sonin.mn
Үндэсний статистикийн хорооноос “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тулгамдаж байгаа асуудал"-сэдэвт судалгааг хийсэн байна. Энэ судалгааг Засгийн газрын тогтоолоор 2017 онд баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд явуулжээ. Судалгаанд бүх аймаг, нийслэлийн есөн дүүргийн 18-26 насны 10 мянга орчим залууг хамруулжээ. Тэдний 91.5 хувь нь хэвийн жинтэй байснаас үзвэл Монгол эрчүүд амьдралын зөв хэвшилтэй байгаа мэт харагдавч нас баралт, эмэгтэйчүүдтэй харьцуулсан наслалтын зөрүү холдсоор байгаа нь нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэж байна.
 
Тодруулбал, Монгол Улсын нийт хүн амын дундаж наслалт (2018 оны мэдээгээр) 70.2 байгаа ч эрчүүдийнх 66.1, эмэгтэйчүүдийнх 75.8 байгаа аж. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хорт зуршил, хооллолт, хөдөлмөрийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгааг судалгаагаар нотолсон байна.
 
Судалгаанд хамрагдсан 10 эрэгтэй тутмын ес нь эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдах шаардлагатайг мэддэг ч ердөө гуравны нэг нь эмнэлэгт хандаж байжээ. Энэ нь аль ч шатны эмнэлэгт эрчүүдэд зориулсан кабинет байдаггүй, ямар эмчид хандахаа мэддэггүй, уламжлалт зан үйлийн дагуу гэр орон, ам бүлээ авч явах ёстой гэх шалтгааны дор нэрэлхүү, бардам зангаасаа болж эрүүл мэнддээ анхаардаггүй гээд олон учир жанцангаас болдог аж. Бас нэг шалтгаан нь зөв зохистой хооллолт юм. Хошин шогийнхны нэг үзүүлбэрт гардаг шиг эрчүүд нохойноос арай наахнуур хооллохын дээр сайн санасан эхнэрүүд аль өнгөтэй, өөдтэй тостой, шөлтэйг нь нөхөртөө зориулдаг нь нэг талаар хайр халамжийн илэрхийлэл боловч нөгөө талаар эрсдэлт хүчин зүйл болдог гэнэ. Тэднийг төлөөлж судалгаанд оролцсон эрчүүдийн 96.6 хувь (бараг бүгдээрээ) нь зөв хооллолт чухал гэдгийг ойлгодог ч дөрвөн хүн тутмын нэг нь л зөв хооллодгийг асуулгаар тодруулсан байна.
Бусад хорт, буруу зуршлын талаар ярих ч юм биш. Судалгаанд хамрагдсан 10 мянга орчим эрэгтэйн 45 хувь нь тамхи татдаг, гурван эрэгтэй тутмын нэг нь сүүлийн ганцхан сард дөрвөөс доошгүй удаа согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн буюу “тасартлаа” уусан байжээ. Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7000 орчим хүн “хоног төөрүүлсэн” бол өнгөрсөн оны эхний зургаан сарын дотор 9500 шахам хүн “зочилсон” нь өмнөх оны мөн үеийнхээс 40.7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд тэдний 97 хувь нь эрчүүд байжээ. Ганцхан энэ баримтаас харахад монгол эрчүүд хорт зуршил, архидан согтуурах явдалд улам автсаар байгааг баталж байна. Мөн тамхи татах, архи уух зэрэг амьдралын буруу хэв маягт автах үзэгдэл улам залуужиж, эмэгтэйчүүд ч татагдан орж байгааг анхаарах цаг болсон. Эрчүүдийн дундаж наслалтад эрхэлж буй ажил хөдөлмөр, түүний орчин нөхцөл багагүй сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал судалгаанд оролцогсдын 4.6 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд мориноос унах, автомашины осолд орох зэрэг амь насаа алдаж болох эрсдэлтэй нүүр тулж байснаас гадна дөрвөн хүн тутмын нэг нь багаасаа эхлэн хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байжээ.
 
 
 
Манай улсын иргэдийн нас баралтын 80 орчим хувийг халдварт бус өвчлөлөөс үүдсэн шалтгаан эзэлж байгаа бол дөрвөн нас баралтын нэг нь хорт хавдраас шалтгаалдаг байна. Ерөнхийдөө, нас баралтын голлох шалтгаан нь зүрх, судасны өвчин (28.7 хувь), төрөл бүрийн хавдар (24.9 хувь) байгаа бол зам тээврийн осол (7.6 хувь), амиа хорлолт (5.1 хувь) удаалж байгаа аж.
 
 
 
Судалгааны дүнгээс харахад эрэгтэйчүүдийн гуравны нэг нь өөрийн эрүүл мэндийг дунджаас доогуур гэж үнэлсэн бөгөөд Монголчууд амьдралын хэвшил эрүүл мэнддээ анхаардаггүйг таван эр тутмын гурав нь хүлээн зөвшөөрчээ. Тийм ч учраас Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 83 хувь нь өвчлөлөөс шалтгаалж байгаагаас гадна 60 хувь нь эрчүүд байна. Үүнийг дагаЗд ганц бие эрчүүдийн 56 хувь нь огт гэрлээгүй бол ганц бие эмэгтэйчүүдийн 61 хувь нь бэлэвсэн эхнэрүүд болчихжээ. Эрчүүдийн богино насалж байгаа гол шалтгаан нь зөвхөн эрүүл мэнд, өйчлөл төдийгүй уламжлалт зан үйл, нийгэм эдийн засгийн байдалтай ч холбоотой гэдгийг судалгаагаар тодорхойлсон байна. Тиймээс нас барсан эрчүүдийн 52.2 хувь хөдөлмөрийн насандаа “тэнгэрт хальсан” нь эмэгтэйчүүдийнхээс 3.3 дахин өндөр тоо юм.
 
 
 
Монгол Улс 1992 оноос хүн дмын дундаж наслалтыг тооцож, судалж эхэлсэн бөгөөд 26 жилийн хугацаанд 7.7 жилээр нэмэгдсэн ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү холдсоор байгаа аж. Тодруулбал, Монгол эрчүүд 1992 онд эмэгтэйчүүдээсээ 4.19 жилээр богино насалж байсан бол одоо эмэгтэйчүүд нь 9.67 жилээр урт насалдаг болжээ.  
 
 
 
Энэ зөрүү дэлхийн дундаж (4.4 жил)-аас даруй хоёр дахин их байгаа нь наслалтын харьцаа хамгийн ихтэй оронд тооцогдож байна. Энэ үзүүлэлтээр манай улс дэлхийд 12, Ази, Номхон далайн бүсийн орнууд дотроо хоёрдугаарт жагсаж байгаа юм. Ташрамд сонирхуулахад, эсрэг хүйсийн хүмүүсийн дундаж наслалтын зөрүүгээр ОХУ (10.8) дэлхийд тэргүүлдэг бол Бутан улс (0.4) хамгийн бага зөрүүтэй улсаар нэрлэгддэг байна. Ийнхүү хүйсийн ялгаатай байдлаар эрчүүд арай богино наслах нь аль ч улс оронд байсаар ирсэн үзэгдэл бөгөөд шалтгааныг олон талаас нь хүн ам зүй, социологи, сэтгэл судлал, анагаах ухааны салбар шинжлэх ухаанаар судалж байгаа юм. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анх удаа эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын талаар цогц судалгааг Европын улс орнуудыг хамруулан хийж, эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг тэдний эрүүл мэнд, зонхилох өвчлөл, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбогдуулан судалсан байна. Улмаар судалгаанд дүн шинжилгээ хийсний эцэст “Эрчүүд илүү эрүүл, урт наслах болсон ч олон хүн залуугаараа нас барж байна. Үүний шалтгаан нь зөвхөн биологийн хүчин зүйл биш” гэж дүгнэжээ. Манай улсад ч байдал ийм байгааг судалгаанд дурьдаад дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлохын тулд хүн амын нас баралтын шалтгааныг судлах шаардлагатайг онцолсон байна.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин