sonin.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Намбарын Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн “Сохрын орон” /The country of the blind/ номын хоёр дахь хэвлэлийн нээлт Улсын төв номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд боллоо. 
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сохрын орон” номынхоо оршилд: “Английн өгүүллэгийн үүсэл хөгжил нь Английн өдөр тутмын сонин хэвлэлийн хөгжилтэй нягт холбоотой. Тус улсад өгүүллэг нь 1880-аад оноос эхлэн өөрийн нэрт төлөөлөгчтэй уран зохиолын бие даасан төрөл зүйл болон хөгжиж эхэлжээ.
 
Өгүүллэг бичигчид ихэвчлэн “Шар ном” эсвэл “Үндэсний ажиглагч” хэмээх хоёр сонинд өгүүллэгүүдээ хэвлүүлдэг байсан. Зохиолчдоос нь дурьдвал, Р.Л.Стивенсон, Р.Киплинг, О.Уайльд нар юм. XIX зууны сүүл, XX зууны эхэн үе бол дэлхий дахиныг донсолгосон, хуучин шинэ хоёрын тэмцэл туйлдаа хүрсэн цаг үе байлаа. Энэ нь урлаг, уран зохиолд хүчтэй нөлөөлсөн нь эргэлзээгүй.
 
Тэр үед хүмүүс бурхан, шашинд итгэх нь багасч, үнэн ба худал, гоо сайхан ба муу муухай, буян ба нүглийн хооронд нь ялгадаг олон зуун жилийн турш хэрэглэгдсэн, хувь хүнээс шалтгаалдаггүй байсан хуучин хэмжүүрүүд устан арилжээ. Тиймээс урлагийн хүмүүс, түүний дотор зохиолчид өөрсдийн бүтээн туурвисан зохиол бүтээлийн үнэ болон гоо сайхны туйлын илрэл, илэрхийлэл мөн хэмээн үзэж эхэлсэн байна. Ийнхүү тэр үеэс эхлэн зохиолчдын уран бүтээлд субъективизм чухал байр суурийг эзэлдэг болжээ” гэжээ.