sonin.mn
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн байлдагч А.Доржсүрэн Ховд аймгийн Зэрэг суманд суугаа ээж Б.Алтантуяадаа Зэвсэгт хүчний “Соёмбо” сониноор дамжуулан захидал бичжээ.
 
Сайн байна уу? Хайрт ижий минь.Та минь сайхан хаваржиж байна уу? Ижий таныхаа шүлэг, яруу найрагт дуртай байдгийг санагалзан хүү нь сэтгэлийн нандин үгсээ тээгээд бадаг бадгаар бичсэн шүлгэн захидлын хамт энэхүү захиагаа илгээж байна.
Ээж минь таны минь бие хаа тэнхлүүн сайн биз дээ. Ай даа, таныгаа мөн ч их санах юм даа. Хаврын салхи зөөлөн илбэхэд санана, хайруу өвлийн жавар сэнгэнэхэд санана, намрын навчис шарлахад санана, бороонд цохиулж хувцсаа нороход бас санана. Гэхдээ хүү нь цэргийн албандаа маш сайн байгаа шүү. Цэрэгт ирээд эх орноо хайрлах сэтгэл минь дэвэрч, ээжийгээ санах зүрхний минь тоо олширч байх шиг ээ. Цэргийн алба гэдэг сайхан алба. Анх байлдагч болоогүй байхдаа цэргийн хувцастай хүн хараад төдийлөн юм боддоггүй байсан бол одоо харах бүрт л хайр хүрч, хүндлэл төрөх юм аа. Сониноос Цагаан сар сайхан болсон уу, ээж ээ. Бид ангийн захирагчдаа дугаарлаж байгаад л үнсүүлсэн сэн. Нээрээ та минь үргэлж хэлдэг байсан даа. “Хүний газар биеэ, өөрийн газар гэрээ” гэж. Энэ сургаалийг тань хүү нь зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж, ангийн хашаагаар орж ирсэн тэр цагаасаа л одоог хүртэл хичээсээр яваа шүү. Цэл залуу насныхаа давилуун сайхан цаг хугацааг наддаа зориулж, цэвүүн хүйтэн цаг мөч бүхэнд шантралгүй, ухралгүй, хэзээ ч үгүй гэж хэлэлгүй хүүгийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө байсныг тань хүү нь сайн мэднэ ээ. Одоо ч та минь хатан ухаан, хайрын дээд эхийн сэтгэлээрээ биднийгээ дулаацуулж, хаана ч явсан хөл алдахааргүй сайн хүн болгон хүүхдүүдээ хүмүүжүүлж байна. Таниасаа сурах зүйл яасан их юм бэ?
Та минь миний амьсгалах агаар, инээд баяслын минь үүсгүүр, энэ орчлонд тоос хөдөлгөн яваагийн минь хамгийн том шалтгаан юм шүү. “Ижий” гэх энэ үгний цаана яасан их хүч, ямар их хайр оршдог юм бэ гэж хүү нь бас л бодох л юм аа.
Сүүн сэтгэлт ижийнхээ
Сайхан үнэрийг өөртөө шингээж
Сайн муу дэнсэлсэн энэхэн хорвоод
Шүтээн ээждээ мөргөж амьдрах минь
 
Ижий минь та хүүгээ санаж л байгаа биз дээ. Хөхөө донгодож хөвч тайга ногоорох цагт хонгор үр нь тань дээрээ очно оо. Ижийнхээ чанасан аагтай цайг нь амтлан уух нь юутай жаргал билээ. Хайрт ээждээ удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Та минь ангир таван үртэйгээ хамт урт насалж, удаан жаргаарай.
 
Ижий минь та...
Энэхэн биений минь өнгөт эрдэнэ
Энэ амьдралын минь чандмань эрдэнэ
Надад заяасан нандин эрдэнэ
Намайг чимэх сувд эрдэнэ
Ижий минь та...
Сүүн сэтгэлээр хорвоог бүүвэйлж
Сүүдэр нөмөрсөн харанхуйг гийгүүлсэн гэгээ билээ. Нар билээ.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин