sonin.mn
НИЙСЛЭЛЧҮҮД; АГААРЫН СЭЛГЭЭГ ИТВЭХЖҮҮЛДЭГ АЯСЫН САЛХИ НАМЖСАН ДҮН ӨВЛИЙН ЦАГТ “ИНВЕРСИЙН ДАВХАРГА” ГЭГЧ БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛЭЭР НЯГТ ТАГЛАГДАЖ, ДӨРВӨН УУЛААР ХҮРЭЭЛЭГДСЭН,ТОГООН ДОТОРОО МЯНГА МЯНГАН ЗУУХ ГАЛЛАЖ,ДОТООД ШАТАЛТЫН ХӨДӨЛГҮҮРТ МЯНГА МЯНГАН АВТО МАШИН ХӨЛӨГЛӨН АМЬСГАЛАХ ХҮЧИЛТӨРӨГЧӨӨ УТАА ТОРТОГ, ХОРТ ХИЙ БОЛГОН ХУВИРГАНА. ТЭГЭЭД БҮГДЭЭРЭЭ УУШИГНЫ АРХАГ ӨВЧНИЙГ АНАГААЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАА БУРУУТГАЖ СУУНА. ӨГҮҮЛЭХ НЬ;
Температурын инверсийг тойрсон олон тооны түлхүүр асуудлууд бий.
Эдгээр асуудлуудад олон түмний анхаарлыг хандуулах үүднээс температурын инверс ба агаарын бохирдлын гамшигт тунралтын тухай бичсэн танин мэдэхүйн бяцхан нийтлэлийн сэдэвтээ зарим өөрчлөлт оруулж олны анхааралд хүргэхийг зорив. Засгийн газраас нийслэл хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглон шахмал түлш ашиглах болгосноор агаарын бохирдлын хэмжээ тууштай буурч байгаа нь сайшаалтай. Гэвч энэ бууралт нь хүн амын эрүүл мэндийн стандартад бүрэн нийцсэн гэсэн үг огтхон ч биш. Бид шахмал түлш хэргэлснээр түүхий нүүрсний шаталтаас бий болох нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад дагалдах эльментүүдийн бохирдлыг их хэмжээгээр хорогдуулж чадсан. Энэ бол бидний олж авсан чухал ололт мөнөөс мөн. Биднийг хүрээлэн буй орчинд азот 78%, хүчилтөрөгч 20,95%, бусад хийнүүд 1% орчим байдаг. Агаар мандал дахь хийнүүдийн агууламжийн хувь хэмжээ нэмэгдэх буюу багасах нь хүний эрүүл мэндэд баггүй эрсдэл учруулдаг байна. Дэлхий нийтийг хамран гарч буй халдварт COVID-19 өвчний дэгдэлтийг ч агаарын найрлагын бүтэц болон цаг агаарын үзэгдлүүдтэй холбон судлахыг зарим орны эрдэмтэд уриалсан байна. Агаар мандлын хийн бүтэцийг өөр хооронд нь сэлгэж зохист хэмжээнд байлгахад салхи шийдвэрлэх үүрэг үзүүлдэг. Зонхилох чиглэл дэх салхины хурд 3-5 м/секунд болоход агаарын сэлгээ хангалттай явагдах бөгөөд салхины хүч түүнээс ихсэхэд агаар дахь тоосжилтын хэмжээ эрчимтэй нэмэгдэх сөрөг үзэгдэл гардаг. Манай гаригийн асар том хотуудын ихэнх нь их далайн эрэг хөвөө болон тэгш тал газар оршдогоос салхины эерэг хүчин зүйлийн нөлөөгөөр агаарын бохирдлын тунаралтаас ангижирч чаддаг байна. Агаар бохирдуулах үйлдвэрүүд ба хүн ам олонтой, уул нуруудаар хүрээлэгдсэн их хотуудын агаар мандлын сэлгээ харьцангүй түгжигмэл байдаг. Энэ нь салхины хурд хүч эрс багасдаг өвлийн улиралд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрэхэд гол нөлөө үзүүлдэг.Энд  байгаль дэлхийн агаар мандлын үзэгдлүүдийн тухай ярьж байгаа боловч үнэн чанартаа хүн амын эрүүл мэндийн зайлшгүй чухал асуудлуудыг хөндөж байгааг уншигчид маань сайтар ухаарах биз ээ. Өвлийн улиралд амьсгалын замын өвчлөл эрс ихсдэг нь өвөл цагийн салхины хэт намжмал байдал, цаг агаарын эрс хүйтрэлт  болон агаар мандлын бүтэцийн өөрчлөлтийн хавсарсан үзүүлэлтүүдээс шалтгаалдаг гэдгийг энд онцлон дурдууштай.
 
 
 
Агаарын бүтэцэд байх 20,95% -ийн хүчилтөрөгчийг үй түмэн галлагааны зуухууд, хотоор давхилдан буй олон мянган автомашинууд шаталтын үндсэн түүхий эд болгон ашиглана. Эцэст нь экологи ба эрүүл мэндэд нэн хортой хийн хольцуудаар байгал орчныг бохирдуулна. Зогсолтгүй явагдах ийм үйлдвэрлэлийн эцэст гаднах орчны агаарын найрлагын бүтэц хүний эрүүл мэндэд тохирсон хэмжэээнд байх боломжгүй болно.
 
 
 
Агаарын сэлгээ тогтмол явуулдаггүй сууцны агаар гаднах орчноос ямагт илүү бохир байдгийг бид мэднэ. Гэтэл гаднах агаарын бохирдол хэтэрсэн үед салхивчаа нээх нь цэвэр агаарын сэлгээ хийж байгаа үйлдэл мөн үү гэсэн зүй ёсны асуудал ч тавигдах болно. Манай орны хамгийн хүйтэн цэгүүд болох Увс, Завхан, Хөвсгөл нутагт амьдарч байгаа болон нийслэл хотын оршин суугчдын амьсгалын замын эрхтнүүдийн өвчлөлийн тоо баримтуудыг харьцуулан үзвээс агаарын бохирдол ба агаарын бүтэц алдагдах шалтгаан өвчлөлд голлох үүрэг гүйцэтгэж байгааг тодорхой харах болно. Энэ бүхнээс үзэхэд агаарын сэлгээнд түгжрэл үзүүлдэг инверс нь байгалийн нэг онцлог үзэгдэл төдийгүй эрүүл мэндийн шинжлэх ухааны орхигдуулж үл болох судлагдхуун гэдгийг харж болно.
Инверс гэдэг нь Латины (inversio) хэвийн бус гэдэг үгээс гаралтай бөгөөд монголоор агаар мандлын хэмийн (температурын) урвуу үзэгдэл буюу тонгоруу гэж нэрлэдэг. Үүнийг температурын инверс гэдэг даяршсан нэрээр нь нэрлэв. Температурын инверс нь өнөө үед нийслэл хотод маань гамшгийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдолтой шууд холбогдоно. Дэлхийн агаар мандалын доод үе давхаргад газарын гадаргуугаас дээш хөөрч байгаа дулаан агаар эзэлхүүнээ тэлж температур нь буурдаг ерөнхий зүй тогтолтой боловч зарим тохиолдолд өндөр рүүгээ агаарын температур нэмэгдэх явдал тохиолдоно. Ялангуяа эсрэг циклоны үед газрын гадаргуугийн рельеф буюу хотгор гүдгэрийн эрс зөрүүтэй байршилд багагүй тохиолдоно. Үүнийг агаар мандалын инверсийн үзэгдэл гэж нэрлэнэ. Агаар мандал газрын гадрагаас 100 м дээшлэх тутам 06 хэмээр буурч байдаг ерөнхий зүй тогтолтой. Инверсийн үзэгдэл нь агаарын сэлгээг (конвекцийг) бүрэн тушиж чаддаг тул агаарын бохирдлын тунралыг идвэхжүүлдэг. Инверсийг газрын гадаргуу орчмын,чөлөөт агаар мандлын гэж 2 ангилна. Газрын гадаргуу орчмын инверс нь гадаргуугаас хэдэн арван метрээр,чөлөөт мандлын инверс нь хэдэн зуун метрийн өндрөөр ялгагдана. Хатуу, шингэн, түлшний шаталтаас үүсэх агаарын бохирдол болон их хотуудын барилга байгууламжуудаас гарах дулааны алдагдлууд нийлбэрлэн “ дулааны арал” хэмээх үзэгдлийг бий болгох бөгөөд тэр нь газар зүйн байрлалын хотгор гүдгэрээс шалтгаалан агаарын бохирдлын их тунарлыг бий болгоно. Нарны гэрлийн цацраг (альбедо) агаарын бохирдлын тунралтын давхаргыг үл нэвтлэн ойлт ба замхралт нь нэмэгдсэнээр газрын гадаргууд ирэх дулааны энергийг багасгана. Үүний улмаас газрын гадаргуу орчмын агаарын өгсөх хөдөлгөөн буюу салхины босоо чиглэлийн хөдөлгөөн түгжигдэж агаарын бохирдлын тунаралт нэмэгдсээр байдаг.
 
 
 
Тэнгис далай ба томоохон нуурын эрэг орчим буюу тэгш тал нутагт орших хотуудын дээр үүсэх дулааны арал үзэгдэл ба агаарын бохирдлын тунарал нь “зонхилох чиглэлийн салхи” ба дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөс үүсэлтэй газрын нам өндрийг хамран явагддаг “кориолус” болон эрэг орчмын “бриз” салхинуудын үйлчлэлээр саринан зайлуулагдана.
 
 
 
Харин газар зүйн рельефийн онцлог байршилтай (газар зүйн тогоо буюу өндөрлөг уулсын бэл хормойд хагас нээлттэй байдалд орших) дэлхийн зарим том хотууд ба манай нийслэлийн агаарын бохирдол нь дүн өвлийн хүйтнээс шалтгаалсан салхины намдуу байдал, дулааны арал ба, температурын инверсийн үзэгдлүүдээр баталгаажин агаарын бохирдлын тунарлыг удаан хугацааны туршид  хадгалан үлдээдэг байна. Нийслэл хотын “газар зүйн тогоонд” үүсдэг инверсийн давхрага нь нам өндөрлөгийн ангилалд харааралтай гэж би ойлгодог. Хойд мөсөн далай ба сибирт бий болсон эсрэг циклоны хүйтэн урсгал нам доор газруудаар дамжин тархаж нийслэл хотын агаарын бохирдлын давхрагатай холимогжин бохирдолт тунралыг үүсгэнэ. Энэ тунралыг газар зүйн өвөрмөц рельеф болон  жилийн 11,12,1,2 - р саруудад бий болдог  температурын инверсийн үзэгдэл улам баталгаажуулдаг. Хар усан тохойгоос Сонгино хайрхан уул хүртлэх Туул голын голдиролын дагуух бага өндрийг хамарсан “уул хөндийн” салхины бичил урсгал явагддагийг нийслэлчүүд цэнгэг агаарын бүс гэж нэрлэдэг.
 
 
 
Уул хөндийн салхи нь  өндөрлөг газраас нам доор газар руу чиглэлтэй газрын гадаргуу орчмоор явагддаг тул түүнээс нилээд дээгүүр орших  инверсийн давхаргад нөлөө үзүүлж бохир агаарын тунралыг хөөн зайлуулж чаддаггүй байна. Инверсийн давхаргад сариналт явуулахад нэгэн чиглэлд тогтмол үйлчлэх 3-5 м/с хүртэл хурдтай салхи хэрэгтэй болно.
 
 
 
Гэвч дүн өвлийн ид хүйтний улиралд ийм хэмжээний салхи гарах нь маш ховор юм. ОХУ -ын нэгэн эрдэм шинжилгээний өгүүлэлд; Салхины хурд 3-5 м/с бол агаарын бохирдлын тунарал 70 % орчим,7м/с хүртэл бол 100% саринан зайлуулагддаг гэжээ. Нийслэл хотын оршин суугчдын  эрүүл мэндэд асар их хохирол учруулдаг агаарын бохирдлын гамшигт үзэгдэл ба түүнийг баттай түгжиж байдаг инверсийн давхаргыг үлдэн хөөх нөхцлийг 3-р сарын эхээр нарны гэрлийн цацрагийн альбедогийн үйлчлэл буюу температурын эрс хэлбэлзлээр бий болох улирлын муссон салхи бүрдүүлдэг байна.
 
 
Өндөр настан Л.Лхагва