sonin.mn
1945 оны 4 дүгээр сард генерал Эйзенхауэрын цэргүүд Берлинийг дайран эзлэх боломжтой байжээ. Гэтэл Америкийн арми нийтийг хамарсан параной буюу хардалт сэрдэлт, цуу ярианд автсаны улмаас дээрх боломжийг алдсан байна. Америкийн цэргийн командлал хуурамч мэдээлэлд итгэж, хэвлэлийнхэн цуу яриаг дэвэргэж байсан зэргээс шалтгаалан Зөвлөлтийн Улаан арми Берлиныг чөлөөлөх ажиллагааг явуулж, харин америкчууд Германы өмнөд нутгийн уулархаг газар орны байгалийн үзэсгэлэнг үзэн баясч явжээ. Энэ тухай Германы өдөр тутмын “Die Welt” сонины ерөнхий редактор Свен Келлерхофф (Sven Felix Kellerhoff) бичсэнийг толилуулъя.
 
 
 
1945 оны 3 дугаар сард холбоотны цэргийн ерөнхий командлагч генерал Д.Эйзенхауэр цэргээ дорно зүг рүү бус харин Бавари муж илгээв. Тэрбээр Альпийн нуруунд нацистуудын бэхлэлт байгаа гэж үзэж байсан нь олныг хамарсан параной буюу хардан сэрдэх хийрхэл, хуурамч мэдээлэлд автсан хэрэг байжээ.
 
 
 
Амжилтандаа хэт бардсан хүн алдаа хийх нь олонтоо. 1945 оны 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногт Европоос АНУ руу сайн мэдээ цуварсаар байлаа. Холбоотны цэргүүд Рейн мөрнийг гаталж, Вермахтын цэргийн ангиуд бүрэн бүрэлдэхүүнээрээ бууж өгсөөр. Гитлерийг бутцохиход тун ойртлоо гэж санагдаж байв.
Гэтэл холбоотны цэргийн командлагч Дуайт Эйзенхауэрын (Dwight Eisenhower) бодол санаа төдийлөн өөдрөг бус байлаа. Эсэргүүцэлтэй бараг тулгаралгүйгээр давшилт хэтэрхий амжилттай болж байгаа нь түүнийг эргэлзэн болгоомжлоход хүргэжээ. Яагаад баруун фронт дээр Германы “хоёрдугаар зэрэглэл”-ийн цэргүүд байлдаж байна вэ? 1944 оны 12 дугаар сарын 15-нд Эйзенхауэрын штабынхан амжилтанд итгэлтэй өөдрөг байсан боловч Германы арми Арденд гэнэт их хүчээр довтолж байсныг тэрбээр мартаагүй байлаа.    
Мөрдэс дээрээ 5 таван хошуутай генерал тэрбээр өөрийнх нь ямар нэгэн буруу шийдвэр хэдэн арван мянган цэргийн аминд хүрнэ гэдгийг мэдэрч, хариуцлагаа гүнзгий ухамсарлаж байв. Канн хотод 4 хоногийн “ээлжийн амралт”-аа өнгөрүүлэх үедээ Эйзенхауэр дорно зүг рүү давшихаас өөр хувилбарын талаар ихэд нухацтай боджээ. Цэргийнхээ гол хүчийг Берлиний чиглэлд төвлөрүүлэх нь зөв үү?
 
 
Армийн генерал Дуайт Дэвис Эйзенхауэр /1890-1969/
 
Яг энэ үед холбоотон улсуудын сонинууд “Альпийн бэхлэлт”-ийн тухай, Боден нуур ба Штири хотын хооронд орших фашистуудын “ухрах бүс”-ийн талаар байнга л бичиж байв. Генерал Эйзенхауэр эдгээр мэдээлэлд ихэд үнэмшин “хэрвээ энэ бэхлэлтэндээ орогнох боломжийг германчуудад олгох аваас тэд партизаны сунжирсан дайн явуулна” гэж үзэж байлаа. 
Немцүүд хамгаалалтын сүүлчийн түшиц газраа ууланд байгуулна гэдэг нь учир шалтгааны /логикийн/ үүднээс байж болохоор хувилбар юм. Учир нь, танк зэрэг хүнд зэвсэглэлийг уулын бүсэд ашиглахад маш тохиромжгүй бөгөөд уулын нарийн замууд ба гүүрүүд ийм боломжийг олгохгүй. Хүн хүч, зэвсэг техникийн хувьд хэчнээн давуу байлаа ч гэсэн уулын бүсэд давуу байдлаа ашиглах боломж хязгаарлагдмал байдаг. 
Түүнээс гадна, Гитлер Альпийн нуруунд очих дуртай гэдгийг, тодруулбал Берхтесгадены орчим Оберзальцберг гэдэг газар дахь өргөөндөө очих дуртай гэдгийг Эйзенхауэр мэдэж байлаа. Хэрвээ национал-социалистууд уулын бүсэд шилмэл цэргүүдээ байрлуулаад, Рейн мөрөн ба Эльба голын хоорондох байрлалууд руу ардын сайн дурынхныг илгээвэл юу болох вэ? Их Британи, Америкийн цэргүүд СС-ийн байлдах чадвартай ангиуд ба Вермахтын тусгай анги нэгтгэлүүдтэй бараг тулгарахгүй байгаагийн учир энэ бус уу?
 
 
Нэлээд бодсоны эцэст Эйзенхауэр 1945 оны 3 дугаар сарын 29-нд маршал Сталинд “хувийн илгээлт”-ээ явуулжээ. Уг илгээлтэд “миний явуулах гэж байлдааны ажиллагааны зорилго нь Рурын орчим дахь дайсны цэргийг бүслэн устгах явдал бөгөөд үүний зэрэгцээ өмнөд чиглэлд давшилт явуулж, Альпийн бэхлэлтэд Германы цэргүүд төвлөрөн бэхжих явдлыг гаргуулахгүй байхад оршино” гэжээ. Харин Берлин гэдэг үг ганц ч удаа дурдагдсангүй.
Уг илгээлт Их Британи, АНУ-ын хооронд улс төрийн томоохон зөрчил үүсгэсэн бөгөөд Уинстон Черчилль бүгдээс илүү бухимдсан аж. Британийн Ерөнхий сайд хэлэхдээ “дорно зүгт аль болох алс газарт очиж оросуудтай гар барих нь маш чухал гэж надад санагдаж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, холбоотнуудын давшилтын чиглэл нь Берлин байх ёстой гэсэн үг.
Харин Сталинаас Эйзенхауэрын илгээлтэд тун ч тааламжтай хариу өгчээ. Америкийн талын санал нь Зөвлөлтийн армийн Жанжин штабын төсөөлөлтэй бүрэн нийцэж байгаа бөгөөд Берлин хот урьд өмнийн стратегийн ач холбогдлоо нэгэнт алдсан учраас Зөвлөлтийн Дээд командлал Рейхийн нийслэл рүү “хоёрдугаар зэрэглэлийн цэргүүд”-ээ илгээнэ гэдгийг Сталин дурджээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэрбээр Берлиний төлөөх тулалдаанд маш сайн зэвсэглэсэн хамгийн шилдэг цэргүүдийг дайчлан оролцуулахыг тушаасан байна. Тулалдаан 4 дүгээр сарын 16-ны өдөр эхлэх ёстой.
Харин энэ тухай Эйзенхауэр огт мэдээгүй байсан бөгөөд 4 дүгээр сарын 2-нд шийдвэрлэх тушаалаа өгчээ. Тодруулбал, АНУ-ын 1-р арми Берлин болон Альпийн нурууны хоорондох газрын харилцаа холбооны дэд бүтцийг хяналтандаа авч, харин 3 ба 7-р армиуд өмнө зүгт давших ёстой байлаа. Эдгээр армийн зорилго нь Дээд Бавари ба Берхтесгаден-г эзлэн авах явдал юм.
 
 
 
4 дүгээр сарын 11-ний өдөр Америкийн цэргийн тэргүүн анги нэгтгэлүүд Магдебургийн районд Эльба голд тулж ирлээ. Одоо Берлин хүртэл ердөө 100-хан км үлджээ. 15-ны өдөр 1-р армийн хоёр шилмэл дивиз Берлин рүү давшихад бэлэн болж, 48 цагийн дотор хотын баруун захын дүүрэгт хүрэх боломжтой байв.
Үүнтэй зэрэгцэн Жорж Паттоны командалсан 3-р арми зүүн өмнөд чиглэлд эрчимтэй давшиж байлаа. 15-ны өдөр гэхэд тус армийн тэргүүн анги нэгтгэлүүд Потсдамаас ердөө 150 км-ийн зайд ирээд байв. Америкийн армийн байлдах чадвар хамгийн сайтай ангиуд Берлин хотыг хоёр чиглэлээр бахь мэт хавчин авах боломжтой болжээ. Гэвч Эйзенхауэр Эльба голд хүрээд зогсох тушаалыг өгөв. Америкийн цэргийн ерөнхий командлагч чухам ямар учраас ийм шийдвэр гаргав аа?  
Альпийн нуруунд бэхлэлт байгаа гэдгээс тэрбээр үнэхээр болгоомжилж байжээ. Томоохон сонинуудаас хамгийн түрүүнд “Нью-Йорк таймс” 1944 оны 11 дүгээр сарын 12-нд “Гитлерийн хоргодох байр”-ны тухай бичиж, зарим ноцтой баримтуудыг дурдсан байна. Тухайлбал, Өмнөд Баварийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг нь III Рейхийн цэргийн хамгийн бэхлэлт сайтай район болон хувирсан тухай, Унтерсберг гэдэг газарт хоригдлууд асар том агуйнуудыг тусгайлан тоноглож байгаа тухай, Оберзальцберг гэдэг газарт хорт хий болон тэсрэх бөмбөгнөөс хамгаалах хоргодох байрууд барьж байгаа тухай бичсэн байж.   
1945 оны 2 дугаар сарын 2-нд «Вельтвохе» (Weltwoche) гэдэг Цюрихийн нэр хүндтэй нэгэн сонинд дээрх мэдээллийг баталж “Герман дахь найдвартай эх сурвалжуудын өгсөн мэдээллээр, Берхтесгадены ойролцоох байрлалуудад техникийн шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд уулын хярд пулемётын галын цэгүүд болон даваанууд дээр том том бункерүүд барьж байна” гэж бичжээ. Мөн «Швайцер Вохенцайтунг» (Schweizer Wochenzeitung) гэдэг сонинд “Берхтесгадены бэхлэлт бол хоосон яриа биш. СС-ийн дивизүүд баруун зүгт Альгой хүртэл, зүүн зүгт Вена хүртэл үргэлжлэх районыг хамгаалахаар оролдох болно” гэж бичсэн аж.   
 
 
 
Эльба голд хүрээд зогсох тухай Эйзенхауэрын тушаал гарахаас долоо хоногийн өмнө “Нью-Йорк таймс” сонинд бичихдээ “Германы цэргийн Альпийн нуруун дахь байрлал нь Италийн Монте-Кассино сүмээс илүү сайтар бэхлэгдсэн” гэж байв. Уг сүмийн ойролцоо 1944 оны хавар цус асгаруулсан ширүүн тулалдаан болсон юм. Мөн нэг хоногийн дараа “Лайф” сэтгүүлд бичихдээ “Германы цэргүүд Альпийн уулан дахь байрлалаа эцсийн дусал цусаа дуустал хамгаалах болно” гэж байжээ.
 
 
 
Гэтэл 1945 оны 4 дүгээр сарын хоёрдугаар хагаст Паттоны армийн хийсэн давшилтын явцад Бавари мужид байрлаж байсан Вермахтын цэргүүд бараг эсэргүүцэл үзүүлсэнгүй. Харин энэ үед Улаан арми асар их хохирол амсан Берлиний гудамж бүрийн төлөө ширүүн тулалдаж байлаа. Гэтэл Америкийн армийн шилмэл ангиуд Германы бэхлэлтүүдийг эрж хайн, Альпийн амар жимэр тосгонуудаар дайран уулын аюулгүй замуудаар урагшилсаар. 
Төсөөлөл дотор оршиж байсан “Альпийн бэхлэлт” нь нийтийг хамарсан параной буюу хардалт сэрдэлтийн үр дагавар байсан бөгөөд Америкийн тагнуулын албад, жанжин штаб, хэвлэлийнхэн гээд бүгд энэхүү үзэгдэлд автагдсан байлаа. Анх 10 дугаар сарын 29-ны өдөр ийм төөрөгдөл бий болсон гэдэг. Тухайн өдөр АНУ-ын Стратегийн албадыг удирдах газрын даргын нэр дээр ирүүлсэн нууц кодтой цахилгаан утсанд “Австрийн Тиролийн районы тал газарт өнгөрсөн сард хамгаалалтын байгууламжууд барих ажил эхэлсэн” гэж дурдсан нь цаашдаа таагүй үр дагаварт хүргэхээр хуурамч мэдээлэл байжээ.
 
СС-ийн тусгай албад цахилгаан утсыг замаас нь барьж авч, тайлж уншаад Форарльберг дахь Германы Үндэсний социалист ажилчны намын хорооны дарга /гауляйтер/ Франц Хоферт хүргүүлсэн байна. Хофер үүнийг уншаад Альпийн нуруунд бэхлэлт байгуулах саналыг Гитлерт тавихаар шийджээ. 
Харин Гитлерийн ойрын хүрээлэл дэх хамгийн нөлөө бүхий хүн болох Мартин Борман /Гиммлер, Геббельс, Шпеер нарын дараа орох/ Хоферын илтгэлийг хавтсан дотроо хийгээд хав дарж орхижээ. Учир нь, Хоферын санаачилгыг Гитлер эх орноосоо урвах сэдэл гэж хардаж магадгүй учраас Борман болгоомжилсон аж. Тэр үед Альпийн нуруунд хайгуул судалгааны ажлууд дөнгөж хийгдэж байснаас бус ямар нэгэн барилгын ажил явагдаагүй байжээ.
Хайгуул судалгааны ажлууд хийж байсан нь 1945 оны хавар Стратегийн удирдах газарт мэдээлэл хүргүүлэх шалтгаан болсон байж магадгүй юм. “Саяхнаас баруун Тироль ба Форарльбергт бэхлэлт байгуулах ажил эхэлж, тэсэлгээ явагдаж, өндөрлөг газруудад агуулахууд байгуулж байна” гэж тагнуулын нэгэн мэдээнд дурдсан бол үүнээс 5 хоногийн дараа Альпийн нуруун дахь бэхлэлтийн дөрвөн салбар объектын талаарх мэдээлэл ирж, 5 дахь объект нь төлөвлөлтийн шатанд байгаа талаар дурдсан байна. 3 дугаар сарын 3-нд “СС-ийн цэргүүд Альпийн ууланд байрлалаа аль хэдийнэ эзэлсэн” тухай мэдээлэл ирж байх жишээтэй. 
 
 
 
Энэ бүхэн хоосон цуу яриа байсан гэдэг нь 8 долоо хоногийн дараа л тодорхой болсон байна. 1944-1945 онуудад Альпийн ууланд бэхлэлт барих ажил огт эхлээгүй байв. Ингээд бүр 4 дүгээр сарын 28-нд буюу III Рейхийн эзэнт улсын хүрээ Берлиний Олимпын цэнгэлдэх хүрээлэн ба Ордны талбай хоёрын хооронд хүртэл хумигдаад байсан тэр үед Гитлер “Альпийн ерөнхий бэхлэлт”-ийг өргөжүүлэх тушаал өгсөн байна. Тагнуулын ташаа мэдээллүүд, бодит бус аюулаас штабын офицерүүд болгоомжилж байсан, хэвлэлийнхэн цуу яриаг хөөргөдсөн зэргээс үүдэн Улаан арми Берлинийг эзлэн авсан бөгөөд ингэснээр Хүйтэн дайны эхлэлийг тавьсан болой.
 
 
Б.Адъяахүү