sonin.mn
Гадаад харилцааны яамнаас томилогдсон Европ дахь дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч улсын нэр хүндийг хилийн цаана шороотой хутгасаар байгаа. Дараалан дэгдсэн дуулианыг УИХ анхаарч, тусгайлан Ажлын хэсэг гарган шалгасан нь зөв шийдэл ч асуудал баяр наадам, зуны амралтын хөлд дарагдан намжмал байдал руу шилжжээ. 
Дипломатуудын хууль бус наймааг цэгцлэх, цаашлаад таслан зогсоох ёстой гэдгээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байгаа. Үүгээрээ салбарын сайд хууль бус наймаанд оролцогчдын толгойг илж, дуулианыг дараад өнгөрөхгүй. Тодорхой хийх ажил бий, их цэвэрлэгээ үргэлжилнэ гэдгээ илэрхийлэв бололтой. 
Хууль бус гэдгийг мэдсээр байж, улс орныхоо нэр хүндийг шавартай хутган хил дамнан хөлжигсдийн цуваа гэнэт өнөөдөр бий болчихоогүй ойлгомжтой. Дипломатуудын хил дамнасан утаат тамхины контрабанд улам бүр хүрээгээ тэлж өнөөдөр кокайн, геройн болж хөгжихөд юу нөлөөлсөн байх вэ.
Улс орны нэр хүндийн гадаадад унагаж, Монгол гэсэн нэрэнд хоноцын сэтгэлээр хандаж байгаа хүмүүсийн олонх нь танил талаараа яриулсаар, ар өврийн хаалга хэрэглэн дипломат албанд шургагсагсад байдагт хэргийн учир оршдог гэвэл хатуудсан болохгүй биз ээ.
 
Тухайлбал, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилд Гадаад харилцааны салбарт бодлогогүй томилгоонууд ихээхэн хийгдэж байв. Энэ он жилүүдэд Гадаад харилцааны яам дипломат албандаа энэ талаар ямар ч ойлголтгүй, хилийн дотор иргэнээр, хил даваад Монгол Улсаар овоглоно гэдгээ ч ойлгоогүй, мэргэжлийн бусчууд, мэдлэг, чадваргүй хүмүүс томилож байсны гор, муу үр дагавар өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
 
Гэхдээ үүний эсрэг, хожуу ч гэсэн Гадаад харилцааны яам тодорхой ажлуудыг хийж байгаа нь сайшаалтай. Хамгийн сүүлд хил дамнасан хууль бус наймаанд оролцсон ХБНГУ-д Элчин сайд Х.Даваадоржийг ажлаас нь чөлөөлөөд байгаа. Х.Даваадорж бол Ц.Элбэгдоржийн томилж байсан хүн юм. 
Үүнээс гадна контрабандын хэрэгт холбогдсон хэрнээ мөн л танил талаа ашиглан, ял шийтгэлээс мултарч, хариуцлагыг зөвхөн ажлаас чөлөөлөгдсөн төдийгөөр аргалаад өнгөрөөж буй дипломатууд олон бий.
 
Тухайлбал, экс Ерөнхийлөгчийн томилсон Чехэд суугаа Элчин сайд Н.Наранбатыг Польшийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа гэмт этгээдүүдийн жагсаалтанд оруулчихсан байгаа. Польшийн Цагдаагийн газраас хууль бус эд зүйл, тамхи, хар тамхи зөөвөрлөсөн хэргээр эрэн сурвалжилж байсан хүнийг манай улс хөрш зэргэлдээ Чех Улсад Элчин сайдаар томчихсон байгаа нь шившигтэй гэхэд дэндүү шившигтэй хэрэг биш гэж үү!
 
Хилийн цаана гэмт хэрэг үйлдсэн, дипломатуудын жагсаалт үүгээр дуусахгүй. Польшийн Цагдаагийн газрын эрэн сурч байгаа гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад Монгол Улсыг гадаадад төлөөлөх эрх авсан, 2008-2016 онд дипломат паспорт эзэмшиж байсан этгээдүүд олноороо бий.
 
Үүнээс гадна экс Ерөнхийлөгчийн үед, Францад томилогдсон Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөрийн асуудал ч сонирхол татдаг. АН-ыг Засгийн эрх барьж байх үед Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан, архи дарс, авгай хүүхний явдлаараа зартай А.Баттөрийг яагаад Франц руу илгээв.
Парис дахь Элчин сайдын яаманд ажиллаж байгаа, Гадаад яамныхны таньдаггүй дипломатич М.Батсайхан, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнгийн татаасаар Швейцарьт томилогдсон В.Пүрэвдорж нар ингэхэд хэн бэ?
 
М.Батсайханыг Гадаад яамныхан үл үзэгдэгч хүн хэмээн нэрлэдэг байна. Түүний зүс царайг яамныхан хараагүй. Гэнэтхэн Гадаад яаманд огт ажиллаж байгаагүй, хэний ч мэдэхгүй М.Батсайхан нэртэй этгээд Франц руу томилдож байсан бөгөөд одоо тав дахь удаагийн томилолтоо өвөртлөөд Парист амьдарч байгаа нь энэ салбарынхны гайхлыг төрүүлдэг аж. Мөн түүний ямар сонирхол хадгалан Францад шигдсээр байгааг нь бас сонирхоод үзэхэд ч гэмгүй мэт. 
В.Пүрэвдорж, М.Батсайхан нар Элчин сайдаас чөлөөлөгдөөд Монголд буцаж ирэлгүй үлдсэн бөгөөд В.Пүрэвдорж нь Олон улсын байгууллагад,  М.Батсайхан нь Францад нэг жил амьдраад саяхнаас дахин Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд дахин томилогдсоныг Гадаад харилцааны яамныхан одоо ч гайхан ярилцдаг аж. 
Тодруулбал, 2019 онд М.Батсайхан Элчин сайдаасаа татагдсан. Гэхдээ тэр Монголдоо буцаж ирээгүй. Харин ч улс орныхоо нэрийг шившиглэн нэг жил үнэтэй байр хөлслөн амьдарч байгаад 2018 онд дахин Парис дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон юм. Энэ нь дипломат албаны түүхэнд байгаагүй гажиг, ер бишийн тохиол гэдгийг энэ яамны захын дипломат гэрчилнэ.
Европын холбооны улс орнуудад Монголын дипломатуудын дэгдээсэн шившигт гэмт хэрэгтэй тэмцэхэд Гадаад харилцааны яам анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг. Дипломат албаны нэр хүндийг ашиглан, улс орноо доромжилж буй дээрх даварсан этгээдүүдийг эргүүлэн татах шаардлага бий. 
Гадаад харилцааны салбарт хийгдэж буй их цэвэрлээгээний дараагийн ээлжинд эдгээр хүмүүс рүү чиглэж, дипломат паспортаар халхавч хийсэн гэмт хэрэгтнүүдийг эргүүлэн татах нь салбарын сайд Д.Цогтбаатарт хасах биш нэмэх оноо авчрах тодорхой.
 
  
В.Пүрэвдорж
 
 
М.Батсайхан
 
 
Х.Даваадорж
 
 
А.Баттөр
 
Н.Наранбат