sonin.mn
Сүүлийн жилүүдэд хөгжингүй орнуудад “Хиймэл оюун”-ы хэрэглээ идэвхтэй өсч байгаагийн хэрээр тус салбарын өрсөлдөөн ч ширүүсч эхэллээ. Гэвч манайх шиг хөгжиж буй орнуудын хувьд “Хиймэл оюун”-ы талаарх ойлголт харьцангуй шинэ тутам хэвээрээ байсаар л. Тиймээс БНСУ-ын “Kwangwoon” их сургуульд хиймэл оюун ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны технологийн инженер А.Батчимэгтэй ярилцаж, тус салбарын талаар мэдвэл зохих зарим зүйлсийг тодруулахыг зорилоо.
 
Хиймэл оюун гэхээр компьютер, өөрөө удирдлагатай машин болон оюун ухаант робот зэрэг л санаанд бууж байна. Хиймэл оюуныг энгийнээр тодорхойлбол?
 
-Хиймэл оюуныг энгийнээр хэлбэл хүний оюун ухаан, тархины ажилладаг зарчмыг нь дуурайлган программчилж, хүн шиг сэтгэн хариу үйлдэл хийж чаддаг дэвшилтэт технологийг бүтээх зорилготой, түүнд зориулагдсан компьютерын шинжлэх ухаан гэж болох юм.
Бидний сайн мэдэх энгийн жишээ нь компьютерын шатар, хөзөр зэрэг тоглоом, цаашлаад робот жолооч, гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд, хүний оролцоогүйгээр ажиллах чадвартай технологийн бүтээлүүд бүгд л хиймэл оюуны горимоор ажиллаж байна гэсэн үг. Ер нь маш их дата буюу өгөгдөл дээр процесс (үйлдэл) хийгдэж тэр дундаас патерн загвар болох загварыг илрүүлдэг. Түүн дээрээ тулгуурлан сургалт явуулсны дүнд ухаалаг систем болгон хувиргадаг технологи юм.
 
Энэ салбар хэзээнээс хөгжиж эхэлсэн юм бол, аль улс орон анхдагч вэ?
 
-Хиймэл оюуны түүхийг дурдахын тулд, олон эрдэмтэн судлаачдын нэрийг хэлэх шаардлага гарна. 1940-1956 оны хооронд зарим улс оронд энэ талын ойлголт бий болсон гэж болно. Анхдагчийн тухайд, АНУ-ын эрдэмтдийн хувь нэмэр их байсан учир тус улсыг л хэлэх болов уу даа. Нэр томьёоны хувьд гэвэл 1955-1956 оны үед АНУ-ын эрдэмтэн Жон Маккарти хиймэл оюун гэдэг нэршлийг анх хэрэглэсэн бөгөөд энэ чиглэлийн судалгааны гол цөм нь асуудалд дүн шинжилгээ хийж, оновчтой үйлдлийг хайж олоход оршдог. 1970 он хүртэл энэ салбар судлагдан, тэр цаг үеэс хойш аажмаар хөгжиж ирсэн. Тухайн үедээ энгийн хялбар асуудлыг шийдэхэд “Хиймэл оюун” үүргээ муугүй гүйцэтгэж байсан ч, илүү төвөгтэй асуудлыг шийдэх түвшний бүтээлүүд хараахан төрж чадаагүй юм билээ. Гэвч өнөөдрийн “хиймэл оюун”-ы амжилтад маш чухал суурь нь болж чадсан гэж хэлж болно.
 
“Хиймэл оюун”-ы салбарт анхдагч гэгдэх орнуудад нийгэм болоод эдийн засгийн ямар өөрчлөлт бий болсон бэ?
 
-АНУ дэлхийд хиймэл оюуны хэрэглээ болон амжилтаараа тэргүүлсээр байгаа. Гарсан өөрчлөлтийн хувьд мэдээж тухайн орны эдийн засаг “хиймэл оюун”-ы тусламжтайгаар хурдацтай хөгжиж, хүний үйл ажиллагаа улам хялбарчлагдаж, хамгийн чухал нь цаг хугацааг үлэмж хэмнэдэг болсонд оршино. Бүр онцгойлон эрүүл мэндийн салбарт хиймэл оюуныг ашиглан өвчнийг урьдчилан таамаглаж, түүнээс сэргийлэх боломж бүрдэж байгааг онцлох нь зүйтэй.
АНУ-ын эрдэмтэн, шинжээчдийн хийсэн судалгаагаар хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбартаа ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Эдгээр хөгжингүй орнууд аж үйлдвэрийн салбарт хүний хүч ихээхэн шаардагддаг ажлыг робот болон зориулалтын автомат дамжлагат системээр зохицуулж байна. Ингэснээр ажилтны болон үйлдвэрийн ослын даатгал гэх мэт олон зардлыг хэмнэх боломжтой болсон зэрэг өөрчлөлтийг дурдаж болно.
 
Зарим улс оронд хиймэл оюуныг шинжлэх ухааны ололт, амжилт гэж үзэхээс гадна хэрэглээнд нэвтрүүлж, хөгжлийн гарц болгохоор зорьж байх шиг?
 
-Ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар хүмүүс өдөр тутамдаа хийдэг жижиг ажлуудаас чөлөөлөгдөж, өөрийгөө хөгжүүлэх, боловсруулахад илүү их цаг зарцуулах боломжтой болж байгаа. Мөн бид хийж буй ажилдаа алдаа гаргах нь багасна шүү дээ. Мэдээж энэ бол багагүй ололт, амжилт, одоо түүнийг хэрхэн энгийн хэрэглээнд нэвтрүүлэх буюу хүмүүсийн ажил амьдралыг хялбар болгоход ашиглаж болох вэ гэдэгт улс орон анхаарч бодлогоор дэмжих хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнөөс хиймэл оюун нь SAS (Statitical Analysis System) гэдэг программ хангамжид өргөнөөр ашиглагдах болсон. Энэ системийг маш олон салбарт ашиглах болсон байна лээ. Анагаах ухааны салбарт “X-ray” хэмээх рентгенийг хүний биеийн өвчнийг илрүүлэхэд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл рентген туяагаар өвчнийг оношилно гэсэн үг. Мөн үйлдвэрлэлд хиймэл оюунд суурилсан төхөөрөмжүүд хоорондоо мэдээллээ солилцон оновчтой шийдлүүдийг гаргаж, цаг хэмнэж хэрэгцээгүй, шаардлагагүй давтагддаг байсан үйлдлүүдийг багасган хэмнэлт гаргах болсон.
Бидний хэрэглэдэг зарим “platform”-ууд хэрэглэгчдэд сонирхдог хэрэгцээт барааг нь шууд санал болгодог нь цаанаа хиймэл оюуныг ашигласан байдаг. Тухайн хүний онлайн худалдан авалтын дата буюу өгөгдөлд суурилан боломжит хувилбаруудыг санал болгодог гэсэн үг юм. Таны онлайнаар хийж байгаа үйлдлүүд тань дата болон хадгалагдаж, түүн дээр анализ хийхдээ таныг юу сонирхож байгаа, юу авч байгааг тань таньж цаашид юу сонирхох магадлалтайг ч тааж мэдэх юм. Бизнесийн салбарт хэрэглэгчиддээ хүрэх ашиг орлогоо оновчтой аргаар нэмэгдүүлэх гарц бол хиймэл оюун гэж боддог.
 
Ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудад хиймэл оюуны хэрэглээ идэвхтэй байна. Манайх шиг хөгжиж буй орнуудад хиймэл оюуны тухай ерөнхий мэдээлэл, дүр зураг л буусан, өөрөөр хэлбэл ойрын хэдэн жилдээ хэрэгцээ, шаардлага нь үгүйлэгдэхгүй байх гэж боддог?
 
-Өндөр хөгжилтэй орон бүтээлч байхыг илүүд үзэж байна. Богино хугацаанд илүү ихийг хийж, бүтээхийг эрмэлзэж байна. Мөн хүмүүсийн амьдрал болон ажлыг хялбарчлах гарцуудыг ч хайж байгаа. Тэр ч утгаараа энэ салбарт хөрөнгө оруулалтыг харамгүй зарцуулах нь энгийн л үзэгдэл. Хүний хийж чадахгүй зүйлүүдийг хиймэл оюуныг ашиглан илүү хялбарчилж, нарийн тооцоолол бүхий шийдлээр гүйцэтгэхийн ач тусыг ухаарч, улс орнууд үүнийг хэрэглээ талаас нь харж, илүү их ач холбогдол өгсөөр байгаа юм. Манай улсын хувьд эхлээд хиймэл оюуныг нэвтрүүлснээр хүртэх ач холбогдлыг ойлгох хэрэгтэй болов уу.
 
Тийм ч, ийм ч ухаалаг системд суурилсан технологийг нэвтрүүллээ, зохион бүтээлээ гэж сонсогдох атлаа тодорхой хугацаа өнгөрсний дараагаар зүгээр л нэг сенсац болж хувирсан байх юм...
 
-Ер нь монгол инженерүүдэд чадвар бол бий. Дэмжлэг л дутдаг. Монгол оюутан эрдэмтэд 3D принтер бүтээж байгаа тухай сонссон. Хугарч гэмтсэн нурууны үе, хурууны яс зэргийг хэвлэж, орлуулах боломжтой болох юм. Мөн Японы хиймэл оюунд суурилсан программ хөгжүүлдэг компанид монгол залуус ажиллаж байна, “Google”-ийн ахлах программист нь монгол залуу бий. Боловсон хүчнийг бэлтгэхэд асуудалгүй, харин төрөөс үүнийг бодлогоор дэмжин хэрэгжүүлэх шаардлагатай л гэж харж байна даа.
 
Хиймэл оюуны салбар эрчимтэй хөгжих нь нийгэмд ямар ач тустай вэ, бид түүнээс ямар үр дүн хүлээвэл зохилтой вэ?
 
-Цаг хугацаа, хүч хөдөлмөрийг хэмнэнэ, маш нарийн тооцоолдог учир гүйцэтгэх ажилд гардаг алдаа эрс багасна. Богино хугацаанд илүү ихийг бүтээнэ, цаашлаад цаг агаарын хүнд нөхцөлд ч хиймэл оюуны бүтээлүүд ажиллах боломжтой болж байгаа юм. Хүний эрүүл мэндэд хортой салбарууд тухайлбал, уул уурхайд робот ажиллуулснаар, хүнд хүчир хөдөлмөр шаарддаг ажлын бүтээмж дээшлэх, амралтгүй ажиллах зэрэг олон давуу тал бий болохыг үгүйсгэх аргагүй. Өдөр тутмын ажил, амьдралыг илүү хялбарчилж, цаг хэмнэж байна. Наад захын хүн бүрийн сонирхон хэрэглэж үзсэн “Apple” “Siri8”, “Google” зэрэг чинь л хэдийн хэрэглээ болоод нэвтэрч чадсан шүү дээ. Өөр нэг жишээг тодотгоход, өөрөө удирдлагатай машин зохион бүтээгдсэн нь зам тээврийн ослыг тодорхой хувиар бууруулна гэж зохиогчид нь болон эрдэмтэд тооцоолж байгаа. Түүнчлэн зөвхөн эзнийхээ нүүрийг таньснаар хөдөлгүүр нь асах учир машин хулгайд алдагдахгүй ч гэдэг юмуу, давуу талуудыг нэрлээд байвал олон зүйл бий дээ.
 
Гэхдээ шинжлэх ухааны энэхүү их ололт, амжилтууд хэрэглээнд өргөнөөр нэвтрэх нь хүн төрөлхтнийг залхуу, хойрго болгочихгүй юу. Аль эсвэл энэ салбар хөгжихийн хэрээр зарим мэргэжил устаж үгүй болчих вий гэсэн айдас ч бий шүү дээ...
 
-Хүмүүсийн ажлын байрыг булаах вий, таны хэлсэнчлэн хүмүүс залхуу болчих вий гэж айх шаардлагагүй. Ийм айдас бидний үздэг киноноос л бий болдог байх. Бодит байдал дээр тийм болтлоо хөгжихөд чамгүй урт хугацаа орно. Сөрөг талаасаа илүүтэй ололт, амжилт, давуу тал маш их гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсдэг. Хүний хийх ажлыг өмнөөс нь гүйцэтгэх, илүү бүтээлчээр хандах, цаг хугацааг хэмнэх, эрүүл мэнд, амь насанд халгүй зэрэг давуу талууд бий гэдгийг анхаарах нь зөв. Хүн + Хиймэл оюун = Ололт, Амжилт. Хүн, “Хиймэл оюун” бүхий төхөөрөмж хоёрын хамтын ажиллагаа нь хамгийн сайн шийдэл гэж харж байна.
 
Мэдээж хэрэг энэ талын шинжлэх ухаанд Азийн орнуудаас япончууд манлайлж байгаа. Таны сурч байсан Солонгос улсад хиймэл оюуны салбарыг ямар байдлаар тодорхойлж, үнэлдэг вэ?
 
-Улс орнуудын хиймэл оюун бүхий технологийн хэрэглээ, төрийн бодлогоор дэмжигдэн хиймэл оюуныг хөгжүүлж, ашиглаж байгаа салбарын тоогоороо амжилттай яваа улс орнуудыг дурдваас, 2018 онд Хятадын “Цинхуа” их сургуулиас хийсэн судалгаагаар АНУ, БНХАУ, Их Британи, Канад, Энэтхэг, Израйл, Франц, Герман, Швед, Испани зэрэг улс орон толгой цохиж байна. Япон, Солонгос улсууд энэ жагсаалтад ороогүй ч хиймэл оюуны чиглэлийн судлаач, инженерүүдийн тоо чамлахааргүй байдаг. Миний мэдэхээр Солонгос улс энэ салбарыг хөгжүүлэхэд зориулж ихээхэн хэмжээний төсөв баталдаг. Солонгосын багш нар нь чадвартай, мэдлэг өндөр, сургалтын тогтолцоо шинэлэг, илүү практикт суурилсан байдгаараа онцлогтой. Их сургуулийн профессор багш, судлаачдыг улс бодлогоороо дэмжиж, том компаниуд энэ чиглэлийн төслүүдийг цалинжуулж оюутнуудтайгаа хамтарч ажилладаг. Их зүйлийг сурч туршлагаждаг. Солонгост хиймэл оюуныг энгийн хэрэглээ мэт ойлгож хөгжүүлдэг болсон байна лээ. Зүгээр л энгийн камер борлуулдаг компани нүүрний дүрс таньдаг программ хангамж үйлдвэрлэдэг болоод өргөжин хөрвөх жишээтэй. Ингэж л чаддаг болмоор байгаа юм.
 
Солонгосын ухаалаг хот гэдэг нь хиймэл оюуны нэг илрэл үү?
 
-Төрөөс нь Smart City Association буюу Ухаалаг хотын холбоог байгуулсан байна лээ.Тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ ухаалаг хотод олон талын хөрөнгө оруулалт хийж, багагүй ажлыг өрнүүлж байна. Сүүлийн үеийн мэдээгээр тус хотын бүтээн байгуулалтад хиймэл оюун, их өгөгдөл, үүлэн технологи, мэдээллийн аюулгүй байдлын зэрэг шинэчлэл ч хийгдсэн байна. Хот нь бүрэн камержсан. Авто машины осол болоход хяналтын систем дээрээ цаг алдалгүй мэдээд, байршлыг нь цагдаа болон түргэн тусламжийн төв руу илгээх боломжтой болсон юм билээ. Иргэн утсаар мэдээлэл өгөхөөс өмнө мэдэх боломжтой гэсэн үг. Тэнд хулгай гарах бараг боломжгүй, гарлаа гэхэд хэдхэн минутад л дороо баригдана. Би 2016 оны 11 дүгээр сард тус хоттой танилцсан. Гэр ахуйн бараа, хэрэгслүүд нь үгэн команд өгөх үед л ажилладаг. Жишээ нь хөгжим ас, тэр дуучны тийм дууг тоглуул гэхэд л яг хэлснээр нь болгоно. Одоо зогс гэхэд мөн л хөгжим зогсоно. Орондоо ороод зурагт ас, гэрэл унтар гэхэд л бүгд хэлсний дагуу ажиллаад их сонирхолтой санагдсан шүү. Энэ бүгдийн цаана нөгөө хиймэл оюуныг ашигласан гэсэн үг.
 
Та энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан шүү дээ, чухам энэ салбарыг яагаад сонирхож судалсан талаар...
 
-Олон жилийн өмнө шүү дээ. Тухайн үед зүгээр л бусдаасаа түрүүлж алхмаар санагдаад суралцахаар болсон юм.
 
Энэ чиглэлээр эх орондоо шинэ зүйлийг хийж, нэвтрүүлье гэсэн бодол байдаг уу? Тийм бол түүнээсээ хуваалцахгүй юу?
 
-Мэдээж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэлгүй л яахав. Давхар мэргэжилтэй болох зорилгоор МҮЭ-ийн холбооны дэргэдэх Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийг 2018 онд хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр төгсч, магистр хамгаалсан. Судалгааны ажил маань биг датаг ашиглан тогтвортой хөгжлийн зорилт Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэх. Монголын цахим өгөгдлийн орчин ямар байдалтай байгаа талаар судалж зураглал үнэлгээг хийсэн. Бидэнд ашиглаж болох нээлттэй өгөгдөл дата их байгаа ч түүнийгээ ашиглахгүй цаг хугацаа, мөнгийг урсгасаар л байна. Энэ чиглэлээр л судалгаа хийж, бодит ажил болгохыг хүсдэг. Сурч, мэдсэн зүйлийнхээ хэргийг гаргахгүй бол харамсмаар биш гэж үү.
 
Сүүлийн жилүүдэд энэ салбарт гарсан дэвшил, өөрчлөлтүүдийн тухайд?
 
-Энэ салбарын судлаачид юуг илүү сонирхож байгаа талаар товч хэлбэл зүгээр байх. Микро-биологийг судлан хиймэл оюуныг ашиглахыг эрмэлзэж байгаа, учир нь энэ салбарт нээгдээгүй, мөн нээх шаардлагатай олон судлагдахуун байгаа юм.
 
 
Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин