sonin.mn
Саяхны нэг өдөр чөлөөнд байгаа хурандаа Сэрээтэрийн Батхүү гэх буурлын өргөө гэрийн босгыг алхаж амрыг айлтган мэндчиллээ. Батхүү гуайтай нэгэн зорилгын төлөө зүтгэж явсан журмын нөхөд, шавь нар нь болох бэлтгэл хурандаа Д.Ганзориг, дэд хурандаа Ц.Цэрэндаш нартай дөрөө харшуулснаа өчмүү.
Нэр хүндтэй буурал хурандаад "Монгол цэргийн өдөр’’-ийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд Зэвсэгт хүчинд шүхрийн анхны буулт болсны 50 жилийн ойг нь тохиолдуулан сонин сайхан дурсамж хүүрнэх зорилго биднийг ийнхүү нэгтгэсэн болой. Биднийг очих сургийг сонсож сэтгэл нь хөдлөн хүлээж суусан бололтой, хурандаа маань хонх дарангуут хаалгаа нээлээ. Нас сүүдэр 90 дөхөж яваа гэхээргүй хөнгөн шингэн, үүх түүхээ өчигдөрхөн болсон мэт тод томруун ярих түүнтэй уулзахад цаанаа л нэг урамтай.
 
Эхний асуулт, эхний хариулт анхны буулт руу чиглэсэн. "Анхны буулт анхны гэдэг утгаараа сонирхолтой үйл явдал байлаа. Шүхрээр буух нь байтугай онгоцонд сууж үзээгүй цэргүүд жагсаад зогсож байдаг. 45 хоногийн курс зохион байгуулж онол, дадлагын сургалт явууллаа. Тэр үед Зөвлөлтийн тусламжаар ирсэн ПД-47 гэдэг шүхэр байлаа. Их том бункертэй (шүхрийн дэлбээ Г.Н) шүхэр байсан тул эвхэх гэж их л ажил болдог байсан. Мах боловсруулах комбинатад дагуулж ордог мал байдаг гэдэг шиг А.Банзрагч, Ц.Хандсүрэн, Д.Отряд, Ч.Хишигсүрэн нар эхэлж буугаад дараа нь цэргүүдийг буулгасан. Уул шугамандаа зориг оруулж байгаа санаатай юм” гэж С.Батхүү хурандаа хуучиллаа.
 
1969 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дэслэгч Л.Галсангийн салааны тасгийн дарга, түрүүч Б.Надмид, байлдагч Ц.Сахьяа, М.Буянжаргал, С.Баасан, Д.Жамц, Н.Сүхбаатар, У.Даваажав, Г.Базарсад, Н.Энэбиш нарын 20 гаруй дайчин буужээ. Анхны шүхэрчдээс хугацаат цэргийн алба хааж дуусаад ангидаа ахлагч, офицер болж ажилласан хүмүүс цөөнгүй байдаг.
 
С.Батхүү гуай бас нэг сонин дурсамж ярилаа. Өвөрхангайн Жаргал гэж том биетэй цэрэг байх. Буулт болсны дараа тэр нөхөр гэдрэгээ харж хэвтчихээд босдоггүй. Дарга, цэрэггүй л санаа зовж байлаа. “Би мотоцикльтэй давхиж очоод яагаад босохгүй байгаа юм гэлээ. Жаргал нуруу хугарчихсан бололтой, шажигнаж начигнаад байна гэж хариулав. Бос гэж тушаасан чинь гозос гээд босоод ирлээ. Нуруу нь хугараагүй байна. Буухдаа эвгүй газардсан бололтой юм" гэж тэрээр өгүүлэв. Ц.Цэрэндаш дэд хурандаа түүний ярианд хүч нэмж "Тэр үед шүхрийн зориулалтын гутал, хувцас гэж байгаагүй. Өөрсдөө л шүхэрт тохируулж гутал хувчцас өмсдөг байсан” гэлээ. 084 дүгээр ангийг тэр үед Тагнуулын отряд гэж нэрлэж байжээ. Удирдлагад нь захирагчаар хошууч Д.Навирай, улс төрийн орлогчоор ахлах дэслэгч Д.Жамбалдорж байлаа. Анги Улаанхуаранд хамгийн хойд талын улаан байшинд байрлаж байжээ. 084 дүгээр ангийг байгуулах, шүхэрчдийг буулгах ажлыг Жанжин штабын дарга Б.Цог генерал, дараа нь Ж.Ёндон генерал нар их дэмжиж шаардлагатай бүхий л арга хэмжээг авч өгсөн шүү. Аливаа зүйл амархан шийдэгддэг байлаа. Зөвлөлтийн талд ямар асуудал тавина, тэр дор нь шийдээд, хангаад өгдөг байсан гэж буурал хурандаа онцолно билээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд аливаа шинэ зүйл болгонд гол зөвлөгчид, зохион байгуулагчид байжээ. С.Батхүү хурандаагийн зөвлөх мэргэжилтэн хурандаа Зорин ажиллаж байлаа. 1969 онд анхны шүхэрчдийг буулгахад Зорин их тусалсан гэж тэрээр өгүүлсэн. Мөн Нисэх дивизийн шүхрийн албаны дарга Излопин гэж дэд хурандаа байжээ. Тэр хүн Зөвлөлтөөс ирсэн шүхрийн танилцуулга, зааварчилгааг монголчуудад хэлж, биеэр хийж үзүүлдэг байжээ.
 
С.Батхүү хурандаагийн ой санамж үнэхээр мундаг юм. 1960, 1970-аад оны үеийн нисгэгч нарыг овог нэр, үүх түүхтэй нь арван хуруу шигээ мэдэж байв. Хүү нь иргэний агаарын тээврийн нэртэй зүстэй нисгэгч явсан болохоор энэ түүх түүний зүрх сэтгэлд ойр байдаг биз ээ. 084 дүгээр ангийн дайчид “Дэгээ" Гомбосүрэн, “Нялуун" Дарьсүрэн, Жанар нарын онгоцоор анх шүхрээр буусан түүхийг бидэнд сонирхуулсан. Сүүлдээ Төмөрбаатар гэж нисгэгч шүхэрчдийг буулгадаг байжээ. Шүхэрчдийг буулгана гэдэг нисгэгчээс өндөр ур чадвар шаарддаг ажил юм. Гаргагчийн дохио зангааг ойлгоно, хурд өндрөө тохируулна, газрын станцтай харилцан ажиллана, буулт суулт гээд нисгэгчийн ажил мундахгүй.
1972 онд Болгар улсад зохиогдсон ах дүү армиудын шүхрийн тэмцээнд тамирчид авч явжээ. Нийт 13 хүн явсан гэнэ. Багийн ахлагчаар С.Батхүү гуай, дасгалжуулагчаар Лхамсүрэн, нисгэгчээр Гомбосүрэн, шүхэрчин тамирчнаар А.Банзрагч, Д.Отряд, Ц.Сахьяа, С.Баасан, Энхтайван, Чинзориг нарын 9 хүн оролцсон аж. Цэгт буух, агаарын акробат, олон төрөлт гэсэн ангилалд өрсөлджээ. Манай багийн хувьд цэгт буух, олон төрөлт хоёрт гол найдвар тавьж байлаа. Хамгийн муу шүхэртэй нь манайх. Монголчууд Т-4 шүхэртэй орж байхад бусад багууд америк шүхрээр бууж байх жишээтэй. Зургаан орны тамирчдаас манай баг 4 дүгээр байрт оржээ. Бараг л өчигдөрхөн анхны буултаа хийж байсан шүхэрчид ийм амжилт үзүүлнэ гэдэг том дэвшил байлаа.
 
Тэр үеэр болсон нэгэн үйл явдал монголчуудын хүн чанар, эр зоригийн илрэл болсон байдаг. Чехословакийн баг тэмцээний талбай руу явж байгаад галт тэргэнд дайруулсан ноцтой хэрэг гарчээ. “Тэдний суусан автобус манай хажуугаар өнгөрч яваад төмөр замын зөрлөг дээр осолд орсон. Нүд халтирам ослыг хараад орох хүмүүс байдаггүй. Гагцхүү манай багийн бүрэлдэхүүн ослын газраас хүмүүсийг аврах ажилд орсон. Гэмтэж бэртсэн хүмүүсийн хагасыг гаргачихаад байж байтал түргэн, цагдаагийнхан ирлээ. Орой зурагтаар ослын үөэр чехүүдэд тусламж үзүүлсэнд манай шүхэрчдэд талархал илэрхийлж байгааг дамжуулсан” гэж С.Батхүү хурандаа дурсав.
Андуугийн Банзрагч бараг төрөлхийн гэж хэлж болохоор мундаг шүхэрчин шүү. Хөгтэй явдал ч их гарна. БХЯ-ны сайд, армийн генерал Б.Дорж, Жанжин штабын дарга, хурандаа генерал Ж.Ёндон, Улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Д.Ёндондүйчир нарын томчууд ирж шүхрийн үзүүлэх буултыг үзэж сонирхлоо. Банзрагч үзүүлэх буулт хийлээ. Үндсэн шүхэрт нь асуудал гарсан байх, нөөц шүхрээр газардав. Дарга нар тэрийг анзаараагүй, шүхэрчид сайн байна гээд явцгаасан. Гэтэл үндсэн шүхэр задраагүй үед нөөцөө татаж бууна гэдэг шүхэрчний ур чадвар, авхаалж самбаа шүү гэж тэрээр өгүүлсэн юм.
Улс хувьсгалын 50 жилийн ойгоор анх удаа 60 шүхэрчнийг зургаан тооны “АН-2” загварын онгоцоор Буянт-Ухаад буулгасан түүхийг түүнээс сонсоод бахархах сэтгэл төрж билээ. Тэр үед манай баяр наадмыг үзэхээр Зөвлөлт Холбоот Улсаас Сайд нарын Зөвлөлийн дарга А.Н.Косыгин тэргүүтэй төлөөлөгчид ирсэн байжээ. Тэдний шүхрийн буулт үнэхээр гайхалтай болжээ. Дараа нь С.Батхүү хурандаа шүхэрчдийг жагсаахад түүнтэй Косыгин дарга гар барьж баяр хүргэсэн байна.
Нисгэгч нар нь дандаа “Асс"-ууд байжээ. Тухайлбал, Гавьяат нисгэгч Дугарын Цэрэндорж, Санжмятавын Лхагважав, Унаагийн Даравгар, Гомбосүрэн нар. С.Батхүү хурандаа газраас радио станцаар удирдаж байсан. Онгоцнууд хөөрөх гэж байхад сайд Б.Дорж гуай ирэв. Салхи ихтэй байна, бууж болдог юм уу гэж асууж байна. Тэр үед Ж.Ёндон генерал хүрч ирээд ямар ч байсан буулга гэж тушаалаа. Андуугийн Банзрагчтай зөвлөлөө. Онгоцнуудаа гурав биш хоёр эгнээгээр нисгэе. Хоорондох зайг нь жаахан нэмэгдүүлье гэж тохирчээ. Төр, засгийн хөтөлбөрт орсон шүхэрчдийн томоохон буулт амжилттай болов. Буурал хурандаа маань “Банзрагч буултын тооцоог сайн хийнэ, албандаа зүтгэлтэй сайн хүн шүү. Уул нь Гавьяат цол хүртэх л ёстой хүн дээ" гэж нухацтай өгүүлнэ лээ. Бодвол бичих нийтлэлдээ тусгаарай гэж надад өгсөн даалгавар гэж ойлгосон.
Энэ үйл явдлын дараа Монгол, Зөвлөлтийн хамтарсан “Хэрлэн-73'' хээрийн сургуулийн үеэр 60 шүхэрчин байлдааны буулт хийсэн. Тэнгэрт од мэт ярайсан шүхэрчдийн десантын буулт тус сургуулийн агуулга, ач холбогдлыг өргөсөн нь гарцаагүй. Дараа нь сургуулийн хаалтын үеэр найрамдлын цуглаан болоход шүхэрчид мөн л үзүүлэх буулт хийжээ. Төв аймгийн нутагт болсон нэгэн удаагийн команд штабын сургуулиар хоёр АН-2 онгоцоор 20 гаруй шүхэрчин буулгах үеэр “ЧП” гарах дөхжээ. МиГ-21 онгоц АН-2-ын хажуугаар холгүй зөрсөн аж. Шүхэрчдийн аз тохиосон байх. Онгоцнууд мөргөлдсөн бол том аюул болох байжээ, Сургууль дадлага бүхнээр туршлага дадлага хуримтлуулдаг болохоор хожим анхаарах сургамж болсон байна.
Эцэст нь тэмдэглэхэд шүхэр десантыг цэргийн хэрэгт нэвтрүүлэх санааг хурандаа Сэрээтэрийн Батхүү гуай анх гаргасан бололтой юм. Би гэдгийг бид болгож ярьдаг хүнээс энэ тухай асуугаад амны гарз биз. Хамт очсон ах нар маань энэ тухай дурдсан болохоор би зоригтой хөндлөө. ЗХЖШ-ын орлогч, Цэргийн тагнуулын газрын даргын албу олон жил нуруутай сайхан хашир буурал хурандаадаа эрүүл байж, урт удаан наслахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
 
Бэлтгэл хурандаа Г.НЯМДОРЖ
Эх сурвалж: "Соёмбо" сонин