sonin.mn
Ажил амьдрал зогсов гэнэ. Мөнгө төгрөггүй, хоол ундгүй хэцүүдлээ гэнэ. Нэг хэсэг нь өлбөрч, өлсөж үхэж эхлэв гэнэ.
Бүх үйлдвэр компани нь ажилгүй болж бүх хүн гэрийн хорионд орлоо. Амны хаалт авах ч мөнгө алга. Юмны үнэ өсөөд, хүсэл хясал хоёр хүний амьдралыг боож хааж байна гэнэ. Гадаадруу яв, зугаал, аял явж ажил хий гэж хэн ч тушааж, хөөж туугаагүй, албадаагүй байхад мянга мянгаараа гадаад руу гарчихсан монголчууд, коронатай өдрүүдийн Монгол Улсын тархины өвчин болж бүр ч тэр аюулт өвчнийг тээж, зөөвөрлөн ирж, эх орныхоо аюулгүй нөхцөлд “аюул” чирч ирж байгаа гэнэ. Энэ их олон тийм, тэгсэн гэнэ гэхийн цаана, хот даяаршил тэнүүчлэл, доншуучлал, хэсэлт хил хязгааргүй хот айлсал, дэлхийд тэр тусам Монгол эх оронд минь аюулын харанга дэлдлээ.
 
 
 
Дэлхийн 213 оронд корона гуай хүч түрэмгийлэн айлчилсантай адил Чингисийн монголчуудын хөл тавиагүй гар хүрч, нүд хужирлаагүй газар орон алга болохыг коронатай өдрүүдэд мэдэж гайхширав. Гурван сая монгол хүн хязгаарын чанадад очих хувийн чадвараас гадна, мөнгө хөрөнгөний эх үүсвэр сайтай гэдэг нь цухалзаад, ядуу туйлдсан орон биш, харин ч тэр хэсэж тарж бутрах эх үүсвэр болсон асуудлаа төрийн бодлого болгон, нэгтгэн зангидаж тэрхүү их мөнгө хөрөнгөө дотооддоо хамтарч хэрэглэх асуудалд хараагаа тавиагүйн гор гарч, гаднаас “өвчин” экспортлохдоо хүрсэн нь энэ буюу гэх бодолд эзэмдүүлж гайхацгаав.
 
 
 
Дэлхийд 3 сая гаран хүн вирустэж, 200 мянган хүний амь нас хохирч байхад дотооддоо нэг ч хүн өвчилж нэг ч иргэний амь нас хохироогүй гэх тодотгол нь юуг харуулаваа гэх асуултад бид нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх цаг болсон биш үү гэж баярлан гайхширцгаав. Хүний амьдралын хайран цаг, сурч боловсрох, баялаг бүтээх их цаг хугацааг тасалдуулсан энэ аюулт өвчний үед монгол хүний тэвчээр зан харьцаа, ёс жудгийг шалгасан олон үйл явдал өрнөлөө. Ялангуяа хүний өөрийнх нь буруутай үйлдэл гэж бараг л байхгүй, өвдсөн зовсон, гадаадаас өвчин дайж ирсэн, эмчлүүлсэн, хяналтад орсон, гадаадад тэнэсэн энэ бүхэн цөм төр засгийн буруутай үйлдэл мэт сэтгэлгээ давамгайлсныг ийм хариуцлагатай үеийн өдрүүд монгол хүний нэгэн дүр төрх байсныг үзэж хараад сонсож дуулаад гайхширлаа. Монгол хүнийхээ төлөө Монголын төр засаг ямар их хүнд ачаа үүрдгийг бид олж хараад гайхширав. Тэр их үүрсэн ачаанд монгол хүний өгч буй нөхцөлд үнэлгээ аль хир байгаа вэ гэх асуудал монголчуудын санаанд төдийлөн буухгүй байгаа нь гайхширал төрүүлж байна.
 
 
 
Коронатай өдрүүдэд дотооддоо нэг ч хүн энэ өвчнөөр өвдөөгүй нь, гадаадаас өвчин зөөвөрлөн ирсэн гадна дотно 30 гаруй хүнийг оношлон зөвлөн эмчлэн эдгээж байгаа нь зөв зохистой хамгаалалт, хорио цээрийг тогтоож энэ өвчний аюулыг сөрж чадсан олон арга хэмжээг чадварлаг зохион байгуулсны хариуд итгэлийн царай харуулж, хүнлэг сайн үнэлэмжээ одоогийн засагт хандуулж, сайн жудаг тээж сайхан үг хэлсэн хүн хэдий олон байгааг төдийлөн олж харахгүй нь юуных вэ гэж бүр гайхширлаа.
 
 
 
Энэ өдрүүдийн хамгийн том гайхширал бол төр засагтаа баярлалаа гэх үг ховор хомс сонсогдсонд байлаа. Бидэнд тохиолдсон энэ хүндхэн цаг мөчид хүн гэгч өчүүхэн бодигалын мөн чанар танигдсанд бүр ч их баярлав. Монгол хүн бид, монгол төр засагтаа, монгол эмч нартаа гүнээ хүндэтгэл илэрхийлэх ёстойг бүү март.
 
 
Ц.ЯДАМСҮРЭН /СХД-ийн иргэн, нийтлэлч/