sonin.mn

-Түүх бол улс төрийн өөрчлөлтөөр хувирдаг "Хамелеон" биш-

1930-аад оны ард түмний амьдрал тэмцлээс сөхөж нотольё.

Намайг 1949 онд албан ажилд анх ороход ах минь анкетын "эсэргүү бослогод оролцож байсан эцэг, эх, ах, дүүс байсан уу?" гэсэн асуултад "байхгүй" гэж бичиж өгснөөр бичдэг. Түүндээ итгэдэг байв. 1960 оны зун нутгийн Бөөчүүд овгийн ах Хайнзаны Гэцэл гуайнд очиж сонирхолтой дурсамж, яриаг анхааран сонсч билээ.

Гэцэл гуай 1932 оны хавар Рашаант сумаас Шар цэргийн эсэргүү бослого гарч, цэрэгтээ эрчүүдийг татаж байгаа сургаар айн сандарч бид уул модыг бараадсан юм. Тэр үед ард бид нам засгаа эсэргүүцэн босох байтугай, муу хэлдэгггүй, төрийнхөө сүлдэнд залбирч шүтдэг байсан. Тэр зун эсэргүү бослогынхон дарагдаж байгааг сонсоод гэр орондоо голдуу байдаг болсон.

Гэтэл гэнэт шар цэргийн жанжин ирж Халуусын эхнээс Гомбожав, Банзай \Гэцэл\ бид гурвыг, Салбартаас Ванданцэрэн, Намхайнямбуу, хойд Галтаас Чимэддоржийг гэрээс нь шар цэрэгт баривчилж дайчилсан юм. Чиний аав Банзай ан гөpөө хийдэггүй атлаа ах Гомбожав дархныхаа урлаж өгсөн мөнгөн тоногтой, хар сарьсан бүрээстэй цахиур бууг гэрийнхээ хананы толгойд өлгөж гангардаг хүн байлаа.

Шар цэргийн жанжин аавынд чинь очоод цэрэгтээ авч явах гэхэд нь морио сольж унаад араас чинь яаралтай очъё гэсэнд "Сайн морьтой хүнээс буутай хүн хэрэгтэй байгаа. Дуугүй яв" гээд хонины хашин цагаан морийг нь унуулаад авч явсан юм билээ.

Бид шар цэрэгт очоод зүүн мөрөндөө жижиг цагаан даавуу хадаж "Жалбаа нийвий доног дамбала, юмдэг нямаа Дамбийням шар нянаа рэгвий зая бандидан Лувсанжанцан солва солвандив, бас Жалба ниви Лувсандондов, жалба солвандив" гэсэн тарнийг цээжилж өдөр бүр ухуулга, гүрэм номд суудаг байлаа.

Хүн бүр чин сэтгэлээсээ шүтэн биширч явбал улааны суманд оногдохгүй, оногдсон ч даагдахгүй, осолдож нас барлаа ч бурхны \Шамбалын\ оронд төрнө. Сүсэг бишрэлээ хичээ гэж ятгадаг байв. Дүвчин хувилгааны захидлыг уншиж өгөөд шашнаа хамгаалж мандуулах хүмүүсээс бол шар цэрэг бид мөн гэдэг байв.

Нэг өдөр гурвуулаа хүмүүсээс зайдуухан очоод Гомбожав ах чинь "Би бага жанжинтай танилцлаа, дүүгийнхээ бууг өгье. Цахиур бууны 1-2 гол төмөр олж өгвөл би гэртээ харьж дүүтэйгээ багаж хэрэгсэл дээрээ гоё буу дархлаад араас чинь хүргэж өгье гэсэнд зөвшөөрлөө. Бид хоёр амиа аргалж магадгүй боллоо. Гэцэл минь чи орговол баригдана шүү. Тулалдааны үеэр зугтах арга байдаг юм байна шүү. Бид Гүртийн булуунд очсон байхад баригдахгүй" гэхэд нь би гомдож байсан.

Нөгөөдөр нь зам буруулж Солонготын даваагаар давж Архангай аймгийн төвийг идэх \эзлэх\ зорилгоор хөдлөв. Бид жагсаалаар дээд Цэцүүхийн Хэц даваа өөд өгсөж байтал гэнэт тал бүрээс ардын цэргийнхэн "Шар цэргүүдээ бууж өг" гэж шаардав. Бид урагшилж даваанд ойрттол хоёр талаар пулемётоор шүршиж, сум нь дэвхэргэ шиг шороо бужигнуулж байв.

Жанжин даасан лам нар улааны сум онохгүй байгааг харж байна уу. Урагшаа давш гэж шаардав. Чиний аав бууны сумаа гаргаагүйгээр жанжиндаа баригдвал тамлуулж алуулна. Сумаа гаргаад зугтая гээд морьтойгоо буунгуут гулдайн унахаар нь би сандарч яаран арагшаа зугтсан.

Миний урд зугтаж явсан Чимэддорж зуутын даргынхаа ухрахыг хориглож далайсан том ташуураас нь барьж авч мориноос нь татаж унагачихаад зугтсан. Удалгүй нисэх онгоцоор эргэн тойрныг бөмбөгдөж миний ойролцоо Идэрийн голд унасан бөмбөг усыг овойтол оргилуулж савнаас нь халиулсан.

Бид зургаагийн гурав нь буутай, үлдсэн нь бороохойтой байсан. Гомбожав, Банзай хоёр алагдаж, Намхайнямбуу шархдаж, Чимэддорж, Ванданцэрэн бид гурав амьд гарч уул модоо бараадсан. Зуны адаг сарын сүүлчээр шар цэрэг дарагдаж айл өрхөөр цэрэг ард ухуулагч нар явж ухуулга хийснээр бид гэр орондоо амьдрах болсон ч аравдугаар cap хүртэл айдастай байлаа гэж хуучилсныг тэмдэглэж авч түүнээс хойшдын бослогын асуудлыг сонирхдог болсон юм.

Ардын бослого байгаагүйг гэрчлэх амьд цөөхөн хүний нэг, ахмад үеийнхээ биеэр туулсан амьдрал тэмцлийн нь ам дамжаагүй яриа дурсамжийг нь хадгалж үлдсэн гэрч өвгөн би мөн.

Ардын цэргийн отрядын дарга Өлзийбат илтгэлдзэ 1932 оны дайн бослогын үед алагдсан, шархадсан, зугтсан, баривчлагдаж шийтгэгдсэн, суллагдсан хүмүүсийн 70 гаруй хувь нь бууны ам долоож тангаргалсан албан хаагч, нам эвлэлийн гишүүд гэрээсээ шар цэрэгт дайчлагдсан идэвхгүй ардууд байсан гэж дурдсан байдаг.

Эдгээр хүмүүс бол ардын нам засгийн бодлогыг эсэргүүцэн босоогүй ардууд мөн. Харин хулгайн хэрэгтэн Түгж, хамтралынхаа өмч хөрөнгийг ашиглаж үрэгдүүлсэн Дамдинсүрэн, танхайн хэрэгт Дотоодыг хамгаалахад баривчлагдахаа мэдсэн Аюурзана нарын үл бүтэх этгээдүүд шашин шүтлэгээр мунхруулагч Самбуудүвчин, ардын нам засагт анхнаасаа дургүй байсан шар, хар феодалууд, Банчин богдыг шүтэж итгэсэн идэвхтэй босогчид байсан. Энэ нь бас шулуун шударга жирийн ардын бослого байгаагүйн илрэл нотолгоо мөн.

1990 онд цагаатгал руу туйлширч "Гандан их бүлэг" хэмээх эсэргүү түвдүүдийн хэргийг хүчингүй болгож, толгойлогч Ц.Лувсанхаймчигийг цагаатгасан нь хууль зүйд нийцэхгүй шийдвэр болсон гэж ойлгогддог. Хуулийн дээд байгууллагууд 1932 оны дайн, бослого бол гадаадаас турхиралт, удирдлагагүй ардын бослого байсан гэж дүгнэж түүхийг ташаа болгов.

Үүнийгээ эргэн хянаж шийдвэрлэхийг ард иргэд хүсэн хүлээж байна. Үнэн бодитоор бол Банчин богдын зохион байгуулж, тагнуул нууц төлөрлөгчөөрөө удирдуулсан Шамбалын \бурхны\ дайн "шашны түрэмгийлэл" мөн нь тов тодорхой асуудал юм. Ардын нам засгийн бодлогод дургүйцсэн ардуудын бослого огт биш.

Улс эх орныхоо эсрэг байсан түвдүүдийг орчин үед ардаасаа илүү хүндэтгэдэг болсны учир нь олдохгүй байна. Монгол Улсын ард иргэд ахмад үеийнхээ цус хөлсөөр бүтээгдсэн улсын түүхийг хуулиараа болон бодит баримтаар нотлон тэмцэж хамгаалахыг монголчууддаа уриалж байна.

Өндөр настан Б.Зинамидар