sonin.mn
Ядуурал Монголд огт байхгүй гэвэл өрөөсгөл болно. Харин тодорхой хэмжээгээр буурч байгааг дурдах нь зөв биз. Монголчуудын амьдрал сайжирч, ядуурал буурсан байдлыг гудамжинд явж байгаа машинуудаас олоод харчих. Миний мэдэхээр арван жилийн өмнө эксиль унадаг байсан нөхөр одоо жип унаад давхиж явна лээ.
 
Таван жилийн өмнө автобусаар ирж очдог байсан ажлын нөхөр маань алхах дургүй болчихсон. Магадгүй ажил хийдэггүй, архи уудаг, хүүхдийнхээ мөнгийг хүнсэндээ хэрэглэчихдэг айлуудын хувьд амьдрал дээшлээгүй байгаа. Олдсоноо идчихдэг, өгснийг нь үрчихдэг айл өнөөдөр цөөнгүй.
 
Тэд ажил хийж амьдралаа дээшлүүлэх сонирхолгүйдээ тэр шүү дээ. Харин амьдралын зорилготой, ажил хийж мөнгө олдог хүмүүсийн хувьд амьдрал нь ямар ч байсан жилээс жилд дээшилж байгаа нь гарцаагүй. Үнэ өслөө л гээд байна идэж, ууж эдэлж хэрэглэж байгаагаа өчигдрийнхтэйгөө харьцуулаад үз.
 
Монголд ажилгүйдэл 2000 онд 9.5 хувь байсан бол 2012 оноос тасралтгүй буурч 7.3 хувьд хүрээд байна. 2013 онд гадаад эдийн засаг муудсанаас Монголын эдийн засагт доголдол үүссэн. Үүнээс болж, ажилгүй иргэдийн тоо өсч, ажилгүйдэл нэмэгдэх байлаа.
 
Харин Засгийн газар, Монголбанкны ажлын байрыг хадгалж үлдэх бодлогуудын үр дүнд ажилгүйдэл буурсан нь нэг амжилт. Нөгөө талаар ажилтай, орлоготой байж сайхан амьдрах ёстой гэсэн Засгийн газрын бодлого залуусыг ажил хийх урмаар тэтгэж байгаа бизээ.
 
Үнийг тоггворжуулах хөтөлбөрөөр 179 мянган ажлын байр, Чингис бондоор 25 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн нь одоо хэрэгжүүлж буй төрийн бодлогын хамгийн чухал эерэг үр дүн юм. Сөрөг тал мэдээж байгаа л байх. Зарим өргөн хэрэглээний бараа үнэ өссөн, төгрөгийн ханш унасан гээд сайнгүй үр дагвар бий.
 
Түүнийг нь нуух хэрэггүй. Гэхдээ 179 мянган хүний ажлын байрыг хадгалснаар тэдний ар гэр, үр хүүхдийг "бүсээ чангалах" асуудлаас аварсан байх. Компаниудын хувьд тавин ажилчныхаа тал хагасыг нь халах уу гэдэг хэцүүхэн сонголт хийхэд Үнэ тогтворжуулах хөтөлбөр эерэгээр нөлөөлсөн байх.
 
Энэ бүгд Засгийн газар, Монголбанкны бодлогын нэг үр дүн гэвэл тэдэнд зулгайдсан дүгнэлт болохгүй юм. Аливаа юманд эерэг сөрөг тал хоёулаа байдаг. Гэхдээ эерэг нь илүү юу, серөг нь илүү юу, ингэснээр эдийн засагт ямар үр дагавар яаж авчирсан юм бэ гэдэг асуудал, холыг харсан бодлого чухал болохоос хов тойрсон, хэрүүл өдсөн маягаар юм бүхэнд хандах утгагүй.
 
"Үнэ тогтворжуулах хөтөлбөр" төгс бодлого биш. Тийм болохоороо сайнтай бас муутай ч тал бий. Сайн үр үр дагвар нь гэвэл татвар төлөгчдийн улсын төсөвт оруулах мөнгөний хэмжээ өнгөрсөн арван сарын байдлаар 80 хувьтай гарсан гэдгийг бодолцоорой. Хэрээг заавал хар гэж харах хэрэггүй гэдэг.
 
Үндэсний стаститикийн хорооноос гаргасан судалгаар 2006-2010 хүртэлх онуудад улсын хэмжээнд ядуурлын түвшин 32.2 хувиас 39.2 хувь хүртэл тасралтгүй өсч байсан бол одоо улсын хэмжээнд 27.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 19.8 хувьд хүрч буурсан амжилт үзүүлээд байна.
 
2008-2009 онуудад Монголд эдийн засгийн хямрал нүүрлэж иргэдийн худалдан авах чадвар муудан, ядуурал нилээд өсч байжээ. 2010 он гарсаар эдийн засаг сайжирсан хэдий ч ядуу иргэдийн тоо дорвитой буурч өгсөнгүй.
 
"Эх орны хишиг" нэрээр сар болгон мөнгө тараагаад ч монголчуудын амьдрал дээшлээгүй юм. Харин ч эсрэгээрээ архидалт нэмэгдсэн байх. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар загас барьж өгөх биш загас барих боломжийг олгосноороо олон хүнийг ажлаа алдахад хүргэсэнгүй.
 
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ” сонин