sonin.mn
Сайн байна уу, ээж ээ! Тандаа захидал очих өдрийн халуун мэндийг хүргэе. Таны минь бие тэнхээ сайн биз дээ. Нутаг усаар минь хаваржаа тавлаг уу, ах, дүү хамаатан саднуудад маань миний мэндийг дамжуулаарай. Хүү нь цэргийн албаа нэр төртэй хааж байна. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алхаж яваа хүүгээрээ бахархаж байгаа гэдэгт тань огтхон ч эргэлзэхгүй байна.
Өдөр хоног өнгөрөх тусам цаг хугацаа ямар их үнэ цэнтэйг цэргийн алба хаах хугацаандаа хүү нь ойлгож, ухаарч явна. Таныгаа биднийг өдий зэрэгтэй өсгөх гэж ямар их хүнд хэцүү замыг туулж явсныг тэнэгхэн хүү нь одоо л ухаарч байна. Хүү нь таныхаа энэ их ач буяныг насан туршдаа санаж явна. Ижий Та биеэ бодож, эрүүл энх байгаарай.
 
Таныгаа санасан сэтгэлийн минь угаас дараах мөртүүд ундарсан юм шүү ээж ээ.
Ээж хэмээх амьд бурхнаас төрсөн би
Энэрэнгүй энэ амьд бурхны ач буяныг
Энэ насандаа ч хариулж барамгүй өртэй
Ээж ээ гэж дуудах болгонд энэ насны минь тоо нэмэгддэг юм шүү
Хүүгээ хүний дайтай өсгөх гэж ээж минь хүйтэнд хөрж явжээ
Хүний дээд таныгаа хүү нь жаргаасан болов уу
Мөнх тэнгэртээ залбирч, мөргөдөг ээж минь
Мөнхийн ус уусан юм шиг биднийхээ төлөө л зүтгэх юм
Зөвхөн намайг л жаргаах гэж, зүсээ гундтал яваа даа ээж минь
Зах нь харагдахгүй далайг гатлаад ээж тандаа үр нь очно
Заяа тавиландаа залбирч
Зөвхөн ээжийгээ л жаргаах юм сан
 
 
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч О.Өлзийбаатар