Чингис хааны дэлхийн академийн тэргүүн П.Давааням нээсэн гүн ухаанаараа хунтайж хэргэмээ хүлээн зөвшөөрүүлсэн гэдэг. Саяхан болсон Монголын эдийн засгийн форум дээр өөрийгөө монгол брэндээр зарласан түүний яриаг хүргэж байна.


-Засгийн газар Чингис хаан гэсэн нэрийн эрхийг өөртөө авна гэснийг та ямар учраас эсэргүүцэж байгаа юм бэ?

-Чингис хаан гэдэг нэр бол алтан ургийнханд өвлөгдсөн үнэт өв. Гэтэл Чингис хааны энэ өвийг залгамжлах эрхэд халдаж гедонист сэтгэхүйгээр хууль батлах гэж байгаа нь коммунист үеийн гүтгэн устгалыг бас нэг талаар давтаж байгаа хэрэг гэж би үзэж байна.

Тиймээс ийм харгис яриа хөөрөөг эхнээс нь таслан зогсоох нь зөв. Мөнгө, эрх мэдэл, албан тушаал гэсэн сэтгэхүйгээр хараад байна.



-Чингис хааны нэрийг архи, тамхины хайрцган дээр гээд замбараагүй ашиглаад байгаа учраас төр мэдэлдээ авах хэрэгтэй гэж байгаа шүү дээ?

Энэ нэр төрийн хамгаалалтанд байна гэснээс өмчинд байна гээгүй. Харин би энэ эрхийг эзэмшихдээ Монголын ард түмэнтэй хамтарч эзэмшье гэсэн санал тавьж байгаа юм. Надгүйгээр, миний патенталсан зүйлийг булааж авах гэж байна. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн Монголын түүхийг судлахгүй. Намайг урьж уулзах байсан.

 

Тэгвэл би ингэж хийх ёстой, би тэдэн хувийг ард түмний эзэмшил болгоно, дэлхийд боловсон хүчнээ бэлдье гэх мэт зүйл ярина. АНУ-ын жишгээр шийдвэл бид зэрэг, зиндааг нь бууруулж байгаа хэрэг. Энэ бол дэлхийн соёлыг устгаж байгаа хэлбэр шүү.



-Энэ нэр болон Чингис хааны бусад өв танд хамаарна гэдгийг яаж, хэн баталдаг юм бэ?

-Би анх Чингис хааны философийг дэлхийн тавцанд гаргаж тавьсан хүн. Тухайн үед олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Улаанбаатар сонинд Чингис хааны философийн тухай нийтлүүлж байсан. Түүнийг дараа нь гадны нэр хүндтэй CQ сэтгүүл дээр гаргасан. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлвэл патентын эрх авсан гэж үздэг.

 

Учир нь тэр хэвлэлүүд нийтлэхдээ үнэхээр энэ хүний бүтээл мөн үү гэдгийг судалж байж гаргадаг юм. Мөн 2006 онд миний бичсэн Чингис хааны философийн тухай, өв залгамжлалын тухай интернетээр хэлэлцүүлэг явуулахад дэлхийн өнцөг булан бүрээс 3 сая хүн оролцсон.

 

Тэгээд л Чингис хааны философи бол дэлхийн өв гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гүн ухааныг нээсэн. Би дэлхийн 3 тэрбум хүнд Чингис хааныг зөв ойлгуулсан. Буруу зүйлийг нь цагаатгаж дэлхийн 1000 гаруй хэвлэлээр гаргасан юм.



-Монголчууд гэхдээ тэр болгон хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ?

-Чингис хааны дэлхийн академиас 2010 онд Чингис хааны өвийг хэрхэн хамгаалах тухай мэдэгдэл гаргасныг "Өдрийн сонин" нийтэлсэн байгаа.

 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт Чингис хааны дэлхийн академиас Чингис хааны өв соёлтой хэрхэн хандаж байсан талаар монгол, англи хэлээр захидал бичиж байсан. Үүнд Чингис хааны удмын хүмүүстэй, хааны өв хөрөнгөтэй хэрхэн харилцах талаар маш тодорхой зааж өгсөн байдаг. Тэндээс уншаарай.

 


-Таны адил алтан ургийн хэчнээн хүн байна вэ? Хүүхэддээ өвлүүлнэ биз дээ?

-Дэлхийн 52 оронд 10 мянга гаруй Чингис хааны алтан ургийнхан байдаг. Үүнийг Назарбаевын уриалснаар НҮБ баталгаажуулсан. Бүгдтэй нь манай академи холбоотой байдаг л даа. Манай гэр бүлийнхэн энэ их өвийг уламжлан хамгаалж явахыг хичээдэг. Би 1983 оноос хойш 30 гаруй жил зүтгэлээ.

 

Ингэхдээ Чингис хааны гүн ухааныг нээж, өөрийн болон олон улсын хэмжээнд хунтайжийн хэргэмээ хүлээн зөвшөөрүүлсэн. Энэ бүгдийг хийхийн тулд би 16 удаа дэлхийн болон олон улсын дээд курс төгссөн. Дэлхийн 52 шинжлэх ухааны 2832 мэргэжлээр энэ философийг баталгаажуулсан.



-Чингис хааны нэрээс өөр ямар өв танд байна?

-728 тэрбум доллараар үнэлэгдсэн 13 үнэт зүйл бүхий дэлхийн хамгийн эртний аугаа үнэт зүйл бий. Харилцах, эзэмших патент нь надад байгаа.



-Ийм хэмжээний өртөгтэй гэж хэн, хэрхэн үнэлсэн юм бэ?

Дэлхийд алдартай "Форбес" сэтгүүлээс үнэлсэн байдаг.



-Танай Чингис хааны дэлхийн академи ямар сургалт явуулдаг юм бэ?

-Би анх Чингис хааны дэлхийн академийг байгуулаад 680 цагийн программтай, яаж зөв амьдрах тухай сургалтын систем бий болгосон. 1998 онд Боловсролын яамнаас баталгаажуулсан.    

 

Гэтэл олон нийтийн байгууллага сургуультай байж болохгүй гээд хаасан. Харин Казахстан улс надад хүндэт профессор цол өгсөн. Чингис хааны философийн 64 нүүр бүтээлийг маань дэлхийн 200 орчим сургуульд үздэг юм шүү.


Эх сурвалж: "Монголын нэг өдөр"