sonin.mn
“Зууны мэдээ” сонин “Миний дуртай спорт” буландаа Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч,  УИХ-ын гишүүн С.Эрдэнийг урилаа. Түүнийг сагсан бөмбөгийн спортод элэгтэй нэгэн гэдгийг бүгд мэднэ. Харин яагаад энэ спортын төлөө дуугарч, хүч хөдөлмөрөө “хаяж” явдаг шалтгааныг тэр бүр сайн мэддэггүй.  Тэгвэл энэ спортод дурлах  шалтгаан нь түүний аав Д.Содномзундуй агсан юм. Аав нь  Монголын сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг, бүх амьдралаа энэ спортод зориулсан хүн юм. С.Эрдэнэ “Аав маань 1960-аад онд Багшийн дээдийн биеийн тамирын ангийг төгсөөд Хотын спорт хороонд хуваарилагдсан байдаг. Анагаахын дээд сургуулийн биеийн тамирын багшаар 16 жил ажилласан. Бүхий л амьдралаа миний аав сагсан бөмбөгийн төлөө зориулсан ийм л хүн. Би аавынхаа амьдралаа зориулж зүтгэж явсан энэ спортыг нь хөгжүүлье, хувь нэмрээ оруулъя л гэж явна” гэлээ. Тэрээр нэгэн үе сагсан бөмбөг тоглож, дугуйн спортоор ч хичээллэж байжээ. Харин улс төрд орсноор энэ спортыг бодлогын төвшинд хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр ажиллаж эхэлсэн байна. 2012 онд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулж, Д.Содномзундуйн нэрэмжит ахмадын УАШТ-ийг жил бүр зохион байгуулдаг болжээ. Мөн Үндэсний супер лигийн тэмцээн зохион байгуулж,  Америкийн NBA-гийн системийг анх удаа Монголд нэвтрүүлж, 14 легионер тоглогчийг тоглуулж эхэлсэн байдаг. Түүнчлэн Хандгайтад Монголын анхны сагсан бөмбөгийн ордон барьжээ. Д.Содномзундуй агсны нэрэмжит үндэсний сагсан бөмбөгийн ордонг NBA-гийн стандартын дагуу барьсан гэдгээрээ Монголд анхдагч гэлээ.  Ийнхүү С.Эрдэнийн Монголын сагсан бөмбөгийн спортын төлөө, аавынхаа төлөө хийсэн зүйл нэлээд олон юм. Тэрээр “Надад сагсан бөмбөгөөр улс төр хийх ямар ч бодол алга. Би эндээс мөнгө олдоггүй, цалин авдаггүй шүү дээ. Надад нэг төгрөгийн ч ашиг байхгүй. Би энэ спортыг хөгжүүлэхийн тулд харин өчнөөн олон хүний өмнө гуйлга гуйж явдаг” гэж байлаа.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин