"Бизнес таймс" сонин үндэслэгдэн гарсны 20 жилийн ойн хүрээнд сонинд нийтэлж байсан сонирхолтой нийтлэлүүдийг энэ дугаараасаа Уншигч танд хүргэж байх боллоо.

Дэлхийн II дайны дараагаас бөмбөрцгийн улс орнуудыг улс төр, эдийн засгийн байдлаар нь капиталист ертөнц, коммунист ертөнц, гуравдугаар ертөнц хэмээн ялган хуваах болжээ. Хоёр системд хамааралгүй орнуудыг нэг хэсэг "хөгжиж буй орнууд" хэмээн өхөөрдөн нэрлэдэг байсан боловч нөгөө хоёр нь ч гэсэн хөгжиж буй тул энэ нь логикийн хувьд буруу нэр томъёо юм. Ядуу буурай орнууд гээд нэрлэхээр газрын тосоор хөлжөөд нэг хүнд ногдох үндэсний орлогоор Америк, Скандинаваас баян болчихсон өч төчнөөн орон байдаг.

Иймээс дэлхийн улс төр-эдийн засагт 70-аад оны үеэс "дөрөвдүгээр ертөнц, тавдугаар ертөнц" гэсэн шинэ нэр томъёо үүсч эхэлжээ. Газрын тос мэтийн байгалийн баялгаараа хэт баяжин, түүгээрээ дамжиж нийгмийнхээ хурц асуудлуудыг шийдчихсэн боловч капиталист харьцааны түүхэн хөгжил байхгүй Саудын Араб, Кувейт, Науру, Оман мэтийн орнуудыг дөрөвдүгээр ертөнцөд тооцно. Хүн амд ногдох үндэсний орлого нь бараг нооль заасан, нийгмийн асуудал нь урхагшсан, зөвхөн гадны тусламж дэмжлэгээр гол зогоодог, өөрөөр хэлбэл арчаагаа алдсан хэсгийг нь тавдугаар ертөнц хэмээх болжээ.

Энэхүү тавдугаар ертөнцийн толгойд Бангладеш улс үлгэр жишээ болон гозойж байдаг. 1971 онд буй болсон энэ орон манай дэлхийн гуйлгын тулам юм. Улс төрийн байдал нь их тогтворгүй ээ. Энд Рахман нэртэй хүн заавал ерөнхийлөгч болдог юм уу, эсвэл энэхүү лалын орны тэн хагас хүн нь Рахман нэртэй байдаг юмуу, бүү мэд. Жаал байзнаж байгаад л нэг Рахман нөгөө Рахманаа алаад л төрийн эргэлтээр өөрийн дэглэмийг тогтооно. Шинэ Рахманы ярьж буйгаар хуучин Рахман нь эдийн засгийн ямар ч бодлогогүйгээс болоод улс орныг сүйрүүлээд хаячихсан ба мөн коррупцид идэгдчихсэн хэмээн хэдэн жил хараах боловч тэрний дараа нь гарч ирэх бас нэг Рахманы яриагаар бол урьд хоёр Рахман адилтай адил, годилтой годил байсныг дэлхий мэдэж авах жишээтэй.

Гэвч Бангладешт одоо болтол нэг ч олигтой Рахман гарч ирээгүй. Шинэ тулгар улсын төрөхийг, өсөхийг дэлхий ойлгож эхний хэдэн жилд нь Бангладешийг тогтворжуулах, босгож ирэх гэж баян орнууд мундахгүй туслажээ. 70-аад оны эхэнд Америкийн нэрт эрдэмтэн Норман Борлоогийн буй болгосон "ногоон хувьсгал"-ыг юун түрүүн Бангладеш хэрэгжүүлж эхлэв. Энэ бол жилд өч төчнөөн дахин ургац авдаг хийгээд мөн гайхмаар хурдан үрждэг загасыг ямар ч цөөрөмд өсгөдөг зэрэг олон зүйл хамарсан гайхалтай сайхан төсөл юм. Ядуугаа мэдэхгүй хулгана шиг үрждэг бенгальчуудад туслах зорилгоор хүнс болон хүн амын өсөлтийн талаарх өөр үй олон сайхан төслийг тэнд хэрэгжүүлж хэдэн тэрбумаар  тооцогдох долларын гарлага гаргажээ.

Арчаагүй энэ орон байгалийн бараг яльгүй догшролд үй олноороо сүйрэхийг нь яана. Тэр болгондоо л гаднаас ямар ч чиглэл зорилго байхгүй энэ оронд тусалж чиг баримжаатай болгоодохъё гэж олон улсын шилдэг мэргэжилтнүүд бишгүй нэг ажиллалаа, зөвлөлөө, багшиллаа. Гэвч хорь гаран жилийн дараа эргээд харах ахул баян орнуудын дундаж иргэдийн татварын мөнгийг хэдэн тэрбумаар нь залгилсан энэ хөөрхий орон ямар ядуу байсан тэр чигээрээ үлджээ. Дэлхий Бангладешээс залхав. Олон улсын хамтын нийгэмлэгээс хэрэгжүүлэх гэсэн ганц ч төслийг олигтой хэрэгжүүлсэнгүй. Өнөө маргаашаа бодсон төрийн түшмэд нь мөнгө авахын тулд толгой дохин зөвшөөрөх боловч асуудалд буурьтай хандаж байсан нь бараг үгүй. Нэгэнтээ Күнз сургахдаа "Хүнд загас өгвөл нэг өдрийн хоол, загас барихыг зааж өгвөл насан туршийн хоол" гэжээ. Бенгальчууд өгсөн загасыг ховх сорж л байсан болохоос яаж барих аргыг нь ядахнаа сонирхсон ч гүй. Олон улсын байгууллагаас явуулж буй элдэв төслүүд хэлэлцэх хүрээндээ эдний төр засгийн дэмжлэгийг үргэлж олдог боловч хэрэгжүүлэх шатандаа бүгд толгой дараалан дампуурах аж. Санаачлагагүй байдал, түшмэдийн хувиа бодсон төрх, коррупц, иргэдийн амгалан шинж, гадны зээл тусламж авахдаа уухайлдаг хоосон амлалт, юу ч байсан гололгүй залгиж орхидог сувдаг араншин, аминдаа арчаагүй зан зэрэг бол өнөөгийн Бангладешийн төрх. Идэхээс өөр ид шидгүй гэж эднийг л хэлдэг байх. Төрийн нэгдсэн бодлогогүй, өнөө маргаашийг аргацаасан, дампуурсан улсын тухай ярих болохоороо    Бангладешийг сонгодог жишээ болгодог болжээ.

1993 оны зун "Вашингтон пост" хэмээх АНУ-ын нөлөө бүхий нэг сонин энэ газар дэлхий дээр бас нэг Бангладеш байгааг нээж олсноо олонд зарлалаа. Энэ олдмол орны эх загвараасаа ялгаатай нэг шинж нь сэрүүн бүст байдаг гэнэ. Англиар "Subzero Bangladesh" буюу үгчлэн орчуулбал "тэг хэмээс доош хүйтэрдэг Бангладеш", өөрөөр хэлбэл "хуйтэн бүсийн Бангладеш" гэж нэрлэсэн энэ орныг Монгол хэмээнэ. Энэ өгүүллийг тэр үед нь'"Ардын эрх" орчуулан тавьсан боловч яагаад ч юм мөнөөх "сэрүүн бүсийн Бангладеш" гэсэн хочийг нь гээчихсэн байна лээ.

Эхлээд бодох ахул "юу өгч гийгүүлсэндээ ингэж хүн доромжилдог муу хүүдий вэ!" гэж эгдүүцэл төрмөөр. Гэвч баримтыг эргэцүүлье. Уржнан Монголын парламентын спикер Багабанди тэргүүтэй төлөөлөгчид Парист айлчилжээ. Түүнд францчууд сануулж хэлэхдээ "Франц улс сүүлийн хоёр гуравхан жилийн дотор Монголын хүн бүрт найман франкын тусламж үзүүллээ. Хэдийгээр геополитикийн ямар ч сонирхол байхгүй алс хол оршдог орон боловч ардчилсан зарчимд орсныг нь үнэлээд хөл дээрээ босоход нь нэмэр болог гэж харамгүй сэтгэлээр өгч буй бидний энэ хандив үнэн хэрэгтээ Францын эрх ашгийн бүст тооцогддог, хуучин Францын колони байсан аль ч оронд үзүүлж буй тусламжаас давж ойчиж байгаа шүү" гэжээ.

Үүнийг манай төлөөлөгчид ирсэн хойноо УИХ-д сонирхуулан ярьж байв. Франц бол Монголд тусалж буй орнууд дотроос өгсөн мөнгөний хэмжээгээр "нойль" зааж байгаа орон шүү дээ. Эндээс үзэхэд барууныхан орон болгонд мөнгө цацаад байдаггүй бололтой юм гээч. Өнгөрсөн жил мөнөөх Багабанди хэдэн нөхдөө дагуулсаар Данийн вант улсад тавьж очлоо. Тухайн орны Монгол Улсад өгч буй мөнгийг хүн амд нь харьцуулахад Дани дэлхийд толгой цохиж буй орон төдийгүй, Данийн гадаад тусламжийг хамгийн их авч буй орон нь Монгол мөнөөс мөн. Өөрөөр хэлбэл Данийн иргэн бүр манайд таван доллар өгч байгаа ба Монголын иргэн бүр Даниас арван доллар цохиж байгаа юм. Иймээс Багабаньд бараг л "хүндэт хандивлуулагч" цол авахдаа шахаж, аминдаа их л додигор байх шиг байна лээ.

Ингээд цаашлах юм бол, тухайлбал манай иргэн бүр Японоос 100 гаруй доллар тусламжаар аваад туучихсан гээд бод л доо. Бидний муу хэлээд ханадаггүй Хятад ч бас 50 сая юань өгч байна. Хоёуланд нь Багабаньд очоод мөн л талархлаа илэрхийлчихсэн. Нэг үгэндээ тэд өгөөд л, бид талархаад л, харин Монгол маань улам л доошоо сууж хойшоо малтсаар. Өнгөрсөн дөрвөн жилд бид 720 сая доллар буюу хүн бүр нь 400 шахам доллар туучихжээ. Юмыг өдгөө алтаар буюу "төдөн цэнгийн алтан бөгж болох байлаа" гэдгээр ойлгуулах нь ихэд моод болсон тул тэрүүгээр нь бас хэлье л дээ. Өнгөрсөн дөрвөн жилд бид хайран сайхан 4 тонн алт минь хэмээн халаглан уйлах хоорондоо гадаад ертөнцөс 72 тонн цэвэршүүлсэн алттай тэнцэх мөнгө цохижээ. Монголын иргэн бүр 999 сорьц бүхий 40 грамм алт буюу 13 цэн цэвэр алттай, эсвэл 1 лан 3 цэн шижир алттай тэнцэх мөнгөн тусламж авсан байна даа. Үүгээр төдөн бөгж хийж болох байсан гээд л цаашлаад унавал мөнөөх эдийн засгийг бөгжөөр тооцоолдог хөөрхийчүүлийн зиндаанд орчих тул ингэсхийгээд өндөрлөе.

Энэ их мөнгө хаачив? Үүнийг мэдээж Жасрай, Моломжамц, Даваасамбуу гурав хувьдаа хуваагаад авчихаагүй нь лав. Даш-Ёндон аваад намынхаа цагаан ордонд хадгалчихаагүй нь мэдээж. Пүрэвдорж хүүгээрээ дамжуулаад Америкийн банк руу юм уу, Багабаньд охиноороо дамжуулж Солонгосын банк руу хийчихээгүй нь ойлгомжтой. УИХ юмуу, Засгийн газар цалин цавуундаа тавиад дуусчихаагүй нь тодорхой. Харин энэ нөхдүүдийн буй болгоод хамгаалж хадгалаад байгаа улс төр-эдийн засгийн тогтолцоо руу унаад алга болчихжээ. Орж ирээд алга болчихсон энэ их мөнгө хаачсаныг 13 цэнэ алттай хоцрох байсан та бид хоёр байтугай, төр засгийн бүх удирдлага учрыг нь олохгүй гайхахын зэрэгцээ нэмж бас өгөөчээ гээд бадар барьж явна. Энэ их мөнгийг алга болгочихсон тогтолцоог "улс төр-эдийн засгийн Африк маягийн тогтолцоо" гэдэг ба ингэж алга болохыг нь "Африкийн синдром" гэдэг.

20-иод оны үед Винстон Черчилл тэр үеийн Британийн колони Угандад очиж ажиллажээ. Энэ орны тухай түүнд зүйрлэшгүй сайхан сэтгэгдэл төрсөн байна. Асар их байгалийн баялагтай, цаг уурын нэн тааламжтай нөхцөлтэй энэ газрыг ирээдүйн дэлхийн хөгжлийн төв болно гэж тэрээр зөгнөн хэлсэн аж. Колони орон өөртөө тээж явах нь дэндүү ашиггүй "бизнес" гэдэг нь ойлгомжтой болсон дэлхийн II дайны дараах үед голлох колонийн гүрэн Англи, Франц, Голланд, Бельги зэрэг орнууд Ази Африкийн бүх орнуудыг яаран сандран тусгаар тогтнууллаа.

Манайд олон жилийн туршид "Африкийн эрэлхэг ард түмэн баатарлагаар тэмцсээр боолын гинжийг тас цохив" гэх мэтээр сурталддаг байсан авч яг үнэндээ одоо болтол эрүүл ертөнцөд чухам энэ буурай орнуудыг тусгаар тогтнолоо хадгалж, эдийн засгаа босгох тэнхэлтэй, боловсролтой болж амжихаас нь өмнө Англи, Франц зэрэг орнууд хэтэрхий амиа бодож яарч сандран, болоогүй байхад нь өөрсдөд нь хамаагүй эрх өгч хөөрхийчүүдийг балласан хэмээн шүүмжилдэг билээ. Шинээр тусгаар тогтносон хөөрхий харуудыг бүх ертөнц тэр дор нь асрамжиндаа авав.

Ялангуяа хоёр системийн толгойлогч ЗХУ, АНУ-ын хайр халамж заримдаа хэмжээнээсээ хэтэрч байлаа. Ухаан нь Египетийн удирдагч Насерийн боловсруулсан Нил мөрөн дээр барих Ассуаны далангийн төсөл нь хэтэрхий үнэтэй, байгаль орчинд муу нөлөөтэй, эдийн засгийн өгөөжгүйгээр барахгүй ирээдүйд асар хортой болох нь харсаар байтал ил байсан авч оросууд үзэл суртлын дайнд ялахын тулд өөрсдөө өмсөх олигтой гуталгүйгээ мэдэхгүй энэ айхавтар барилга байгууламжид хүний толгой эргэм их мөнгө цацжээ. Ер нь колонийн систем задран унаснаас хойш Африкт улс төрийн эрүүл тогтоц байгуулсан улс байтугай, олигтой удаан дарангуйлах дэглэм тогтоосон улс ч алга.

Мөнөөх Угандад гэхэд омог хоорондын тэмцэлд тулгуурласан улс төр явагдаж эцэст нь хүний мах иддэг омгийн Иди Амин гэгч ёстой нэг тоглож өгсөн дөө. Төв Африкийн БНУ-ын ерөнхийлөгч нь Наполеоны тухай уншиж их ч амтархаад түүний үйлдлийг давтахаар шийдэн улсаа хаант улс болгож, өөрийгөө Наполеон маягаар хаан ширээнд залсны нь үнэ өртөг тус орны гурван жилийн үндэсний орлоготой тэнцэж байсан нь Африкт өдөр бүр гарч байдаг хошин жүжгийн нэг л үзэгдэл юм. Өнгөрсөн гучин жилд эд улс төрийн эрүүл систем үүсгэж чадаагүй учраас чухам үүнээ дагаад л эдийн засгийн сүйрэл нүүрлэжээ.

Энэ хооронд "Хар тивийн" гадаад ертөнцөөс зээл тусламжаар авсан мөнгө хичнээн болсныг орчин үеийн сайн компьютер ч тооцоолж чадах болов уу? Одоо болтол Франц нь өөрийн Африкт байсан колони орнууддаа нэгдсэн нэг мөнгөний систем үйлчлүүлж үндэсний орлогынх нь 30-70 хувийг нөхвөрөөр төлсөөр явна. Африкт нийтдээ ийм 51 улс бий. ӨАБНУ бол баян капиталист орон. Үлдсэн орнуудад нь тооцоо хийгээд үзэхэд үндэсний орлого нь колонийн үеийнхээсээ нэмэгдсэн тавхан улс байна. Энэ тав нь ердөө л азаар газрын тосоор жаал жуул хөрөнгөтэй болсон юм.

Улс орноо авч явах чиг баримжаагүй, улс төрийн эрүүл систем бий болгоогүй энэ газар үнэхээр сайн хөгжсөн ганц юм коррупц аж. Тэд нэгэнт өөрснөө бараг баялаг үйлдвэрлэдэггүй болохоор төрийн алба гэдэг бол гадны зээл тусламжийг ямар нэг аргаар хувьдаа завших хэрэгсэл гэсэн бичигдээгүй алтан дүрэм тэнд түгээмэл үйлчилдэг. Энэ нь хандивлагч орнуудын ойг улам гутаана. Зааны ясан эрэг улсын сангийн сайд нь баруун ертөнцийн тусламжаар гэртээ алтан ор хийлгэчихсэн байсан нь барууны жирийн татвар төлөгч иргэнд хичнээн жигшим сэтгэгдэл төрүүлсэн гэж бодном.

Нью-Йоркийн төвд сүндэрлэх, Угандаас НҮБ-д суух төлөөлөгчийн ордон хэмээх үнэ өртөг нь талийсан тэнгэр баганадсан байшингийн мөнгийг яг жинхэнэдээ ердийн америк ажилчин, багш, эмч, бизнесмэн гаргасан гээд бодохоор америкчуудад тааламжтай гэж үү? Яг л үүнтэй адил Вашингтон хотод буй хэдэн арван сая доллараар үнэлэгдэх Монголын элчингийн бараг эзэнгүй 3 том гоёмсог байр, цэцэрлэг, усан сан зэргийн баян тарган байдал нь түүнд татвараар дамжуулан мөнгөө гаргасан  америкчуудад ямар сэтгэгдэл төрүүлдэг бол? Африк синдромыг Төв Африкийн хаан I Бокассо хэмээгч их сайхан тодорхойлжээ. Тэрээр "Надад мөнгө өгвөл би инээнэ. Надад их мөнгө өгвөл би улам инээнэ" гэсэн байдаг.

Гадны тусламжаар босоод ирсэн улс мундахгүй олон бий. Дайны хөлд нэрвэгдсэн бараг сүйрчихсэн байсан. Европыг Маршаллын төлөвлөгөө хэмээх АНУ-ын хөрөнгө оруулалтын асар том төсөл босгож иржээ. Японыг ч мөн ингэж л хөл дээр нь зогсоосон. Энэ орнуудын улс төрийн тогтоц нь тун ч нарийн бодож боловсруулсан хяналтын систем байлаа.

Төрийн эрх барьж дээрх мөнгөний хуваарилалт хийх эрхтэй засаг барих хэсэг нь өөрсдийнхөө нь улыг шагайж алхам тутамд нь хянаж байдаг хүчтэй сөрөг хүчинтэй хуулийн хүрээнд "хамт амьдарч" байсан нь сангийн сайдад нь гэртээ алтан ор хийлгүүлэх байтугай таван төгрөг цуглуулчих бололцоог гаргаагүй юм. Манай дарга нарын Азийн арга хэмээн шүүрс алдан өгүүлдэг жишээ болсон Тайвань, Өмнөд Солонгос, Малайз, Хонконг, Макао, Сингапур нь бас л тусламжийн мөнгөн дээр ядуу байдлаа халж бар, арслан болсон нь үнэн. Тэнд эдийн засгийг либеральчилж улс төрийн талаар чангарсан дарангуйлагчид оршиж байсан нь үнэн боловч хөөрхий манай хэдийн тааварлаж байгаачлан хөгжлийн бүх нууц нь ганц тэндээ ч бас юм бишдэгээ?

Зөвлөлт, Хятадын эсрэг бодлого болон мөн Солонгос, Вьетнамын дайнаас болоод энэ орнуудад асар их хөрөнгө оруулах АНУ-ын амин чухал эрх ашиг байсан байна. Нөгөөтэйгүүр Күнзийн маягийн амьдрах аргатай гэр бүлийн капитализм хөгжих нийгмийн гүн гүнзгий суурь энэ орнуудад байжээ. Мөн өөрийн ард түмнийхээ зан заншил, авир араншинтай нь тохирсон үндэсний хөтөлбөр чиглэл боловсруулж чадсан тул орж ирж буй цент болгоныг үр ашигтай хэрэглэх нарийн механизмтай байв. Өөр олон шалтгаан бий. За одоо та дээрх жишээнүүдийн алинтай нь бид төстэй байгааг эргэцүүлэхдээ мөнөөх алт дилерийн хэрэг, Молам, Хоссейны хэрэг, Ургамал ЗМ, банкны хэрэг, Багабанди, Жасрай, Гомбожав нарын дуулиан зэрэг олон жишээтэй хавсарч бодохоо мартав.

Б.Баабар

1995.02.28