sonin.mn
-47 МЕТР ГҮН ХУДГИЙН УСЫГ ШИНЖЛЭХЭД НЯН ИЛЭРЧЭЭ –
 
Нийслэлчүүдэд агаарын бохирдол аюулын харанга дэлдэж байсан цаг саяхан. Тэгвэл бидний өмнө бас нэгэн аюулын харанга дэлдэж буй асуудал нь хөрсний бохирдол. Тиймээс ийм бохирдол аюулын хэмжээнд хүрэхэд ойрхон байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, гарц шийдлийг нэн даруй хайж эхлэх хэрэгтэй байна. Нийслэлчүүд бид гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд олон жилийн турш ярилцаж хэлэлцсэний үндсэнд шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл гарган хэрэгжүүлж, бага багаар амжилтад хүрч байна. Тиймээс агаарын бохирдолтой тэмцэж буйтайгаа адил хөрсний бохирдолтой нүүр тулах цаг ирснийг энэ салбарын эрдэмтэн судлаачид анхааруулж байгаа юм.
 
ХӨРСИЙГ ХАМГААЛАХ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
 
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 2015 оны Засгийн газар хоорондын хуралдаан дээр дэлхийн үржил шимт хөрс хурдацтайгаар багасаж, хүн төрөлхтний өсөн нэмэгдэж буй хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг тэмдэглэж, Тогтвортой хөгжлийн 17 үндсэн зорилтын тэргүүлэх нэг асуудал болгосон. НҮБ-ын “Дэлхийн хүнсний аюулгүй байдал ба хүнс тэжээлийн салбарын нөхцөл байдал” илтгэлд 2017 оны байдлаар өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо дэлхийд 821 саяд хүрсний гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, хөрсний доройтол, усны хомсдолоос шууд хамааралтайг дурджээ. Эдгээр шалтгааны улмаас НҮБ-аас 2016- 2025 оныг “Хүнс тэжээлийн арван жил”, Олон улсын Хөрс судлалын холбоо (IUSS)-ноос 2015-2024 оныг “Дэлхийн хөрсний арван жил” болгон зарлаж хөрсийг хамгаалах, тордон сайжруулах, ашиглалтын хэмнэлттэй горимд шилжих, хөрсний судалгааг нарийвчлан хийх зэрэг олон арга хэмжээ авахыг дэлхийн улс орнуудад уриалсан. Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016- 2020 онд шинээр боловсруулах болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийн жагсаалт”- ын 54-д заасныг үндэслэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр”- ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд буюу 2019- 2021, 2022-2023 онд хэрэгжүүлэх ажээ. Хөтөлбөрийн үр дүнд эрүүл хөрсийг хамгаалах, үржил шимээ алдсан хөрсийг тордон сэргээснээр бохирдож доройтсон хөрсний 30 хувь, үүний дотор 100 мянган га бэлчээрийг сэргээн эргэлтэд оруулна. Мөн хот, суурин газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийн 20 гаруй хувийг устгаж, 500 шоо метр бохирдож, доройтсон хөрсийг цэвэрлэн хөрсний бохирдлоос шалтгаантай өвчлөлтийг 20 хувь бууруулна. Авто замын эвдрэл болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас Улаанбаатар хот, 21 аймгийн төв, 330 сумын болон багийн төв гээд суурин газрын хөрс ихээхэн хэмжээгээр талхлагдаж, элэгдэл, эвдрэлд орж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хөрсний 4.1 хувь нь сул, 25.7 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон байна. Мөн хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад, хром (Cr) 76.3 хувь, хар тугалга (Pb) 71.1 хувь, цайр (Zn) 80.3 хувь, зэс (Cu) 65.8 хувь, кадми (Cd) 48.7 хувь, никель (Ni) 52.6 хувь тус тус их байна. Хөрсний нянгийн бохирдолт 88 хувь, органик бохирдол 52.6 хувь, шивтрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь болжээ. Улсын хэмжээнд хог хаягдлын 396 төвлөрсөн цэг байгаагаас Улаанбаатар хотод байдаг зургаан цэгт 2017 онд 1.1 сая тн хог хаяжээ. Эдгээр нь нийт 125 мянган га талбай эзэлж байгаа бөгөөд жил тутам хог хаягдлын хэмжээ 500 мянган тонноор нэмэгдэж байгаа зэрэг нь хөрс бохирдоход ихээр нөлөөлж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр газар зүйн тогтцын хувьд далайн түвшнээс өндөрт өргөгдсөн, эх газрын эрс тэс, ширүүн уур амьсгалтай, гадаргын хотгор гүдгэрийн ялгаа их, байгалийн олон бүс, бүслүүрт хуваагддагаас шалтгаалж экосистемийн үндсэн бүрэлдэхүүн болох хөрсөн бүрхэвчийн хувьд гарал үүсэл, хэв шинжийн тархалт нь харилцан адилгүй, хөнгөн механик бүрэлдэхүүнтэй, үржил шимт хөрсний нөөц багатай, ачаалал даах, байгалийн аясаар нөхөн сэргэх чадавх сул байгаа юм.
 
ИРЭЭДҮЙД ХАРАМСАЖ СУУЛГҮЙГЭЭР ӨНӨӨДРӨӨС ХАМТАРЧ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ
 
Нийслэлийн хөрсний бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй нь нүхэн жорлон болон хог хаягдлын асуудал гэдгийг эрдэмтэд хэлж байна. Нийслэлийн гэр хороололд 800 мянга гаруй оршин суугч амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг. Одоогоор хотод нийт 190 мянган нүхэн жорлон байдаг аж. Улаанбаатар хотын хөрсөнд хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2.8 метр байгаа нь нүхэн жорлонгийн дундаж гүнтэй ойролцоо байгаа юм. Түүнчлэн нүхэн жорлон нь хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгаа нь нотлогдсон байна. Тодруулбал, гадаргад ойрхон буюу 1.5 метр гүн худгийн усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол их байгаа бол 47 метр гүн худгийн усыг шинжлэхэд нян бага зэрэг илэрчээ. Түүнчлэн хог хаягдлын менежмент хангалтгүй байгаагаас хөрс ихээр бохирдож буй юм. Тиймээс хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялгах, ангилах тогтолцоог нэвтрүүлэх, үүнд шат шатны хяналтын тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг эрдэмтэд хөндөх болжээ. Хөрсний доройтол эвдрэлийн асуудлаар албаны хүмүүсийн байр суурийг хуваалцлаа.
 
Хөрс цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэх шаардлагатай болсон
 
Ш.БАТДЭЛГЭР: /НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
 
-Хөрсний бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг НЭМҮТ-өөс судаллаа. Судалгаагаар хөрсний бохирдлоос шалтгаалан цусан суулга, халдварт шар зэрэг өвчин үүсэхэд нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн 1300 гаруй хүний мэдээллийг хөрсний бохирдлын үзүүлэлттэй харьцуулж үзэхэд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Мөн гэдэсний халдварт өвчлөл 0-4 насны хүүхдүүдэд их тохиолддог болсон. Цаашид авах арга хэмжээний тухайд хөрсний бохирдлоос хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах хэрэгтэй байгаагаас гадна бохирдсон хөрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
 
Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хөрсний бохирдол их байна
 
Б.БАЯСГАЛАН: /МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч/
 
-Манай байгууллага Улаанбаатар хотод 74 цэгээс дээж авч хар тугалга, мөнгөн ус, цацрагийн үзүүлэлтээр шинжилдэг. Үүний зэрэгцээ аймгуудын хөрснөөс дээж авч шинжилж байна. Шинжилгээгээр Улаанбаатар хотын хөрсний 50 гаруй хувь нь их, дунд бохирдолтой байгаа бол аймгуудын хөрсний 40 орчим хувь нь их, дунд бохирдолтой гэсэн ангилалд орж байна. Төвийн дүүргүүд буюу Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт гэр хороолол их байгаагаас үүдэн хөрсний бохирдол бусад дүүргээс их байдаг. Энэ нь хатуу, шингэн хог хаягдлын менежмент, угаадасны нүх хангалтгүй байгаагаас үүдэлтэй гэж болно. Үүнээс гадна төвлөрсөн шугамд холбогдоогүй машин угаалгын газрууд ч хөрсийг бохирдуулж байна.
 
Хөрс бол бидний амьдралын эх үндэс юм
 
Н.ДАМБАДАРЖАА: /ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, доктор/
 
-Хөрс бол бидний амьдралын эх үндэс юм. Хүний амьдралын 98 хувь нь хөрснөөс хамааралтай байдаг. Иймээс хөрсөө хайрлан хамгаалах, хөрсний талаар бага наснаас нь мэдлэг олгох нь манай иргэдийн хувьд маш чухал байна. Хөрсний бохирдлыг хоёр төрөлд хуваан авч үздэг. Эхнийх нь микробиологийн бохирдол. Нийслэлийн хэмжээнд микробиологийн органик бохирдол нийт суурьшлын бүсийн хэмжээгээр 88 хувьтай байгаа юм. Товчхондоо, төвийн зургаан дүүрэгт эрүүл хөрстэй талбай байхгүй гэсэн үг. Гэр хороололд инженерийн дэд бүтэц хөгжөөгүй, айл өрхүүд нүхэн жорлон, бохир усны нүхээ хүссэн газартаа ухдаг нь ийм хэмжээнд хүргэсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд 190 орчим мянган нүхэн жорлон бий. Үүний улмаас хөрс 50 метр хүртэлх гүнд бохирдоод буй. Ялангуяа хөрсний өнгөн хэсэг буюу 3-5 метрт хамгийн их бохирдолтой байна. Үүнээс гадна хог хаягдлын менежмент тааруу, шинээр баталсан хуулийн хэрэгжилт хангалтгүй нь ч үүнд бас хамаатай. Шүлс ч хөрсийг бохирдуулдаг гэдгийг дэлхийн эрдэмтэд хэдийнэ баталчихсан. Гэтэл Улаанбаатар хотод хог тээврийн үйл ажиллагаа хангалтгүй, хяналт сулаас хаягдлаар “дүүрсэн” гэж болно. Хоёр дахь төрөл нь металлын бохирдол. Нийслэлийн төвийн болон үйлдвэрлэлийн бүсэд хөрсний хүнд металлын бохирдол стандарт хэмжээнээс 10-20 дахин их байна. Суурьшлын бүс дотроо техникийн зах, авто засвар, дагалдах материалын худалдааны эрх зөвшөөрлийг замбараагүй өгсний уршиг энэ. Жишээ татахад, нэг автомашины хуучин тосыг солиход 3-5 литр муу тос гардаг. Үүнийг байгальд хор хөнөөлгүй байдлаар устгах зохицуулалт манай улсад байдаггүй. Засварын газрууд муу тосоо хурааж байгаад л гуу, жалга руу урсгачихдаг. Тэгэхээр тухайн орчмын хөрс хэдэн зуун жилийн турш дахин сэргэхгүйгээр бохирдож байна гэсэн үг. Ерөнхийдөө хүн амын хэт төвлөрөл, хот төлөвлөлтийн алдаа, холбогдох албаны буруу үйл ажиллагаанаас хөрсний бохирдол үүдэлтэй гэж хэлж болно. Утаа шиг нүдэнд харагдахгүй хэрнээ түүнээс илүү уршигтай гамшиг Улаанбаатар хотын иргэдэд цаг минут тутам чимээгүй “заналхийлж” байгааг дээрх хэдхэн үзүүлэлт нотлох биз ээ.
 
“Дэлхийн хөрсний өдөр” тохиож байна
 
 
Улаанбаатар хотын хувьд хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зарласан. Иймээс 2017 оны нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөр болгосон. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ныг “Дэлхийн хөрсний өдөр” болгон зарласан байдаг. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хөрсний бохирдлыг бууруулахад таны оруулж чадах энгийн долоон алхам байна. Үүнд, -Аюултай хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх, -Нэг удаагийн хуванцар хэрэглээнээс татгалзах, -Дахин боловсруулах, бас дахин боловсруулах, -Шинээр цахилгаан хэрэгсэл худалдан авахаасаа өмнө сайтар бодох, -Дэлгүүр орохдоо даавуун тор хэрэглэж байх, – Ахуйн хэрэглээндээ байгальд ээлтэй бүтээгдэхүүн сонгох, -Хоол хүнсний хаягдлаа ашиглан компост буюу бордоо хийж сурах хэрэгтэй. Монголчууд бидний хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээх ёстой олон чухал эрхэм зүйлсийн нэг бол Монгол орны үржил шимтэй хөрс, газар шороо юм. “Дэлхийн арьс” болох хөрсний нөөцийг зохистой ашиглаж, хөрсийг хамгаалахгүй бол эцэст нь шийдвэрлэх ямар ч боломжгүй болох вий гэдгийг эрдэмтэд байнга сануулсаар байгаа. Эрдэс, органик матери, хий, шингэн ба тоологдошгүй олон организмын нийлмэл бөгөөд ургамал ургах орчин бүрдүүлж, усыг хадгалж, нийлүүлэх, цэвэршүүлэх хэрэгсэл болсон хөрсөө хамгаалахгүй бол халдварт өвчнөөс эхлээд олон бэрхшээлтэй тулгарах нь энүүхэнд шүү гэдэг анхааруулга ч гэж үүнийг хэлж болно. Тиймээс хөрс хамгаалах тархай бодлогоо нэгтгэж, хамтарч ажиллах нь чухал байна.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин