sonin.mn
Хүйтэн дайны дараа баруун жам ёсны ертөнцийг нурааж, социаль инженерчилэлд нийцсэн шинэ ертөнцөөр солихыг оролдож байгаа прогрессистууд (дэвшилт үзэлтнүүд)-ийн тулааны талбар болоод байна. Зорилго нь гэвэл зохиомлоор гомогенжүүлсэн хүн төрөлхтөн дээр дэлхийн ноёрхлыг тогтоох гэсэн барууны шинэ аймшигт утоп (үл гүйцэлдэх үзэл) юм гэж Чехийн “pravy proctor" сонинд Йиржи Вейгл бичжээ.
 
Улс төрийн ухуулагчдын янз бүрийн өгүүлэл, хэл ярианд орчин үеийн асуудлыг урьдын адилаар сайн сайхан Баруун ба муу муухай Дорнодын хоорондох зөрчил мэтээр дүрсэлж, "хоцрогдсон" пост коммунист орнуудын талаар гомдоллож, хараан зүхсээр байна. Тэд Баруун болон АНУ-ын улс төрийн прогрессист (дэвшилтэт) хандлагыг эсэргүүцэж, Төв Европ нь Баруун Европыг улам бүр муу ойлгох боллоо. Барууны бүх "сайн үйлийг" хүлээн авахад бэлэн бус манай хүмүүсийн тухайд жигшин зэвүүцсэн, ихэмсэг дээрэнгүй гоё үгс дахин дахин дуулдсаар байна.
Янз бүрийн сонгуулийн үр дүнгээс харахад энэ ихэрхэг суртал ухуулга онцгой амжилт олохгүй байгаа юм. Түүгээр ч барахгүй, баруунд өөрт нь орчин үеийн дэг журам, улс төрийн хандлагаас хүчтэй дайжих явдал бүр мэдрэгдэж байна. Чухамдаа юу болоод байна вэ?
30 жилийн өмнө коммунизм нурах үед манай иргэдийн дийлэнх олонх нөхцөл байдлыг туйлын тодорхой ойлгож байлаа. Хэт радикал зүүний үл гүйцэлдэх үзэл өөрийн нэр хүндээ бүрэн гутаасан бөгөөд хүмүүс тэдний төрөл төрөгсөд, эмээ, өвөө нар дурсан ярьдаг байсан урьдын тэр хэвийн Европ нийгэмд буцаж очихыг мөрөөдөж байв. Энэ мөрөөдөл, идеал нь болсон барууны нийгмийн гол ололт бол хувь хүний эрх чөлөө байсан бөгөөд энэ нь тусгаарлагдсан, бүгдийг тэгшитгэсэн коммунист нийгэмд бүгдэд хүртээмжгүй байлаа. Эрх чөлөө нь хүссэнээрээ амьдрах, өөрийн үзэл бодолтой байж түүнээ чөлөөтэй илэрхийлэх, өмч эзэмших, бизнес эрхлэх явдал бөгөөд энэ бүхнийг бид Баруунтай холбон ойлгож, тиймээс түүний нэгэн хэсэг болохыг хүсч байсан юм. Коммунист, тоталитари дэглэмээс ялгаатай нь эрх чөлөөт нийгэмд олж авч болох материалын сайн сайхан байдал бидний сэтгэлийг татаж байсан гол зүйл байв.
 
Өнгөрсөн үеийнхний сэтгэлийг татаж байсан коммунист идеал, уриа лоозон яваандаа өөрийн хүчийг алдаж, бодит социализм гэж нэрлэгдсэн нийгмийн бүтэлгүйтлээс болж нэр хүндээ унагасан юм. Түүхийн нөхцөл байдлын эрхээр оногдсон хоцрогдсон, дорнын, византийн Орос уламжлал гэдэгтэй биднийг урт хугацаанд холбож байлаа. Коммунизм бол Оросын үзэл суртал гэх санаа бодол манай оронд одоо хэр оршиж, зохиомлоор дэмжигдэн дэлгэрч Оросоос бидэнд дахин эргэж ирнэ гэсэн байнгын айдас түгшүүр төрүүлсээр байна. Өөрсдийн маань хязгаарлагдмал түүхэн ой санамж биднийг өөрчилж, бид энэ ухуулганд автаж, өчнөөн гай зовлон авчирсан коммунист үзэл суртлын өлгий, үндэс язгуур нь чухамдаа Дорнод биш харин Баруун Европ гэдгийг мартаж байна.
 
Радикал прогрессист утопыг амьдралд хэрэгжүүлнэ гэгч юу болохыг Баруун хэзээ ч өөрийн арьс маханд мэдэрч байгаагүйг бид мартаж байна. 30 жилийн өмнө төгссөн хүйтэн дайны үед л Баруун түүнтэй зөвхөн дам маягаар тулгарч байсан юм. Барууны хувьд ийм маягийн шинэ прогрессист утопоос хамгаалагдах дархлаа ч байхгүй, туршлага ч байхгүй билээ.
Зүүн утоп Европын баруунд үндсээ гүн суулгасан бөгөөд түүнийг бүр дундад зууны үеийн шашины номлолоос, европын реформацаас (16-р зууны үед католик шашин, папын засгийг эсэргүүцэн, шашины хэлбэрээр гарч, феодализмыг эсэргүүцсэн хөдөлгөөн) илрүүлж болно. Саяхан өнгөрсний болон орчин үеийн бүх зүүний утопын өлгий нь соён гэгээрүүлэл (просвещение) болсон гэдэг нь маш тодорхой. Үзэл санааны энэ бүх урсгалууд дээр нь тогтож байдаг хамгийн гол, чухал үзэл бол тэгш эрхийн тухай үзэл мөн. Бүх хүмүүс адил тэгш гэх үзэл бол бүхнээс хамгийн популист нь бөгөөд ер бусын татах хүч, нураагч хүчийг агуулдаг юм. Хэрэг дээрээ энэ зохиомол үзэл санаа бодит байдалтай, хүн төрөлхтөний туршлагатай ямар ч хамаагүй билээ. Хүмүүс төрөхдөө ч, хожим нь ч адил тэгш байдаггүй. Бүгдэд янз бүрийн генетикийн цуглуулга бий. Хүмүүс материалын болон социаль өөр өөр нөхцөлд амьдардаг. Тэдний авьяас чадвар, өндрийн хэмжээ, эрүүл мэнд, боловсрол, анхдагч материаллаг нөхцөл янз бүр. Хүмүүс янз бүрийн нийгэмд амьдардаг. Эцэст нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хооронд маш их ялгаа бий.
Энэ бүх шалтгааны улмаас хүмүүс хэзээ ч тэгш байдаггүй учир амьдралын түвшин, чанарын хувьд адилгүй, олон янз байдалд аж төрдөг. Тэглээ ч гэсэн энэ байдлыг өөрчлөхийн тулд, өөрөөр хэлбэл тэднийг тэгшитгэхийн төлөө бид зүтгэцгээж байна. Энэ үзэл санаа өөрийн амьдралдаа сэтгэл дундуур хүмүүсийн дэмжлэгийг хүлээдэг юм. Энэ гайхмаар үзэл, бас христ шашинд бий. Үнэнийг хэлэхэд тэнд зөвхөн Бурханы өмнө бүгд адил тэгш байх тухай өгүүлдэг. Тэгэхээр энэ үзэл санаа, газрын амьдралаас тусгаарлагдаж байгаа юм. Тэглээ ч шашны энэ санаа үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний шалтгаан болж, Европын нүүр царайг бүрэн өөрчилснийг түүх харуулна. Бурханы өмнө бүх хүн адил тэгш, хувь хүн өөрийн болон нийгмийн амьдралын төлөө түүний өмнө хариуцлага хүлээнэ гэдэг санаа протестант үзлийн үндсэнд суусан байдаг. Энэ үзэл санаа капитализм болон орчин үеийн нийгэм үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Макс Вебер тэмдэглэсэн билээ. Түүнээс гадна энэ үзэл санаа одоо орчин үеийн хамт олонч үзлийн хувьд таатай уур амьсгал бүрдүүлж байгаагийн эсрэг үнэт зүйлс, үлгэр жишээ үйл ажиллагааны үндсийг бүрдүүлсэн юм. Түүний эх үүсвэр нь протестант умардад байгаа нь зүй ёсны хэрэг бөгөөд харин католик зүүн түүнийг хүлээж авдаггүй билээ.
Хүмүүс адил тэгш байх тухай үзэл санаа хүний эрхийн тухай үзэлтэй холбоотой. Чөлөөлөгч хувьсгалын анхдагч энэ үзэл одоо номлол болон хувирч мутацид ороод байна. Өнөөдөр түүний төлөө бидний мэддэг, хүрэхийг мөрөөддөг байсан барууны тэр нийгэм нуран унаж байна. Орчин үеийн ойлголтоор бол хийсвэр хүний эрх тодорхой хүн, нийгмийн гадна оршдог. Тодорхой хүчин нийгэмд ухаалаг дэг журам тогтоохыг оролдохын зэрэгцээ түүний ер бусын нэр хүндийг хадгалан, түүгээр шашиныг орлуулахыг хичээж байна. 
 
Хүний эрх, ямар нэг тодорхой нийгмийн гадна орших, байгалийн аугаа хүч мэтээр өргөмжлөгдөж байна. Хэрэг дээрээ бид барууны нийгмийн тодорхой хугацаан дахь нөхцөл байдалд нийцсэн нийгмийн гэрээгээр л амьдарч байгаа бөгөөд түүнийг чухамдаа ямар ч агшинд өөрчилж болно. Түүнд мөнхийн универсал юм юу ч байхгүй. Байнга төөрөлдөн будилсан хүний эрхийг түүний хэрэгцээг үл мэдрэх, өөр соёл, уламжлалтай өөр нийгэмд тулган хүлээлгэх оролдлого нь барууны империализмын биеэ тоосон байдлын илрэлээс өөр юу ч биш.
Тэгш байдлын тухай санаа хүний эрхийн тухай үзэл баримтлалтай холилдон нөхцөлдсөнөөр олон хүнийг өөрийнхөө төлөө ямар нэг юмыг тухайлбал, материаллаг сайн сайхныг ч юм уу нийгмийн байр суурь шаардахад түлхэж байгаа юм. Хүн бүр өөрийн амьдрал, өөрийн гэр бүл, нийгмийн төлөө хариуцлага хүлээхийн оронд хүмүүс шаардлага тавьж, гараа тосч юуны өмнө төр лүү хандаж байна. Хүний эрхийн тухай номлолд этатизм (төрийг шүтэх үзэл) нэвт шингэсэн байдаг. Учир нь төр л зөвхөн "хүний эрх"-ээс үүдэн гарах шаардлагыг хангаж, хүмүүсийн хооронд тэдэнд нийцсэн "тэгш байдлыг" хэрэгжүүлэх чадвартай юм. Иргэн хүн төрөөр үйлчлүүлэгч болон хувирч, түүнд захирагдан, түүнгүйгээр амьдарч чадахаа болино.
 
 
Үнэн чанартаа хүмүүс нийгэмд адил тэгш байх идеал амьдралд хэрэгжих боломжгүй. Удирдагч болон удирдуулагч, баян болон ядуу, залуу болон хөгшин, эрчүүд болон эмэггэйчүүдийн хооронд хэзээд ялгаа байх болно. Тэгш бус байдал хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд үл өөрчлөгдөх зүйл мөн. Боломж бололцооны хувьд тэгш бус байдлыг зөвхөн хэсэгчлэн арилгаж болох ч тэрээр ямагт оршсоор байх болно.
 
 
Энэ бол хэвийн үзэгдэл бөгөөд меритократ үзлийн үүднээс бүр шударга юм. Гэхдээ тэгш байдлыг бурханчлан шүтэгчдийн хувьд бол энэ хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл билээ. Энэ нь араасаа хамгийн олон янзын үр дагавар дагуулдаг. Нэгдүгээрт, хүмүүсийг тэдний хамгийн олон янзын абсурд хамтлаг чанараар нь ангилдаг орчин үеийн нийгэм ялгаварлан гадуурхахын эсрэг эцэс төгсгөлгүй ажиллагааны урхинд, улс төрийн корректности, эмэгтэйчүүдийн эрх, жендерийн солиорлын урхинд автсан байна. Түүнээс гадна магтан дуулаад буй тэгш байдал нь хуучин марксист үзэл санааг буюу өөрөөр хэлбэл өчигдрийн болон орчин үеийн ертөнц буруу байгуулагдсан, ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч үл болно. Өөрөөр хэлбэл тэр тэгш байдлын идеалыг хэрэгжүүлдэггүй, эсвэл түүнээс татгалздаг гэсэн үзлийг амьдралд эргүүлэн авчирч байна. Энэ нь манай хуучирсан ертөнц хадгалагдан үлдэх гавьяагүй, өнгөрсөн үе ёс суртахууны хувьд хүлээн авамгүй, нийгмийн харилцаа нь хуурамч учир бүгдийг өөрчлөх хэрэгтэй. Учир нь бүгдэд л бүх эрх байгаа, төр түүнийг баталгаажуулах үүрэгтэй гэлцэнэ. Хуучин коммунизм хүмүүсийн эдийн засгийн эрхийг буюу хөдөлмөрлөх эрхийг үнэмлэхүй хэмжээнд тавьж байв. Хэн хэрхэн ажилласнаасаа хамааран урамшуулал авдаг бөгөөд энэ нь үйлдвэрлэх хүчний хөгжил "хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр" авах зарчмаар амьдрах боломж олготол үргэлжлэх ёстой байв. Коммунизм тэгш байдлыг хувьсгалт хүчирхийллийн аргаар хэрэгжүүлэх гэж хий дэмий эрмэлзэн үйлдвэрийн хэрэгслэлийг хувьдаа өмчлөхийг зогсоосон билээ. Энэ үед бүгдэд хомсдол нүүрлэж, бүх иргэдийн амьдралын түвшин адилхан доогуур үлдсэн юм. Баруун хичнээн баян болох тусмаа өөрсдийн амь зуулгын талаар төчнөөн бага анхаарч, тэдний хувьд нийт хүн төрөлхтөний идеал, хүмүүсийн хоорондох тэгш байдал, эрүүл мэндийг шүтэх, цаг уур зэрэг асуудал сэтгэл татах зүйл болов. Коммунизм нурсны дараа олж авсан эрх чөлөө барууны соёл иргэншилд асар их далайц олох боломж олгож хүний эрх чөлөө анхнаасаа л өгөгдсөн зүйл мэт тооцогдох болсон юм. Гэвч хожим нь манай гаригийн дэг журмын тухайд аюултай заналхийлэл түүнд байгааг олж харцгаав.
 
Хүйтэн дайны төгсгөлд дээрэнгүй, хариуцлагагүй байдлаар дэлхийг болон нийгмийг залуурдах явдал баруунд давамгайлах болсны билэг тэмдэг нь Фукуямагийн “Түүхийн төгсгөл" мөн. Хөгжил цэцэглэлт бол мөнхийн юм, хүн бүхэнд ийм байх эрх бий гэсэн итгэл үнэмшил хөнгөмсөг, хариуцлагагүй байдалтай хамт Барууны нийгмийн бүх давхаргад үүссэн билээ. Өнөөгийн дэвшилтэт үзэлтнүүд хуучин Марксизм-Ленинизмээс бүр давж гарав.
 
Тэд зөвхөн хувийн өмч, капитализмтай тэмцэхээр хязгаарлагдалгүй марксизмын бүтээсэн нийгмийн бааз (үйлдвэрлэл)-аас татгалзлаа. Тэд социализмын уламжилт байгууллын үндсийг нь өөрчлөхөд, чухамдаа ард түмэн, гэр бүл, хувь хүний өөрийн ухамсарыг өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлж байгаа юм. Эдгээр нь тэгш байдлыг дэмжигчдийн бодлоор бол хамгийн янз бүрийн цөөнхийг дарамталж, гадуурхаж хорлонт хэвшмэл хэв шинж (нийгэм дэх уламжлалт үүрэг, түүнийг хэрэгжүүлэх зарчмыг хэлж байна) дэлгэрсэн орчныг бүрдүүлж байна гэнэ. Хэрэв урнаар төөрөгдүүлж, зөв арга ашиглан саад болж буй тотгорыг устгаж чадах юм бол хүн ба нийгмийг дураараа өөрчилж болно гэдэгт зүүн прогрессистууд бүрэн итгэлтэй байна. Ийнхүү, хүйтэн дайн төгссөний дараа Барууны ертөнц нь, хуучин утопыг дахин сэргээж, жам ёсны ертөнцийг нийгмийн инженерчлэлийн зорилгод нийцсэн илүү дээр, шинээр солихын төлөөх зүүнийхний тулапдааны талбар болон хувираад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслэл, мэдээллийн технологи ноёрхсон өнөөгийн ертөнцөд хувьсгалт хүчирхийлэл рүү гүйх хэрэггүй. Төрийн болон олон улсын байгууллага, инститүцийг ашиглах нөхцөлд дахин хүмүүжүүлэх ба медиа-төөрөгдүүлэлтийн тусламжтайгаар бүхнийг аажмаар хийж болно. Иймээс төрийн, олон улсын, боловсролын болон барууны ертөнцийн бусад институцуудэд сүүлийн арван жилд болж буй прогрессистуудын эцэс төгсгөлгүй компанит ажлыг бид ажиглаж байна. Өнгөрсөн 30 жилд тэд бараг бүх улс төр, мэдээлэл, оюуны тэргүүлэх хэсгийг эзэмдэж, тэдгээрийн тусламжтайгаар бүх дэлхий даяар өөрсдийн прогрессист үзэл санааг түгээн, тулгаж байна. Хуучин марксизм-ленинизмд орчин үеийн прогрессивизмд тулгуурлаж байгаатай яг адилхан тийм гурван алдартай бүрдэл болох үй олны цагаачлал, жендерийн үзэл суртал, цаг уурын алармизм (тулгарах сүйрлээр айлган түгшээх үзэл) байсан юм. Одоо үй олны цагаачлалыг дэмжин интернационализм, глобализмд саад болж байгаа үндэстний төр улсад хүчтэй цохилт өгч байна. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, ижил хүйстний гэрлэлтийг дэмжих нь нийгмийн бааз нэгж болох гэр бүлийг сулруулах, задраах үүрэгтэй. Транс-жендерийн үзэл суртал-өмнө нь дэлхий дахин тулж тулгуурлаж байсан хүний ижилслийн мөн чанарыг өөрчлөх зорилготой юм. Энэ бүхэн олон улсын түвшинд, юуны өмнө НҮБ-ийн хүрээнд, харин Европт бол аппаратыг нь прогрессистууд өөрийн хяналтад бүрэн авсан Европын Холбоонд аажмаар, тохируулсан тунгаар нэвчиж байна.
 
Барууны уламжлалт нийгэм, түүний институцүүдийг нурааж, бутраах нь баяр талархал хүлээнэ. Жишээ нь мусульманчуудын цагаачлал ба ислам (тэд бүр прогрессист эрхэм зүйл, үнэт зүйлстэй үл нийцэх, дайсагнах хандлагатай байлаа ч гэсэн) Баруунд дэлгэрэх явдал дэмжигдэж байна. Тэд хараажаар анхдагч христос үзэлд ба нийгэмд харь бөгөөд, түүнтэй интеграцид ордоггүй юм. Ийм зэрэгцээ социаль бүтэц оршин байгаа нь барууны нийгмийг нурааж байна.
 
Гэтэл мусульман орнуудад өөрсдийнх нь прогрессистууд исламыг үл дэмжих агаад түүнийг бусад уламжлалт үзэл сурталтай нэгэн адил тийм дайсан гэж үздэг. Ижил хүйстэн, тэдний гэрлэлт нь гэр бүлийн харилцааны тэгш байдлыг илтгэсэн жам ёсны харилцаа мэт сурталчлагдана. Үүний зэрэгцээ прогрессистууд өөрсөдтэйгөө зөрчилдөж, бэлгийн ижилслийг сонгож болно, харин эрэгтэй, эмэгтэйчүүдийн нийгмийн үүрэг бол эцгийн эрхт уламжлалын ялгаварласан хуурмаг байдал гэж мэдэгддэг.
 
Сүүлийн жилүүдэд прогрессистууд айдас, гэм буруутай мэдрэмжийн тусламжтайгаар барууны олон нийтийг онцгой амжилттайгаар төөрөгдүүлж байна. Барууны хүмүүс энэ сэтгэл хөдлөлд амархан автаж, айдастай байгаа нь үндэстэй. Юу гэвэл баялаг эдийн засгийн хүч чадал Ази руу шилжиж байгаа учир амьдралын өндөр түвшин, социаль ололт удаан оршихгүй. Манай гаригийн амьдралд үйл лай авчирч, хүн төрөлхтөний оршин тогтнолд аюул учруулж болох цаг уурын өөрчлөлт Барууны нийгмийг айлгаж байна. Гэхдээ орчин үеийн хүн төрөлхтөн манай гариг дээрх цаг уурыг хянах чадвартай бөгөөд өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэн түүнийг төлөвшүүлж чадна гэсэн ухаангүй ойлголт дэлхий даяар тархаж байгаа билээ.
 
Туйлын хүнлэг бус урьдач санаан дээр үндэслэгдэж байгаа учир цаг уурын алармизм онц аюултай юм. Тэр гариг дэлхийгээ аврах эрхэм дээд зорилгод үйлчилнэ. Иймээс олон зууны турш барууны соёл иргэншлийн үндсийг бүрдүүлж ирсэн хүнийг, эрх чөлөөг эрхэмлэх явдал хоёрдугаарт тавигдах болно. Гариг дэлхийн төлөө ардчилсан зарчим мартагдаж, хувь хүний эрх чөлөө хумигдана. Тэр ч байтугай хүний эрх ч ариун шүтээн биш болно. Бодит засаглал хэнд ч үл хянагдах идэвхтнүүд, медиа-мунхруулагчид, шальгүй эрдэмтдийн гараар хянагдана. Тэд олон улсын хэлэлцээр, байгууллагаар дамжуулан өөрсдийн хүсэл зоригийг бүх дэлхийд тулгаж байна. Зорилго нь хиймлээр гомогеничлэгдсэн хүн төрөлхтөн дээр дэлхийн ноёрхол тогтоох гэсэн барууны прогрессизмын аймшигт шинэ утоп юм. Үзэл санааны энэ урсгал төвлөрлийг сааруулахад маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Түүний зарим тэргүүлэх чиглэл тусдаа урагшилж, хэн ч тэднийг бүхэл нэгдмэл үзэл сурталд ил тодоор нийлүүлж чадахгүй байна. Ийм учраас бид ижил хүйстний гэрлэлт, хүний үүргийг тус тусдаа асуудал мэт маргалдаж, зүүн радикал утоп үзэл суртлын бүрэлдэхүүн гэж авч үзэхгүй байна. Орчин үеийн энэ зүүн үзэл суртал биднийг өдөр бүр улам хүчтэй дарамталж байгаа бөгөөд тэдний талынхан ноцтой хэлэлцүүлгээс зайлсхийж, эсвэл өөр үзэл бодлыг үл тэвчиж байна. Өөр ямар ч саналыг тэд худал зүйл, популизм хэмээн нэр хоч өгч, адил төстэй биш санаа оноог хуурамч мэдээ гэж зарлаж байгаа юм. Цензурт баяр хүргэж, үг хэлэх эрх чөлөөг дарангуйлж байна. Одоо санал зөрөлдөгсөдийн эсрэг янз бүрийн залхаалтыг чөлөөтэй хэрэглэж, мөрдөн мөшгих, сүрдүүлэх явдал дэлгэрчээ.
Тэмцэл хэрхэн хурц өрнөж байгааг прогрессистуудаас АНУ-ын ерөнхийлөгч Трампын эсрэг явуулж буй "хүйтэн дайн", Европын Холбооны орнуудад эрчимтэй муудаж байгаа байдал нотолж байна. Прогрессиситуудын довтолгоо нь дуугүй байгаа иргэдийн улам олон хэсгийг өөрөөсөө холдуулж, нийгэм туйлдаа хүртэл хуваагдав. Ийм нөхцөлд барууны уламжлалт ардчилсан улс төрийн систем үүргээ гүйцэтгэхээ болих аюул нүүрлэж байна. Учир нь нэг ч нам сонгуульд ялагдсанаа үл зөвшөөрч, бусад намын дэвшүүлсэн бодлогыг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Барууны бүх ертөнц өнөөдөр салаа зам дээр байгаа бөгөөд бид ч бас түүнтэй хамт.
 
 
Доктор Г.ТӨРТОГТОХ