sonin.mn
Монгол Улс Ардчиллын замыг сонгож, шинэ Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой энэ сарын 13-нд тохионо. Энэ өдрийн өмнөхөн АИХ-ын депутат асан С.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
 
-Та 1992 онд Үндсэн хууль батлалцах үйл хэ­рэгт оролцож байжээ.  Тэр цаг үеийн улс төрийн байдал, нийгмийн уур амьсгал ямар байсан тухай яриагаа эхлэх үү?
 
-1980-аад оноос  Мон­голын нийгэмд өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэл­зэж эхэлсэн. Барууны орнуудын нөлөө ч байсан болов уу.  Тухайн үед Чех, Югослав,  Польшод нийг­мийн өөрчлөлт, шинэчлэл ид явагдаж байв.  Тэнд сурч байсан залуучууд ч Мон­голд  өөрчлөлт хэрэгтэй гэдэг агуулгатай яриануудыг их гаргадаг байв. Ингээд манай сэхээт­нүүд нийгмийн тогтол­цоог өөрчлөх үйл хэргээ гүйцэлдүүлж эхэлсэн.  Хаалттай уулзалт, яриа хэлэлцээр хийж байсан.  Мөн хэвлэлийн хуудаснаа захидал, санал байдлаар улс төрийн товчооны ги­шүү­дийг шүүмжилж эхэлсэн. Энэ үйл явц үргэлжилсээр  1990-ээд оны үед нийгэм өөрчлөгдөх нь нэгэнт тодорхой болсон. Нөгөө талаар нийгмийн захиалга ч гэх үү энэ өөрчлөлтийг тухайн үеийн нам, засгийн удирдлагууд мэдэрч хүлээн зөвшөөрсөн. Би тухайн үед намын төв хороонд  ажиллаж байсан учраас тэр уур амьсгалыг сайн мэддэг.  Тэр үед МАХН-ын удирд­лагуудын зү­гээс асуудалд маш зөвөөр хандаж, буулт хийсэн. Энэ нь ч цаг үеэ бодсон шийдвэр байсан даа. Намын төв хороо наймдугаар бүгд хурлаа хийж, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.
 
-Бүрэн бүрэлдэхүү­нээрээ огцрох улс төрийн шийдвэр гаргасан гэлээ.  Тэгвэл хуулийн  хүрээнд энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
 
-1960 онд баталсан Үнд­сэн хуульд “БНМАУ-д Төр нийгмийн удирдан чиглүүлэх хүч нь МАХН нам мөн” гэсэн заалт бай­сан.  Нам төрийг орлож, тухайн улсыг удирддаг байсан.  Харин нийгэм нэгэнт өөрчлөгдөж байгаа учраас Үндсэн хуулийн тэрхүү заалтыг хүчингүй болгосон.  Өөрөөр хэлбэл, Намын төв хорооны найм­дугаар бүгд хурлаар Улс төрийн товчоо бүрэн бүрэл­дэхүүнээрээ огцорсон нь Үндсэн хуулиасаа татгалзсан хэрэг болсон.  Түүний дараахан АИХ-ын наймдугаар чуулганаар Үндсэн хуулийн тэрхүү татгалзсан заалтыг батал­гаажуулж,  нэг намын удирд­лага гэдэг дээр нэмэлт оруулсан. 
 
 
Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн улс төрийн намууд байж болох тухай заалт байсан юм.  Үүний дараагаар нийгмийн өөрч­лөлт эрч хүчээ авч эхэлсэн дээ.  Гэхдээ нэгэн зүйлийг онцлоход, эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд аливаа өөрчлөлтийг хуулийн дагуу, зөв чиглэлд шийдэх ёстой гэсэн байр суурийг тухайн үеийн удирд­лагууд эрэлхийлж бай­лаа.  Тэгээд 1990 онд АИХ-ын сонгууль явуулах хуулийг шинэчлэн батлаад 1991 оны сонгууль явуулсан байдаг. 
 
 
-Тухайн сонгуульд нэр дэвшиж депутатаар сонгогдсон хүний нэг нь Та.  Сонгуулийн үйл явцыг ямар байдлаар зохион байгуулсан бэ?
 
-Аймаг, сум бүрээс де­пу­тат сонгогдсон. Гэх­дээ нэг онцлог нь хөдөлмөрчдийн хурлаас нэр дэвшүүлж байв.  Ту­хайн сонгуулиар депутат болсон хүмүүсийн гол үү­рэг нь шинэ Үндсэн хууль батлах ёстой байв.  Би Өвөр­хангайн хүн л дээ. Гэхдээ Булган аймагт намын даал­гав­раар ажиллаж байсан. Энэ ч утгаараа  Булганы Баян-Агт суманд, намынхаа Бямбасүрэн гэдэг залуутай өрсөлдөж, олонхийн саналаар АИХ-ын депутатаар сонгогдож байлаа.
 
-АИХ-ын анхны ху­рал­даанаар ямар асууд­лыг шийдэж байв.  430 хүн сонгогдсон гэхээр уур амьсгал нь ямар байсан бэ?
 
-Төр засгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрч­лөх, анхны Ерөнхий­лөгчийг баталж,  Ерөнхий сайд Д.Содном гуай аж­лаа өгч, Ш.Гунгаадорж бол­сон. Мөн Үндсэн хуу­лийг өөрчлөх ажлын хэсэг байгуулж байв.  П.Очирбат ахалж, Улсын бага хурлын гишүүдээс хуулийн мэргэжилтэй,  мэдлэгтэй хүмүүсийг  авч Үндсэн хуулиа өөрчлөхөөр ажиллаж эхэлсэн.  Удалгүй Ажлын хэсгээс “Их засаг” нэртэй хуулийн төсөл боловсруулж, ард түмнээрээ хэлэлцүүлсэн. Ингээд 1991 оны арав­дугаар сард хуулийн эхийг АИХ-д оруулж ирсэн. АИХ-ын 430 депутат арав­дугаар сарын 11-нд анхны хэлэлцүүлгээ хийсэн.   Депутатууд дунд янз бүрийн үзэл бодолтой, насны хувьд ч зөрөөтэй хүмүүс байлаа. МАХН-ын гишүүд олонхи байсан.  Нөгөө намын төлөөллөөс орж ирсэн хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн. “Коммунистууд хуучин бодлогоо тусгах гэж байна”  гэсэн өнгө аясаар хандаж, зөрчилдөх, маргалдах зүйл бишгүй байлаа.  Үүнээс болоод талцах, намчирхах байдал нэлээд газар авч ер нь Үндсэн хуулиа баталж чадах уу үгүй юу гэсэн уур амьсгал хүртэл бий болж байсан.  Гэхдээ тухайн үед АИХ-ыг удирдаж байсан  Т.Уртнасан даргын ур чад­вар, зохион байгуулалт сайн байсан учраас энэ асууд­лыг даван гарч чадсан.
 
-АИХ-ын депутатын хувьд асуудалд ямар зарч­маар хандаж байсан бэ?
 
– Тухайн үеийн гишүүд монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, хүний эрхийг баталгаажуулахын төлөө Үндсэн хуулийг батлах ёстой гэсэн зарч­маар хандаж ирсэн.  Намын үйл хэрэг гэхээсээ илүү депутатуудын  чин хүсэл энэ байсан. Өөр ямар нэгэн бодол өвөртлөөгүй, жинхэнэ эх оронч сэтгэлт­нүүд сууж байсан гэж боддог юм. Аравдугаар сард хэлэлцэж эхэлсэн Шинэ Үндсэн хуулийн төс­лөө 70 гаруй хоног хэлэл­цээд нэгдүгээр сарын 13-нд эцэс­лэн баталж байлаа.
 
-Үндсэн хуулийн хэлэл­цүүлгийн явцад зарчмын заалтууд дээр ямар саналууд гарч байв?
 
-БНМАУ-ын нэрийг Монгол Улс гэж өөрчилсөн. Зарим депутатын зүгээс “Улсын нэрийг өөрчлөхөд нэлээд асуудал үүснэ.  НҮБ-д БНМАУ гэсэн нэ­рээр элссэн. Нэрээ өөрчлө­хөөр ямар улс гэж ойлгох вэ.  Зарим улстай андуурагдах байдал үүснэ”  гэх яриа ч олон гарсан.  Нэлээд маргалдсаны эцэст нэрээ өөрчлөх дээр санал нэгдсэн.  Мөн засаглалтай холбоотой асуудал байна.  Парламентынх байх юм уу. Ерөнхийлөгчийн засаг­лалыг сонгох юм уу гэсэн санал ч явж байв.  Тухайн үед АИХ нь парламентын үүрэг гүйцэтгэж байв.  До­роо бага хуралтай.  Тэ­гээд депутатууд нэлээд маргалдс­ны эцэст парла­ментын засаглалыг сонгож байлаа.  Энэ бол Үндсэн хуулийн нэг үнэт зүйл болсон юм. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд парламентын засаглалыг үгүйсгэх өнгө аяс улс төрд ажиглагдах боллоо. 
 
 
Парламентын засаглалаас ухрах ёсгүй гэж боддог.  Үндсэн хууль маань Мон­голын ард түмний оюуны өмч юм.  Ард түмэн энэ замыг сонгосон. 1992 онд Үндсэн хуулийг батлахад нэг сая гаруй  хүн саналаа ирүүлсэн байдаг.  Тэгэхээр засаглалын тухай хэн дуртай нь дураараа ярьж боломгүй. 
 
 
-Ер нь тухайн он жилүү­дэд ард түмний улс төр, нийгмийн оролцоо их сэргэсэн гэж ярьдаг?
 
-Тийм шүү.  Ард түм­ний оролцоо энэ үед маш их идэвхжсэн. Эрх үүргээ ухамсарласан, эх оронч үзэл нь сэргэсэн ийм он жил  байлаа.   Эх оронч үзэл гэхээр дайн байлдаанд явсан хүмүүсээр л төсөөл­дөг байсан үе.  Харин Үндсэн хуулиа ард түмнээр хэлэлцүүлээд эхлэхээр би энэ улсынхаа эзэн нь юм гэсэн нийгмийн ухамсар нь сэргэсэн.   Улс төрийн боловсрол нь нийтээрээ дээшилсэн.  Энэ нь мөн Анх­дугаар Үндсэн хуу­лийг ард түмнээр хэлэл­цүүлсний нэг үр дүн байсан.  Тэгэхээр анхдугаар Үндсэн хууль нь яалт ч үгүй Монголын ард түмний оюуны бүтээл.
 
-Ардчилсан Үндсэн хуультай Монгол Улс боллоо. Түүний маргаа­шаас нийгэм нэлээд бу­жиг­наж эхэлсэн.  Энэ үйл явцыг та юу гэж дүгнэх вэ.  Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн хэрэгжилт ямар байсан бэ?
 
-Үндсэн хуулиа да­гаж мөр­дөөд 27 жил боллоо.  Анхдугаар Үнд­сэн хууль маань дэлхийн жишигт нийцсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн тийм баримт бичиг  болсон.   Үүнийгээ дагаад нийгэмд тулгам­даад байгаа асуудлыг ард түмний эрх ашгийн хү­рээнд шийдвэрлэх орга­ник хуулиудыг батлах шаардлага гарсан.  Тухайн үед шинээр байгуулагдсан парламент, бага хурал шамдаж ажилласан. Нэг нийгмээс нөгөөд  шилжсэн, гадны тусламж дэмжлэг зогсч, өөрөө өөрийгөө авч явах шаардлага үүссэн тийм цаг үе байлаа.  Харин энэ хуулиудын хэрэгжилт дээр түүнээс хойшхи парламент, Үнд­сэн хуулийн цэц муу ажилласнаас өнөөгийн нийгмийн гажуудал үүссэн гэж хардаг.  Тухайлбал өмч хувьчлалын асуудал буруу замаар явсан.  Үүнтэй холбоотой  шийдвэрийн гол заалт болох тухайн өмчийн өмнө нь явуулж байсан үйл ажиллагааг зогсоохгүй, үргэлжлүүлнэ гэдгийг хэн ч дагаж мөрдөөгүй.  Улсын үйлдвэрийг хувьчилж авах ажлыг хийхдээ ажилчдыг нь хөөж гаргаад, тоног төхөөрөмжийг нь тоноод юу ч  үгүй болгосон.   Тухайн үед иргэд өмнөх нийгмийн сэтгэлгээнээсээ салаагүй, хөрөнгөтэй баян хүнийг үздэггүй ийм л байв.  Харин үүнийг зарим нэг хүн овжиноор ашиглаж баяжсан явдал бий.  Одоо Монголын баялаг хэдхэн хүний гарт орсон гэж яриад байна. Үүний эх үүсвэр нь ердөө өмч хувьчлалын асуудлыг гажуудуулсанд л байгаа юм.
 
-Та бүхний бодож санаж баталсан шиг тийм замаар явч чадаагүй юу?
 
-Яг тэгж хэлж болом­гүй.  Улс оронд  болж бү­тэж байгаа зүйл олон байна. Бидний амьдрал өөрч­лөгд­сөн. Гэхдээ иргэ­­дийн амьдрал жигд дээшилсэнгүй, баян хоос­ны ялгаа их байна.  Хүмүүнлэг иргэний ард­­чил­­сан нийгмийг цогц­лоон хөгжөөнө гэсэн Үндсэн хуулийнхаа тол­гойд тавьсан энэ үгийн мөн чанарыг бүрэн хэрэг­жүүлж чадсангүй.  Тэгээд одоо бүх бурууг Үндсэн хуульдаа өгч болохгүй.
 
-27 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрч­лөлт орууллаа. Энэ  хуулийн өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
 
-1992 онд Үндсэн хуу­лиа баталсан ч гэлээ шинэ нийгэмд шилжихэд улсаа яаж авч явах вэ гэсэн цэгцтэй хөтөлбөр байгаагүй юм байна.  Ба­рууны орныг дуурайсан зүйл бий.  Гэхдээ Монгол бол Монгол. Энэ хөрсөн дээр нийцсэн бодлого явах ёстой байсан. Нийгмийг бүхэлд нь харахад бодлого дээр алджээ гэж харж байна. Мөн Үндсэн хуулийн  Цэц өнгөрсөн хугацаанд үүргээ биелүүлж, Үндсэн хуулийн жинхэнэ манаач байж чадсангүй.  Тиймээс  нийгмийн болохгүй бүтэхгүй болгоныг Үндсэн хуульдаа чихэж болохгүй.  Мөнхийн хөдлөшгүй царцанг зүйл гэж байдаггүйтэй адил  энэ хуулийг өөрчилж болно.  Нийгмийн харилцаа гэдэг өөрөө баян учраас түүнийг дагаад зайлшгүй өөрчлөх зүйлүүд байлаа.  Төрийн эрх мэдлийн хуваарилалт, шүүх байгууллагын шинэчлэлийн асуудал гээд өөрчлөгдсөн заалтуудыг харсан.  Нэлээд нааштай зүйлүүд харагдаж байна.  Тухайлбал, Ерөнхий сайдад эрх мэдэл өгснийг зөв гэж харсан.  Нэгэнт л улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа юм бол сайд нараа өөрөө томилж, хариуцлагаа  ч өөрөө хүлээх хэрэгтэй.  Нөгөө талаар Үндсэн хуулийн хэрэгжилтийг сулруулсан зүйл нь иргэн болоод албан тушаалтны эрх,  үүргийн харилцаа юм.  Эрхийг нь маш өргөн хүрээнд зааж өгсөн атлаа үүрэг гэхээр хэдхэн зүйл байдаг.  Үүнийг Үндсэн хууль болоод дагалдах хуулиуд дээрээ зөв тусгаж өгөх хэрэгтэй.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин