sonin.mn
Мэргэжил бүхэнд “нөхөр” гэж бий. Тухайн мэргэжлийг илэрхийлэгч зэвсэг, багаж хэрэгсэл бүхэн эзэндээ маш их үнэ цэнтэй. Энэ удаа ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн алба, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхийн “нөхөр” дохиурын тухай мэдээллийг хүргэж байна.
 
Таны “нөхөр” бол яахын аргагүй дохиур. Хэзээнээс та хоёр нөхөрлөв?
 
-Хугацаат цэргийн алба хаасан гурван жилээ оролцуулбал цэргийн хөгжмийн урлагт 40 гаруй жил хүчин зүтгэсэн байна. Үүнээс сүүлийн 20 жилд дохиуртай нөхөрлөж явна. Дохиур гэдэг бол удирдаач хүний гол зэвсэг, гол мэдрэмж, гол тархи. Үзэгчийн баярлаж гуних, омогшиж бахархах бүх сэтгэл хөдлөлийг энэ дохиурын ачаар гаргана. Ид шидийн илбэтэй зэвсэг юм даа.
 
Тайзан дээр удирдаад зогсох агшин сайхан мэдрэмж төрүүлдэг байх?
 
-Тэгэлгүй яах вэ. Цэргийн хэллэгээр бол их буу буудлаа гэдэг дохио миний дохиураар хөгжимчдөд хүрдэг. Дохиураа бариад зогсоход л өөрийн эрхгүй биеэ цэгнэнэ. Биеийн хэлэмж, дохиураар тухайн аялгуу үзэгчдэд хүрдэг учраас бие сэтгэлийн хувьд цог золбоотой байж сэтгэлийн хөдлөлтэй ч болно. Ер нь удирдаачийн мэргэжил дэлхийн хамгийн хүнд мэргэжлүүдийн нэгд тооцогддог. Дуучин хурдан дуулбал оркестрыг хурдлуулж, удаан дуулбал удаашруулах гэхчилэн чих, нүд, гараараа бүгдийг мэдэрч удирдана. Энд нэг хөг, тэнд нэг хөгийг сонсож, тэдгээрийг засч залруулахад тархины өндөр үйл ажиллагаа явагддаг гэсэн үг. Хүн номыг мөр мөрөөр нь уншдаг бол удирдаач хүн 90 хүртэлх мөрөөр нь зэрэг унших шаардлагатай болдог юм.
 
Та хэдэн дохиуртай вэ?
 
-Хорин жилийн хугацаанд 20 орчим дохиур хэрэглэсэн байна. Заримыг нь найз нөхөд бэлэглэсэн. Одоо өөрт байгаа нь гэвэл 10 орчим болов уу. Ихэнхийг нь шавь нартаа бэлэглэж. Дохиур бэлгэнд авах их сайхан мэдрэмж байдаг. Хугарсан, сэмэрсэн ерөөсөө хамаагүй. Олон мянган эгшиг авиа тэр л дохиураар ургаж гарсан гэж бодохоор хайрлахгүй байхын аргагүй сэтгэл төрдөг юм. Манай хүүхдүүд миний 55 насны ойн өдөр “Аав таны амь амьдрал энэ мөн үү?” гээд нэг их гоё дохиур жаазлаад бэлэглэсэн. Баярласан гэж. Дохиурууд маань манай гэрийн бурханы хажууд хамгийн дээр л заларна шүү дээ.
 
Дохиурыг юугаар хийдэг юм бэ?
 
-Сайн чанарын модоор хийнэ. Сүүлийн үед чулуугаар барьцтай болгож хийдэг болсон байна лээ.
 
Үнийн хувьд?
 
-Нэг их үнэтэй биш. Голдуу 50-100 мянган төгрөгт л багтана. Хөгжмийн зэмсгийн дэлгүүрүүдэд их бий. Гол нь үнэ биш, гүйцэтгэж байгаа үүрэг нь хамгийн гайхалтай. ОХУ-ын алдартай нэг удирдаач гэхэд шүдэнзний мод шиг нарийхан дохиур барьдаг.
 
Танд ямар улсынх байдаг вэ?
 
-ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ-ынх байгаа. Гадагшаа тоглолтоор явахдаа хэрэг болгож авна. Дохиур хуучрах тусам тухайн эзэндээ илүү үнэ цэнтэй болдог. Надад 1992 он гээд бичигтэй нэг дохиур бий. Их хуучирсан ч томоохон хэмжээний тоглолтуудад түүнийгээ л ашигладаг даа.
 
“Нөхөр”-тэйгээ хэдэн тоглолтод орсон байдаг вэ?
 
-Нарийн тоолж байгаагүй. Барагцаагаар бол 3000 орчим болов уу. Хамгийн сүүлд Дуурийн теарт тоглосон. Удахгүй хоёрдугаар сар гараад хэд хэдэн тоглолт байгаа. Дохиур бариад гарах бүртээ догдолдог. 1000 үзэгч байна уу, нэг үзэгч байна уу ялгаагүй миний хийх ажил. Эцсийг нь тултал сайхан аялгуу хүргэх ёстой. Тоглолтын явцад сэтгэл хөдлөлөөсөө болж дохиураа хугалах, нөгөө гараа эсгэх зэрэг асуудал энүүхэнд. Нэг удаа зүүн гараа дохиураараа эсгэчихээд цусыг нь тогтоох гэж гараа атгасаар байгаад тоглолт дуусгаж билээ.
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин