sonin.mn
"COVID-19", вакцин, "Zoom", кибер хорт үйлдэл болон нууцлалын онол зэргийн тухай Евгений Касперскийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
 
-COVID-19-ийн эсрэг вакцин олоогүй биз, Евгений?
 
-COVID-19-ийг эмчлэх компьютерийн программыг хүн зохиожээ гэж би нэг удаа зүүдэллээ. Үнэхээр тэгэж зүүдэлсэн. Харамсалтай нь тийм программ надад ч, өөр хэн нэгэнд ч алга даа.
 
-Харамсалтай. Уг нь яг цагаа олсон маш сайхан түүх намтар болж болох байлаа.
 
-Тийм ээ, одоохондоо бид ээлжит халдварын туршилтыг туулж байна. Оны эхээр Хятад улс коронавирусын эсрэг маш шуурхай, эмх цэгцтэй, хатуу чанга хариу арга хэмжээ авсанд би үнэхээр гайхаж биширсэн. Олон сая хүн амтай хотуудыг хааж, хөл хорино гэдэг амаргүй, хариуцлагатай ажил. Европ, Америкт ийм арга хэмжээ авах шийдлийн хувьд цаг алдсан бол Хятадад огтхон ч эргэлзэж тээнэгэлзээгүй.
 
-Халдвар эхэлж байх үеэр Та Хонконг руу нисч байсан биз дээ?
 
-Үгүй ээ, тэнд би арванхоёрдугаар сард байсан. Нэгдүгээр сард би Намиб, Зимбабве, Замби, Мадагаскар улсаар аялсан. Намибын элсэн манхан, алдарт Виктория хүрхрээ зэргийг нүдээр үзэхийг аль эртнээс хүсч мөрөөдөж байсан юм. Мадагаскарт зэрлэг муур болон бусад олон сайхан зүйл сонирхол татаж байсан. Ер нь өөрийн биеэр очиж үзэхийг хүсч байгаа хэд хэдэн газрын жагсаалт надад бий.
 
-Сониуч гэдгээрээ та бол танигдсан хүн. Эрсдлийн талаар юу бодож явдаг вэ?
 
-Аливаа зүйлийг бодож тунгааж байж хийдэг гэж боддог, харин хөлөө хугалдаг л дэмий явдал болсон шүү.
 
-Хаана тэр вэ?
 
-Камчаткад. Яг үнэндээ би тэнд гурван алдаа гаргасан. Эхэндээ бид явган аяллын чиглэлтэй (маршрут) явж байгаад огт төлөвлөөгүй уулын аялал болгож хувиргасан юм. Ингээд бид явсаар нэг мэдсэн чинь буцахад дэндүү хол, урагшлахад маш хэцүү тийм нөхцөл байдалд гэнэт орчихсон. Бидэнтэй хамт нутгийн туршлагатай хөтөч нар байсан болохоор жуулчид огт хөл тавиагүй тийм газар очихыг би хүссэн юм. Газар орны байгаль үнэхээр гайхалтай гоё! Галт уулын дэлбэрэлтээс үүссэн гуу жалга, цав цагаан, тас хар, час улаан хад чулуунууд...
Нэг үгээр хэлбэл, хөтөч нараа ятгаж чиглэлээ өөрчилсөн боловч аюулгүй байдлын дүрэм журмыг би өөрөө зөрчсөн юм. Хоёр гартаа таяг барьж, гутал, хувцсаа зөв сонгох... Мөсөн дээгүүр явахдаа бид шаталсан гишгүүр гаргаж байсан, би цуваанд сүүлээсээ хоёрт явж байсан юм, нэг гишгүүрийн мөс гэсэж, доошоо хонхойсон байв. Миний биеийн жин тийм ч хөнгөн биш. Товчхондоо, бүдэрч хөл алдахдаа тэнцвэрээ хадгалж чадаагүй, тэгээд л явж өгсөн дөө...
 
 
 
Уулын хажуу руу 400-гаад метр гулссан. Явган аялна гэж төлөвлөсөн болохоор мөсний алх, хамгаалалтын олс бидэнд байгаагүй. Үүнийг би юугаар ч зөвтгөх аргагүй эрсдэл гэж боддог. Адреналиныг цусанд арай өөрөөр ялгаруулж болно. Гурван жилийн өмнө би “Аккемийн боргионд очсон хүн аквапаркт инээдэггүй юм”  гэсэн хэлц үгтэй болсон юм.
 
 
-Юун боргио вэ?
 
-Катунь голд байдаг юм. Сонирхол татах газар харин тэнд бий шүү... Боргионд дөхөж ирэх үед буцах тухай санахын ч хэрэггүй. Айж сандраад ч нэмэргүй, зөвхөн чигээрээ л явах хэрэгтэй болно. Дараа би зураг үзүүлнээ. Хөндлөнгөөс харвал үнэхээр айдас хүрмээр, маш ширүүн урсгалтай, тэхдээ голын ус нь аюултай биш л дээ. Ёстой тонгочуулж сэгсэрч өгнө дөө... Ер нь би олон газар, улс орон руу онгоцоор нисдэг, нэг жилд 400 орчим цаг агаарт өнгөрүүлдэг байх гэж бодож байна. 2020 оны хувьд яах ч аргагүй уламжлал болсон хуваарь маань алдагдчихлаа...
 
 
 
Нэг хэсэг би ердийн ангиллаар нисэхээс татгалзаж үзсэн. Таван цагийн дүрэм баримталж таваас их цагаар нисэх бол бизнес, бага бол эконом ангиллын суудал захиалдаг байв. Онгоцны сүүл хэсэгт байдаг бие засах газарт дугаарлах гэдгийг ухаарч ойлгох хүртлээ энэ дүрмийг баримталсан. Үүний дараа “Үгүй ээ, боллоо, одоо дандаа бизнес суудал захиална” гэж өөртөө хэлсэн. Тохь тухтай тогтмол нислэг байхгүй бол Жетийн (хувийн жижиг онгоц) үйлчилгээ авдаг.
 
 
Онгоц агаарын сөрөг урсгалын савлагаанд орохыг үзэх гэж хүлээдэг байлаа. Үйлчлэгчийн авчирсан хоол агаарт хөвөхийг харах гэж шүү дээ. Энэ жил тэр хүсэл маань биелсэн дээ.
 
-Хүлээж байсан хүсэл хэр зэрэг биелсэн бэ?
 
-Бид хувийн жижиг онгоцоор Намиб рүү нисч байсан юм. Онгоц үүл рүү орохыг харж байсан нисэгч савлагаа эхлэхийг анхааруулав. Үйлчлэгч бүсгүй өглөөний цайны авга тавгийг хурааж амжсан ч ундаа харин дараа нь толгой дээрээс асгарч билээ... Гэнэт бид агаарын нүхэнд орж доошоо унах үед даруулга бүсээ зүүж амжаагүй нэг залуу хоёр гараараа бүснээс зуурч байгаа харагдсан. Онгоц зүүн тал руугаа огцом хазайн эргэж, доошилсоор, ямар нэг зүйл ёнгинож, аваарын дохио дуугарч эхэлсэн. Ийм маягаар хэдэн секунд нисч байгаад удалгүй тэгширч, чичиргээ аажмаар намжсан. Бид мэдээж, инээмсэглэсэн боловч төрсөн мэдрэмж үнэхээр маш эвгүй байсан.
Виндхукт газардсаны дараа нэг хэсэгтээ хэний ч нойр хүрээгүй... Гэхдээ иймэрхүү зүйл надад ховорхон тохиолддог. Удаан хугацаагаар бодолд оруулдаг эргэлзээтэй бизнес төслүүд ч бас зарим үед тохиолдоно. Шийдвэр гаргах ёстой болдог. Сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй л дээ.
 
-Нягт нарийн тооцоо ч алдаанаас хамгаалж чаддаггүй. Магадгүй мөнгөнөөс болсон байж болох уу?
 
-Тохиолдож байсан. Тэхдээ асар их мөнгө биш л дээ.
 
-Амьдралд бүх юм харьцангуй байх юм даа.
 
-Хаахад хүрсэн төслийн өртөг хэдэн арван мянган доллараар хэмжигддэг л байсан.
 
-Таныхаар энэ бол бага гэсэн үг үү?
 
-Нэг их үхээд байхаар биш гэж хэлье. Төсөл хэрэгжүүлэхэд он жилүүдийг зарцуулчихаад өртгөө нөхөж чадахгүй бол цуцалж зогсоох л хэрэгтэй. Өөр яах вэ дээ?
 
-Газар авсан цар тахал та нарыг санаж бодсон төлөвлөгөөгөө эргүүлж буцаах, эсвэл дахин төлөвлөхөд хүргэж байгаа байх?
 
-Глобал хэмжээнд бол тэгээгүй. Бүр гуравдугаар сарын эхнээс компаниа зайнаас ажилладаг болгосон. Мэдээж, залуучууд маань, ялангуяа айти-гийнхан, НR, захиргаа, аж ахуйн газрынхан шахуу ажиллах шаардлага гарсан, гэхдээ эцсийн бүлэгт ажиллах чадвараа алдалгүйгээр бүх юм болж өнгөрсөн. Манайх дөрвөн мянга орчим ажиллагсадтай, бараг бүгд шилжилтэд бэлэн байсан. Бид нэмж 120 зөөврийн компьютер олгосон. Тэгээд л болчихсон! Гэртээ тав тухтай ажиллахад чинь юу дутагдаж байна гэсэн асуултад олон хүн офисын түшлэгтэй сандал гэж хариулсан. Мэдээж, сандлаа гэртээ аваачихыг бид зөвшөөрсөн. Энэ бол хамгийн том асуудал байсан.
Товчхондоо, "Лаборатори" ажлаа үргэлжлүүлсээр байсан. Харин, Сингапур, Японд байдаг манай офисууд хөл хорио тогтоогоогүй болохоор хаваржин хэвийн горимоор ажилласан.
 
-Зайнаас ажил явуулахад компаниас аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авах шаардлага гарсан уу?
 
-Таны таамаглаж байгаачлан бид уг асуудлыг анхааралдаа авч корпоратив (нэгдсэн) сүлжээний бүх холболтыг VPN-ээр дамжуулж, наад зах нь хоёр хүчин зүйлээр эзэмшигчийн эрх олгох, үйлчлүүлэгчдийг баталгаажуулах тодорхой стандартыг аль эртнээс тогтоосон. Одоо ажилтнууд маань гэрээсээ ажиллаж байгаа боловч бүх зүйл хүрээн (периметр) дотор болж байгаа юм шиг яв цав зохион байгуулагдсан. Корпоратив сүлжээний оролт дээр манай бүтээгдэхүүн болох хамгаалалтын стандарт систем зогсож байна.
 
-Видео дуудлага болон хурал (конференц) хийх үед моод болж байгаа Zoom-ыг яагаад ашигладаггүй юм бэ?
 
-Үүний тулд бидэнд Microsoft Teams бий. Ажиллахад эвтэйхэн. Zoom-ийн талаар эхэндээ аюулгүй байдлын асуудлаар хэд хэдэн сүрхий шүүмжлэл гардаг байсан. Бид нэг багавтар судалгаа хийсэн юм, залуучууд үнэхээр гайгүй сайн, эвтэйхэн софт хийсэн байсан, гэхдээ хоёр долоо хоногийн өмнө дугааруудыг ангилж цэгцлэх явцад нууц нэрээр хамгаалагдаагүй хурал руу маш амархан орж болохоор  байсан. Хариулахгүй байх ёстой нууц нэр суурилагдаагүй байв... Боловсруулсан хүмүүс харилцан яриаг хамгаалах талаар онцолж сайн анхаараагүй бололтой. Одоо алдааг засч эхэлсэн, гэхдээ анхаарах зүйл бас байгаа. Тийм болохоор энгийн харилцан ярианы хувьд Zoom магадгүй сайн байж болох юм. Харин нууцлалтай сэдвээр хэлэлцэж байгаа ажил хэргийн харилцан ярианы хувьд тохирохгүй.
 
Тийм асуудлаар Teams эсвэл, жишээлбэл, WhatsApp найдвартай.
 
-Энэ мессенжер бас илүү сайн хамгаалагдсан уу?
 
-Zoom- аас уу? Тэгэлгүй яах вэ. 100%!
 
Үргэлжлэл бий.
 
 
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин