sonin.mn

Манайд захиалгаар сэтгэгдэл буюу коммент бичигч нар байдаг тухай яриа хааяа гардаг. Ихэвчлэн нийтлэлч, сэтгүүлчид эсвэл намын зүтгэлтнүүд тийм үг хэлдэг л дээ. Үнэхээр л хэн нэгнийг, аль нэг намыг байнга муулж байх үүрэг авчихсан мэт сэтгэгдлийг мэдээ материалын дор бичиж байдаг хүмүүс байх шиг санагддаг шүү.

Харин манайхаас бусад оронд захиалгаар хэн нэгнийг муулаад сэтгэгдэл бичээд сууж байдаг хүн байдаг болов уу. Та юу гэж бодож байна. "Орда" гээд нэг орос кино 2012 онд нээлтээ хийжээ. Эзэн Чингисийн ууган ач, Зүч хааны хүү Бат хааны байгуулсан Алтан орд улсын тухай кино.

Киноны үйл явдал ерөнхийдөө хаан ширээний төлөө ах дүү нар нэгийгээ хөнөөснөөр эхэлнэ. Тэгээд нэгэн эвгүй царайтай настай удган гэмээр эмэгтэйгээс бүгдээрээ айгаад байх юм. Монголчууд үнэн алдартны сүмд морьтойгоо дахиад орчих жишээтэй. Ерөнхийдөө монголчуудыг жигтэйхэн зэрлэг, заваан байдлаар харуулжээ.

Монгол хүний хувьд ийм л сэтгэгдэл төрөхөөр юм билээ. Гэвч оросууд кино хийхдээ монголчуудад хэзээ нэгтээ эзлэгдэж дарлагдаж явсан тэр үеэ цайруулчихаж чадаагүй аж. Тэр нь өөрсдөд нь таалагдаагүй бололтой.

Youtube.com руу ороод "Орда фильм" гээд хайхад уг киноны трайлер төвөггүй олдоно. Доор нь оросууд "Бидний цусыг ууж ханахгүй байна уу", "Иймэрхүү кино байж болох ч сэдэв нь таалагдсангүй", "Тэнэг кино", "Монголчууд Кипчак орчмыг эзлээд тэндээ хэсэг дураараа байсан нь үнэн гэхдээ орос орныг хэзээ ч дарлаж байгаагүй. Энэ киноны түүх худлаа байна" гэх мэт сэтгэгдлүүд зөндөө.

Сүүлийн жишээ татсан сэтгэгдэл анхаарахгүй өнгөрч болсонгүй. Хэдэн сарын өмнө оросын нэгэн нийтлэлчийн "Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй" хэмээх нийтлэл гарч байлаа.

Дэлхийн дайнд ялсан түүнээс хойш өнөөг хүртэл өмнөөс нь хэн ч өндийхгүй байгаа орос орны иргэд монголчуудад эзлэгдэж явсанаасаа ичдэг бололтой. Тиймээс манай түүхийг байгаагүй мэтээр бие биедээ сурталдаж байна. Тийм зүйл бичиж тийм сэтгэгдэл тарааж байна. Энэ явуулга уу юу вэ.

Ж.Баяр

Эх сурвалж: