sonin.mn
Монгол Улсын хөгжлийн үндэс нь хүний хөгжил. Хүний хөгжлөөрөө дэлхийтэй эн зэрэгцэх арга зам нь боловсролын салбарын хөгжил буюу суралцахуй, багшилхуйн чанарын өөрчлөлт болно. Боловсролд чанарын өөрчлөлт нь “Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ” гэдэг ойлголтыг зөв болгохоос эхлэх нь зүйд нийцнэ. 1970 оны дунд үе хүртэл боловсролын философи, сэтгэл судлалын онолд “Мэдлэг нэг хүнээс нөгөөд дамжина, хүнийг гаднаас нь удирдаж сургаж болно” гэж үзэх хандлага давамгайлж байв. Энэ үзэл үгэнд сайн ордог, онц сурдаг байвал “сайн хүүхэд” гэсэн ойлголт хэлбэрээр эцэг эхчүүд, багш нарт байсаар байна. Юуг, яаж сургах, сурсныг хэрхэн үнэлэхийг зөвхөн багш мэддэг учир үүнийг “Багш төвтэй” сургалт гэж нэрлэдэг. Суралцагч бүрийн сонирхол, хэрэгцээ, оюуны боломжийг тооцдоггүй, бүх хүүхдийг ижил нэг хэвэнд шахдаг нь багш төвтэй сургалтын сул тал. 
 
ХҮН ӨӨРӨӨ ХИЙЖ СУРАЛЦДАГ
 
Дэлхийн түвшинд 1990-ээд он гэхэд боловсролыг ардчилах талаар шинэ, шинэ санаанууд дэвшигдэж эхэлсэн юм. Орчин үеийн боловсролын философид конструктив үзэл тэргүүлэх байр суурьтай байна. “Конструкция” буюу “байгуулах, бүтээх” гэсэн утга илэрхийлдэг энэ үзэл баримтлалаар боловсролын үйлийн төвд суралцагч буюу хүүхдийг тавьдаг. Өөрөөр хэлбэл хүн заалгаж биш “Өөрөө хийж суралцдаг” гэсэн үг. Хүүхэд өөрөө оролцох, хийх үйл явцад алдаа оноогоо ялгаж сурах, өөртөө итгэлтэй, бусдын сайныг хүлээн зөвшөөрдөг, хамтран ажиллаж амьдрах чадварт суралцаж, төлөвшин хөгждөг. 
Сургалтын үйл явц, арга зүй, үнэлгээ, үзэл санаа нь бидний улс орны ирээдүй, нийгмийн соёл, төлөвшлийг шийдэж байна. Зөвхөн хэн нэгнээс илүү сайн, эхэнд байх, ямар нэгэн медаль шагнал авч багш, эцэг эхэд таалагдахын тулд хичээсэн хүүхэд өөрийн гэсэн зорилгогүй, хэн нэгэнд таалагдахын тулд юу ч хийхэд бэлэн өнөөгийн ихэнх хүмүүсийн дургүй хэрнээ өөрсдөө үйлддэг зан төрхийг бүрдүүлж байна.  
 
ИТГЭЛЦЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА
 
Ардчилсан нийгэм хөгжихөд “Хамт олны соёл, итгэлцэл, хамтын ажиллагаа гэсэн нийгмийн баялаг бүрэлдэн бий болох нь хамгийн чухал зүйл” (Putnam, 1993) гэж тодорхойлсон. Боловсрол чанартай байхын үндэс нь боловсрол эзэмших үйл явцад болон гэр бүлд хүүхдэдээ итгэх итгэлээс бүх зүйл эхэлнэ. Үүний тулд боловсролын салбарт шат шатандаа хянаж шалгахаас илүүтэй зөвлөн тусалдаг,  эцэг эхчүүд хүүхдээ бусадтай харьцуулахаас илүүтэй миний хүү, охины ахиц амжилт юу байна гэдэгт анхаарч тусалдаг сэтгэлгээ нийтийн соёл болох нь чухал байна. 
Итгэлцэлд суурилсан нийгэм байгуулахад боловсрол чухал үүрэгтэй гэдэгтэй хүн бүр санал нэгдэнэ байх. Итгэлцэл, хамтын ажиллагаа нь бүдэг бадаг, хийсвэр ойлголт биш юм. Өнгөрсөн үед үйлдвэр, технологи, ажиллах хүч л хөрөнгийг буй болгогч баялаг гэж хардаг байсан бол өнөө үе болон ирээдүйд итгэлцэл, хамтын ажиллагаа, ардчилсан иргэний төлөвшсөн ухамсар нь “баялаг” болоод байна. Тиймээс сургууль бүр өөрсдийн онцлогтой боловсруулсан хөтөлбөрийн дагуу өдөр бүр, цаг тутмын хичээлийн үйл явц итгэлцэл, хамтын ажиллагааг дэмжиж байна уу гэдэгт багш, эцэг эх, судлаач, шийдвэр гаргагчид анхаарах нь маш олон зүйлийн шийдэл юм. 
Сурч хөгжих эрхийг хангах үндсэн боломж нь хүүхэд бүрийн оролцоог дэмжсэн сургалтын хөтөлбөр, хичээлийн үйл явц юм. Салбар бүрийн хүний нөөцийн хөгжилд тавигдах шаардлага  хөтөлбөр, хичээл, сургуулийн соёл болон хэрэгжсэнээр бодит болох боломжтой. Бид хөтөлбөр, хичээл, сургуулийн соёл, хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг сайжруулахгүйгээр хий хоосон найдлага тавьж, буруутан хайж шүүмжилснээр юу ч шийдэгдэхгүй.  Нүглийн нүдийг гурилаар хуурах хэрэггүй.  
Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх гол зарчим нь сургууль, багш нар яамнаас тогтоож өгсөн хүрэх түвшингээ баримжаалан, өөр өөрийн давуу талд суурилан өөрсдийн онцлогтой хөтөлбөрөөр хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилготой. Энэ нь сургуулийн бие даасан байдал, эрх мэдлийг эзэнтэй болгож хүний хөгжлийн хурдаар удирдагдсан боловсролын тогтолцоог бий болгоход чиглэсэн болно. 
Хэчнээн хурдан хөгжих хэрэгцээ байсан ч итгэлцэл, хамтын ажиллагааны соёл   төлөвшсөн нийгмийг байгуулаагүй цагт улс оронд үндсэн өөрчлөлт  ч гарахгүй, тогтвортой хөгжилд ч хүрч чадахгүй гэсэн үг. Сурч боловсрох нь бүхий л амьдралынхаа түршид эдлэх хүний үндсэн эрх бөгөөд итгэлцэл, хамтын ажиллагааны соёлд суралцсан чанартай боловсрол эзэмшихэд хүн бүр тэгш эрхээр хангагдах учиртай. ЮНЕСКО 1996 оны Делорийн илтгэлд тусгагдсан чухал үзэл баримтлалуудын нэг бол суралцах үйл ажиллагааны дөрвөн тулгуур зарчим хэмээн тодорхойлсон байна.
 
 Үүнд:
 
1. Мэдэхэд суралцах (өргөн хүрээтэй ерөнхий суурь мэдлэг олж авахын зэрэгцээ суралцах арга барилд суралцах)
 
2. Хийхэд суралцах (мэргэжлийн чадвар олж авахын зэрэгцээ янз бүрийн нөхцөл байдлыг зөв үнэлэх, багаар ажиллах чадвартай болох)
 
3. Хүн болж төлөвшихөд суралцах (оршин байхад): (хувийн зан чанараа хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх, өөртөө байгаа боломжийг дайчлан бие даасан, бие хүн болж төлөвших)
 
4. Хамтдаа ажиллаж, амьдрахад суралцах (бусад хүмүүсийн тухай ойлгох, харилцан хамаарлыг үнэлэх чадвараа хөгжүүлэх)
 
Энэхүү суралцах үйл ажиллагааны дөрвөн тулгуур зарчмын дагуу “cургах гэдэг ойлголтоос - суралцах хүсэл сонирхлыг төрүүлэх”, “заах ойлголтоос - өөрөө хийх, туршилт хийж, хамтран суралцах”, “цээжлэх ойлголтоос - зүй тогтлыг олох, мөн чанар, учрыг нь таних”, “дүн тавих ойлголтоос - суралцахуйг хөтөлсөн үнэлгээ, ахиц, амжилтыг үнэлэх” зэргээр сэтгэлгээний шилжилт хийх, суралцахуй, багшилхуйг дэмжсэн үйл явцыг хөгжүүлэх зарчмаар боловсрол үр дүнтэй хөгжинө. 
Зөвхөн Монгол Улс боловсролын чанарын шинэчлэл хийхийг оролдоод байгаа гэсэн үг биш. Энэ зууны эхээр АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй болон ОХУ, БНХАУ зэрэг бидний хөрш зэргэлдээх орнууд боловсролын хөгжлийн үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулж, зарим нь шинээр баталж байна. Энэ нь хурдтай хөгжиж буй дэлхийн зах зээлд өрсөлдөх, өндөр чадамж бүхий хүнийг төлөвшүүлэхэд чиглэж байгаа боловсролын хандлага, бодлого юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологийн хувьсгалын үр нөлөө хүн төрөлхтний амьдралын хэв шинж, нийгэм, эдийн засгийг ихээхэн өөрчилж, хувь хүнээс мэдлэгийн нийгмийн идэвхтэй оролцогч байх буюу “Хүн байх” итгэлцэл, хамтын ажиллагааны өндөр ур чадвартай болохыг шаардаж байна.  
Өнөөдрийн нийгмийн ёс суртахуунгүй байдал гэнэт нэг өдөр бий болчихсон зүйл огт биш. Бид үр дагавар, бодит байдлыг харж халаглаж суухын оронд учир шалтгааныг зөв тодорхойлж, харанхуйд нэг ч гэсэн гэрэл асаахын тулд боловсролын үйл явцад онцгойлон анхаарах нь ирээдүйд тустай.  
 
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин