(Гарц шийдэл дэвшүүлсэн өгүүлэл)
 
ОРШЛЫН ОРОНД ; ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС
 
2017-02-15. Өнөөдөр Улаанбаатарын агаар ер бусын цэлмэг тунгалаг байна.Өнгөрсөн оны 11-р сарын сүүлчээс нийслэлийн тэнгэрийг бүрхэн байсан “агаарын бохирдлын их тунарал” зайлан оджээ. Энэ бол байгаль өөрийн зүй тогтлоосоо гажиж цаг үеээсээ өмнө ачит салхи илгээсний бодит үр дүн. Хэдхэн хоногийн дараа хаврын салхины үе эхлэж Улаанбаатарчууд утаагаа мартах болно.
 
 АГААРЫН БОХИРДОЛ БА ЦАГ УУР
 
Ази тивийн төв өндөрлөг буюу манай орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 11- р сарын дунд үеээс 3 - р сарын эх хүртэл цаг хугацаанд эрс хүйтэн цаг уур ба үүлгүй цэлмэг, салхины ер бусын намдуу байдал үүсдэг. Энэ нь дэлхийн сэрүүн бүслүүрт оногдох нарны гэрлийн нийлмэл цацрагийн ойлт,шингээлтийн “альбедо”-гийн итгэлцүүртэй шууд холбогдоно. Ази тивийн энэ бүс нутагт  энэ цаг үед агаарын чийгшил ба үүлшилт маш бага байх бөгөөд үүнээс шалтгаалан бүс нутгийн хэмжээний температурын хэлбэлзэл унтарч, дулаан ба хүйтэн фронтуудын мөргөлдөөн намжин, салхины нам гүм байдал ноёрхоно. Чухам энэ цаг үед л хойд туйл ба баруун, зүүн Сибирт үүсэх эсрэг циклоны агаарын хүйтэн урсгал аажмаар тархан ирж их даралтын оронг үүсгэнэ. Энэ үед нийслэл хотын оршин суугчдын ахуйн хэргэлгээний нүүрс түлэлт хамгийн дээд хэмжээнд хүрч өтгөрөл өндөртэй утааны тунаралт бий болно. Энэ хорт тунарал оршин суугчдын эрүүл мэндэд ямар их эрсдэл учруулдагийг бид мэднэ.
 
 АГААРЫН БОХИРДОЛ БА САЛХИ
 
Дурдсан хугацааны өмнө ба хойно ч утааны гаралт багагүй хэмжээгээр байх боловч урин цагийн аясаар бий болдог улирлын мусссон салхи агаарын бохирдлын тунралыг саринуулан замхруулдаг. Агаарын бохирдлын гамшигт тунаралтад зөвхөн манай нийслэл төдийгүй дэлхийн томоохон хотууд ч нэрвэгдэж байдаг. Жишээ нь; АНУ -ын Лос - Анжелос, Энэтхэгийн үйлдвэрлэлийн том төвүүд, Ереван, Алма - Ата, Тегеран, Бээжин, Хөх хот, Челябинск, Камерова зэргийг нэрлэж болно. Дэлхийн бусад бүх их хотуудын агаар мандалд агаарын бохирдлын тунаралт бий болдог боловч тэдгээрийн өтгөрөл ба сариналтын  үзүүлэлтүүд янз бүр байгаа нь тухайн хотуудын газар зүйн байрлал болон салхины үйлчлэлүүдийн онцлогоос шалтгаалдаг байна. Дээр нэр дурдсан хотууд манай нийслэлийн нэгэн адил газар зүйн “тогоонд” (котловин)  буюу өндөр уулсын хоорондох хагас нээлттэй нам дор хөндий хоолойнуудад орших ажээ. Газар нутгийн энэ онцлог нь тухайн бүс нутгийн “зонхилох чиглэлийн салхи” ба орон нутгийн “уул хөндийн салхины” урсгалын чиглэлүүдийг өөр хооронд нь сөргөлдүүлж, хотын агаар мандлын нэг чиглэлийн ерөнхий орчил сэлгээг зогсонги байдалд оруулан, агаарын бохирдлын их тунаралыг нөхцөлдүүлдэг ажээ.
 
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 гаруй хувийг гаргадаг гэр хорооллуудын яндангаас гарсан дутуу шаталтын утаа тортог бага өндөрт хөөрч удалгүй газарт буух боловч хотын авто машины хөдөлгөөнөөс үүсэх явган салхи болон уул хөндийн бэсрэг  салхины урсгалууд  дахин бага өндөрт  дэгдээдэг ажээ. 
 
Их далайн эрэг хөвөө ба задгай тал нутагт байрлах том хотуудын агаар мандлын бохирдлын тунаралыг дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөс үүсэх “королиус” буюу “зонхилох чиглэлийн” салхи түүнчлэн сэрүүн бүсийн “улиралын муссон”,их усны мандал ба эрэг хөвөөний хооронд үүсэх ”бриз” салхины урсгалууд саринуулан зайлуулж, агаар мандлын найрлагын бүтэцэд  сэлгэлт явуулж чаддаг байна. Харин газар зүйн рельефийн онцлог байршилд байх хотуудын агаар мандлын бохирдлын тунаралт урт удаан хугацааны туршид өтгөрөл нь улам нэмэгдэж байдаг аж. ОХУ-н шинжлэх ухааны нэг өгүүлэлд агаарын бохирдол ба салхины хүчин зүйлийн тухай ингэж өгүүлсэн байна. ( Салхины хүч 0 -3 м/с бол бохир агаарын бохирдлын тунарал зөвхөн өөр хоорондоо үл ялиг сэлгээгдэх хэмжээнд явагдана. Салхины хүч 5 м/с хүрвэл агаарын бохирдол 60% хүртэл зайлуулагдана.Нэг чиглэлийн салхи 7 м/с хүрвэл бүрмөсөн зайлуулагдана.) гэжээ.
 
 САЛХИНЫ ЧИГЛЭЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛ
 
Нийслэл хот байрлах “газар зүйн тогооны” нам өндрийг хамааран явагддаг “уул хөндийн салхины” урсгал зүүнээс баруун тийш буюу газрын өндөрлөгөөс намсах чиглэл рүү байдаг бол харин бүс нутгийн“зонхилох чиглэлийн салхины урсгал” эсрэг чиглэлд байдаг нь агаарын бохирдлын тунралын тогтвортой байдлын бас нэг хүчин зүйл болдог. Энд өөрийн ажигласан нэгэн жишээг дурдаж болох юм. Эрдэнэт хотын агаарын бохирдол үүсгэгч гэр хороолол харьцангүй өндөрт байрших ба зонхилох чиглэлийн салхи болон газрын уруудам дагасан уул хөндийн салхиуд цөм нэгэн чиглэлд байдаг тул тэнд үүссэн агаарын бохирдол удаан хугацааны тунаралт үүсгэдэггүй байна. Түүнчлэн Архангай аймгийн төв Цэцэрлэг хотыг ч энэ жишээнд хамруулж болох юм.
 
Энэхүү өгүүлэлд дурдагдсан  жишээ баримтууд нь физик цаг уурын шинжлэх ухааны судалгааны баталгаатай дүгнэлтэд үндэслээгүй бөгөөд зөвхөн сонирхогчийн хувийн ажиглалтад тулгуурласан гэдгийг онцлон дурдууштай.
 
Газар зүйн рельефийн онцлог, цаг агаар, салхины хүчин зүйлүүд, “дулааны арал” ба “температурын инверс” үзэгдлүүдийн  харилцан хамаарлын улмаас агаарын бохирдлын их тунаралт үүсдэгийг зөвхөн танин мэдэхүйн үүднээс мэдээлээд өнгөрөх нь учир дутагдалтай. Бохир агаарын тунарал ихтэй хот бүхий улс орнууд энэ гамшигт үзэгдлийн уг үндсийг таслан зогсоох талаар бүх төрлийн арга хэмжээ төлөвлөж хэрэгжүүлж байна. Хятад улс нийслэл хотынхоо дундуур цахилгаанаар ажиллах хүчирхэг цувраа сэнс байгуулан агаарын бохирдлоо саринуулан хөөх санаачлага гаргаж байсан. Мөн Японы эрчим хүчний “Якуза” фирм хятадад өргөн уудам газар нутгийг хамарсан дулааны хэм дээшлүүлэх төсөл санал болгосон зэргийг дурдаж болох юм. Гэтэл манай шинжлэх ухааны байгууллагууд энэ талаар санаачлага өрнүүлэхгүй байгаа нь байгалийн өөрийн зүй тогтлын хуулийг өөрчлөх боломжгүй гэдэг ягшмал ойлголтой байгаатай холбоотой байх шиг санагдана. Дэлхийн хэмжээний  цаг уурын зүй тогтлыг өөрчлөх боломжгүй гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Харин хэдэн арван кв км - ээр хэмжигдэх газар нутагтай  нийслэл хотын “газар зүйн тогоонд” хуримтлагдсан агаарын бохидлын гамшигт тунралыг багахан хэмжээний салхи үүсгэн сэмлэн хөөх байгууламж байгуулж хэрэгжүүлж болно гэсэн “зөгнөлт” төсөл бий.
 
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ НЬ;
 
# Нарны гэрлийн нийлмэл цацраг ба түүний ойлт болон шингээлтийн альбедо - гийн итгэлцүүр (коеффицент) дэлхийн цаг уурын өөрчлөлтөд шийдвэрлэх хүчин зүйл болдогийг бид мэднэ. Байгалийн энэ зүй тогтлыг ашиглан нийслэл хотын газар зүйн рельефийн тохиромжтой цэгт температурын хэлбэлзэлээр  салхи бий болгох хиймэл байгууламж байгуулж агаарын бохирдлыг саринуулан хөөж болно. Ийм төслийг хаа нэгэнтээ хэрэгжүүлж байсан тухай  мэдээлэл олж сонсоогүй тул үүнийг зөгнөлт төсөл гэж нэрлэж байгаа юм. Тодруулбал; Энэ нь тухайн орчинд нарны  цацрагийн “шингээлтийн итгэлцүүрийг” эрс нэмэгдүүлэх замаар температурыг нэмэгдүүлж  салхи үүсгэх байгууламж юм. Өөрөөр хэлбэл температур нэмэгдэж агаар сийрэгжиж байгаа газар руу салхи градиентийн үечлэлээр тасралтгүй урсдаг байгалийн ердийн зүй тогтлыг үндэслэн агаарын бохирдлыг саринуулан хөөх байгууламж байх юм.
 
 
 
 # Энэ байгууламжийг нийслэл хотын зүүн өмнөт талын хамгийн нам хөтөл болох Хоолтын даваанд байгуулна. Миний ажиглалтаар энэ даваа нь нийслэл хот орших бүс нутаг дахь “королиус” ба “зонхилох чиглэлийн” салхины урсгалын дагуу чиглэл бөгөөд улирлын муссон салхи идэвхжих үед хотын агаар мандлын бохидолт давхрага саринан зайлуулагдаж байдаг нам хөтөл болно. Түүнчлэн энэ давааны өндөрлөг нь хотын агаарын бохирдлын тунаралын дундаж өндөртэй адил төвшинд байдаг онцлогтой.
 
 
 
# Байгууламжийн ерөнхий төлөв нь нарны цахилгаан станцтай төстэй байна. Байгууламжийн нийт талбайн хэмжээг дулаан үйлдвэрлэх ерөнхий тооцоолол ба салхины тархалтын градиентийн үечлэлийн хэмжээг баримтлан сонгон авна. Нэгж дэлгэц  нь гүн хар өнгөтэй, барзгар гадаргуутай, (selective caoting) нийлэг мяндсан хийцтэй байна. Дэлгэцүүд нь нарны гэрлийн цацрагийг дулааны энерги болгон хувиргах хамгийн өндөр итгэлцүүрийг (АҮК) хангасан байна. Дэлгэцүүдийн нартай харьцах өнцөг нь өвлийн улирлын өглөөний 10 цагаас өдрийн 16 цаг хүртэл нарны энерги хүлээн авахад тохирогдсон байрлалтай байна. Станц шөнийн цагт хуримтлагдсан агаарын бохирдлын тунаралтыг өдрийн 6 цагийн туршид сэмлэн зайлуулах замаар завсарлагат циклээр ажиллана.
# Байгууламжийг монгол орны хүйтрэлтийн оргил цаг үе ба салхины хамгийн тогтуун үе болох 11- р сарын дундаас 3 - р сарын дунд үе хүртэл ашиглана. Бусад үед нэгэн чиглэлд үйлчлэх улиралын муссон салхи хангалттай байх тул материалын эдэлгээг уртасгах ба бусад сөрөг нөлөллүүдээс болгоомжлох зорилгоор дэлгэцүүдийг хураан авна. Байгууламжийг ашиглах энэ цаг үед энэ бүс нутагт агаарын чийгшил хамгийн бага, үүлгүй цэлмэг байдаг тул нарны гэрлийн нийлмэл цацрагийн хэмжээ ба АҮК харьцангүй өндөр байна.
# Байгууламжийг барьж байгуулахад гарах эдийн засгийн зардлын хэмжээг агаарын  бохирдлоос шалтгаалан нийслэл хотын оршин суугчдад учирч байгаа эрүүл мэндийн хохиролтой харьцуулан тооцож үзвээс зохистой. Ийм маягийн хоёр дахь байгууламжийг бүс нутгийн “ зонхилох чиглэлийн салхи ба “орон нутгийн салхины урсгалуудын тулгарах цэг буюу Сонгинхайрхан уулын зүүн өмнөд хэсэгт ч байгуулж болох юм.
Энэ сэдэвтэй холбоотой ажиглалтын хэд хэдэн судалгааны өгүүллэгүүд надад бий. Надтай харьцахыг хүсвэл 88840133 утаар харьцана уу. 
 
 
 Л.Лхагва