sonin.mn
Одоогоос 80 жилийн өмнө болсон Халхын голын дайны түүхийн ач холбогдол өнөөг хүртэл буураагүй байна. 1939 оны 5 дугаар сард эхэлсэн Халхын голын дайны үзэл хандлага өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ихээхэн өөрчлөгдөж иржээ. Энэ хэрээр Халхын голын дайны түүхэн ач холбогдлыг өөр өнцгөөр эргэн харах болсон. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Тухайлбал:
1.Коммунист үзэл сурталт түүхийн үе өнгөрч шинэ цаг үеийн үзэл хандлагаар Халхын голын дайны түүхийн судалгаанд хандах болсон.
2.ОХУ, АНУ, Япон зэрэг улсаас олон жилийн турш хаалттай байсан архиваас Халхын голын дайнтай холбоотой баримт материал ихээр олдож ил гарах болсон.
3.Монголчууд бид өөрсдөө эх түүхээрээ бахархах хандлага өөрчлөгдсөн.
ХХ зууны Монголын түүхэнд томоохон байр суурь эзэлдэг үйл явдлуудын нэг нь Халхын голын дайн юм. Монголчуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, өнөөгийн бидний оршин байхын үндэс болсон үйл явдал нь Халхын голын дайн байсан. Тиймээс ч ач холбогдлын хувьд нэн өндөр байх нь ойлгомжтой билээ.
Халхын голын дайн уу? Байлдаан уу? гэдэг дээр маргаан их гардаг. Гэвч яах аргагүй томоохон дайн, тэр дундаа дэлхийн хоёрдугаар дайны эхлэл байсан гэдэгтээ санал нийлэх буй заа.
 
Халхын голын дайны түүхийн асуудлыг авч үзэхэд хоёр гол зүйл ажиглагддаг.
Нэгдүгээрт: уг хэрэг, үйл явдал үүссэн цэрэг-улс төрийн нөхцөл, шалтгаан, шалтаг, түүний үр дагаврыг авч үздэг.
Хоёрдугаарт: цэрэг, техникийн асуудал. Өөрөөр хэлбэл цэргийн стратеги, урлаг, ялангуяа цэргийн тактикт шинэ зүйл юу авчрав, хэчнээн хэмжээний хүн хүч, ямар хэмжээний зэвсэг, техник оролцов, цэргийн урлагийг хөгжүүлэхэд ямар хувь нэмэр оруулав зэргийг мөн авч үздэг.
Түүх бичлэгт энэхүү үйл явдлыг хэд хэдэн янзаар нэрлэсээр байгаа юм. Оросууд уг үйл явдлыг “байлдаан” (бои), “мөргөлдөөн” гэж томьёолж байгаа бол япончууд “Номонханы хэрэг явдал”, “хилийн будлиан” хэмээн нэрлэх ажээ. Япончууд өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ нуун дарагдуулах, улмаар дайны төлбөр төлөхгүйн тулд Номонханы хэрэг явдал гэдэг нэр гарган Халхын голын дайны ач холбогдлыг бууруулах гэж оролдсон юм.
Халхын голын дайн нь харьцангуй бага нутагт Монгол, Орос, Япон, Манж-го зэрэг дөрвөн улсын цэргийг хамарч, Монгол, Орос, Япон, болон албадан дайчилгаагаар Солонгос, Манж үндэстэн оролцож, Монголын дорнод хилд өргөнөөрөө 70-аад, гүнээрээ 25 км-ийн зурвас талбайд 130 гаруй мянган хүн, 1000 гаруй танк, хуягт машин, 800 гаруй байлдааны нисэх онгоц оролцсон бүс нутгийн, Монгол Улсын хувьд том дайн байв. Уг дайнд манай улс төсвийн зарлагынхаа 60,6 хувийг зарцуулсан бөгөөд энэ нь ХХ зуунд Монгол Улсын батлан хамгаалах хэрэгцээнд зарцуулсан зардлын хамгийн өндөр үзүүлэлт юм.
 
Түүнчлэн улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн нөөцийг дайчилсан байдал, нийгмийн уур амьсгал, сэтгэл зүйд нөлөөлсөн байдал, татагдаж оролцсон хүн хүч, дайны үе шат, явц, цар хүрээ, нөлөөгөөрөө Халхын голд болсон үйл явдал нь Монгол Улсын хувьд дайн байсан юм. Энэ мэтээр түүхэн болон нийгэм, улс төрийн учир шалтгаан, нөхцөл байдлаас үүдэн Халхын голд дайн болсон гэж үзэх нь түүхэн бодит байдалд нийцэх юм.
 
Түүнчлэн Халхын голын дайны үед МАХЦ-ийн бие бүрэлдэхүүн 17,5 мянган хүн байсны 8575 буюу 49 хувь нь байлдааны ажиллагаанд биечлэн оролцжээ. Нийт цэргийн тал хувь нь байлдааны ажиллагаанд татагдан оролцоно гэдэг нь тухайн улс орон дайны байдалтай байсны жишээ юм.
Мөн нэг хандлага нь олон нийтийн санаа бодол юм. 1990 он гарснаар Монгол Улс нээлттэй нийгэмд шилжсэнээр хэвлэн мэдээлэх эрх нээлттэй болсон. Энэ хэрээр хэн бүхэн урд өмнө хаалттай байсан мэдээ, мэдээллийг чөлөөтэй үзэх болсны хэрээр мөн түүхийг зохиох нь улам бүр нэмэгдсэн.
Ялангуяа хэн дуртай бүхэн нь 1990 оноос хойш Монголын түүхийг судлах болж өөр өөрсдийн үзэл бодол судалгаагаа тулгах болсон. Мөн үүн дээр гаднын улс орны захиалгаар түүх гуйвуулагчдыг хамааруулан ойлгож болох юм. Тухайлбал, Халхын голын дайны түүхийг сүүлийн 30 гаруй жил мөшгөн гуйвуулах нь ихэссэн гэж болно. Энэ бол жижиг мөргөлдөөн, байлдаан, хилийн тулгаралт, тулалдаан, огт тийм үйл явдал болоогүй гэх мэтээр мушгин гуйвуулах, тэр ч байтугай Монголын улс төрчид, түүхчид, зарим хариуцлагатай албан тушаалтан, оюутан сурагчид Халхын голын дайн бус Халхын голын байлдааны ялалтын төдөн жилийн ой, эсвэл Номунханы хэрэг явдал гэх мэтээр албаны баримт бичиг, эмхэтгэл, албан бичиг, илтгэлдээ дурдах болжээ. Санаатай санаандгүй аль нь боловч хамгийн үнэ цэнтэй түүхээ үгүйсгэх нь үнэхээр харамсалтай. Энэ хэрээр уг түүхэн үйл явдлыг жижигрүүлэн ач холбогдлыг нь бууруулах явдал үнэхээр байж боломгүй үйлдэл юм.
Үнэхээр дайн, байлдаан болоогүй юм бол бидний өвөг дээдэс юуны төлөө, яах гэж, хэнтэй байлдсан юм бэ? Бид хэн нэгний зохисон түүхээр өдий болтол явах ёстой юу? Хэрвээ чи түүхээ мэдэхгүй бол хэн нэгэн чамд түүхийг чинь зохиогоод өгнө гэсэн үг байдаг.
Япон улс 1930-аад оноос Ази тивд, тэр дундаа зүүн хойд болон зүүн өмнөд Азид нөлөөгөө маш хүчтэй тогтоож эхэлсэн байдаг. Тэр дунд нь яах аргагүй ЗХУ-ын холбоотон байсан Монгол багтсан нь үнэн түүх. Японы эзэнт гүрний тэр бодлого дотор Зөвлөлтийн алс дорнод дахь байгалийн баялаг, мөн Манжуур болон Монголын Тамсагийн сав газрын газрын тосны нөөц багтаж байсан юм.
 
1938 онд Япон улсад ЗХУ-ын эсрэг “Хатиго” нууц нэртэй дайны төлөвлөгөөг боловсруулсан байжээ. Японы “Хатиго” төлөвлөгөөний “Б” хувилбар нь Монголын зүүн хязгаарыг эзлэн авч түшиц газраа болгоод цаашлаад Байгаль нуур орчмоор ЗХУ руу дайрах зорилго байв. Энэ зорилтынхоо хүрээнд ЗХУ-ын Алс Дорнодын Хасан орчмоор 1938 онд мөргөлдөөн үүсгэсэн ч ялагдсан юм. Тиймээс тухайн үедээ улс төрийн хэлмэгдүүлэлтээр цэргийн удирдлагын ихэнх хэсгээ алдсан Монголыг сул гэж дүгнэн эзлэн түрэмгийлэх бодлогыг Японы тал баримталсан байна.
Японы холбоотон Герман улс ч гэсэн үүнтэй нэгэн адил Зөвлөлтийн газрын тосыг өөрийн болгох “Блау” ажиллагааг төлөвлөж байсан. Тэд үүнийгээ милитарист бодлогоороо хэрэгжүүлсэн юм.
Японы милитарист бодлого ид хүчээ авч байх үед зүүн хойд, зүүн өмнөд Азийн Хятад, Солонгос, Филиппин, Индонез, Малайз, Бирм, Вьетнам, Лаос, Номхон далайн арлууд гэх мэт Монгол Улсаас хэд дахин их хүн амтай улс орнуудыг эзлэн авсан юм. Бүр Филиппинд байсан АНУ-ын хэдэн мянган цэрэг Японд байлдалгүй бууж өгч байсан түүхтэй. Харин зүүн хойд Азиас ганцхан Монгол Улс Японд эзлэгдэлгүй дахин газар нутагт нь халдахааргүй хатуу цохилтыг тэдэнд өгч чадсан юм. Тиймээс ч Монголын газар нутагт япончууд Дэлхийн ll дайн дуустал халдаж чадаагүй.
Халхын голын дайн нь угаасаа Дэлхийн ll дайны эхлэл байсан юм. Тэнхлэгийн их гүрнүүд болох фашист Итали, нацист Герман, милитарист Япон гурван улс нь дэлхий дахинд нөлөөгөө тогтоох үүднээс 1930-аад оноос эхлэн нууц хэлэлцээ гэрээ байгуулсан байдаг. Үүний үр дүнд Европ, Африк, Ази тивд эзлэн түрэмгийлэх бодлого явуулсан бөгөөд түүний дотор хамгийн том эзлэн түрэмгийлэх ажиллагаа нь БНМАУ-ын эсрэг чиглэсэн юм. Япон улс нь Халхын голын дайныг 1939 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эхлүүлээд 9 дүгээр сарын 16-ны өдөр гал зогсоох гэрээг байгуулахтай зэрэгцэн холбоотон Герман улс нь Польш улс руу дайрснаар Дэлхийн ll дайны Европ дахь үйл явдлууд шатлан үргэлжилсэн. 1938 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ЗХУ Япон хоёр Төвийг сахих гэрээ-Дэлхийн II дайны үед II фронт нээхгүй (Япон араас нь цохихгүй байх) гэрээнд гарын үсэг зурсан юм.
Хожим Дэлхийн II дайны үеэр фашист Герман ЗХУ-ын ар талаас нь цохиулахаар Японыг Алс Дорнодод хоёрдугаар фронт нээхийг шаргуу шаардаж байсан боловч Японы эзэн хааны армийн өндөр албан тушаалтнуудын нэг нь “Бид Хасаны мөргөлдөөний үед дайны бага сургамж, дараа нь Халхын голын мөргөлдөөнд дайны дунд сургамж авсан, иймээс дайны дээд сургамж авахыг бид яарахгүй байна” гэж хэлсэн зэргээс үзвэл Халхын голын дайн нь дэлхийн ll дайны эхлэл яах аргагүй мөн. Сүүлийн үед Оросын болоод гадаадын судлаачид дэлхийн II дайны түүхийн үечлэлийг эргэн харж олон санал таамаглал дэвшүүлэх болсны нэг нь Халхын гол юм. Халхын голын дайн нь их дайны эхлэл мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх алхмууд хийгдэж байна. Гэхдээ нэг мөр болгоход ихээхэн цаг хугацаа улс төрийн хүчин зүйлс шаардлагатай нь гарцаагүй. Монгол цэргийн тулалдаанаар Дэлхийн ll дайн эхэлж Монгол цэргийн ялалтаар Дэлхийн ll дайн дууссан юм.
Халхын голын дайнд хоёр талаас нэг дор 300 гаруй нисэх онгоц оролцсон агаарын томоохон тулалдаан болсон нь дайны түүхэнд дахин давтагдаагүй юм. Мөн анх удаа танкийг явган цэргийн дэмжлэггүйгээр тулалдаанд оруулсан, анх удаа нисэх онгоцноос пуужин харваж туршсан, анх удаа хими болон бактериологийн зэвсэг туршсан гээд олон анхдагчаар дүүрэн дайн байсан юм.
 
Эцэст нь дүгнэхэд түүх бол түүхээрээ үнэн зөв үлдэх ёстой. Тиймээс элдэв худал зохиомол түүхэнд битгий авт. Аливаа улсын түүхийн үнэ цэн буурах нь эргээд тухайн улсын орших, эс оршихуйн учир шалтгаан болдог. Бидний улс орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халдах гэсэн милитарист Японыг бид ялсан нь түүхэн үнэн. Тэнд монгол цэрэг дайснаа ялж, дархан цолоо мандуулан дэлхий дахинаа яруу алдраа дурсгасан нь ч үнэн. Энэ утгаараа жил бүрийн наймдугаар сард Халхын голын дайны ялалтын өдөр эрх чөлөөний үнэ цэнийг монгол хүн бүр бүрэн дүүрэн мэдэрч, өнгөрсөнд биширч, өнөөд баясаж, ирээдүйдээ итгэл дүүрэн амьдрах учиртай. Мөн бидний сайн явах, сайхан амьдрах эрх чөлөөг бэлэглэсэн баатарлаг, эх оронч өвөг дээдсийнхээ агуу үйлд хэзээд сүсэглэн залбирч явах ёстой. Тийм ч учраас монгол хүн хэн бүхэн Халхын голын дайны ялалтын үнэ цэн, ач холбогдлыг ямагт өндөрт өргөж явах учиртай.
 
БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар
Эх сурвалж:  "Соёмбо" сонин