sonin.mn
Мобикомын заль луйврын тухай олон хүн ярьж, үглэдэг байсныг сүрхий их анзаараагүй явжээ. Гэтэл Мобикомын заль луйвар их гарын дээрэм болтлоо хөгжсөнийг сая л мэдэв. Энэ тухай товч өгүүлсү.
 
Миний гар утасны хэрэглээ гэж тун өчүүхэн. Хүмүүс над руу залгана уу гэхээс би хүмүүс рүү залгана гэж тун ховор. Түүнээс гадна би утсаар ярихдаа цэргийн хүн шиг товч тодорхой ярьдаг зантай. Залуугаасаа тэгээд сурчихсан юм. Мессежийг бол жилдээ 5-6-г явуулбал их юм.
Гар утас маажих зан надад огт үгүй. Учир нь би интернет холболттой, түүнд дээрээ л хамаг цагаа барж, ажлаа хийдэг. Түүнээс гадна гэр интернет авчихсан зусланд байх болон хөдөө гадаа явах үедээ түүнийгээ ашиглана. Амар байдаг юм.
 
Ноднин эмнэлэгт хэвтэв ээ. Гар утсаараа нет үзэхээр шийдээд ганц хоёр хоносноо гэр интернетээ авчруулж үзэх болов. Гэтэл гар утсанд байсан 70.000 нэгж ор мөргүй алга болсныг “Таны дата хүрэлцэхгүй байна” гэсэн мессеж ирэхээр нь мэдэж авав. Мобикомыг нэг сайн хараачихаад мартаж орхив...
 
Сарын өмнө зусландаа гарав. Гэр интернетээ тэнд тавьсан нь мэдээж хэрэг. Гэтэл Мобикомоос мессеж ирж байх юм. Тэр нь: “Танд 4000 нэгжийн дата үнэгүй бэлэглэж байна. Та....дугаарт залгаад “ок” дарна уу” гэсэн утгатай. Өмнө нь дээрэмдүүлж хаширсан тул ямар ч үйлдэл хийлгүй, зүгээр л мессежийг нь устгаж орхив. Үүнийгээ би Мобикомын “үнэгүй” датаг авахгүй гэсэн хэрэглэгчийн жирийн үйлдэл гэж ойлгосон.
Гэтэл Мобикомоос: “Уучлаарай, Таны нэгж хүрэлцэхгүй байна” гэсэн мессеж ирэв. Зуслан гарахын өмнө гар утсандаа хийсэн 60.000 нэгж ор мөргүй алга болжээ. Энэ чинь дээрэм биш гэж үү ?!
Эхний удаад 70.000 нэгжийг 1-2 хоногийн дотор дээрэмдэж байсан бол энэ удаад 60.000 нэгжийг 14 хоногт дээрэмджээ. Ганц хүнээс шүү дээ...
Жил хүрэхгүй хугацаанд гар утас бараг хэрэглэдэггүй хүнээс 2 удаагийн үйлдлээр 130.000 төгрөг дээрэмдэж байна шүү дээ...
 
Миний төсөөлж байгаагаар дээрэмдүүлсэн хэрэглэгчид надаар тогтохгүй олон байгаа нь ойлгомжтой. Ийм учраас би сэрэмжлүүлж, сануулж байгаа юм.
 
Хүүхдүүд маань “Мобиком үнэтэй ш дээ, Та монгол оператараар үйлчлүүлээч” гэхэд нь: “дассан сурсан юм даа” гэж өмөөрч байсан маань тэнэгийн явдал аж. Бас хүүхдүүд: “Мобиком луйварчин ш дээ” гэхэд тэднийгээ загнаж байсан маань усан тэнэгийн явдал байж.
Мобикомыг хаяж, өөрийн үндэсний оператороор үйлчлүүлсэн нь дээр гэсэн дүгнэлтэд хүрэв.
Ямар ч гэсэн би Мобикомын заль луйврын талаар баримт цуглуулахаар шийдэв. Тэгээд хэн нь илүү хохирохыг үзье л дээ...
Түүнээс өмнө би дээрэмдүүлсэн 130.000 төгрөгөө Мобикомоос эргүүлж авах нь мэдээж хэрэг...
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 07 дугаар сарын 17.