sonin.mn
НЬЮ-ЙОРК./Bloomberg/. Япон улсад анх 15 жилийн өмнө бий болсон ногоон цайтай "KitKat" шоколадыг энэ сараас Европт худалдаалж эхлэхээр болжээ.
Матча ногоон цайны нунтагийг какоаны тос, цагаан шоколадтай холин гаргаж авсан тус бүтээгдэхүүнийг Гамбург хот дахь "Nestle" компанийн үйлдвэрт үйлдвэрлэх аж. Эхний удаад тус бүтээгдэхүүнийг Герман, Их Британи, Итали, Швейцарь зэрэг Европын 8 улсад худалдаанд гаргах бөгөөд цаашид зах зээлийг тэлэхээр төлөвлөсөн байна.
Японы 5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх шоколадны зах зээл нь Азидаа хамгийн томд тооцогддог бөгөөд энэ зах зээлд хамгийн алдартай нь "KitKat" юм. Матча ногоон цайтай "KitKat" нь япончуудын хамгийн дуртай 350 нэр төрлийн бүтээгдэхүүний эхний гуравт багтдаг байна. Өнгөрсөн онд “Nestle” компани 8 тэрбум франкын борлуулалт хийсний 1 тэрбум гаруй франкыг "KitKat" шоколад бүрдүүлсэн аж. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг