sonin.mn
УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх товлосон хугацаа өчигдөр дууслаа. Хуулийн энэ заалттай холбоотойгоор намууд бие даан сонгуульд оролцох уу, эсвэл эвсэх үү гэдэг нь тодорхой болов. Ийнхүү энэ жилийн парламентын ээлжит сонгуулийн эхний хөзөр дэлгэгдлээ. Мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын байгууллагад хүргүүлснээр нь харвал МАН, АН сонгуульд бие даан оролцох бол бусад нам дөрвөн ч эвсэл болж байгаа ажээ. Тухайлбал, МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намууд “Та бидний эвсэл” байгуулж сонгуульд оролцохоор болсон. Хөдөлмөрийн үндэсний нам, Социал демократ нам, “Зүй ёс” намууд нэгдэн “Зөв хүн электорат” эвсэл байгуулж гэрээнд гарын үсэг зурав. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эх орон нам, Монгол үндэсний  ардчилсан нам зэрэг улс төрийн намууд нэгдэн “Шинэ эвсэл” байгуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна. Эндээс хэд хэдэн онцлог ажиглагдаж байгаа юм.
Юуны өмнө сонгуульд оролцох намуудын тоо энэ удаа урьд өмнөхөөс эрс нэмэгджээ. “Шинэ эвсэл”-д арваад нам нэгдэж байгаа нь мөн л нэгэн дээд амжилт. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд сүүлийн гурав дөрвөн жилийн дотор бараг хоёр дахин нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн биз ээ. Хоёрт гэвэл МАН, АН-аас өөр бие даан сонгуульд оролцох нам үгүй байгааг бас харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч хүчний орон зай Монголын улс төрд бараг үгүй, уг орон зайд тоглолт хийх улс төрийн хүчин төлөвшөөгүй гэсэн үг.
 
 
 
Өмнөх сонгуулиудад ч гэсэн өрсөлдөгчдийг МАН, АН бас бусад гэсэн гурван багц болгон үздэг байсан. Тэр жишиг өнөө ч давтагдаж байна. Бусад гэдэгт багтдаг намуудын хувьд эвсэл байгуулахаас өөр аргагүй болдог нь хатуу ч гэсэн үнэн. Харин байгуулсан эвсэл нь сонгуульд хэр амжилттай оролцож байсан бэ, хэр удаан настай байв гэдгийг ярих юм бол голдуу таагүй баримтууд бий.
 
 
 
Товчхон хэлэхэд эвсэл засгийн эрх барьсан тохиолдолд төр тогтворгүй байдаг нь үнэн юм. Тиймээс эвсэл, задрал гэдэг хоёр үг хоршоо мэт хэлэгдэх болсон нь ч бас үнэн. 1996 онд л “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авснаар олонх болж засгийн эрх барьсан. 2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл 35 суудал авч тухайн үеийн МАХН буюу эдүгээгийн МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсан ч тэр жилийнхээ арванхоёрдугаар сард эвсэл нь задарч, татан буугдан, АН, ИЗНН-ын 26 гишүүн УИХ дахь МАХН-ын бүлэгт нэгдэж хагас жил гаруй ажиллаж байсан түүх бий. Эрх ашгаа зөв эрэмбэлж, эв нэгдлээ хангаж чадахгүй бол эвсэл гэдэг ийм хэврэг гэдгийг эндээс харж болно. УИХ-ын сүүлийн дөрвөн сонгуулийн статистикаас харахад 2004 онд долоон нам, гурван эвсэл, 2008 оны сонгуульд 12 нам, нэг эвсэл, 2012 оны сонгуульд 11 нам, хоёр эвсэл, 2016 он сонгуульд 12 нам, гурван эвсэл оролцож байжээ. 2012 онд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл парламентад 11 суудал авсан ч мөн л хөөс шиг хэврэг нэгдэл байв. Тус эвслийнхэн АН-тай хамтран Засгийн газар байгуулж ажилласан ч МҮАН-ын хоёр гишүүн эвслээсээ гарч, МАХН-ын хоёр гишүүн нь МАН-д элссэнээр эв нэгдэл нь сарниж саармагжсан.
Эндээс харахад эвсэл байгуулсан намууд сонгогчдын итгэлийг даадаггүй ажээ. Энэ нь ч хэд хэдэн шалтгаантай. Үхрийн бөөр шиг ёлаг цоог, эрээвэр хураавар улс төрийн хүчнүүд эвслээ гэхэд эрх барих түвшинд очмогцоо ашиг сонирхол нь зөрчилдөж, ам ажил нь зөрж, гэдсэндээ хөлөө хийлцсээр удалгүй зам салдаг байна. Тэдэнд тууштай, ул суурьтай хөгжлийн бодлого, үзэл баримтлал, зарчим үгүй. Гагцхүү Засгийн эрх барих болбол албан тушаалын хуваарилалтыг хэрхэн хийх вэ гэдэг тохироо л байдаг. Тиймээс мөрийн хөтөлбөр нь популист голдуу амлалт байх нь элбэг. Тухайлбал, энэ жилийн сонгуульд оролцох “Та бидний эвсэл” иргэдийн цалинг таван саяд хүргэнэ гэж байгаа нь популизмын сонгодог жишээ. Хэрэгжих боломжгүй, тэгсэн атлаа олон нийтэд сайхан сонсогдож, тэдэнд таалагдах ийм амлалтуудыг “Шинэ эвсэл”-ийнхэн ч мөрийн хөтөлбөртөө оруулжээ. Шинэ эргэлтийн бодлого гэх хуучинсаг нэр томьёоноос эхлээд бодлого биш уриа лоозонгийн чанартай зүйлсийг тус эвслийнхэн сонгуулийн тугаа болгох бололтой.
 
“Шинэ эвсэл”-ийнхний хувьд арваад намыг нэгтгэнэ гэдэг шулуухан хэлэхэд шуудайд хийсэн үхрийн эвэр л гэсэн үг. Арав гаруй нам байтугай хоёр, гуравхан нам эвсэл байгуулж сонгуульд орчихоод дараа нь хонь, чоно болж салдгаас харахад “Шинэ эвсэл"-ийнхэнд олон сорилт тулгарах болов уу. Гэхдээ уг эвслийг тэргүүлж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд эвсэл задрах вий гэсэн айдас бага байж мэднэ.
 
Учир нь өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлахад Ж.Батзандан, Л.Болд нар эвсэлтэй холбоотой нэгэн заалтыг оруулж чадсан юм. Тэр нь эвсэлд нэгдсэн намуудын олонх нь гарсан тохиолдолд уг эвслийг тарсанд тооцно гэдэг зохицуулалт. Өмнө нь эвсэлд багтсан намын нэг нь л гарвал уг эвслийг тарсанд тооцдог байсныг ийн зөөлрүүлсэн хэрэг. Энэ нь Ж.Батзандан, Л.Болд  өөрсдийн байгуулах эвсэлдээ зориулсан заалт байжээ гэдэг нь одоо ил болж байна. “Шинэ эвсэл”-ийн намууд эв түнжин хагарлаа гэхэд хуулийн дээрх заалтаар олонх нь буюу зургаан нам нь нүүр буруулаагүй тохиолдолд уг эвсэл тарахгүй нь. Энэ нь эвсэл гэдэг бүлэглэл тал хагас нь гарч явсан ч амь бөхтэй байсаар байх нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг. Цаашид улс төрийн намууд эвсэл байгуулахдаа аль болох олон намын нэрийг хавчуулах гэж хичээх болно. Улмаар явцын дунд ганц нэгийгээ “жийхэд” эвсэл тарна гэж айх юмгүй болж байгаа гэсэн үг. УИХ-ын сонгуулийн тухай хуульд эвсэл тарах асуудалтай холбоотой дээрх заалтыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эвсэл өмнө нь юу болж байсан түүхээ битгий мартаарай. Эвсэл нь сонгуулийн өмнө хэврэг байх, сонгуулийн дараа төрөөр тоглосон явдал бий. 1996 оны “Ардчилсан холбоо” эвсэл юу боллоо. 2004 оны эвсэл юу болж хэдэн Засгийн газар солигдлоо. Хамгийн сүүлд 2012 оны “Шударга ёс” эвсэл юу боллоо.
 
 
 
Нэг эвссэн л бол дөрвөн жилийн турш тэр байдлаараа ажиллаж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах явдал бол намын бус төрийн асуудал шүү. Хэзээ л бол хэзээ тардаг эвсэл байгуулж сонгууль хийчихээд үр дүнд нь юу болдог билээ. Энэ зовлонг бид бүгдээрээ дайраад өнгөрсөн” хэмээн сануулсан нь голыг нь олж хэлсэн хэрэг байв. Энэ үгийг “бал сар” нь дөнгөж эхэлж байгаа шинэхэн эвслүүдэд дахин сануулахад илүүдэхгүй.
 
 
 
Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө нам, эвслүүд сонгуульд оролцох эсэхээ СЕХ-нд албан ёсоор илэрхийлж, тавдугаар сарын 10-наас нэр дэвшигчдээ тодруулах хүртэлх нэг сарын хугацаанд тэд тойргуудаа “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” хувааж авах тохироогоо хийнэ. Энэ хуваарилалтаас цаашдынх нь эв түнжин ихээхэн шалтгаална. Санаа сэтгэл нийлээгүйгээс болоод зарим хос бал сараа дуусгалгүй салчихсан тохиолдол байдаг л юм билээ. Юутай ч эвслүүдийн “бал сар” эхэллээ.
 
 
 
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн"сонин