sonin.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь  хэлэлцүүлэг эхэлсэн. Эцэг хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулая гэж өнгөрсөн гурван парламентыг дамнан ярьж, төсөл дээр нь ажилласан. Нэг талдаа хэт удаан байгаа мэт боловч нөгөө талдаа ингэж няхуур хандах ч шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл Монгол ардын нам

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ийнхүү урт хугацаанд олон талын байр сууринаас харж хэлэлцэж байгаа нь зөв зүйтэй гэж судлаачид харж байна.  Үндэсний хэмжээнд анхаарал татсан энэ асуудлаар эрдэмтэн судлаачид хөндлөнгийн экспертүүдээс гадна МАН, АН-ын үе үеийн төлөөлөл өөрсдийн санаа бодлыг хэлж, зөвлөлдөн заримдаа зөрөлдөж ч байгаа.

Энэ бүхнийг нь эрх баригч МАН удаан хугацааны турш ганцхан сэдвээр дуншиж нийгэмд хүлээлт үүсгэн олон ажлыг гацаасан, нам дотроо санал зөрөлдсөн гэх мэтээр улс төржүүлэх ч хандлага гарсан. Харин ч энэ нь нэг талаараа улс төрийн ууган хүчин дотоод ардчилал сайтай, аливаа зүйлд бодлоготой ханддаг гэдгийг харуулж байгаа юм. Парламентад аль нэг улс төрийн хүчин давамгай суудал авч байж Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол гацаанаас хэзээ ч гарахгүй гэдгийг улс төрчид тайлбарлаж байна. Энэ бол батлагдсан онол. Дээрээс нь хүлээлт дүүрэн энэ ажлыг яг л одоо хийх цаг нь болсон гэдгийг ч олон нийт хэлсээр. Нийгмийн сайн сайхны төлөө цаг үеэ мэдэрч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаарлага байсаар байна. Энэхүү  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг олон жилийн турш ярьсан ч дорвитой өөрчлөлт,  шинэчлэлт хийж чадахгүй байсаар ирсэн нь нийгэмд сөрөг байдал олныг бий болгосныг энэ талаар мэтгэлцэгчид болоод хэлэлцүүлэгт оролцогчид хэлээд байгаа.

Гуравхан сая хүн амтай дэлхийн хоёр том гүрний дунд оршдог манайх шиг улсад парламентын засаглал хамгийн чухал. Тийм ч учраас парламентын засаглалаа илүү сайн төгөлдөршүүлэх, хууль тогтоох эрхийг нь илүү баталгаажуулж өгөх хэрэгтэй.  Харин  тэр хэмжээгээр сахилга хариуцлагыг нь нэмэгдүүлэх шаардлагатай.  Мэдээж ийнхүү засаглалыг төгөлдөршүүлэхийн тулд бид олон улсын жишгээр хэзээ нэг цагт холимог тогтолцоо руу шилжих нь зүй юм, цаг нь ч иржээ.

Өнгөрсөн хугацаанд МАН-ын гишүүд парламентын бүлэг тус бүр дээрээ хэлэлцэж, өөр өөрсдийн саналыг оруулж ирсэн. Эцэст нь МАН бүлэг дээрээ нэгдсэн. Мөн бусад намуудын болоод ерөнхийлөгчийн оруулсан саналуудыг сайн тусгасан нь том шийдэл. Улс орны хөгжил хэрхэн урагшлах, ард олны амьдрал дэвжих эсэхийг шийдэх  түүхэн үйл явдлыг өрнүүлэхийн тулд МАН хариуцлагатай хандсаар байна.  

 

Д.Сүх