sonin.mn

 

Улсын цирк, Хүүхэлдэйн театр, Драмын эрдмийн театрт олон жил ерөнхий зураачаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ч Монгол улсынхаа хөгжилд сэтгэлээ чилээж суудаг буурлуудын нэг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г.Эрдэнэбулган гуай юм.
 
 
Тэрбээр дэлхийн цаг агаарын өөрчлөлтөөс эх орныхоо байгальд экологийн тэнцвэргүй байдал үүсч байгааг жишээ татан тайлбарлаж, энэ байдлаас дэлхий ээжээ, эх орноо аварч хамгаалах тухай өөрийн бодлоо Монгол улсын ерөнхийлөгчид илгээж, уулзъя хэмээн хоёр жил хөөцөлдээ.
 
 
Гэсэн ч түүний энэ хүсэлт талаар болсон учраас энэ тухайгаа бичсэн захидлыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд илгээж, хариуг нь хүлээж авсан байна. Өдгөө 83 насыг зооглож буй буурал маань НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад бичсэн захидлынхаа талаар ийн ярилаа. 
 
 
-НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн саналаа илэн далангүй бичиж явуулсан танд гүн талархал илэрхийлье. Энэ асуудлын талаар аажимдаа ярина. Тэр цагт таны явуулсан бичгээс хэрэгтэй зүйлүүдийг хөндөж ярилцана.
 
 
Ер нь манай дэлхийн олон орнуудад байгаль хамгаалах талаар юу хийж байгаа тухай нэгтгээд НҮБ-ын хурлаар хэлэлцэнэ гэсэн хариуг ирүүлсэн. Сүүлийн үед бидний оршин байгаа цэнхэр гарагт олон гамшигт үзэгдэл болж байгааг хүний хувьд, өөрийнхөө амьдран байгаа эх дэлхийдээ хайртай хүний хувьд ажиглаж санасан бодсоноо хэлье гэж бодсон юм. 
 
 
Нэгдүгээрт, манай эх орны хойд хэсэг нь ой, тал хээр, говь хосолсон байгалийн тогтоцтой. Гэтэл одоогийн байдлаар говь, хангай хоёр л болох гээд байна. Тал хээрийн бүс нь элсэнд эзлэгдэж байгаагаас элстэй тэмцэх, бэлчээрээ хамгаалах нь монголчуудын эрхэм чухал асуудал болжээ.
 
 
Манай улсын нутаг дэвсгэр өргөн уудам ч түүнтэйгээ нийцэх хүн амын суурьшид молхи. Яагаад гэвэл хүн амын 50 хувь нь улсынхаа нийслэлд төвлөрч хот улс шиг болчихсон. 14 аймгийн бол хүн нь бүр цөөрсөн. Ховдоос Архангай хүртэлх өргөн уудам нутагт ердөө л бэлчээр байгаа ч өвсгүй. 
 
 
Хоёрдугаарт, Монгол улсад төдийгүй дэлхий дахинаа усгүйдлийн аюул нүүрлэж, хэт их халж байгаагаас гал түймэр тасрахгүй байна. Галтүймэр гаргахгүй байх талаар ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг судлууштай юм. Гал, усны аюул, элсний нүүдэл, элдэв хорхой шавжаас урьд өмнө байгаагүй олон өвчин үүсгэгч гарч хүн төрөлхтөн юу нь мэдэгдэхгүй өвчинд нэрвэгдэх нь ихэссэн.
 
 
Гуравдугаарт, зарим газрын ой мод өт хорхойнд идэгдэж сарын дотор ногоон навч нахиагүй болдог. Ногоон ой хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг ч тэрийг нь идчихээр хүчилтөрөгч нь буурч, агаар дахь хүчилтөрөгчийн хувийн жин багасна.
 
 
Сэлбийн ой модонд явахад гялайсан хар гүрвэл элбэг байна. Энэ нь ой мод ирээдүйд устаж үгүй болохыг харуулж байна. Эдгээрийг эргэцүүлэн бодоод байгалиа хамгаалъя гэдэг сэтгэлээр Монгол орныхоо байгалийн тухай бичиж, НҮБ-ын бодлогод дараах хэдэн саналыг оруулж өгөхийг хүссэн юм.
 
 
Нэгдүгээрт, НҮБ-ын дэргэд дэлхийн бүх улсын ерөнхийлөгч, эзэн хаадын орон тооны бус зөвлөлдөх зөвлөл гэдэг Дэлхийн байгууллагыг бий болгох тэд манай гарагт ямар асуудал гарч байна, одоо яах вэ? гэдгийг хэлэлцдэг байх.
 
 
Хоёрдугаарт, Дэлхийн байгаль орчныг хамгаалахад зориулж дэлхийн бүх улсууд татвар өгдөг "Дэлхийн банк"-ыг байгуулж, улс оронд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх мөнгийг тодорхой шалгуураар олгодог байх.
 
 
Гуравдугаарт, "Дэлхийн арми" байгуулах, энэ нь байгаль хамгаалал, усжуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг энэ армийн хүчээр хийе, зөв шийдвэр дэлхийн бүх улсад нөлөөлнө.
 
 
Дөрөвдүгээрт, Дэлхийн эрдэмтдийн төвийг байгуулах. Ингэснээр орон орны чадалтай эрдэмтдийн хүчийг нэгтгэж, дэлхийн энхийн төлөө ашиглах, цоо шинэ нээлт хийсэн эрдэмтдийг дэлхийн банкаар санхүүжүүлж түмний хүртээл болгох. Хор хөнөөлөө харуулаад байгаа нарны хэт ягаан туяаг багасгах? Озоны давхаргыг хэрхэн нөхөх? зэрэгт дэлхийн эрдэмтдийн анхаарлыг хандуулах.
 
 
 
Тавдугаарт, цөмийн цэнэг хэрэглэхийг НҮБ-ын мэдэлд өгч, цөмийн зэвсгийг дайнд биш сансар судлалд ашиглая гэдэг саналууд байсан. Эцэст нь байгалийн хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүйн тулд дэлхийн бүх улс орнууд нэгдье гэж уриалсан хэмээлээ.
 
 
Т.Эрдэнэ
 
Эх сурвалж: "Хөдөлмөр сонин"