sonin.mn
Зураг дээр: Зүүн гар талаас Д.Ёндонжамц, БНМАУ-ьн баатар Л.Дандарын хамт. Архангай аймаг, 1961он
 
1969 оны 5 дугаар сард тухайн үеийн Намын төв хорооны тогтоолоор Цэргийн Ансамблийн найрал дууны ангийг дан эрэгтэйчүүдийн бүрэлдэхүүнтэйгээр өөрчлөн зохион байгуулах шийдвэр гарснаар Монголд анхны эрэгтэй найрал дуучид, хожмоо “Жаран хар-Арван цагаан” хэмээн олонд алдаршсан чуулга байгуулагдсан түүхтэй. Эрэгтэй найрал дууг үүсгэн зохион байгуулагч нь Соёлын яамны томилолтоор ирсэн хөгжмийн зохиолч, хормейстер, Ардын жүжигчин Д.Мяасүрэн, уран сайхны удирдагч, Ардын жүжигчин П.Хаянхярваа нар байсан бөгөөд найрал дууны хөгжмийн түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяатай хүмүүс билээ.
 
Дан эрэгтэй дуучдын бүрэлдэхүүнтэй томоохон найрал дуучидтай болсон явдал нь тус ансамблийн нүүр царайг эрс өөрчилж, мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн бүтээл туурвихад чухал алхам болсон юм. Энэхүү шинэ бүрэлдэхүүнийг зохион байгуулалтын талаар бэхжүүлж, ур чадварыг дээшлүүлэхэд тухайн үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүд болох хормейстер В.Мишенко, В.А.Феодоров нар их үүрэг гүйцэтгэснийг дурсаж явах учиртай.
 
1970-аад оны дунд үе гэхэд найрал дуучдын ур чадвар сайжирч, урын сан улам арвижсан бөгөөд 1974 онд БНАСАУ-д, 1977 онд тэр үеийн ЗХУ, БНАГУ, БНСЧСУ, БНПАУ зэрэг оронд айлчлан тоглож, Монголын болон гадаад орнуудын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг дуулснаар гаднын үзэгчид болон мэргэжил нэгт нөхдөөсөө өндөр үнэлэлт авч, Монголын соёл урлагийн хөгжлийг дэлхий дахинд сурталчилж чадсан бахархалт түүхтэй.
 
1976 онд ЗХУ-д болсон Монголын соёлын өдрүүдэд найрал цуучид бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон нь манай найрал дуучдын ур чадвар, уран бүтээлийн түвшин ямар хэмжээнд хүрснийг баталж, бидэнд их нэр хүндийг авчирсан юм.
 
“Их театр”-ын тайзнаа Д.Мяасүрэн багшийн найруулга “Тал нутгийн аялгуу”-г дан найрал дуулж, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав багш удирдсан нь сэггэлд тодхон байна. Бидний үед чуулгын урын санд гадаад, дотоодын хөгжмийн зохиолчдын олон бүтээл байдаг байв. Нэг удаагийн тоглолтод 10 гаруй найрал дуу дуулдаг байсан санагдана. 1970-1980-аад онд бидний нэрийн хуудас болсон Д.Мяасүрэнгийн “Домогт морин хороо”, Д.Бадарчийн “Бүүвэйн дуу”, Ш.Гунаажавын “Манай цэргийн жавхаа” зэрэг бүтээл үзэгчдээс өндөр үнэлэлт авч төрийн болон гадаад, дотоодын хүндэтгэлийн арга хэмжээнд байнга дуулагдах болсон юм. Бид хөдөө орон нутаг, цэргийн ангиудаар жилд 2-3 удаа 45-аас доошгүй хоногийн хугацаатай урлагийн бригадаар орлогын төлөвлөгөөтэй явдаг байлаа. Орлогын төлөвлөгөө гэдэг нь тэр үед бараг хууль шахам байсан. Бид заримдаа төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг байлаа.
 
Нэрт яруу найрагч, ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн
Жаран харын дуулах дуунд
Уул нүргэлж байдаг сан...
Жаран харын дуулсан дуунд
Ус цалиглаж байдаг сан... гэсэн гэгээн мөрүүд Монголын анхны эрэгтэй их найрал дуучдын сүр хүч, бүтээл туурвилын бэлгэдэл буй заа.
 
Жаран харын дундаас нэрт хөгжмийн зохиолч МУГЖ Д.Дашням, АЖ Ө.Баярмагнай, МУГЖ Г.Жанчив, МУГЖ Д.Батсүх, гоцлол дуучин Д.Дорждэрэм, Т.Батзориг, Ж.Баатарсүрэн, Д.Хишигбаяр, хөгжмийн зохиолч Т.Сүрэнчулуун, Т.Ганболд зэрэг авьяас билэгтнүүд тодорч Б.Гүнсэн, Д.Мандаа, Х.Сумьяа, С.Цэнд, Б.Бүргэд, Х.Сандуй нарын улс төр, соёлын ажилтан офицерууд төрөн гарсан юм. “Арван цагаан” гэж нэрлэдэг эмэгтэй дуучдын чуулга буюу МУГЖ Л.Цэрэнпил, МУГЖ Д.Тунгалаг, МУГЖ Н.Отгон, МУГЖ Ч.Туул, МУГЖ Ж.Одмаа, МУГЖ Ц.Чулуунцэцэг, уран уншигч МУГЖ Д.Жагдаг, гоцлол дуучин Д.Баянмөнх, Ж.Цэрэнханд, Ж.Уртнасан, Т.Наранцэцэг, Д.Оюунбилэг, Д.Дариймаа, Ц.Дашцэрмаа, төгөлдөр хуурч Б.Уушаанз нар маань ёстой л дуулсан дуу шигээ дайчин хонгор бүсгүйчүүд байлаа.
 
Өнөөдөр эргэн дурсахад бидний олон нөхөд тэнгэрийн оронд оджээ. Тэд авьяас билэг, залуу халуун насаа найрал дуу хэмээх их урлагийн төлөө зориулж явсныг гэрчлэх мэт дуулж байсан бүтээл нь хөшөө болон мөнхөрчээ.
 
“Жаран хар-Арван цагаан” хэмээн ард түмнийхээ дунд домог болсон найрал дуучдын 50-аад жилийн тэртээх бүтээлүүд өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын урын санд хүндтэй байр эзэлж, дуулагдсаар, дурсагдсаар...
 
 
МУСТА, ахмад дуучин Д.ЁНДОНЖАМЦ
Эх сурвалж: "Соёмбо" сонин