sonin.mn
Ийм нэг санаа дэвшүүлэх гэтэл аль хэдийн бүртгэчихсэн бололтой. Уг нь Монгол Улсын эрт, эдүгээгийн түүхийг агуулж байдаг Богд хааны ордон музейн эзэмшлийн газарт барилга, байгууламж барьж болохгүй тухай Засгийн газрын тогтоол бий. 
 
Тиймээс төрийн эрх баригчдыг нэг муу архины мухлагаар Бүгд Найрамдах Монгол Улс бүрэлдэн тогтсон түүхийг наймаалцахгүй гэж ихэд найдсан юмсан. Гэвч "АПУ"-гийн нэрийн барааны дэлгүүр эрх, эрх чөлөөг тунхагласан эд мөрийн баримтыг агуулж байдаг Богд хааны ордон музейг аль хэдийн баллуурджээ. 
 
Өдгөө тус музейд өөрийн гэсэн өнгө, загвар, өвөрмөц орчин гэж алга. Хаа хаанаасаа худалдаа эрхлэгч, үл хөдлөх хөрөнгийн эздийн хэтэвчинд сүр нь дарагдсан хуучны байшин л харагдаж байна. Угтаа бол өнө удаан жил харийн дарлалд байсан монголчуудын туйлын хүсэл биелж, тэрхүү цэгт монгол зоны их баяр хөөр, бахархлын билэгдэл зангирч байв.
 
Тиймээс Амгалан-Энхийн хаалгыг монгол урчууд оньс, чагтын аргаар үл задрах, үл дийлдэхийн билэгдэл болгон бүтээж Богд хааны ордны үүд хаалга болгож байсан түүхтэй. Харин өнөөдөр тэрхүү түүхт хаалганаас илүүтэй "АПУ" компанийн архины дэлгүүр иргэдийн нүдэнд торсоор удав. 
 
Тиймээс хойч үе маань "Ойд төөрсөн сармагчин лугаа адил" гэх үгийг өөрсдийн биеэр үзэх вий, гэхээс эмээх шиг. Тус ордон музейн газрыг 2001 онд Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан байдаг ч хувийн компаниуд тус газар руу хошуурч, өнгө мөнгөний ачаар өөрсдийн болгох үйл хэргээ хэрэгжүүлсээр байна.
 
Харин хамгийн бодит жишээ нь, "АПУ" компанийни архины лангуу юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар 2001 оны дөрөв дүгээр сарын 25-ны өдөр Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт заасныг үндэслэн 96 тоот тогтоол үйлдсэн байдаг.
 
Тогтоолд, нийслэлийн нутаг дэвсгэрт оршдог түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд болох Гандантэгчилэн хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүсийг 50.0 га, Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га, Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 10.5 га, Гэр хэлбэрт модон дуганууд буюу Дашчойлин хийдийн хамгаалалтын бүсийг 1.7 га, Чин ван Ханддоржийн байшингийн хамгаалалтын бүсийг 0.5 га газар байхаар тус тус тогтоосугай. 
 
Хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хедлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байхыг тухайн үеийн Нийслэлийн Засаг даргад даалгасан тогтоолыг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт даалгаж байжээ. 
 
Харин дээрх тогтоол өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Гэсэн ч ордон музейд харьяалагдах 5.7 га газраас өнөөдрийн байдлаар тус музейд оногдож байгаа нь хоёр га гаруйхан аж. Харин үлдсэн зай талбай нь ямар нэг аргаар бусдын өмч болж, Богд хааны ордон музейн газар нэрэн дор халхавчлан сууна.
 
Сүүлийн саруудад тус газрын маргаантай асуудалд өдгөө хууль хяналтын газраар шалгагдаж буй Ё.Отгонбаяр болон "АПУ" компани хоёр холбогдсон тохиолдол бий. Сийрүүлбэл, Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах, тус ордон музейн эзэмшил 5.7 газраас "АПУ"-гийн охин гэгдэх компаниудад хууль бусаар газар авсан байж болзошгүй мэдээлэл цацагдсан юм. 
 
Өөрөөр хэлбэл, "Ван трейдинг", "Грийн эйр гарден", "Интернэйшнл медикал сентер зэрэг компаниуд нийслэлээс, БСШУ-ын сайдаас зөвшөөрөлтэй гэх үндэслэлээр Богдын музейн газарт халдсан байдаг.
 
Дээрх компаниуд "АПУ" компанийн охин компани биш гэгддэг ч УИХ-ын гишүүн Г.Батхүү дээрх компаниудаас их хэмжээний хувьцаа эзэмшдэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг дээр бичигдсэн байдаг. Түүнчлэн "АПУ" компанийн үгүйсгэсэн тус газар дээр "АПУ компанийн нэрийн барааны дэлгүүр, "Нийслэл" нэртэй фитнесс үйл ажиллагаа явуулж байгааг тэд хэрхэн тайлбарлахыг мэдэхгүй юм. 
 
Эсвэл эрх мэдэлтнүүд "АПУ"-гийн дэлгүүрийг музей, архийг нь үнэт өв хэмээн хардаг байж ч болох талтай.
 
 
А.Чилүгэн
 
Эх сурвалж: