sonin.mn
Бидний сайн мэдэх "Хатанбаатар" уран сайхны киноны Баатарвангийн дүрээр Монголын ард түмэнд анх танигдсан жүжигчин, УДБЭТ-ын найруулагч асан, МУУГЗ Л.Эрдэнэбулгантай ярилцлаа.
 
Таны хүй цөглөсөн газар болох Булган аймгаас ярилцлагаа эхлүүлэх үү, олон ч анхдагчийг өлгийдөн авсан газар даа ...
 
-Юуны өмнө танай сонины хамт олонд баярлалаа. Батлан хамгаалах салбарынхан, тэр дундаа цэргийн сонины сурвалжлагчтай уулзаагүй их удсан байна. Бараг 50 гаруй жил болжээ. Би Монгол Улсынхаа хойморт нь аж төрдөг хүн байхгүй юу. Томруулж яривал Булган аймаг, жижигрүүлвээс Бугат сумын уугуул. Бугат сумын Бухын голд төрж өссөн. Энэ хоймор нутгаас Монголын суу билиг хүмүүс олноор төрж гарцгаасныг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Үүнийг би өөрийн нэг насны бахархал гэж ойлгодог. Цогт хун тайж, хошой Чин ван Ханддорж, Монгол Улсын Ерөнхий сайд агсан Агданбуугийн Амар, Хувьсгалт цэргийн жанжин, Батлан хамгаалахын анхны сайд, Ардын Хатанбаатар С.Магсаржав, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, эрдэмтэн мэргэдээс С.Удвал, Ш.Гаадамба гээд тоочоод байвал бий. Ер нь 30 гаруй анхдагч төрсөн байдаг. Сансарт ниссэн анхны монгол хүн, БНМАУ, ЗХУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа, олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаяраас гадна холимог тулааны "One сhampionship", "Legend FC" холбооны дэлхийн аварга МУГТ Ж.Нарантунгалаг нь анхдагчид хэмээх эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтана.
 
 
Таны бүтээсэн "Хатанбаатар" уран сайхны киноны Баатарвангийн дүрээс зөөлөн ааш, аяг их мэдрэгддэг. Өрхийн тэргүүн, сайн аав ч гэж хэлмээр. Энэ дүрд тоглохын өмнө бие болоод сэтгэл зүйн хувьд өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ?
 
-Нэг өдөр ажлаа тараад Ленин клубийн автобусны буудал дээр зогсож байтал өндөр шөвгөр залуу хүрч ирэн мэнд ус мэдсэнээ өөрийгөө кино найруулагч Г.Жигжидсүрэн гэж танилцууллаа. Тэгснээ шууд л намайг Хатанбаатар Магсаржавын дүрд тоглуулна гээд зүтгэчихсэн шүү. Намайг дүрдээ тэнцэх үгүйг нь та тэгээд шалгаж үзэхгүй юм уу гэж итгэлгүйхэн хэлтэл би тэгдэг найруулагч биш л гэж байна. Ер нь анх тэгж таарсан цагаас хойш намайг тус дүрд тоглуулна гэсэн байр суурин дээрээ бат үлдсэн юм билээ. Харин би Ленинград хотод Хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа ингээд асуудал дууслаа, одоо ч намайг мартсан байлгүй гэж бодож байлаа. Гэтэл төгсөөд ирсний дараагаар найруулагч надтай ахин уулзсан. Ингээд анх Хатанбаатар Магсаржавын дүрд тоглохоор болж билээ. Тухайн үед Н.Цэгмид багш намайг хөтлөх шахам явж төв номын сан, цэргийн номын сангаар дагуулж дүртэй минь танилцуулж, судалгаа хийлгэдэг байлаа. Н.Цэгмид гуай монгол бичгээр уншсанаа хөрвүүлж, тайлбарлана. Надад ямар юмных нь монгол бичгийн боловсрол байх вэ. Тэгээд хамгийн сүүлд Ардын Хатанбаатар С.Магсаржавын бунхан дээр сийлсэн маршал Х.Чойбалсангийн хэлсэн үгийг орчуулж өгсөн. Үндсэндээ дүрийн судалгаа ингэж дууссан. Мөн киноны эх зохиол болох С.Удвал гуайн "Их заяа" романыг уншиж, мэдлэгээ ч баяжуулаад амжсан юм.
 
Энэхүү кино, нэн ялангуяа Баатарвангийн дүр тухайн үеийн хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэх, эх орноо хайрлах, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин таны хувьд ...
 
-Өөрийгөө их азтай хүн гэж боддог. Юу гэхээр, тус уран бүтээлийн ачаар Монголын сор болсон, гайхалтай уран бүтээлчидтэй нэг баг болж ажилласан. Жишээлбэл, С.Гэндэн, Д.Чимэд-Осор, Б.Лоовой, П.Цэрэндагва, Н.Сувд гээд нэрлээд байвал олон. Өөрөөр хэлбэл, дов довондоо байсан хүмүүс нэг зорилгын доор нэгдэж, гар нийлэн ажилласнаар бие биесээ улам дотно таньж мэддэг болсон гэх үү дээ. Миний хувьд итгэл муутай байсан ч түүнийгээ идэвх, зүтгэлээрээ нөхсөн гэж боддог. Кино олны хүртээл болсны дараагаар намайг нэрээр минь биш Баатарван гэж дуудах нь их сайхан сэтгэгдэл төрж, Эрдэнэбулган минь чи ч их хувь тохиолтой учирсан азтай хүн юм даа гэж бодогдсон.
 
Таны бие хүн дүрээсээ хэр ялгаатай санагдсан бэ?
 
-Эгэлгүй тийм хүнтэй би яаж ойрхон очих вэ. Цэргийн суут удирдагчаас гадна номонд нэвтэрхий, оюуны цараа ихтэй гээд олон янзын өнгөний хослол шиг хүн байсан санагддаг. С.Удвал гуайн зохиолд ч тодорхой тусгагдсан байдаг.
 
Бүтээсэн дүр, найруулсан жүжиг, кино, уран бүтээлүүдээс тань монгол омогшил, түүх, соёл, ёс заншил мэдрэгдэхийн зэрэгцээ зонхилох нь цэрэг, эх орны сэдэвтэй байх юм. Энэ талаар ...
 
-Миний хүүхэд ахуй, залуу нас их бужигнаан дунд ийш тийшээ үсчиж өнгөрсөн. Ер нь захирлын өрөөнд долоон хоногт нэг удаа дуудагдахгүй л бол тэс ондоо Л.Эрдэнэбулган болчих юм шиг санагддаг байв. Сүүлд л би гэдэг хүн овоо зүгширсэн. Ялангуяа уран бүтээлийн амтанд орсноор тэр шүү дээ. Нэг удаа концертын танхимд тоглолтын үеэр миний араас хэн нэгэн "Хөөе Тойлоо" гэх шиг боллоо. Олон жилийн өмнө намайг тэгж хочилдог байснаас биш одоо мэдэх хүн үгүй дээ гэж бодоод эргэж хартал хэн ч байсангүй. Ахиад л Тойлоо гэж дуудлаа, би тоосон ч үгүй. Гэтэл сүүлд Д.Сосорбарам надтай ирж уулзаад "Таныг багад тань Тойлоо гэдэг байсан юм уу" гэж асуухад нь гайхаад өнөөх гайхал чи байх нь "яаж мэдсэн юм" гээд нүдээ байдгаараа бүлтийлгэв. Тэгтэл Д.Сосорбарам миний сурч байсан сургуулийн багшийн гэрт хэсэг амьдарсан юм билээ. Манай багш л "Энэ Эрдэнэбулганыг яаж хүн болно оо гээд их санаа зовнидог байсан сан. Хүн ингэж өөрчлөгдөх гэж" гээд Д.Сосорбарамд багын Тоолойг дурссан байх нь тэр. Д.Сосорбарам ч их шооч хүн тул "Ер нь та их гүйдэлтэй, өдий зэрэгтэй ч байхааргүй хүн байсан юм байна лээ" гээд хөхөрч байсан. Уран бүтээлүүд сэдэв, агуулгын хувьд өөрт тань тэгж ажиглагдсан бол зөв. Надад учиргүй тийм үндсэрхэг үзэл байхгүй. Гэхдээ эх орон, газар шороо, нутаг усаа гэсэн үзэл их чамбай суусан. Хар нялхаасаа малын захад байсан нь ч бас нөлөөлсөн биз.
 
Жүжигчин хүний ажлыг сэтгэл зүйч, түүхч, хүн судлаач гээд олон талын үүрэгтэй гэж Д.Сосорбарам гуай "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлж байсан. Харин манайд үзэгчдийн боловсрол ямар түвшинд байгааг сонирхож байв уу?
 
-Түүхэн жүжиг, киног найруулж тавихын тулд найруулагч хүн эрдэмтэн болдоггүй юм гэхэд гологдохооргүй ойлголттой болох ёстой. Тэгж байж бусдад өндөр шаардлага тавьж сурна. Л.Лхасүрэн, Н.Намхайцэрэн, Д.Лувсаншарав, Ж.Чулуун гээд төлөвшил, хүмүүжлийн уурхай болсон олон хүн энэ театрт нэг насны амьдралаа зориулсан. Ахмад үетэйгээ ойр байх нь зөв, бурууг тунгаах шүүлтүүртэй болно гэсэн үг. Би ч тэдний дэргэд суралцаж, боловсорсон учраас хүн болж төлөвшсөн гэж боддог. Басхүү театрынхаа буянд гадаадын хоёр дээд сургууль төгссөн. Тэгэхээр тодорхой хэмжээний боловсрол олжээ гэсэн үг. Нэмж хэлэхэд, миний хийсэн уран бүтээл үзэгчдэд таалагдаж ч, болно таалагдахгүй ч байж болно. Ямартаа ч тодорхой хэмжээний сэтгэлийн таашаал авахын сацуу амьдралын үнэн худал, зөв бурууг тунгаагаасай гэж хүсдэг. Жишээ нь хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн "Үүлэн заяа" дууриас төрт ёс, ах зах, дэг жаяг, ёс жудаг гэж юу болох нь их тодорхой харагддаг юм. Мөн суут найрагч Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" өгүүллэгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал нар маш том жүжиг болгож тавьсан. Хүний амьдралын, ахуйн соёлын маш том философийг, хайр сэтгэлийн үнэн худал, хүний мөс чанар зэргийг тус жүжгээс харж болно. Сонирхуулахад, "Ламбугайн нулимс"-ыг хошин өгүүлэл, эмгэнэлт гээд Ч.Лодойдамба, Ш.Гаадамба хоёр талцаж ном хаялцаад тэнцсэн гэнэ лээ. Үнэхээр ч тийм. Нэгэн бодлын хошигнолтой ч бас эмгэнэлтэй жүжиг. Дуурийн төгсгөлд босгоны шороотой хутгалдаж суусан лам хайртай бүсгүйдээ хандаж "Чи өөр хүнтэй явах чинь хамаагүй, гагцхүү намайг битгий орхиоч ээ" гэсэн энэ үгэн дээр үзэгчид нулимс унагахыг нэг биш удаа харж байлаа. Тиймээс энэхүү дуурь хүний сэтгэлд хүрсэн, цаашлаад хүнийг хүмүүжүүлэх, ёс суртахууны хувьд орон зайгаа олоход нь нэмэр болж байгаа юм.
 
УДБЭТ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн менежментийн сайжруулалтыг хийснээс гадна зарим ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дорвитой дэмжлэг үзүүлсэн гэж сонссон. Жишээлбэл, нэг өдрийн дотор 35 айлыг орон сууцанд оруулсан явдал ...
 
-Монголд эстрад урлаг хөгжиж байх тэр цаг үед манай театрт "Үүрийн туяа" гэж хамтлаг байлаа. Ахлагч нь нэрт дуучин МУГЖ Ц.Дагванамдал гуайн хүү УГЗ Баатар байсан. Ерөнхийдөө театрынхаа орлого, үзвэрийн төлөвлөгөөг нугалдаг байв.
 
 
 
Түүхчид хааяа дурсаж байвал зүгээр санагддаг. "Үүрийн туяа"-гийнханд очоогүй газар гэж цөөн. Би ч хамт явах үе бий. Хамтлагийн залуус маань ёстой л шижигнэдэг байлаа. Тэднийхээ хөдөлмөрийг бодитой үнэлмээр санагддаг байлаа. Тэгээд долоо хоногийн чөлөө, бас машин өгөөд Улаан-Үд хот руу явуулахдаа "Чадал чинь хүрвэл та нар тоглолт хийгээд орлогоо өөрсдөдөө ав" гээд гаргаж өгч байсан.
 
 
 
Энэ бол хөдөлмөрийг үнэлж буй хэлбэр болохоос миний сайн, муугийнх биш юм. Театрын орлогч дарга О.Энхтуяа гэж ёстой гярхай, ажигч бүсгүй байв. Нэг өдөр ажилчдын байраар ороод гарч л дээ, бага зэрэг эмзэглэж зарим асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодсон юм шиг байна лээ. Тэр үед нь би театрын даргаар томилогдож, орлогчтойгоо хамт тухайн үеийн хотын захирагч Л.Энэбишээс том дэмжлэг авч 35 айлыг орон сууцжуулж билээ. Энэ мэтчилэн хийсэн ганц хоёр зүйл бий.
 
Генерал Сатогийн дүр таны хувьд цор ганц эсрэг дүр. Энэ дүрд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Г.Жигжидсүрэн найруулагч за гэвэл ёогүй. Ер нь тийм чадварлаг, гайхалтай уран бүтээлчтэй нэг баг болж ажиллаж байснаа өөрт оногдсон аз завшаан, хувь тохиол гэж ойлгодог. Анх танилцаж "Хатанбаатар" кинонд тоглосноос хойш дотно найзалж нөхөрлөх болсон, одоо бол миний хамгийн дотнын нөхөр. Тэр хүний мэлмийд миний дүр төрх гайгүй бууж, ур чадварын хувьд бас гологдохооргүй байсан юм байлгүй дээ гэж боддог. Генерал Сатогийн дүрд тоглоход монгол хүний займчиж явдаг шинж чанар нь бага зэрэг харшилсан. Бусдаар бол дүрдээ тэнцэхгүй, болохгүй гэсэн шүүмжлэл сонсож байгаагүй.
 
УДБЭТ-ын ирээдүйн хөгжил болоод залуу боловсон хүчний талаар таны бодлыг сонсъё ...
 
-Театртаа өнгөрүүлсэн цаг хугацаа, хийж бүтээсэн зүйлдээ маш сэтгэл хангалуун байдаг. Залуусыг ч тийм байгаасай гэж хүсдэг. УДБЭТ гэсэн хурдны галт тэрэг замдаа гарсан. Үүний нэг жишээ нь Д.Амартүвшин, дэлхийд нэртэй хамгийн том театруудад өөрийн орон зайгаа бий болгочихсон явж байна. Харин мэргэжлийн боловсон хүчний хувьд асуудал бий. Хуучин цагт боловсон хүчнээ төр тодорхой хэмжээгээр бэлтгэдэг байсан бол одоо өөр болж. Тэгэхээр зарим зүйл дээр төрийн бодлого үгүйлэгдэж байна. Ихэнх улс оронд төр нь сонгодог урлагийн театруудаа их бага хэмжээгээр дэмжиж ажилладаг.
 
 
 
Өнөөдөр УДБЭТ-т хамгийн чухал мэргэжил болох удирдаач, балетместр, найруулагч ховордчихсон. Иймээс бид улс төржсөн, намчирхсан үзэл, томилгооноос ангид байх ёстой.
 
 
 
Сүүлчийн асуултыг танд үлдээе ...
 
-Би Монголын Ардын Армийн Улс төрийн газрын Соёл урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан чөлөөнд байгаа хурандаа Д.Болдтой 60 гаруй жил нөхөрлөж байна. Бид хоёр хөдөлмөрийн гараагаа улсын Хөгжимт драмын театраас эхэлсэн. Харин дараа нь Ардын Армид хамт алба хаахыг хүсэх болсон. Тэгээд Болгар улсад сургууль төгсөж ирчихээд Цэргийн ансамбльд орно гэж агсам тавьж ч байсан удаатай. Ер нь мөрдэс зүүхийг их хүсдэг байж билээ. Гэвч хүслээр болоогүй юм. Миний бодлоор, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн маань олон улсад энхийг сахиулдаг болсон нь дэлхийд Монгол Улсаа сурталчлан нэр хүндийг нь өргөхөд маш том үүрэг гүйцэтгэж байна. Бидний бахархал яах аргагүй мөнөөс мөн.
 
Ярилцсанд баярлалаа.
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин