sonin.mn
Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх 2018 оны 46 дугаар зарлигийн хүрээнд “Монгол бичгийн урт болон дунд хугацааны III хөтөлбөр”-ийг батлуулахаар боловсруулжээ. Тус хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүн, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор, дэд профессор Л.ЖУМДААНТАЙ ярилцсанаа хүргэе.
 
-"Монгол бичгийн урт болон дунд хугацааны III хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх болсон шалтгаан болон онцлогийн талаар юуны түрүүнд тодруулъя?
 
-Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталж, тухайн жилийнхээ долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуульд бичиг үсэгтэй холбоотой чухал заалтыг оруулсан нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн болон орон нутгийн байгууллагууд албан хэргийг хос бичгээр хөтлөх явдал юм. Уг заалтыг хэрэгжуүлэхийн тулд наана нь бид бэлтгэл ажлаа сайтар хангах ёстой. Монгол хэлний тухай хуульд зааснаар гол ажил нь Монгол бичгийн урт болон дунд хугацааны хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх үйл явц юм. Үүний үр дүнд тулгуурлаж хос бичигт шилжих боломж бүрдэнэ. Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш таван жил өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, бид багагүй хугацааг алдчихжээ. Уг хуулийг хэрэгжүүлснээс хойш нэг жилийн дараа энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүс цуглаж, Монгол бичигтэй холбоотой хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс суурийг нь тавьсан. Үүний хүрээнд өмнө нь хоёр ч хөтөлбөрийг хэрэгжүүлж байлаа. Үүний үндэс, гол утга санаанд тулгуурлан Монгол бичгийн урт болон дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулаад байна. Хөтөлбөрийг бэлтгэх ажлын хэсэгт МУИС, МУБИС, Хэл бичгийн хүрээлэнгийн болон багш нарын төлөөлөл багтсан. Боловсруулсан хөтөлбөрөө яамд руу явуулж, тэднээс санал ирүүлсний дотор Сангийн яам төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлаар уг ажлыг хойшлуулсан тал бий. Ингэж явсаар он гарч өмнөх санал хүчингүй болсон. Тиймээс яамдаас дахин санал авах шаардлагатай болсон юм. Хөтөлбөрийг шуурхай батлуулах үүднээс ажлын хэсгийн хүн тус бүр хоёр яам хариуцан яамд руу албан бичиг явууллаа. Надад ГХЯ, Эрчим хүчний яам оногдсон тул саналыг нь дахин авсан. Одоо Засгийн газрын хуралдаанаар оруулахыг хараад л сууж байна.
 
-Монгол бичгийн үндэсний III хөтөлбөр өмнөхөөсөө юугаараа ялгаатай болсон бэ?
 
-Гол онцлог нь хугацааны хувьд шахуу. Түүнчлэн хуульд оруулсан бичиг үсэгтэй холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх нь чухал. Мөн I, II хөтөлбөрөөс хэрэгжүүлж амжаагүй заалтуудыг үргэлжлүүлэхээр тусгасан.
 
 
 
Өмнөх хөтөлбөрүүдийг бодоход Монгол хэлний тухай хуультай уялдуулан хийсвэр заалтыг хасч, орчин нөхцөлтэй нь зохицуулсан гэж ойлгож болно. Хэрэгжүүлэх боломжтой, бодит заалтуудыг уг хөтөлбөрт оруулсан.
 
 
 
-Өмнөх хөтөлбөрүүдийн хэрэгжилт тааруу болсныг олон зүйлээс харж болно. Цаасан дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлах нь чухал биз дээ?
 
-Монгол бичгийн үндэсний I хөтөлбөрийн хэрэгжилт 80 хувьтай байлаа. Үүний адил II хөтөлбөрийн хэрэгжилтийг 70-80 хувь гэж үзсэн. Гэсэн ч яагаад бодит үр дүн гарахгүй байна вэ гэдгийг харахад тал талдаа анхаарах зүйл байна. Тухайлбал, олон нийт өрөөсгөл ойлголттой байгаа юм. Үндэсний бичиг үсгийн мөн чанарыг ойлгохгүйгээр хоцрогдсон, хуучирсан гэдэг агуулгаар ханддаг. Монгол хэлний тухай хуулийг батлуулах ажлын хэсэгт байхад УИХ-ын гишүүдийн дунд ч буруу ойлголттой хүн байсан. Тиймээс ойлголтын зөрүүг арилгах хэрэгтэй байна. Хэрэглээ бий болгоход анхаарах нь чухал. Үүний хүрээнд дунд сургуулийн зарим сурах бичгийг монгол бичгээр хэвлүүлье. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгон монгол бичгийн тогтмол булантай, телевизүүдийг монгол бичгийн цагтай болгоё гэх зэргээр хөтөлбөрт тусгасан. Монгол хэлний тухай хуульд дээр дурдсан шиг заалт байдаг ч хэрэгжүүлдэггүй. Нөгөө талаас байгаа орчин нөхцөлдөө тааруулан хуульд заасны дагуу хүний нүдэнд ил байдаг, тухайлбал албан байгууллагын хаяг, сурталчилгааны самбар зэргийг нэг мөр болгон жигдэлье гэж байгаа юм. Дээрээс нь Улсын их дэлгүүр орчмын нэг гудамжийг жишиг болгож, хаягийг нь сольсон. Мөн судалгаагаар зарим аймаг хаяг, сурталчилгаагаа монгол бичгээр жигдэлж байна. 
 
-Улсын хэмжээнд монгол бичгээр уншиж, бичдэг хэчнээн хүн байгаа талаар нэгдсэн судалгаа хийсэн үү?
 
-Ийм судалгаа бараг байхгүй. Харин энэ удаагийн Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт улсын хэмжээнд, нас, мэргэжил гээд бүх шатны ангиллаар судалгаа хийх заалт оруулсан. Мөн олон нийт Монгол бичгийн ач холбогдлын талаар ямар ойлголттойг мэдэх зорилготой судалгаа авах юм. 
 
-Цахим хэрэглээнд зориулж ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
 
-Өвөрмонголын голдуу эрдэмтэд оролцоод нэг юникодыг 2000 онд батлуулсан. Тэр кодоо бид одоо хүртэл ашиглаж чадахгүй байна. Учир нь, дутуу дулимаг ажил болчихсон. Тиймээс зарим өгөгдлийгтаньдаггүй. Энэасуудлыг өнгөрсөн жилийн хавар болсон хурлаар шийдвэрлэх боломж бүрдсэн. Монголын Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар, судлаач эрдэмтэд болон Өвөрмонголын эрдэмтэд оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй хурал болсон. Өвөрмонголын эрдэмтэд дүрс үсгийнх нь юникодыг, манай улс авиа зүйн чиглэлийнхийг нь авна гээд байсан юм билээ. Харин өнгөрсөн хаврын хурлаар байр сууриа нэгтгэж, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх юникод нь авиа зүйд тулгуурлана гэдэг нэгдсэн шийдэлд хүрсэн. Энэ хавар томоохон хурал болно. Түүгээр ажил бүр цэгцрэх байх. Өөрөөр хэлбэл, компьютер дээрх гадаад хэл сонгох цэсэнд монгол бичгийг суурилуулна. Энэ хэрээр монгол бичгийн хэрэглээ нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгай заалт болгож оруулсан.
 
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийг Монгол бичгийн булантай болгоно гэсэн заалтын хэрэгжилтэд хэрхэн анхаарал хандуулах вэ?
 
-Даяаршлын үед бид хэл соёлоо авч үлдэх ёстой. 1940-1990 оны хооронд Монголчууд Европын орнуудад голдуу боловсрол эзэмшсэн байдаг. Монгол бичиг үсгээсээ их хөндий байсан нь үнэн ч үүнээс төвөгшөөж болохгүй. Харин ч зөв ойлгох ёстой. Жишээлбэл, “Монголын нууц товчоо’’-г кирилл бичигт буулгахдаа буруу хөрвүүлчихсэн байдаг. Үүний эхийг нь үзэж уншиж байж зөв болгоно. Ер нь олон нийтэд мэдээлэл түгээж, зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Түүнээс биш хүчээр хийгээд ч нэмэргүй болов уу.
 
-Үүнийг хэрэгжүүлэхэд хэн анхаарал, хяналт тавих үүрэгтэй юм бэ?
 
-Хуульд БСШУСЯ хариуцна гэж заасан байдаг. Мөн эрх бүхий байгууллага гэсэн заалт оруулсан байдаг нь хүрээлэн юм. ШУА-ийн дэргэд ийм хүрээлэн байгуулна гээд заачихсан. Хэл шинжлэлийн хүрээлэн гэж шинэ байгууллага бий болгоно гэсэн үг.
 
-Монгол бичгийн журамласан толь гаргахаар ярилцаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
 
-Хуульд зааснаар бид Монгол бичгийн журамласан толь хийх ёстой ч төсөв хөрөнгө муу гэх шалтгаанаар хойшлоод л байна. Монгол болон Өвөрмонголын эрдэмтэн судлаачдын хэвлүүлсэн толь бичигт зөрсөн, ялгаатай зүйл олон бий. 
 
 
Өнгөрсөн жил Өвөрмонголд очихдоо зөрүүтэй бичиж байгаа үгийг хэрхэн нэг болгох талаар ярилцсан. Хэлний бодлогын зөвлөлөөс уламжилсны дагуу энэ асуудлаар хэрхэн хамтран ажиллах саналаа хэлэхэд нааштайгаар хүлээж авсан. Өвөрмонголд зөв бичих хоёр толь бичиг байдаг нь өнөөгийн нөхцөлд шаардлага хангахгүй байгаа юм билээ. Түүнийг шинэчлээд дахин хэвлэх гэж байгаа. Түүнийг нь бид хүлээж байна. Ер нь цаашид бидэнд Монгол бичгийн журамласан толь бичигтэй байх шаардлага үүснэ. Үүнийг хийхэд хоёр жилийн хугацаа шаардлагатай.
 
-Монгол бичгийн хөтөлбөрөөс гадна Монгол хэлний журамласан толь бичгийн талаар асуумаар байна?
 
-Өөр улсын бичиг үсгийг бид хүчээр авч хэрэглэсэн учраас заавал зөрчил үүснэ. Монгол бичиг бол авианы бичиг. Кирилл бичгийг авсан чинь Монгол бичгээр бичдэг үгийн үе нь эвдэрч, гээгдэх эгшгийн дүрэм гэхээр бас л зөрчил үүснэ. Учир нь, бид харь улсын бичгийг өөрийнхөө хэл аялгуунд тохируулахдаа хүчээр авч хэрэглэж, дүрэм зохиосон. Өөрөөр хэлбэл, орос хэлний 33 үсэг дээр ө, ү-г нэмээд шууд авсан. Уг нь хэл аялгуундаа тохируулж үсгээ нэмэх, хасах үгүйг шийдэх ёстой байдаг. Дээр нь манай хэл залгамал, орос хэл нугармал бүтэцтэй. Гэхдээ ийм ялгаатай ч цэгцрээд л яваад байна. Хоёр жилийн өмнө кирилл бичгийн журамласан толийг хийсэн. Тэнд судалгааны түвшинд зөрүүтэй зүйл байхыг үгүйсгэхгүй. Нийтийн түвшинд уг журамласан толийг дагаж мөрдөх үүрэгтэй. Уг толийг гаргаснаас хойш хүмүүсийн саналыг цахим хэлбэрээр авч байна. Өөрөөр хэлбэл, энэ тольд ийм үгийг оруулаагүй байна эсвэл энэ үгийг буруу бичсэн гэвэл ажлын хэсгийнхнээс хариу ирүүлнэ. Энэ нь толь хийдэг олон улсын аргачлал юм. Тольд оруулаагүй үгийг он оноор нэмэлт хэлбэрээр оруулна гэсэн үг. Тэгэхээр кириллээр бичихэд асуудалгүй болж байна гэж ойлгох хэрэгтэй.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин