sonin.mn
Хуульч Б.Гүнбилэг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд малчдын амьдрал, цар тахалтай холбоотой санал хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх танаа
 
Булган аймаг 2020.05.03
 
Санал хүргүүлэх тухай
 
Дэлхий даяар дэгдэж буй цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдээ хамгаалахаар цаг наргүй ажиллаж байгаа Монгол төрийн албан хаагчдын хичээл зүтгэл, тэднийг удирдан чиглүүлж буй баг, хамт олон, мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлье. 
Үүний зэрэгцээ дараах асуудлуудад анхаарч ажиллахыг хүсье. Үүнд:
1. Ноолуурын үнийг тогтвортой барьж, засгийн газраас чөлөөт зах зээлд нөлөөлж ажиллах талаар иргэдэд өгсөн мэдээллийн дагуу 100 мянган төгрөгөөс дээш үнээр авна гэсэн тул зүүн, төв, баруун гэж ялгалгүйгээр ноолуурын үнийг нэгэнт анх амласнаараа 100 мянган төгрөгөөс доошгүйгээр худалдан авах ажиллагааг бүх орон нутагт тэгш байдлыг ханган зохион байгуулах шаардлагатай байгааг иргэд уламжилсныг хүргэе.
 
2. Хот, суурин газарт зах, баар, ресторан, фитнесс ажиллаж, иргэд үйлчлүүлж болоод байгаа хэрнээ хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй малчид, уяачид хурдан морины ажил, сунгаа хийж болохгүй байгаад тун бухимдалтай байна. Монгол Улсад дотроо цар тахал гараагүй бол хот, хөдөө гэх ялгаваргүйгээр зөвхөн хурдан морины сунгаа гэлтгүйгээр зарим арга хэмжээг зөвшөөрч болохоор байна. Баар, үйлчилгээний газрууд ажиллаад байгаа хэрнээ хурдан морины сунгаа хийхийг хориглоод байгааг ямар ч утгаар тайлбарлах гээд ойлгогдохгүй байна. Сунгаа хийж буй уяачид, оролцож буй иргэд бүгд маасктай, хоорондоо зайтай байх талаар ухамсарлаж байгаагаа илэрхийлж байна.  
 
3. Цөөн хүнийг хамарсан сургалт зохион байгуулах газруудын үйл ажиллагааг нээж, бүрэн дунд боловсрол эзэмшиж буй төгсөх ангийн хүүхдүүдийг ЭЕШ-д бэлтгэх боломжоор хангаж ажиллана уу. Хүүхэддээ давтлага өгөх гээд орох газаргүй, бааранд орж давтлага авч, өгч байна гэж иргэд хэлж байна. 
Таныг шадар сайдаар ажиллаж байхад миний бие Гамшгаас хамгаалах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхээр шинэчилэн найруулсан Гамшгаас хамгаалах хуульд хүний эрх, олон улсын эрх зүйн зохицуулалт талаас өөрийн дүгнэлтүүдээ өгч, ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байсныг та санаж байгаа байх. Дээрх гаргаж буй саналуудыг тунгаан бодож, цаашид Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн эргэлтийг тогтворжуулах, уламжлалт аж ахуй, өв соёлыг алдагдуулахгүйгээр иргэн бүрт тэгш хандаж Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэн ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
 
 
 
Хуульч, Хууль Зүйн ухааны доктор Болдбаатарын Гүнбилэг