sonin.mn
Саяхан Берлиний  „Фридрихсхайн“ дүүргийн нэгэн цэцэрлэгийн хүүхдүүдээс толгойны бөөс гарсан тухай албан газрын хэвлэл „Newsletter“ сонинд бичсэн байна. 
Зарим эцэг, эхчүүд хүүхдүүдээ бөөс шилжин тархахаас болгоомжилж хүүхдээ түр хугацаагаар цэцэрлэгт нь явуулахгүй байхаар цэцэрлэгийн захиргаатай тохирчээ. 
 
Бөөс гарсан нөхцөлд аптекаас бөөс устгагч уусмал түрхэн, хүүхдийн толгойг тодорхой хугацаанд битүү боож дараа нь угааж мөн үсний шүүрээр шүүрдэж бөөсийг ор үндэсгүй болгон устгадаг байна. 
 
Германд толгойны бөөс гарах явдал ердийн үзэгдэл юм. Ялангуяа хүүхдийн зусланд удаа гардаг тухай мөн хэвлэлээр мэдээлснийг унших буюу хүмүүсийн ярианаас сонсдог байлаа. 
 
Бөөс яагаад гардаг тухай хүмүүсээс лавлаж асуухад хүн олон цугларсан газрууд болон нийтийн байруудаар ихэвчлэн гарч байх шиг байдаг.  Энэ нь хүний биеийн болон хөлсний үнэртэй холбоотой байх ярьцгаадаг гэж хариуллаа.
 
  Дээрх ярилцсан хүмүүстэй цааш ярилцахад тэд хүүхэд байхдаа бөөсддөг байсан тухайгаа ярьсан юм.  Ялангуяа дайны дараа үед амьдарч байсан хүмүүс ихэвчлэн бөөстөж байсан тухайгаа ярьдаг байсан гэж ярьцгаалаа. 
 
Сүүлийн үед ч бөөстөх явдал гарсаар л байна гэж илэн далангүй ярьж хуучиллаа. Би 60 гаруй насны Вернер гуайгаас ядуу хүмүүст л бөөс байдаг биш юм уу гэтэл, бөөс баян ядууг яаж ялгах вэ дээ  баяачуул ч бөөстэй л байгаа байх гэж инээлдцгээлээ. 
 
Энэ яриа миний сонирхлыг маш их татсан учир Монголчууд бидний ойлголтоор хир буртагтай, ядуу амьдралтай хүмүүс л бөөстэй байдаг гэсэн ойлголттой учир Европийн өндөр хөгжилтэй оронд бөөс байнга гарч байна гэхэд сонирхохгүй байж чадсангүй.
 
Хүн болгоноос асуугаад байвал бараг л хүн болгон хүүхэд байхдаа бөөстөж байсан гэж ярьж магадгүй гэмээр сэтгэгдэл надад төрсөн юм.
 
 
И. Отгонбилэг