
Хятадын эм зүйч, эрдэмтэн Тү Юю нь артемизинин илрүүлэн дэлгэрүүлж ашигласнаараа 2015 оны Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг бусад хоёр эрдэмтний хамт хүртсэн байна.
1960-аад оны эхээр дэлхийн хэмжээнд хумхаа өвчнийг хяналтдаа авч чадаагүй байсан бол 1969 оны нэгдүгээр сард 39 настай Тү Юю-д Хятад Улсын зүгээс хумхаа өвчний эсрэг эм бэлдмэлийн судалгааны Үндэсний “523” багийг ахлуулах даалгавар өгчээ. Тэдний багийнхан хятад уламжлалт анагаахын эртний жороос суралцан, олборлох аргыг шинэчлэх замаар хумхаа өвчний эсрэг Артемизининий үр нөлөөг 100% -д хүргэсэн байна. Ингэснээр 2000 оноос эхлэн ДЭМБ нь Артемизинин төрлийн эмийг хумхаа өвчнийг эмчлэх тэргүүн сонголтоо болгожээ.
20 гаруй жилийн турш хумхаа өвчний эсрэг тэмцлээр дамжин, дэлхий нийтэд ойролцоогоор 10 сая 60 мянган хүний амь насыг аварсан бөгөөд бүрэн бус статистик мэдээллээс үзэхэд артемизинин гарч ирснээс хойш дэлхий даяар хэдэн зуун сая хүнийг эмчилсэн байна.
Сүүлийн жилүүдэд Тү Юю Нобелийн шагнал, шинжлэх ухаан технологийн үндэсний дээд шагнал зэрэг олон улсын олон шагналыг хүртэж байгаа бол 90 гаруй насыг зооглосон тэрбээр шагналын мөнгөөрөө Инновацийн сан байгуулж, залуу судлаачдыг урамшуулж байна. Хүүхэд залуус өөрийн дур сонирхлоо хөгжүүлэхийн зэрэгцээ хүн төрөлхтний эрэлт хэрэгцээнд анхаарлаа хандуулж, түүний төлөө хичээн зүтгэж, хувь нэмрээ оруулах ёстой гэж Тү Юю уриалжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0