sonin.mn
Манайд улсад өөрсдийн гэх зүйл алга. Аль ч салбарт тэр. Дэлхийн жишиг гэх сүржин нэр дор олон ч тогтолцоо, загвар мэтийг ашиглаж ирсэн. Бусдын бий болгосон санаагаар дөрөв, дөрвөн жилээр шинэчлэл, шилжилтийг хийж иржээ. Бэлэн будаа хуулбарласаар байгаад сурчихаж.
 
За яахав тэр дэлхийн жишиг нь сайн юм бол яах бэ. Гэтэл тийм биш. Хэд хэдэн жишээнээс харахад алдаа дутагдал гардаг зүйлсийг л хуулах юм. Эсвэл аль хэдийн муу нь илрээд халаагаа өгсөн аргыг хүртэл ашиглана. Жишээлбэл, залуу гэр бүлийг дэмжиж ипотекийн зээлийг найман хувьтай олгож эхэлсэн.
 
Үүнийг шинэчлэлийн тодотголтой Засгийн газар гайхалтай зүйл гэж байна. Харин түүхийг сөхвөл манай урьд хөршид энэ зээлийн аргыг хэрэглэж байж. Бүр найман хувийн хүүгээс хамаагүй доогуур хүүтэй байсан гэдэг. Гэтэл хэдэн жилийн дараа зээлээ иргэд төлж чадахгүйд хүрчээ.
 
Учир нь нийгэмд өрнөөс болсон асар их дарамт үүсэж зарим тохиолдол амиа хорлож байжээ. Ингээд 2007 онд уг аргыг ашиглахаа болив. Харин түүнийг нь манайх ашиглаж байна, магтаж байна. Энэ мэт олон жишээ бий. Гэтэл ингэж турших эрхгүй, бүр боломжгүй салбарт энэ тэнэглэл шүглэжээ.
 
Тэр нь боловсролын салбар. Тус салбар хөгжихийн хэрээр улс орны хөгжил тодорхойлогддог. Уул уурхайн салбарын хөгжил мөнгөтэй л болгож байгаа болохоос хөгжлийг илэрхийлэхгүй.
 
Саяхны нэг уулзалт дээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлэхдээ, "Удахгүй бид гадаад руу явж сурдаг биш гадаадаас оюутан ирж сурдаг боловсролын тогтолцоотой болно" гэж хэлсэн удаатай. Сонсоход сайхан байлаа.
 
Гэтэл сайдын хэрэгжүүлж байгаа бодлого дэлхийн жишгээс хуулсан арга. Нөгөө л нэг Оксфорд, Кэмбрижийн тогтолцооноос татсан тун бага монголжуулсан загвар. Уг нь бид европ тивд амьдардаггүй, нүүдэлчин ард түмэн.
 
Бөөрөнхий дүрстэй хайрцаг руу дөрвөлжинг чихэх гээд оролдоод байгаа хэрэг. Яаж ч орох вэ дээ. Өөрсдөө санаачилдаг болох хэрэгтэй байна. Эсвэл шинэ санаа дуусчихсан юм уу. Нэгэн түүх дурсъя. Британичууд хүн байхын нэг нууц бол боловсролын тогтолцоо гэж боддог.
 
Тэд бараг 800 жилийн өмнө Оксфорд, Кэмбриж зэрэг дэлхийн анхны их сургуулиудыг байгуулжээ. Тухайн үед дэлхийг бүрхсэн Британийн колонийг чанга гараар, тасралтгүй удирдахад мэдлэг, боловсрол манлайлах чадвартай, зан төлөв нь тогтсон, тэсвэр хатуужилтай удирдагчдын хэрэгцээ хэрэгтэй байж.
 
Тийм хүмүүсийг олноор нь "ижил хэвэнд цутган" бүтээх ажлыг Этон, Рэгби, Чартерхаус зэрэг арваад сургууль гүйцэтгэж байсан ч хангалтгүй байв. Орон даяар нийтийн сургуулиуд байгуулагдаж орчин үеийн Британийн хөгжлийн гол түлхүүр болох боловсон хүчийг бэлтгэж гаргадаг байв.
 
Ингэснээр байгалийн шинжлэх ухаан, далайн тээвэр, худалдааны салбар эрчимтэй хөгжиж Англи улс цэцэглэн хөгжиж эхэлжээ. Гол нууц нь цаг үеийн эрэлт харэгцээг урьдчилан харж хөгжихийн зэрэгцээ түүхэн уламжлалаа хадгалан түүндээ зохицож өөрийгөө боловсронгуй боловсролынхоо болгодог системтэй байсан учраас дэлхийн залуусын мөрөөдөл болж чадсан байх.
 
Энэ санаа л жинхэнэ сайн боловсролын хөжлийн тайлал байна. Санааг нь авахаас биш аргыг нь авахгүй шүү дээ. Манай орны боловсролын бодлогод шинэчлэл хийхдээ уламжлал, онцлог энэ тэртэй нь бүгдийг нь суга татаад дэлхийн жишгээ тарих гэж оролдож байна.
 
Мөн аль нэг сайн боловсруулсан хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгаа болгочихно. Иймэрхүү байдалтай бол бид хэзээ ч өөрийн гэсэн боловсролын тогтолцоог бий болгож чадахгүй нь ойлгомжтой. Олон арван гадаадын боловсролын загваруудад ороогдож байгаа нь алдаа гэж учир мэдэх хүмүүс хуучилж ярьдаг.
 
Мөн ижил хэвэнд цутгах чадвар үгүйлэгдэж байна. Гэтэл салбарын сайдад ийм бодол огт алга. Загварт ороогдон хувь тавилантайгаа эвлэрээд сууж байна. Уг нь бүхэл бүтэн нэг улсын боловсролын салбарыг тэргүүлж яваа хүн юмсан.
 
 
Г.Золбоо
 
Эх сурвалж: