан. Нэг хүүхэд тод, чанга уншихаар бусад нь дуурайдаг байсан нь тод хэлтэй, эх хэлний мэдлэгтэй байлаа. Мөн Хэнтий амгийн Соёлын ордонд байхад гавьяат жүжигчин, уран уншигч Д.Жагдаг бүжигчнээр очоод “Хөх даалимбан тэрлэг”-ийг уншсан нь хүмүүст их хүрсэн. Тэгээд удалгүй яваад өгсөн. Тэр үеэр манайд бүх ард түмний урлагийн үзлэг болоход уран уншлагад нь орж хотод шалгарч ирээд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаяр бид хоёр хүрэл медаль авч билээ. Д.Жагдагийг явснаас хойш би “Хөх даалимбан тэрлэг”-ийг уншдаг болсон. Намайг багшийн дээдийн кино драмын I курст байхад манай ангийнхан Хэнтийгээс ирсэн хүүхэд “Хөх даалимбан тэрлэг”-ийг дажгүй уншдаг гэсэн юм байлгүй. Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн багш Ж.Жав гуай над дээр ирээд Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн уран бүтээлийн нэвтрүүлэгт ороод “Хөх даалимбан тэрлэг”-ийг уншаад өгөөч гэхэд нь Үндэсний телевизээр анх уншиж өгсөндөө баяртай байдаг. Энэ бичлэг МҮОНРТ-ийн алтан фондод хадгалагдаж байдаг хэмээн хуучилсан юм.
 
Монгол Улсын баатар Т.Дүүдэйгийн гэрт зочлов.
 
 
Р.ОЮУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин