sonin.mn
Улсын Их Хурал засгийн эрхийг барьж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн сайн засаглал гэдгийг бараг хүн бүр ярьж бичдэг. Гэвч УИХ-н чадвар сул байгаас болж улс орны хөгжил дэвшилд тууштай өөрчлөлт шинчлэл гарахгүй, тулга тойрсон хэрүүл маргаанаас хэтрэхгүй байна гэсэн шүүмжлэл байнга гарч байгаа нь манай сонгуулийн бүтэцтэй шууд холбогдоно. Сонгогчид бид улс орны өнцөг булан бүрээс өөрт таалагдсан 76 гишүүнээ сонгож өөрсдийн хувь заяаг даатгадаг. Гэтэл бидний шилж сонгосон өнөөх гишүүд мань улс эх оронд маань хөгжил дэвшил авчрах улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан технологийн гүн бат мэдлэгтэн байж чаддагсан билүү.
 
Бидний бахархал болсон сайн дуучин, хүчит бөхчүүд, баян бизнесменүүд маань төрийн жолоог эндэгдэлгүй атгаж чадаж байна уу гэдэгт бид бодит дүгнэлт өгөх ёстой.
 
Улсын хэмжээний 76 жижиг тойргоос сонгогдсон эрхэм гишүүд маань хэдий итгэл даах сайн хүмүүс мөн боловч улс орны хөгжлийг нэгтгэн зангидах их үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж чадахгүй байгааг бид харсаар сууна. Сонгуулийг томсгосон тойргоор явуулах нь багагүй сул талтай гэдэг боловч бид тэдгээр дутагдлыг сайн шигшиж чадвал улс орны хэмжээнд эрдэм мэдлэг, боловсрол, авъяас чадвараар шалгарсан сайн хүмүүсийг шилж сонгож УИХ-н чадавхыг эрс дээшлүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.
 
 
Л.Лхагва