sonin.mn

Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатарыг урилаа. Тэрбээр энэ сарын 23-нд нээлтэй хийх Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжгийн гол дүрд тоглож байгаа юм. Ингээд түүнтэй уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.

-Энэ жил УДЭТ-ынхан долоон найруулагчийн до­лоон өөр төрлийн жүжгээр бэлэг барьж байгаа. Харин та хоёр ч жүжгийн гол дүрд тоглож байгаа шүү дээ?

-Тийм ээ.

-“Бүүвэй” уянгын дра­мын жүжгээр дамжуулж үзэгч­дэд ямар мессеж өгө­хийг зорьж байна вэ?

-Бусад зургаан жүжгээ бодоход их онцлогтой л доо. Н.Ганхуяг найруулагч маань зохиолоо өөрөө бичсэн. Зохиолоо анх 1980-аад онд үр хөндөлтийг эсэргүүцэж бичсэн юм билээ. Харин өнөө үед үр хөндөлт гэхээсээ илүүтэй эх, үрсийн наднин холбоо, эхнэр нөхрийн ариун журмыг хөндөж гаргасан уянгын жүжиг.

-Тухайлбал?

-Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт их байна. Хэдий­гээр шалтгаан нь янз бүр ч тодорхой хувь нь нөхөр эсвэл эхнэр нь гадаадад олон жил ажиллаж байгаатай холбоотой. Яалт ч үгүй амьдралаа өөд нь татах, аяга хоолоо олж идэхийн тулд гэр бүлийн нэг нь харийн орныг зорьж байна шүү дээ.

Бие холдохоор сэтгэл холдоно гэж ярьдаг. Яг энэ замаар олон гэр бүл салж байна. Нөгөөтэйгүүр гэр бүл салалт маш хүнд сэдэв. Жүжиг маань энэ сэдвийг хөндөж, нийгэмд то­дорхой хэмжээний мессеж, ухаарал өгөхийг зорьсон. Нө­гөөтэйгүүр монгол ахуйг харуулсан сайхан жүжиг.

-Таны хувьд яг ямар дүр дээр ажиллаж байна вэ?

-Очирсүрэн гэдэг за­луу­гийн дүрд тоглоно. Амьд­ралаа өөд нь татах гэж Аме­­рикт таван жил ажил­лас­­­ны эцэст эх орондоо ирж байгаагаар үйл явдал өр­нө­нө. Гэтэл эхнэр нь өөр хүнээс жирэмсэн болчихсон байдаг.

Эхлээд үзэгчдэд ямар хартай залуу вэ гэж харагдах байх. Ийм тохиолдолд ямар ч эр хүн уурлаж, хардана шүү дээ. Гэхдээ эр хүн ноён нуруутай байхаас гадна али­ваа зүйлийг уучилж чад­даг ухаантай байх хэрэгтэй. Очирсүрэн бол тийм л уужуу, тайван ухаан, ноён нуруутай залуусын төлөөлөл.

-Дүр дээр ажиллахад ямар нэгэн хүндрэл, бэрх­шээл гарч байна уу?

-Үгүй ээ. Бидний амьд­ралд өдөр бүр тохиолддог зүйл болохоор хүндрэл га­раагүй.

-Ингэхэд бэсрэг жүжиг гэдэг утгаараа их цөөхөн дүртэй байх?

-Тийм ээ, таван хү­ний дүртэй. Жүжигт маань Ардын жүжигчин С.Саран­­туяа, жүжигчин Ц.Цэрэн­болд, Б.Тамир, Т.Хулан нар тоглож байгаа. Одоогоор жүжгийн бэлтгэл ид явагдаж байна даа.

-Нэлээд завгүй байгаа бололтой?

-Үүнээс гадна театрын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын “Өчигдөр” хэмээх жүжигт тоглож байгаа. Дүрүүд дээрээ давхар ажиллаж байгаа бо­лохоор зав муутай л байна.

-“Өчигдөр” жүжгийг хоёр­­хон хүний дүртэй гэж сонс­сон юм байна шүү?

-Тийм ээ, залуу жүжигчин М.Тогтохжаргал бид хоёр тоглоно. Маш шинэлэг са­наатай, өөр хэлбэрийн сэтгэ­хүйн жүжиг. Үзэгчдэд их зүйлийг ойлгуулах байх. Эхнэр, нөхөр хоёр нэг нэгнээ­сээ яагаад уйддаг, хүн ямар учраас нууц амрагтай болдог вэ гэдгийг тод том­руунаар гаргаж өгнө.

-Танд Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягтай ажилласнаас найруулагч Н.Наран­баатартай ажилла­хад хял­бар байдаг байх л даа. Учир нь Төрийн соёр­холт Н.Наранбаатар та хоёр уран бүтээлч гэхээсээ илүү найзууд шүү дээ?

-Ялгаагүй л дээ. Бид адил­хан л уран бүтээлчид. Яах вэ, найз нөхөд гэдэг утгаараа амархан ойлголцдог нь үнэн. Гэхдээ ажил, амьдралыг ялгах хэрэгтэй гэж боддог. Тайзан дээр би жүжигчин, Пара маань найруулагч шүү дээ.

Найзан дундаа ор­чих юм бол ажил явахгүй. Нөгөөтэйгүүр найзтайгаа ажиллахад сайхан бай­даг. Манай театрын най­руулагчид янз бүрийн л ааш аягтай. Бид ч хүнээс үг сонсоод сурчихсан. Ялангуяа манай драмынхан.

-Тийм шүү, уран бү­тээлчид үг сонсоод сурчихсан нь ажиглагддаг. Та саяхан өөрийн фэйсбүүк хуудаснаа жүжигчин Д.Шүүдэрцэцэг, мисс Э.Сэлэнгэ нарыг шүүм­жилснээс болж багагүй хэл аманд өртсөн санагдана?

-Үнэнийг хэлэхэд миний дургүй хүрсэн л дээ.

-Юунд тэр вэ?

-Тэр хүмүүс бүхий л зүрх сэтгэл, цаг зав, оюун ухаан, мах цус, хөлс хүчээ урсган байж хийдэг ажлыг маань “Жүжиглэх миний хобби” гэж ярьсан. Үүнд нь дургүй хүрсэн. Гэтэл нэг бүтээл ямар их хүч хөдөлмөрөөр төрдөг билээ.

Түүнийг ч ойлгоогүй хэсэг хүмүүст зориулж хэлсэн юм. Ингэж жаахан ч гэсэн цочроо өгөхгүй бол болохгүй шүү дээ. Хэн дуртай нь жү­жигчний мэргэжлийг “хобби”-гоороо хийдэг гэж яриад явж болохгүй.

-Гэхдээ нэг кинонд тог­лоод ч юм уу, ганц дуу дуул­чихаад л өөрийгөө “од” мэтээр бодчихсон залуус тоо­гоо алдлаа. Нөгөөтэйгүүр тэд урлагийнханы нэр хүн­дийг унагаад байх шиг?

-Яах вэ дээ, хэн ямар уран бүтээлч вэ гэдгийг цаг хугацаа харуулна шүү дээ. Дээр нь ард түмэн шүүгээд, ялгаад өгнө дөө.

-Сайхан хэллээ. Ингэхэд та УДЭТ-аар овоглоод их удлаа. Миний мэдэхийн л 10 гаруй жил болж байна шүү дээ?

-Театртай амьдралаа хол­боод 14 жил болж байна даа.

-Анзаараад байх нь ээ, уран бүтээлчид урлагийн ер­төнцийг хатуу, харгис гэж ярьдаг хэрнээ ажиллаад л байдаг. Урлагийн юу нь ингэтлээ татдаг юм бэ?

-Мэдэхгүй юм даа, оноод хэлчих төгс хариулт одоог хэр олоогүй л явна.

-Ингэхэд яаж яваад ур­лагийн хүн болчихвоо. Таныг хэрэг төвөгт ороо­цолддог, их сахилагагүй хүү­хэд байсан гэдэг?

-Тийм ээ. /Инээв/ Хэл ам таталж, хэрэг төвөг их тарьдаг хүүхэд байсан. Ний­гэм маань ч ороо, бусгаа байсан үе шүү дээ. Харин өвөөгөө бурхан болоход л ухаан суусан даа.

-Тэгэхээр өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж, хүслийг нь гүйцээх гэсэндээ жү­жигчин болсон гэх яриа үнэн байх нь ээ?

-Намайг жүжигчин бо­лоход өвөө маант их нөлөөл­сөн. Өвөө маань намайг найм­дугаар ангид байхад бурхан болсон. Тэр үед л би “жүжигчин болно” гэж шийдсэн. Өөрөөр өөр­төө амалсан.

Би чинь өвөөгийнхөө амь нь байсан. Эрх дураараа өссөн. Өвөө дээрээ өссөн болоод ч тэр үү бусад хүүхдийг бодоход ахмад настнаа хүндэлдэг. Бас түүх соёлоо судалж, түүгээрээ бахархадаг. Нэг үгээр үнд­сэрхэг үзэлтэй болж хүмүүжсэн дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Төрбат

Эх сурвалж: