sonin.mn
Үндэсний ой санамж- 2 
 
 
Он цаг 
 
Аливаа эртний түүх соёлтой үндэстэн оршин тогтнохын тулд түүх, хэл соёлоо ариг цэврээр нь хадгалж, төрийн удирдлагын дээд хэлбэр болох төрийн зан үйлээ тууштай мөрдөх үүрэгтэй. Энэ бүхнийгээ үр хойчдоо өвлүүлэх үүрэг Монгол Улсын үндсэн хуулиар Монгол Улсын төрд ногдож буй. Төрийн зан үйл нь төрийн удирдлагын дээд хэлбэр тул төрийн зан үйлд аливаа түүхэн буруу тайлбар орох ёсгүй бөгөөд аливаа гадаад дотоодын буруу тайлбарыг нотлох баримтаар няцааж, эх түүхээ хамгаалах үүрэг үндэстний эх сурвалж судлаачдад ногдож буй. 
Удахгүй Цагаан сар болно. Цагаан сар нь манай төрийн зан үйлийн том хэсэг тул уг баяртай холбоотой аливаа буруу тайлбар байж үл болно.
Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам “Mонголчууд Цагаан сарыг эрт цагаас тэмдэглэн ёсолж ирсэн. Нэгэн үе цагаан сарыг намар хийдэг байснаа их эзэн Чингис хааны үеэс хаврын эхэн сард тэмдэглэх болсон” гэж эх сурвалжаас ангид ярилцлага SONIN мн сайтад 2019 оны 1 дүгээр сарын 18-нд  өгчээ. 
 
Энэхүү ярилцлагаар эх сурвалж үл судлаач С.Дулам нь түүхэн үнэнд нийцэхгүй мэдэгдэл хийснээр Хүн үндэстний ой санамжийг бохирдуулан төрийн зан үйлийн үүх түүхэнд ард олны итгэх үнэмшлийг сарниаж байна. Түүхэн баримт нотолгоогоор С.Дуламын Цагаан сарыг намар хийдэг байсан гэсэн мэдэгдлийг үндсээр нь СИЭ ТББ энэхүү нийтлэлээр няцаана. 
 
“Сэргэлэн Интернэйшнл Экспедишн” ТББ эртний түүх нийтлэлүүдээрээ Дунд орны тариалан аж ахуйн соёлын эхийг, байсинг буюу зуун нэртнийг нэгтгэн хураасан төр нь эх Шар мөрний зүүн өмнө хэсэгт оршдог мал аж ахуйтан овгоос үүсэлтэй тухай өгүүлсэн. Энэ баримтлалыг Дунд орны цөөнгүй судлаач дэмждэг. Энэ тухай Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” номдоо олон талаас нь бичжээ. Мал аж ахуйтны Шар мөрөн оршиж байсан тэдгээр овог Дунд орны түүхэнд хамгийн их гол усыг номхотгосон түүхтэй. 
Таван их эзний үе дөрөвдүгээр их эзэн Яо ингэж он тооллыг хөтөлж байжээ:
“Тэр нар, сар, од эрхсийг тооцож ард олондоо ажиллах хугацааг мэдээлдэг. Ул их эзэн Сичжуну-г Юйи газар суулгаж нарны мандалтыг мэдээлсээр хаврын ажлын явцыг чиглүүлдэг, хаврын өдөр шөнө тэнцэх өдрөөр Няо одоор хаврын хоёрдугаар сарыг тогтоодог. Энэ үед хүмүүс салж (хаврын ажлын үеэр залуус тариалангийн талбайд гарч, хөгшчүүд гэртээ үлдэнэ), шувууд өндөглөнө, мал төллөнө.
Ул их эзэн Си-шү-г Наньцзяо-д суулгаж зуны ажлыг чиглүүлдэг. Зуны хамгийн урт өдөр Хо одоор зуны хоёрдугаар сарыг тогтоодог. Энэ үеэр хүмүүс тариан талбайд гарна, шувууд өдөө унагаана, малын үс ноос гуужина?.
Ул их эзэн Хэ-чжуну-г баруун нутагтаа суулгаж нар харихыг ажиглуулж намрын ургац хураалтын ажлыг чиглүүлдэг. Намрын өдөр шөнө тэнцэх үеэр Сюй одоор намрын хоёрдугаар сарыг тогтооно. Энэ үед хүмүүс тайвширч шувуу малын өд, үс ноос ургана.
Ул их эзэн Хэ-шу-г умард нутагтаа суулгаж өвлийн ажлыг зохицуулна. Тэр ичиж буй амьтдыг ажиглаж, өвлийн хамгийн урт шөнө Мао одоор өвлийн хоёрдугаар сарыг тогтооно. Энэ үеэр хүмүүс дулаан газраа цугларч, амьтад болон шувуудын үс ноос болон өд бүрэн ургана.
Жил гурван зуун жаран зургаан хоногоос бүрдэнэ. Нэмэлт сараар дөрвөн улирлаа засна” Түүхэн тэмдэглэл Үндсэн бичвэр 1-р бүлэг.
 
Эрт дээр үеэс он тооллын эхлэлийг газар боловсруулах хаврын сарын эхнээс тооцож байжээ. Ургац хураах намрын сараас он тоолол нэн эрт үед эс эхэлж байжээ. С.Дуламд хэлэхэд нэн эрт ийм л байжээ.
 
Түүхэн эх сурвалжаар Хүн гүрний он тооллыг сөхөцгөөе!
“Он болгоны анхны сараар удирдагчид Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг. Таван сард Лүн хотод их чуулганд ирэн өвөг дээдэс, Тэнгэр газар, хүний болон Тэнгэрийн сүнс-гүйшнд тахил өргөдөг. Намар адуу таргалахаар дахин Их чуулганыг Дайлинд хийж, хүн малын тоог нягталдаг”. Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” НТӨ I зууны эхэн үе.
 
С.Дулам танд тайлбарлая. Жил гурван зуун жаран зургаан хоногоос бүрдэнэ. Нэмэлт сараар дөрвөн улирлаа засдаг гэдгийг бид Түүхэн тэмдэглэл Үндсэн бичвэр 1-р бүлгээс мэдэж авав. Тэгэхээр манай Хүн гүрэн намар адуу таргалахаар Дайланд Их чуулган хийдэг болохоос анхны сараа Намрын сараас тоолдоггүй байжээ. Үүнийг эх сурвалж нотолж байна.
Өмнөд Хүннүгийн он тоололтой холбоотой нэгэн түүхэн эх сурвалжийг сөхөцгөөе!
“Хүннүгийн заншлаар жилд гурван удаа тахилга хийнэ. Үргэлжид цаг оны сар, таван сар, есөн сарын нохой өдөр тэнгэр сахиусаа тахина. Өмнөд жангур (шанью) дотогшоо дагаснаас хойш Дунд орны Ди-г хамтатган тахих болов. Олон аймаг хурж төрийн хэргийг зөвлөлдөн морь болон тэмээ уралдуулан цэнгэнэ” гэж Өмнөд төрийн Сун улсын түүхч Фан.Э-гийн V зууны эхэнд бичсэн “Хожуу Хан төрийн бичиг”-тээ бичжээ. Энд намар адуу таргалахаар Дайлан хийдэг Их чуулганы хугацааг есөн сар гэж тодотгож байна. С.Дулам танд хэлэхэд: “Хүн гүрний үед он тоолол намар эхэлж байгаагүй гэдгийг эх сурвалжууд хөдлөшгүйгээр баталж байна”.
 
Манай түрэг төр нь НТ 552 оноос 742 он хүртэл оршжээ. Ингээд Гол тигэн хадан бичээс болон Умард төрийн түүх дэх Түрэг Тэлэ-гийн шастираар Түрэг төрийнхөө он тооллыг С.Дулам танд хангалттай тайлбарлаж ман чадна.
 
Гол тигэн хонин жилийн шөнийн арван долоонд өөд болжээ. Түрэг Тэлэ шастирт ингэж бичжээ: “Үхвэл эсгий гэрт цогцсыг нь байлгана. Үр хүүхэд болон төрөл төрөгсөд, эр эм нь хонь адуу гаргаж эсгий гэрийн өмнө дэлгэж тахилга үйлдэнэ. Эсгий гэрийг эргэн долоон удаа давхина. Эсгий гэрийн хаалганы өмнө уйлж нүүрээ хутгаар зүсэж цус нулимсаа зэргээр урсгана. Ингэж долоон удаа үйлдээд зогсоно. Өдөр сонгон талийгаачийн унаа морь, эдэлж байсан эд юмсыг цогцостой хамт шатаана. Чандрууг нь хурааж аван цагийг хүлээж байгаад булна”.
Гол тигэн хадан бичээсэнд: 9-р сарын 27-ны өдөр уй гашуудлын зоог барьжээ гэж бичжээ. Тэгэхээр чандрыг нь 9-р сарын 27 нд булжээ. Түрэг Тэлэ шастирт ингэж бичжээ: “Намар, өвөл нас барсныг өвс мод урган хөхрөн дэлгэрэхийг хүлээж байгаад газарт нүх ухан оршуулна. Оршуулгын тэр өдөр нь төрөл төрөгсөд тахилга үйлдэх бөгөөд морь уралдуулан нүүрээ зүсэх нь урьдах гашуудал хийх лугаа адил. Газрын хөрсөн дээр булш овоолон гаргаж байшин барьж дунд нь талийгаачийн дүрсийг зурж мөн түүний амьддаа байлдаж байсанг нь харуулна. Нэг хүн алсан бол нэг чулуу босгоно. Зарим нь мянга, зуун чулуу босгох нь бий. Тахилганд хэрэглэсэн хонь адууны толгойг бүгдийг нь шонд өлгөнө. Энэ өдөр нь эр эм бүгдээр сайхан хувцаслаж оршуулгын газарт хурна”. 
Түрэг төр нь 573 онд Буддын шашин залсан тул цогцсыг чандарлах болжээ. Чандрыг хадгалж болно. Есөн сарын 27 гэдэг нь өнөөгийн 10 сарын сүүл орчим болно. Зундаа сааль сүүгээ базаж, идшээ хийсний дараа 9-р сарын 27-нд Гол тигэний чандрыг булж том зоог барьжээ. Манай Түрэг төрийн үед мөн он тоолол намрын сараас эс эхэлж байжээ. Түрэг төрийн хүн амын 95 хувь нь Хүннүгийн хойчис Тэлэчүүд байжээ.
 
С.Дулам танд хэлэхэд: “VI-VIII зуунд Түрэг төр он тооллоо намрын сараас эхлүүлж байсангүй”.
 
 
Хүн гүрний хур байсан Сяньби төрийн хойчис IX-XII зууны Кидан төр он тооллыг хэрхэн хөтөлж байсан баримтыг И Лүн ли-гийн “Кидан төрийн бичиг” номны 27-р бүлгээс харцгаая!
Киданчууд цаг оны сарын шинийн нэгэнд хаан ноёд нь хундан цагаан хонины тархийг наалдамхай тутаргатай хольж зангидсан нударганы хэмжээтэй зуурна. Орой нь хөгжимдөн дуулж бүгд найр хийнэ гэжээ. IX-XII зууны Кидан төр нь Буддын шашны зан үйлийг дагаж байжээ.
Мөн цагаан (цаг он) сарын дараа хавар эхэлдэг тухай уг бүлэгт бичжээ. 
 
С.Дулам танд хэлэхэд: “IX-XII зууны Кидан төрийн он тоолол нь намар цагт эхэлдэггүй байжээ”. 
 
 
Монголын нууц товчооны 26-р хэсгийн хамгийн сүүлийн өгүүлбэрийн төгсгөлд “...хон гарпа” – он гарав. 27-р хэсгийн эхний өгүүлбэрийн эхний хоёр үг “капар болупа”-хавар болов. Тэгэхлээр эхлээд он гардаг, дараа нь хавар болдог гэдгийг Монголын нууц товчоо баталж байна.
С.Дулам танд хэлэхэд: “Эхэлж он гардаг юм байна. Дараа нь хавар болдог юм байна. Он тоолол манай Буган сүлдэт төрөөс эхлэн Хүн гүрэн, Түрэг төр, Уйгур төр, Их Монгол улс хүртэл өвлийн тачир хүйтэн цаг дуусахад эхэлж хаврын улиралтай золгодог байжээ”.
“Mонголчууд Цагаан сарыг эрт цагаас тэмдэглэн ёсолж ирсэн. Нэгэн үе Цагаан сарыг намар хийдэг байснаа их эзэн Чингис хааны үеэс хаврын эхэн сард тэмдэглэх болсон” гэж С.Дулам та бичжээ. Та Цагаан сар гэдэг үгнийхээ утга учрыг мэдэхгүй, ихээр төөрч буй нэгэн байна. Иймд Цагаан сар нь цаг он сар болох тухай нийтлэлийг таны алдааг засахын ялдамд ард олондоо хүргэнэ. Эх сурвалж судлахгүйгээр үндэсний ой санамжтай холбоотой нандин зүйлийг доктор зэрэг болон Ардын багш цолоор өгүүлж үл болно. 
 
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
 
 
Үргэлжлэл бий