sonin.mn
Эрдэмтэн судлаачдын бүтээл, дүгнэлтүүдээс сонирхож байхад эртний монголчуудын ертөнцийг танин мэдэх сэтгэлгээ, зүг чигээ баримжаалах, газар орны байдлыг үгээр болон зургаар дүрслэн илэрхийлэх чадвар нь тун сайн хөгжиж ирсэн байдаг. Дэлхийн хэмжээнд газрын зураглал /дэлхийн атлас, нутаг дэвсгэрийн карт, газар орны төлөв байдлын зураг/ манай эриний өмнөх 3-4 мянган жилийн тэртээгээс үүссэн. Энэ хөгжил нь улс гүрнүүдийн оршин тогтнох, дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн явц байдал зэргээс хамааран тодорхой үечлэлүүдийн хүрээнд урт удаан замыг туулж ирсэн байна.
Энэ бүхнээс харьцуулан зүйрлэх аваас монголчуудын газрын зураглалын арга ухааны хөгжлийг эрт үеийн /МЭӨ-өөс эхлээд XII зуун/, Их Монгол Улсын үеийн /ХII-ХVI зуун/, Манжийн үеийн /XVII-ХIX зуун/, шинэ үеийн /XX зуун ба түүнээс хойш/ гэж ангилан авч үзэхэд нэг их буруудахгүй. Хүннү улсын газрын зураг манай эриний 46 онд хийгдэж байсан нь Хятадын түүхч Фан Е-гийн "Хожуу хан улсын түүх" хэмээх эх сурвалжид тодорхой тусгагдсан байдаг.
 
Монголчуудын өвөг Хятан нар /Кидан улс/-ын 1179 оны нутаг дэвсгэрийн зураг, монголчуудын 1250-1300 оны Онон, Хэрлэн голын сав газрын зураг, Юан улсын үеийн 1274, 1366 оны янз бүрийн газар нутгийн зураг, Улиастай орчмын 1737 оны зураг, Их Хүрээний 1890-ээд оны зургийг тус тус бүтээсэн байдаг. XIII зуунд Юань гүрэн /1271-1368/- ий эрдэмтэд дэлхийн бөмбөрцөгийг модоор үйлдэн зураглаж, нийт гадаргуугийн долоон хувийг ус, гурван хувийг хуурай газар эзэлж буй хэмээн тогтоосон. Дэлхийн бөмбөрцөгийн гадаргууг хавтгайд буулган дүрслэх талаар Эртний Грекийн одон оронч, газар зүйч Клавдий Птолемей /~87-165/-н үүсгэн хэрэглэж байсан тусгагийн аргыг улам бүр боловсронгуй болгон төгөлдөржүүлж, шинэ үеийн зураг зүйн эцэг гэгддэг Белгийн газар зүйч, газар зураглаач Меркатор Герард дэлхийн глобусыг 1541 онд, сарны глобусыг 1552 онд тус тус бүтээгээд Римийн эзэн хаан V Карлд бэлэглэж байсан түүхтэй ажээ.
 
Монголчуудын хийж байсан газрын зураг нь агуулгын цар хүрээ, хэрэглээ зориулалтынхаа хувьд дотроо дэлхийн, улсын, аймгийн, хошууны, хотын, хүрээ хийдийн, өртөө замын, харуулын гэж ангилагддаг ба зураг үйлдэхийн тулд "зургийн суурь"-ийг урьдчилан сайтар бэлтгэж, газрын зургаа чиг цагаан даавуу буюу муутуу цаасан дээр өнгө ялган үйлддэг байсан талаар /эрдэмтэн Ц.Шагдарсүрэн/ дурдсан байдаг.
 
Хойд зүгийг тодорхойлохдоо алтан гадас одоор эсвэл ямар нэгэн компас маягийн хэрэгсэл ашигладаг байсан болов уу. Учир нь 1700-аад оны үед хилийн маргаан тасалж байсан нэгэн баримтад"... толь тавьж үзэхэд ..." гэсэн үг хэллэг тааралдаж байсан юм. Энэ нь компас ч юмуу, эсвэл зүг чиг хараалахад хэрэглэдэг ямар нэгэн хэрэгсэл байж хэмээн ойлгоход хүргэдэг. Ер нь ямар ч арга хэрэглэсэн байлаа гэхэд "зургийн суурь"-ийн хойд зүг нь дэлхийн соронзон хойд туйлаас хамааралтай гэж таамаглаад дараах харьцуулалтыг хийв.
 
1.Тойргийг 48 хувааж, хуваарийн цацраг бүрт тодорхой нэр өгсөн, аливаа юмны байршлыг тодорхойлохдоо хойд зүгээс эхлэн нар зөв тойруулан зүг чигийг тогтоодог нь орчин үеийн теодолитын хэвтээ өнцөг хэмжих дугуйг 360 хувааж градус, минут, секундын хуваарийг нар зөв тойруулан хийсэнтэй зарчмын хувьд адил, гагцхүү нарийвчлал нь их ялгаатай, "зургийн суурь"-ийнх 7,5 градус байхад теодолитынх секундээр хэмжигднэ.
 
2.Суурийн тойргийг дөрвөн зүг, дөрвөн зовхис, найман өнгө, найман өнцөг гэсэн 24 цацрагаар хуваагаад, цацраг бүрийн хоорондох зайд "завсар" хэмээх ерөнхий нэртэй цацрагийг мөн татаж байжээ. Тодорхой нэр бүхий цацрагууд нь "градус"-ыг, тодорхой нэргүй буюу "завсар" хэмээх ерөнхий цацрагууд нь "минут"-ыг тус тус "төлөөлөх” адил ойлгогддог. Эдгээр цацрагаар тодорхойлогдох байршлыг орчин үеийн газар хэмжихүй, газрын зураглалд хэрэглэдэг "соронзон азимут" хэмээх, дэлхийн соронзон хойд туйлаас эхлэн нар зөв хэмжиж тооцдог өнцөгийн хэмжээстэй харьцуулан авч үзвэл /нэгэнт байр зүйн нарийн зураг биш учраас голдчуудын ойртолтын өнцөг болон соронзон хазайлтын өнцгийг тооцсон "дирекцион өнцөг"-тэй харьцуулах боломжгүй юм.
 
-хойд буюу "хулгана" зүг нь: 0 буюу 360 градус,
-зүүн буюу "туулай" зүг нь: 90 градус,
-өмнөд буюу "морь" зүг: 180 градус,
-баруун буюу "тахиа" зүг: 270 градус,
-зүүн хойд зүг буюу "зогсолт" хэмээх зовхи: 45 градус, 
-зүүн урд зүг буюу "орлого" хэмээх зовхи: 135 градус,
-баруун урд зүг буюу "эевэргүү" хэмээх зовхи: 225 градус,
-баруун хойд зүг буюу "мөнх" хэмээх зовхи: 315 градустустус болой.
 
Хойд, зүүн, өмнөд, баруун зүгийг түшиглэсэн буюу эдгээр зүг бүрийн хоёр талд нь тус тусдаа нэр бүхий "өнгө" хэмээх цацрагууд татагджээ. Үүнд: Хойд зүгийн хоёр талд нь "хар"- 345 градус, "харагчин"-15 градус, зүүн зүгийн хоёр талд нь "хөх"-75 градус, “хөхөгчин”-105 градус, өмнөд зүгийн хоёр талд нь "улаан" 165 градус, "улаагчин” -195 градус, баруун зүгийн хоёр талд нь "цагаан"-255 традус, "цагаагчин"-285 градус гэсэн цацрагууд байна.
Зогсолт, орлого, эевэргүү, мөнх хэмээх зовхисуудыг түшиглэсэн буюу эдгээр зовхис бүрийн хоёр талд нь мөн л тус тусдаа нэр бүхий "өнцөг" хэмээх цацрагууд татагджээ. Үүнд: Зогсолтын хоёр талд нь "үхэр"-30 градус, "бар" - 60 градус, орлогын хоёр талд нь "луу"-120 градус, "могой"-150 градус, эевэргүүгийн хоёр талд нь "хонь" - 210 градус, "бич" - 240 градус, мөнхийн хоёр талд нь "нохой"-300 градус, "гахай"-330 градус гэсэн цацрагууд байна. Дээр дурдсан, тодорхой нэр бүхий цацрагуудын хооронд "завсар" хэмээх ерөнхий нэг нэр бүхий цацраг байх ба хоёр тал руугаа тус бүр 7,5 градусын зайтай агаад энэхүү зайг "зургийн суурь" хэмээх хэрэгслийн "нарийвчлал" гэж ойлгож болно. Нутаг дэвсгэрийн хилийн зургийг гаргахдаа талбайн их багаас хамааран тодорхой нэг цэг дээр зогсч байгаад бусад цэгүүдийн байршлыг тоймлон тогтоох /мензулээр зураглах лугаа адил/, эсвэл хилийн шугамын дагуу явж цэг бүр дээр ээлжлэн зогсч байгаад өмнөх болон дараагийн цэгийн байршлыг уялдуулан тогтоох /теодолитын явалт лугаа адил/ аргуудыг хэрэглэдэг байсан байж магадгүй юм. Цэгүүдийн хоорондох зайг тодорхойлохдоо дээс, газар, хувь, алд, ямх гэсэн нэгж бүхий хэмжүүрийг хэрэглэдэг байжээ. 1 дээс=20 газар, 1 газар=360 алд буюу 576 м, 1 хувь=36 алд буюу 57,6 м, 1 алд=1,6 м, 1 ямх=3,2 см байсан ажээ.
 
Үргэлжлэл бий...
 
 
Хилийн сургуулийн цэргийн хэргийн тэнхмийн эрхлэгч, хурандаа Г.Мөнх-Ертөнц