sonin.mn
ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн шүүх, прокурор, хүчний байгууллагуудын удирдагчдыг өөрчлөх, солих шинэ хууль Монголын нийгмийг хоёр талцуулав. Ард түмний дийлэнхи олонхи энэ шийдвэрийг талархан дэмжиж байна. Харин зарим хүмүүс, ялангуяа цөөн тооны залуу хуульчид үүнд дургүйцэн, “Үндсэн Хуулинд халдлаа”, “төрийн эргэлт хийлээ”, “гурван хүний дарлал эхэллээ” гэхчлэн шүүмжилж, ҮХЦ хүртэл заргалдахаа зарлав. Энэ нь өнөөгийн цаг үеийн тусгал болохын хамт олон түмнийг ихээхэн төөрөгдүүлж байгаа учир энэ талаар саналаа хэлэхээр шийдэв…
 
Цаг үеэ мэдрэхийн учир…
 
Эдгээр хуульч залуус огт буруу, худал зүйл ярьж, буруу зам руу зүтгээд байна уу ? гэвэл би үгүй гэж хариулна. Асуудал огт өөр зүйлд буюу өнөөгийн цаг үе, түүний дуудлагад байгаа юм.
Хэрэв хэн нэгэн үнэн, зөв, шударга зарчим ярьж тунхаглавал тэр нь бүх тохиолдолд зөв үү ? гэсэн бараг гүн ухааны асуулт энд үүснэ. Олон хүн энэ асуултад “тийм” гэж хариулах авч бодит байдалд бол огт тийм биш. Учир нь үнэн, ялангуяа нийгмийн үнэн бол нөхцөл байдал буюу цаг үе, түүний дуудлага, хандлагаас хамаарна.
Товчоор хэлбэл, хэрэв төр, нийгэм “энх тайван”, хэвийн, жирийн горимоор ажиллаж, үндсэн үүргээ ерөнхийд нь биелүүлж байвал түүнийг халах өөрчлөх ямар ч шаардлага байхгүй. Ямар ч төр, нийгэм өөрийн гэсэн өө сэв, дутагдалтай байдаг хэдий ч дээр дурдсан нөхцөлд хэвийн ажилладаг. Ийм “айван тайван” үед төр, нийгмийн байгууллыг бүхэлд нь халж өөрчлөх гэсэн ямар ч үйлдэл “Үндсэн Хуульд халдсан”, “төрийн эргэлт хийсэн”, “төрийн эрхийг булаан авсан” гэх ангилалд орох нь мэдээж хэрэг. Ийм бусармаг, балмад үйлдлийн эсрэг тэмцэж, төр нийгмийн байгууллаа өмгөөлөн хамгаалж, тэмцэх нь бүх иргэн, түүний дотор хуульч залуусын үүрэг мөн. Энэ тохиолдолд тэдний “түмэн зөв”, тэднийг дэмжих хэрэгтэй…
 
Хэрэв төр, нийгэм хэвийн ажиллах чадвараа бүрэн алдаж, төрийн хямрал нүүрлэж, улс төрийн систем бүхэлдээ ялзарсан өнөөгийн нөхцөлд адгийн төр засгийг түлхэн унагаж, улс төрийн шинэ систем тогтоох нь цаг үеийн шаардлага, дуудлага болдог.
 
Манай өнөөгийн нөхцөл байдал бол төр засгийн болон улс төрийн системийн хямралын уналт нуралтын оргил үе мөн. Энэ тохиолдолд нийгмийн хөгжилд саад тотгор, чөдөр тушаа болсон МАНАН системийг эвдэх, задлах, халж өөрчлөх цаг үеийн шаардлага зүй ёсоор тулгарах ба энэ чиглэлд хийсэн үйлдэл бүхэн үнэн, зөв, дэвшилтэт чиглэмжтэй болно. 
Энэхүү дэвшилтэт үйлдлийг буруутгаж, шүүмжлэх, түүнд саад тотгор болсон ямар ч үндэслэл үеэ өнгөрөөсөн хуучныг хамгаалж, хадгалан үлдэх чиглэмжтэй болох нь мэдээж хэрэг.
Манай зарим хүн, түүний дотор хуульч залуус цаг үеийн шаардлага, дуудлагыг үл мэдрэн, “хоосон” зарчим ярьж, цэцэрхэн номчирхож, ингэснээрээ хараал идсэн ялзарсан тогтолцоог хамгаалж, өөрийн мэдэлгүй хуучныг улайран хамгаалагчдын явцгүй, ирээдүйгүй, гарцаагүй ялагдал хүлээх “эгнээний тэргүүнд” зогсох болов.
Энэ тохиолдолд тэдний “түмэн буруу” тэдний тэнэг оролдогыг илчилж, таслан зогсоох хэрэгтэй…
Цаг үеээ мэдэж, мэдэрч чадахгүй бол цаг үе Та нарыг арчаад хаядаг юм…
 
Үндсэн Хуулийг хамгаална гэж юу вэ ?
 
 
Гэнэн тэнэг хуульч залуус өөрсдийгөө Үндсэн Хуулиа хамгаалж байна гэж сэтгэж буй нь бүр ч өрөвдөлтэй. Ер нь ингэхэд Үндсэн Хуулийг хамгаална гэж юу вэ ? Ямар гэсэн Үндсэн Хуулийн цаасан эхийг хамгаална гэсэн ойлголт байж болохгүй.
Алив цаасан Үндсэн хуулийн цаана төр засгийн институтууд, шүүх засаг, орон нутгийн болон бусад байгууллагуудын бүхэллэг, цогц үйл ажиллагаа байдаг, ингэж ч төсөөлдөг. Хэрэв төр засаг бүхэлдээ ялзарч, ажиллах чадвараа алдаж, таг зогссон тохиолдолд Үндсэн Хуулийг хамгаална гэж дайрах нь өнөөгийн адгийн жигшүүрт төр засгийг өмгөөлж хамгаалсан асуудал болж хувирах нь хэн бүхэнд тодорхой. Хуульч залуус яг ингэж тэнэгтэж байна…
Нөгөө талаас Үндсэн Хуулийг хэн зөрчдөг вэ ? гэсэн их гүнзгий асуултад хариулах ёстой.
Үнэндээ бол бол жирийн иргэд хэзээ ч Үндсэн Хууль зөрчдөггүй, төр засаг дангаараа зөрчдөг. Манай төр засаг Үндсэн Хууль зөрчих зөрчихдөө байнга, тогтмол, системтэй зөрчдөг. Энэ зөрчил ихэд хуримтлагдсанаар өнөөгийн хямрал нүүрлэсэн ба ард түмэн Үндсэн Хууль байнга зөрчдөг төр засаг, намуудад дургүйцэж, түүнийг халж өөрчлөхийг хүсч байна. Энд би жишээ авах шаардлагагүй гэж бодож байна.
Гэтэл манай залуу хуулчид өөрсдийн хачин тэнэг, гаж үйлдлээрээ Үндсэн хууль байнга зөрчдөг ялзарсан төр засгийг улайм цайм хамгаалж байгаагаа “Үндсэн Хуулиа хамгаалж байна” гэж эргүүтэж байна.
Үндсэн Хуульт байгууллыг сүг болтол сэглэсэн новшийн төр засгийн хур их алдааг засах оролдлого хийж эхэлмэгц “Үндсэн Хуулиа хамгаална” гэж дайрах нь хамгийн адал балмад явдал мөн. 
Үүний дээрээс хуульч залуус сэтгэлгээний хэд хэдэн илт алдаа гаргаж байна:
Нэг. Хуульч залуус Үндсэн Хуулинд заасан зарчим, хэм хэмжээг үг үсэггүй дагаж, амаараа өмгөөлөхийгөө Үндсэн Хуулийг хамгаалах “тэмцэл” гэж ойлгож байна. Үнэндээ бол Үндсэн Хуулинд заасан зарчим, хэм хэмжээг төр засаг олон жил зөрчсөөр байгаад бүр “сүг болгож”, хамгийн адгийн антисистем үүсчихээд байгааг манай ард түмэн аль хэдийн ойлгож байхад манай хуульч залуус огт “ойлгохгүй” байна.
Манайд үүсэн бүрэлдэж, бугшин тогтсон энэхүү антисистемийг эвдэх, халах, өөрчлөх гэсэн дурын үйлдэл, үйл ажиллагаа нэн дэвшилттэй, зөв, шударга үйлс болно. Гэтэл манай залуу хуульчид үүнийг санаатайгаар үгүйсгэж, Үндсэн Хуулиа хамгаалах нэрийн дор адгийн антисистемийг өмгөөлөн хамгаалж байгаагаараа харгис, хуучинсаг хүчний гар хөл болж байна.
Хоёр. Манай хуульч залуус хуулийг хэтрүүлэн үнэлж, нийгмийн бүх харилцааг хуулиар зохицуулж болно гэсэн сэтгэлгээний гэнэн алдаа гаргаж байна. Онолын хувьд ч, практикийн хувьд ч нийгмийн бүх харилцааг хуулиар зохицуулах боломжгүй, дэлхийн аль ч улс гүрэн ийм оролдлого хийдэггүй.
 
Гурав. Манай хуульч залуус өөрсдийгөө “ардчиллыг хамгаалж байна” хэмээн “сэтгэж”, манай төр засаг авилгажиж, мафижиж, ялзраад сүүлдээ эрүү шүүлт тулгадаг фашист засаглал болон хувирсныг “олж харахгүй” байгаа нь тэдний сэтгэлгээний удаах алдаа болно. Ямар үхснийх нь ардчилал байдгийм ?! Монгол Улс ардчилсан улс байхаа болиод ихээхэн удаж байна…
 
Энэхүү сэтгэлгээний ноцтой алдаа юунаас үүсдэг вэ ? гэвэл үзэж уншсан онол номоо туйлчлан үзэх, Барууны гадаад туршлагыг шууд хуулах эрмэлзэл, үйлдлээс үүддэг.
Манайд хуульч залуусыг өндөр боловсролтой гэдэгт би итгэж байна. Гэхдээ нийгмийн практикийн шалгалт, шалгуураар шүүгдээгүй боловсрол бол юу ч биш, зүгээр л хоосон номчирхол, цэцэрхэл болдог гэдгийг сануулан хэлэх нь миний үүрэг юм. Энэ бол “залуугийн өвчнөөс” өөр зүйл биш…
 
Хуульч залуус юу хийгээгүй вэ ?
 
Улс төрийн том, зарчмын асуудлаар маргаж мэтгэлцэх нь зүй ёсны бөгөөд дэмжүүштэй үйлс. Гэхдээ үүний тулд хамгийн анхдагч нөхцлийг хангасан байх ёстой. Хэрэв хуульч залуус Үндсэн Хуулиа үнэхээр хамгаалах гэж байгаа бол, энэ талаар гаргасан шийдвэр буруу гэж үзэж байгаа бол өөрсдийн зэрэгцээ буюу альтернатив үзэл бодол, концепцийг дэвшүүлж, түүнийгээ “буруу шийдвэрийн” эсрэг сөргүүлэн тавих ёстой. Харамсалтай нь манай хуульч залуус хамгийн гол энэ ажлаа мартчихжээ. Мартчихжээ ч юу байхав, тэд үүнийг яаж хийхээ мэдэхгүй, чадахгүй байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Энд дурдан буй хуульч залуус өнөөгийн өмхийрч ялзарсан тогтолцоог яаж өөрчлөх, яаж шинэчлэх санаа бодол, санал санаачлага дэвшүүлж байсныг би л лав санахгүй байна. Судлаач би санахгүй байгаа бол энэ талаар тэд юу ч хийгээгүй гэсэн үг…
Үндсэн Хуулийн системийн түвшний “том юм” ярихаа больё, тэгвэл Та нар ялзарч өмхийрсөн шүүх, прокурор, хүчний байгууллагуудаа өөрчлөх, засах залруулах, шинэчлэх цогц санал санаачлага дэвшүүлсэн үү ? Үгүй ш дээ… Үзээд өгье гэсэн ч ийм санал санаачлага, концепци Та нарт байхгүй…
Хуульч залуус саяын гаргасан шийдвэрийг шүүмжилж чадаж байгаа боловч өөрсдийн альтернатив хувилбарыг дэвшүүлээгүй тохиолдолд тэдний үг хоосон номчирхол, цэцэрхлээр үл хэтэрнэ. 
Түүгээр ч үл барам залуу хуульчдын үйлдэл АН-ын хамгийн харгис, хуучинсаг бүлгийн үйлдэлтэй үг үсэггүй таарч байгаа нь өөрийн эрхгүй сэжиг таавар төрүүлнэ…
Яахав, ингэж тэнэгтэж зүтгэж байгаад УИХ-ын сонгуулиар АН-аас ганц нэг суудлын эрх авч болох л юм. Гэхдээ энэ чинь үнэхээр явцгүй, ирээдүйгүй арга, ард түмэн Та нарыг сонгохгүй. Учир нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнээ нарын турхиралтаар явдаг үе аль хэдийн өнгөрсөн.
Уг нь би Та нарыг шинэ, зөв, дэвшилтэт хүчний талд зогсож, тэдэнд онол, үзэл санааны тус дэм үзүүлж, ирж буй шинэ цагийг наашлуулагчид байгаасай гэж туйлаас хүсч байна. Гэтэл Та нар Үндсэн Хуульт системийг хамгаалах гэж байгаад Үндсэн Хуулийн эсрэг антисистемийг хамгаалагчид болон хувирсан тэнэг алдаа гаргаж байна…
Цаг үеэ мэдрээгүй, түрэн ирж буй шинэ урсгалыг эсрэг сөрөн зогссон хэнийг ч болов түүхэн үйл явц арчиж хаядгийг сануулах нь илүүц зүйл биш. Ер нь МАНАН-гийн харгис дарангуй төр засгийг халж өөрчлөх гэсэн ард түмний дийлэнхийн хүсэл зоригийн эсрэг зогсоно гэдэг ихээхэн аюултай гэдгийг бодож болно оо доо…
Иймээс Та нар бусдыг боддоггүй юмаа гэхэд өөрсдийгөө бод…
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?