sonin.mn

 Сайн байцгаана уу эмэгтэйчүүдээ.

 Бидний  өдөр тутмын амьдралд үгүйлэгдэж байгаа амьдралын зөв хэвшлийн талаар ярилцах гэсэн юм. Одоо бид хамгийн эгзэгтэй үед, өөрөөр хэлбэл  монголчууд эрүүлжих үү, эрүүл мэндээ улам доройтуулах уу гэдэг үе дээр ирээд байна. Гуравхан жилийн өмнө манай хүн амын 30 гаруй хувь нь илүү жинтэй тарган байсан бол өнөөдөр гуравхан жилийн дотор 50 гаруй хувь нь илүү жинтэй, тарган хүмүүс болцгоожээ. Гудамжинд  тарган хүмүүс л харагдах болж. Таргалалт манай хүн амын эрүүл мэндийн гамшиг болоод байна эмэгтэйчүүдээ. Одоо бидэнд таргалалтыг нэмэгдүүлэх хугацаа байхгүй. Зөвхөн бууруулах зорилго тавигдах ёстой. Таргалалт манай хүн амыг зүрх судасны өвчин /ЗСӨ/, даралт ихсэлт, хорт хавдар, чихрийн шижин-2, элэгний өвчин  гээд цаг бус олон өвчинд хүргэж байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр өвчин удамшдаг багасгаж авахгүй бол геометрийн прогрессоор өсөх болно. Өсдөгөө өсчихсөн. Гэвч хожимдсон ч оргүйгээс дээр  ээ.

Шинэчлэлийн Засгийн газар “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй  өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний  хоёр дахь хөтөлбөр” саяхан баталлаа. Манай хүн амын талыг эзэлж байгаа, нэгэн бүлийн тал нь болсон эмэгтэйчүүд, ерөөсөө нэг эмэгтэй гэр бүлийнхнийхээ эрүүл амьдралыг дааж болохгүй гэж үү гэж бодсон бодол маань ийнхүү та нартаа захидал бичихэд хүргэсэн билээ. Хэрэв ингэж чадвал бидэнд цаг бусаар тохиолдоод байгаа аюулт өвчнүүдээс сэргийлж, бид хэн нэгнээ эдгээр өвчний золиос болгохгүй ээ. Угтаа бол эмэгтэйчүүд бидний гар дор байгаа  зүйл шүү дээ. Гагцхүү амьдралын буруу хэвшил гээч бат бөх цайзыг мэдэхгүй, хайнгаасаа хэдэн жил босгосноо одоо зоригтой нурааж чадвал өөрийнхөө өмнө, гэр бүлийнхнийхээ өмнө өвчингүйн аз жаргалын замыг нээх билээ.

 Манай нэгэн цэцэрлэгт явдаг сингапур хүүхэд хоолоо хичээнгүйлэн зажлаж иддэгийг, бантан идэж байхдаа ихэд зажласнаас завжаар нь бүр шингэн болон гоожиж байсныг ч багш  нь сонирхуулан ярьж билээ. Зажлаж идсэн хоол сайн боловсорч биед бодисын солилцооноос үүсэх хорыг эрс багасгана. Сингапур эмэгтэйчүүд хатуу дэглэмтэй, хүүхдийнхээ хүмүүжил, эрүүл мэндийн төлөө хатуу шаардлагатай гэж нэгэн хэвлэлээс уншиж байсан юм. Япон эхчүүд хүүхдийнхээ шүдийг бараг 3-4 нас хүртэл нь өөрсдөө угааж өгдөг. Муу угаасан шүдний өнгөрт нян үржиж цооруулдаг болохоор сайн угааж шүдийг нь өвчлүүлэхгүйн үүднээс. Шүд сайн бол бие эрүүл. Өвөрмонгол гэр бүлийн хоёр дэлгүүрт явж байгаад нөхөр нь хиам авъя гэтэл эхнэр нь түүнийг амсч үзээд давс ихтэй юм байна хэрэггүй гээд болиулж байсан. Гэрийнхнийхээ эрүүл мэндийг эхнэр нь хариуцаж чадаж байна даа, нөхөр нь манай эрчүүд шиг зөрүүдэлдэггүй юм байна гэж бодож байлаа. Яахаараа бид зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижингээр өвдөж байх ёстой гэж олон зүйлийг эргэцүүллээ. Яавал монголчуудын амьдралын буруу хэвшлийг өөрчлөх вэ гэсэн хэдэн жилийн чин хүсэл маань ном бүтээхэд хүргэж, номоо ч бүтээж эмэгтэйчүүдэд захидал бичих хоёр дахь шалтгаан болсон. Захидлыг минь анзаарч уншаарай.

                             Монголчуудын эрүүл мэндийн байдал ямар байна вэ?

20 гаруй жилийн өмнө манай хүн амын нас баралтын эхний гурван байранд амьсгалын замын, хоол боловсруулах замын, халдварт өвчин орж байлаа.  1990-ээд оноос хойш  хүн амын цаг бус нас баралтад ЗСӨ  нэг, хорт хавдар хоёрдугаар  байранд орлоо. Эдгээр өвчнөөр нас барах тохиолдол болон яригдаж буй өвчнүүд сүүлийн жилүүдэд ихэссээр. Дээрх өвчнүүдээр өвдөх өндөр эрсдэлтэй 45-аас дээш насны хоёр хүн тутмын нэг өвдөх өдрөө хүлээгээд  хаалганы цаана зогсож байна. Харвалтаар зүрх судасны өвчтэй хүмүүсийн талаас илүү  хувь нь эндэж байхад хүн амын 44.4 хувь  нь цусны даралт ихсэлтийн талаар мэдэхгүй,  90 гаруй хувь хүн давсыг хэтрүүлэн хэрэглэж байна. Дээрх өвчнүүдийг монголчуудын дунд түгээмэл гэдгийг 91.6 хувь нь хүлээн зөвшөөрч байгаа ч ихэнх нь халдварт өвчнийг бодвол аюул багатай гэж үзэж байна. Эдгээр өвчнөөр  нас барах тохиолдол  ДОХ-ыг оруулаад бүх халдварт өвчнөөр нас барах тохиолдлоос гурав дахин их байна. Хүн амыг цаг бусаар өвдүүлж эндүүлж байгаа аюулт өвчнүүдийн талаар хүн амд ухааруулах, хүн ам ч ухаарах цаг нь иржээ. Хүний биед үүсдэг архаг өвчнүүдийн 70 гаруй хувь нь буруу хооллолтоос шалтгаалдаг. ДЭМБ-ын эрдэмтэд ч дээр дурдсан өвчнүүд үүсэх гол эрсдэлийг буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол гэж их ярьж байгаа ч чухам “Буруу хооллолт” гэдэг хоёрхон үгийн цаана юу хэлэгдээд байгаагийн учрыг олж хужрыг тунгаацгаая.

                                 Хүнсний хангамж, хэрэглээ ихэд өөрчлөгдлөө

Газрын баялаг, байгалийн амьд органик хүнстэйгээрээ дэлхийн орнуудын анхаарлыг  татах болсон  Монголчуудын эрүүл мэнд яагаад ингэж доройтов оо? Америкийн эрдэмтэд хэрэв америкчууд бэлчээрийн малын бүтээгдэхүүнээр хооллодог байсан бол таргалалт ингэж газар авахгүй байхсан гэж бичиж,  бэлчээрийн малын бүтээгдэхүүний ач холбогдлын талаар гадаадын эрдэмтэдийн судалгаа газар авч эрчимжсэн малын бүтээгдэхүүний хорын талаар сурталчилж байна. Монголчууд ямар хүнс хоол хэрэглэж байна вэ?

            1.  “Монголчуудын эрүүл мэндийг сайжруулах” бэлчээрийн малын махны рүүл, байгалийн чанарыг алдагдуулсан эрүүл бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ ихэссэн. Хиам, зайдас, нөөш, утсан, шарсан, давсалсан махан бүтээгдэхүүн нь тос, давс хэт ихтэйн дээр өнгө, амт оруулагч, хадгалах хугацааг уртасгагч  нь хорт хавдар үүсгэгч.

      2. Бэлчээрийн малын сүү 100 хувь хэрэглэж чадахгүй, 80 хувь нь гадны орны бордсон малын хуурай сүү учраас жин  нэмэгдүүлэхэд нөлөөлөх тостойгоос  гадна бэлчээрийн малын бүтээгдэхүүнд байдаг ЗСӨ, чихрийн шижин-2, хорт хавдраас сэргийлэх тосны хүчлүүд байхгүй гэдгийг гадны болон манай эрдэмтэдийн судалгаа харуулдаг.

      3. “Junk” хүнс буюу чихэр, давс, тос ихтэй орчин үеийн хүнс хоолны хангамж хэрэглээ хэт ихэссэнээс таргалалт, ЗСӨ, хорт хавдар, чихрийн шижин хэв шинж 2, бөөрний өвчин, харшил   ихэсгэхэд гол нөлөө үзүүлдэгийг эрдэмтэд анхааруулсаар байна. Сахар, чихэр, чихэрлэг бүтээгдэхүүний хэт хэрэглээ  хүүхдүүдийн дунд таргалалт, зүрх судасны өвчин, хорт хавдар  ихэсгэж байгаа 1 шалтгаан.  ДЭМБ саяхан сахарын хоногийн хэрэглээг 25 г байсныг 10 г болгож буурууллаа. Монголчуудын сахарын хэрэглээг ихэсгэж байгаа нэг гол шалтгаан нь цаастай чихэр, элдэв чихэртэй боов, ундаа, жүүс.  Хүүхдүүд маань гадна, дотны үйлдвэрүүдийн элдэв төрлийн чихрийн борлуулагчид нь болж ихээхэн орлого оруулж эцэст нь эрүүл мэндээр хохирч байгаа нь үнэн билээ. Шинэ жилээс эхлээд бүх баяруудаар бэлэг нэртэй боодолтой чихэр, ундаа, шүүс гэсэн нийлмэл хорыг  хүүхдүүддээ  бэлэглэдэг ямар ч орон манайхаас өөр байхгүй. Давс хэтрүүлэн хэрэглэсэнээс даралт ихсэх, зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний дутагдал, бөөрний өвчин, бөөрний дутагдал, бөөр чулуужих, яс сийрэгжих, багтраа, хуурамч амт нь  хоол идэх дуршлыг өдөөх гэх мэт хортой. Монголчууд давсыг хоногт 11.1 г буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс хоёр дахин илүү хэрэглэж байна.  НЭМҮТ-ийн судалгаагаар манай давсны хэрэглээний ихэнх 46.2 хувь давстай цайнаас болж байна. Үйлдвэрийн бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь “Давс ихтэй буюу хэргэлэхээс татгалз” гэсэн ангилалд багтаж байна. Давс хүүхдүүдийн дунд таргалалт, ЗСӨ, хорт хавдар  ихэсгэж байгаа хоёр дахь  шалтгаан. Эрүүл бус тос, тостой хоолны хэрэглээ ихэссэн. Эрүүл бус тосонд транс тос, ханасан тос, түүний дараа манайхны өдөр тутам хэрэглэж байгаа наранцэцэг, шар буурцаг, эрдэнэшишийн тос, талхан дээрээ түрхэж иддэг маргарин  ордог. Транс тос  хамгийн их судас хатууруулж хорт хавдар, таргалалтыг ихэсгэж байгаа тос. Энэ тосыг  чихэр, вафли, чипс, шоколад, жигнэмэг, түргэн хоол, шарсан төмс зэрэг хүүхдийн дуртай хүнс хийхэд  хэрэглэдэг. Хүүхдүүдийн дунд таргалалт, зүрх судасны өвчин, хорт хавдар  ихэсгэж байгаа бас нэг  шалтгаан. Бидний өдөр тутам хэрэглэж байгаа дээр дурдсан гурван ургамлын тос, маргарин  омега-6, омега-3-ын харьцаа/хэвийн харьцаа 2:1-4:1/-г ихэсгэж 20:1 болгосноор орчин үеийн өвчин ихэсгэхэд хүргэж байгааг эрдэмтэд анхааруулж байна. Эдгээр тосууд халаах, буцалгахад  хорт хавдар үүсгэгчтэй болдог. Манай өдөр тутам хэрэглэдэг ихэнх цөцгийн тос нь бэлчээрийн малын сүүний цэвэр тос биш, ургамлын тос хольсон маргарин.

      4. Эрүүл бус хүнсний үйлдвэрлэл нэмэгдэж, хэрэглээ ихэссэн.  Зарим үйлдвэрийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэхгүй. Ариутгасан сүү, бүтэн үрийн талх гээд үйлдвэрийн эрүүл хүнс байдаг бол үйлдвэрийн ихэнх бүтээгдэхүүн транс тос, ханасан тос, сахар, давс ихтэй  байдаг. Чихэр, тос, давсны аль нэгийг юмуу хоёрыг, эсвэл бүгдийг нь   хийсэн бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн, чипс, чихэр бүхий илчлэг ихтэй бүтээгдэхүүн, бүх төрлийн чихэр, шоколад. Давс, тос ихтэй, бусад хольцтой  лаазалсан, шилэн савтай  махан болон бусад хүнс,  жимсний чанамал, лаазалсан шиллэсэн компот,  давстай самар, дарсан ногоо, зайдас, хотдог,  хиам, шарсан гахайн мах, утсан хиам,  мах, чихэртэй цагаан идээ. Давс, тос  ихтэй хагас боловсруулсан бууз, банш, хуушуур, котлет, бөөрөнхий мах.  Нийтийн хоолны газар махыг ил гал дээр шарах, хорхог, боодог хийх, боорцог, боов, хуушуурыг  муу тосонд болгох, хоол, цайны давсыг хэтрүүлэн хийх  зэрэг эрүүл мэндийг хохироох хоол бэлтгэх нь хавтгай болсон. Хөгжингүй орны хүн амыг таргалуулсан түргэн хоолны газрууд, архидалт, эрүүл бус  хоолоор үйлчилдэг баар, цэнгээний газрууд олширсон.

      5. Эслэгийн дутал. Эслэгийг нь  цэвэрлэсэн дээд гурил, элсэн чихэр, цагаан, хүүхдийн будаа, дээд гурилын гоймон,  тунгаасан ургамлын тос зэрэг бүтээгдэхүүн манай хүн амын  амьдралын өдөр тутмын хэрэглээ болжээ. Энэ нь  судас хатуурал, зүрхний титэм судасны өвчин, чихрийн шижин хэв шинж-2, гэдэсний хорт хавдар, таргалалт ихсэхэд хүргэдэгийг эрдэмтэд тогтоосон. Судалгаагаар хүн амын 77.6 хувь эслэг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Эслэгийг өдөр бүр хэрэглэдэг хүн ам хотод 4.8 хувь, хөдөөд хоёр хувь байна.

      6. Манай хүнсний хангамжийн 70 хувь импортын бүтээгдэхүүн. Монгол хүний бие мах бодод дасан зохицоогүй, ямар  хувиргасан хүнс хийсэн, удмын санд нөлөөлөх ямар орц байгааг мэдэх аргагүй. Ихэнх нь эрүүл бус хүнс, хольц  байдаг. Хөгжингүй орнуудаас зах зээлгүй болсон бүтээгдэхүүн ирэх нь их. Хэрэглэгчдийн боловсрол муу байдлыг ашигладаг. Гадаад хэл дээр шошготой тул бүтээгдэхүүний талаар ямар ч мэдээлэлгүй хэрэглэдэг муу талтай. Шошгон дээр нь  буруу мэдээлэл байхыг үгүйсгэхгүй. Импортын тэжээвэр мал, тахиа, шувууны  мах, сүү, сүүн бүтээгдэхүүний  тэжээллэг чанар бордсон хэдхэн тооны тэжээлээс шалтгаалдаг. Малаа том болгох бүхий л аргыг хэрэглэдэгээс тос, ханасан тос их, бусад эрүүл мэндэд хохирол учруулах бодис  бий болгодог. Хүний эрүүл мэндэд ашигтай, таргалалтаас сэргийлэх бодисоор бэлчээрийн малаас эрс дутмаг.  Байгалиас холдсон олон ашигтай бодис бүхий байгалийн өвс, нар, агаар, усаар гачигдаж  байдаг тул амин дэм, эрдэс бодис, бусад эрүүл мэндийг дэмжигч бодисуудаар дутмаг.  Өвчлөх эрсдэл ихтэй, эм, антибиотик хэрэглэсэн байх магадлалтай. Импортын үр тариа, ногоо, жимс, жимсгэнэ ямар хөрсөнд ямар аргаар юу хэрэглэж тарьсан нь тодорхойгүй. Бохир хөрсөнд тарьсан ногоо, жимс хорт хавдар үүсгэгчийг ихээр агуулдаг. Хадгалах хугацаа богино, амархан муудах хүнсний ангилалд ордог тул тээвэрлэх явцад бохирддог. Эргээд хариуцлага тооцох эзэнгүй. Импортын махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, ногоо жимс хүүхдийн сүү, нэмэгдэл хоол нь чихэр, давс, тос, хугацааг нь уртасгах, бусад нэмэлт хийсэн байдаг.

      7.Мах байнга (өдөр бүр, бүх улиралд ), хэтрүүлэн (хоногт өвлийн улиралд 250 г- с илүү, махан хоол хоногт 1-2-с дээш удаа) хэрэглэснээр олон архаг өвчинд хүргэнэ гэдгийг эрдэмтэдийн судалгаа харуулдаг. Мах хэтрүүлэн хэрэглэсэнээр  уургийн задралын эцсийн бүтээгдэхүүнээс үүссэн шаарга/шлак/-нд бие хордож архаг өвчин үүсэх эрсдэл бий болж элэг, бөөр, зүрхний ачааллыг нэмэгдүүлж үйл ажиллагааны алдагдалд орно. Хиам, зайдаст амьтны гаралтай ханасан тос 30 хувь хүртэл бий. Өнгийг улайлгах гэж хийсэн бодис хорт хавдар үүсгэгч. Мах их идэхэд гэдсэнд байдаг хэвийн нян устсанаас  хоол боловсруулах хэвийн явц, гэдсэнд В амин дэм үүсэлт  алдагдана.

      8. Жимс, ногоо бага хэрэглэж байна. ДЭМБ хүн өдөрт 4-5 төрлийн жимс, ногоог 400 г хэрэглэхэд эрүүл мэндийг нь хамгаалах ач холбогдолтой гэж зөвлөдөгийн учир юу вэ? Сүүлийн 20-иод жилд эрдэмтэд судалгаагаараа жимс ногоонд хүний эрүүл мэндэд ач тустай хэдэн  саяар тоологдох фитохимийн гэх  бодисын зөвхөн хэдхэн хувийн л хүний эрүүл мэндэд ач тустайг тогтоогоод байна. Жимс, ногоо зөвхөн амин дэм, эрдсээр баялаг бус эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээний хүнс буюу хорт хавдар, чихрийн шижин, ЗСӨ-өөс сэргийлэгч, холестриныг багасгагч, боловсролт, дархлаа сайжруулагч, хөгшрөлийг сааруулагч, үрэвсэл  нянгийн эсрэг  гэж хувааж үздэг. Монголчууд  жимс, ногоог зөвлөмж хэмжээнээс гурав дахин бага хэрэглэж байгаа нь  эх орондоо ургуулсан эрүүл жимс нь хаана билээ. Манай орны цаг уурт тохируулан ургуулсан, хадгалах арга олсон олон төрлийн жимс байгаа билүү? Зарим үед импортоор ногоо оруулж байна. Монголчуудыг орчин үеийн гэгдэх дээрх өвчнүүдэд хүргэсэн гол эрсдэлд эрүүл бус хүнс хоолны хэрэглээ мөн. Бидний  хооллож буй эрүүл бус дадал ч дээрх өвчнүүдийг үүсгэх эрсдэлд орно. Буруу хооллох дадал нь хоол боловсруулах эрхтнүүдийн ачааллыг нэмэгдүүлэж, эрхтнүүдийн үйл ажиллагаа хямарч хоол дутуу боловсрогдсоноос үүссэн хор бусад эрхтэн бие мах бодыг хордуулж  өвчлөх эрсдэлийг ихэсгэдэг.  Монголчуудын буруу хооллох  дадал: дэглэмгүй хэзээ ч хамаагүй хооллодог, хооллох хэмжээгээ тохируулдаггүй, хэтрүүлж, муу зажилж иддэг, оройд их хооллодог, ус уудаггүй, улирлаар  хоолоо зохицуулдаг уламжлал байхгүй болсон. ДЭМБ  эрсдэлт хүчин зүйлүүдийг мэдэж сэргийлж чадвал ЗСӨ, харвалтыг 80 хувь, хорт хавдрыг 40 хувь, чихрийн шижин өвчнөөс бүрэн сэргийлж болно гэж үзэж байна. Эрсдэлт хүчин зүйлүүдийн талаар манай хүн ам ялангуяа архи, тамхи, хөдөлгөөниый хомсдолын талаар нилээд мэдлэгтэй болж энэ талаар төр засгаас ч ихээхэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд буруу хооллолтын талаарх мэдлэгээ дээшлүүлж түүнийг засах нь дээрх өвчнүүдээс сэргийлэх чухал асуудал.

                 Монголчуудын буруу хооллолтыг манай эмэгтэйчүүд л засч чадна

Нөхөр, хүүхдүүд, ач, зээ нар минь эрүүл   байх нь эмэгтэйчүүд бидний хамгийн их аз жаргал  билээ. Тэгэхдээ энэ аз жаргалыг өөр хэн ч биш эмэгтэйчүүд бид л бий болгох учиртай. Хайртай хүмүүсээ эрүүл байлгаж гэр бүлээрээ элэг бүтэн, өвчин зовлонгүй улам их аз жаргалтай амьдрах нь  мөрөөдөл биш байгаасай. Үүний  тулд бид юу хийх ёстой вэ? Бидний хийж чадах бурхнаас хуваарилсан тэр л бусдыг асран хамгаалах буянтай ажил. Тэгэхдээ илүү мэдлэг, илүү анхаарал халамж, бурууд илүү их хатуу чанар, чанд сахилга бат шаардсан л ажил. Эмэгтэйчүүд хэвшчихсэн буруу зан үйлээ тэднийхээ л төлөө өөрчилж бусдыг ч дагуулж чадах хүчтэй билээ. Эх хүний эрхэм чанар энэ аж. Бид өөрчилнөө.   Өөрчилж чадахгүй байсан буруу хооллолтоо засах талаар ярилцацгаая эмэгтэйчүүдээ.

Давсаа багасгая, гэр бүлийнхээ давсны хэрэглээг, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газар ажиллагч  эмэгтэйчүүд  хүнс, хоолондоо хийдэг давсаа 50 хувь багасгаж цайгаа давсгүй чаная.

Сахар чихрийн хэрэглээгээ одоогийн хэрэглээнээсээ хоёр дахин багасгая. Хүүхдүүддээ бүх л баяраар чихэр-хор, ундаа боож бэлэглэдэг  муу хэвшлээ засъя. Хүүхдүүдээ аваръя эмэгтэйчүүд, эхчүүдээ. Сахар чихэр иддэг дүрэмтэй, өдөртэй болъё.

 Эрүүл тос хэрэглэе эмэгтэйчүүдээ. Одоогийн байдлаар хамгийн эрүүл тос нь чидун, рапс, гүнжидийн тунгаагаагүй хүйтэн аргаар гаргасан тос бөгөөд рапс ургамлын  тос хоол бэлтгэхдээ хийхэд хамгийн аюулгүй тос.

Импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгая. Монгол үндэстнийг гадны чимээгүй халдлагаас аврах, монгол  удмын сангаа цэврээр хадгалах, монголчуудыг эрүүлжүүлэх үндсийн үндэс бол импортын хүнсний хангамжаас татгалзах эмэгтэйчүүдээ. Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хүнс импортлогчид үйлдвэрлэгчид болцгооё.

Бэлчээрийн малын махаа цэврээр нь, хэрэглэх ёстой хэмжээгээр нь улирал харгалзан хэрэглэе. Зуны улиралд сүү цагаан идээний, намрын улиралд шинэ ногооны  тус тус ядаж 10 хоногийн хагас мацаг дэглэм барья. Эмэгтэйчүүд манлайлан дэлгэрүүлье. Монголчуудын эрүүл мэндийг дэмжигч бэлчээрийн малаа эрчимт тэжээлтэй болгож болохгүй талаар эрдэмтэн эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэе. Хайран махаараа эрүүл мэндийг хохироогч элдэв бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ багасгая. Америкт 100 төрлийн хиам байж л байг одоо яая гэхэв. Харин түүний оронд өөх багатай  махаа 1-2 сард ногоотой чанаж идэж байя. Цагаан сараар ууц, өвчүү тавьдаг, өвлийн идэш бэлддэг эрүүл мэндэд хортой хуучин хэв заншлаа эргэж нэг харъя. Наадмын хуушуур, ер нь хуушуурны газрууд маш эрүүл биш тосонд хуушуураа хайрч байгааг нэг анхааралдаа авъя. Ургамлын тос буцалгахад тэр бүү хэл халаахад хорт хавдар үүсгэгч үүсдэг, тэр буцалж байгаа ургамлын тосонд хуушуур хайрч байгааг хяналтын байгууллагаас тухай бүр хянаж байхыг сануулмаар  байна.

Бэлчээрийн малын сүүгээ хуурай сүүний хольцгүй хэрэглэе. Бэлчээрийн малын сүүний хүний эрүүл мэндэд өгөх ач холбогдлыг сайн мэддэг, сүүний талаар судалгаа хийдэг, сүү үйлдвэрлэгч эмэгтэйчүүдээ та нарын дуу хоолой хэрэгтэй байна.

Хүний эрүүл мэндийг дэмжигч сая сая бодис агуулдаг жимс, ногоогоо эх орныхоо байгалийн баялгаас, эх орондоо ургуулан тарьсан байдлаар зөвлөмж хэмжээгээр хэрэглэхэд технологич, ногоочин, жимсчин  эмэгтэйчүүдийн санаачлага, идэвх зүтгэл  их хэрэгтэй байна. Манай технологичид ч монголын эрс тэс цаг агаарт тохируулан  жимс, ногоо тариалах ажлыг  хиймээр байна.

Цэвэршүүлээгүй эслэг ихтэй хальстай бор будаа, сагадай, шар, хошуу будаа, бүтэн үрийн, хөх тарианы гурил түүний бүтээгдэхүүн, арвайн гурил, хивэгтэй бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэе.

Үйлдвэрийн эрүүл бус хүнсний хэрэглээг багасгая эмэгтэйчүүдээ.

Түргэн хоол цөөн хэрэглэе эмэгтэйчүүд, охидоо. Түргэн хоолны бүтээгдэхүүн цагаан гурил, эрүүл биш тос, чихэр ихтэй кетчуп, хэдэн ч сар хадгалж болох химийн бодистой шарсан төмс, чихэртэй ундаа гээд эрүүл мэндийг хохироох бүтээгдэхүүн ихтэй. Сард нэг удаа болж байна аа.

Хүнсний бүтээгдэхүүний шошго ашиглаж суръя, шошгыг нь номоор нь  хийлгэж сургая үйлдвэрлэгчдээр. Буруу хооллодог дадлаа засцагаая.

Багаар үмхэж сайн зажилж идэхийг хүүхдүүдээсээ эхлээд хэвшүүлье.

Дэглэмээр хооллоё. Хөгжингүй ихэнх оронд хоолны газрууд зөвхөн хооллох дэглэмийн үеэр  нээгдэж үйлчилдэг. Өглөө, үд, орой гэж.

Хэмжээтэй идье. Нэг удаа хооллох хэмжээ нь одоо жаахан идчих юмсан гэсэн үе нь хоолны хэмжээ. Нэг мэргэн үг бий. Хоолны ширээний араас бага зэрэг өлсгөлөн босвол цадсан гэж үз, хоолны ширээний араас за цадлаа гэж босвол илүү идсэн, ширээний араас хэт идчихлээ гэж босвол хордсон гэдгээ хүлээ. Эмэгтэйчүүд  бага хэмжээгээр хоолоо бэлтгэж байя.

Оройд хооллох цагаа хэт бүү оройтуул. Унтахаас өмнө 2.5-3 цагийн өмнө хоолло. 19 цагаас хойш бүү хоолло. Шөнө ходоод, биеэ амраа.

Ус ууцгаая. Ус  нь тархи усаар гачигдахаас, нүд, арьс  хуурайшихаас, уруул омголтохоос, даралт ихсэхээс, бөөрний чулуу, бөөр, шулуун гэдэсний  хорт хавдраас, цус өтгөрөхөөс, ядарч сульдахаас, өлсөхөөс сэргийлнэ. Дотор  эрхтнийг  чийгтэй байлгаж шээсний ялгаралтыг ихэсгэнэ. Эрч хүчтэй болгоно. Өглөө босонгуут  өлөн элгэн дээрээ ус ууж эхлэе.

 Эмэгтэй хүн бүр хичээж үүрэг хүлээе

-Эрдэмтэн, судлаач эмэгтэйчүүдээ амьдралын буруу хэвшлээс шалтгаалах өвчнийг бууруулахад чиглэсэн бидний өмнө тулгараад байгаа олон судалгааны ажлыг хамтран гүйцэтгэж үр дүнг нь хэрэгжүүлье.

-Эмэгтэйчүүдийн болон эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхан эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолтыг дэмжин эмэгтэйчүүдийн дунд олон хэлбэрийн ажил зохиоё.

-Дээрх өвчин тус бүрээр ажилладаг нийгэмлэг, холбоод, ТББ-ууд уг өвчнүүдийг үүсгэх нийтлэг эрсдэлийн эсрэг  хамтран ажиллах нь илүү үр дүнд хүрнэ.

-Улстөрч, удирдах ажилтан эмэгтэйчүүдээ, эрүүл зөв амьдралын асуудлаар аливаа санал санаачлага, хөтөлбөр, төслийг дэмжиж өгөхөд та бүхний нэр хүнд ихээхэн чухал байна. Сургуулийн сурагчдын үдийн хоолны хөтөлбөр  одоо хүртэл шийдэгдэхгүй байна. Энэ нь  хүүхдэд хоногийн хоолны 30 хувийг  эрүүл хоол, тэжээллэг бодисоор  хангах, өсөлт хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, эх орны хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих гээд олон асуудлыг шийдэж, хүүхдүүдээ эрүүлжүүлж  болох хамгийн чухал хөтөлбөр билээ. Манай орноос бусад ихэнх орон сургуулиудад үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлдгээс  гадна, өглөөний хоол, аяга сүүний, зарим орон жимсний хөтөлбөр нэмж хэрэгжүүлж байна.

-Эрүүлийг хамгаалах байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүдээ! Та нар монголчуудын эрүүл амьдралын хэв маягийг түүчээлэгчид шүү. Та нар илүү мэдлэгтэй болж, эрүүл саруул, тарган биш байж бусдад эрүүл амьдрах арга ухааныг сургана.

-Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй эхчүүдээ! эрүүл хүүхэд төрүүлж эрүүл өсгөхийн тулд өөрсдөө зөв хооллох, хүүхэддээ зөвхөн эхийн сүүг нь хөхүүлж өсгөх, зургаан сартай болоход нь эрүүл нэмэгдэл хоолыг зөв өгч эхлэх нь олон өвчнөөс сэргийлэх чухал зүйл гэдгийг санаарай. Манайд жилд төрсөн хүүхдийн  30-аад хувь нь эхийн сүүгээ зургаан сар дагнан хөхөхгүй байна.  1992 оноос 2000 он хүртэл энэ тоо 10 хүрэхгүй  хувьтай байсан. Эхийн сүү хүүхдийг хатгалгаа, шээсний замын өвчин, гэдэсний халдвар үүсгэгч савханцар, хүйн халдвар үүсгэгч, саагийн вирус, шимэгчдийн эсрэг бодис, холерийн эсрэг гээд тоочоод баршгүй олон өвчнөөс сэргийлэх бодистой. Ангир уурагт трансфер фактор гээд дархлааны бодисууд ч бий. Үнээний болон орлуулагч  гэх бусад сүүнд ийм хамгаалах бодис байдаггүй. Эх хүүхдээ заавал хөхүүлж өсгөхийн шаардлага үүгээр зогсохгүй. Хүний нинжин сэтгэл хөхүүл хүүхдэд  эхлэн тавигддаг нь судалгаагаар нотлогдсон зүйл. Хүүхдээ эрүүл өсгөх, ухаантай болгох,  нинжин сэтгэлтэй болгох үндсийн үндэс нь эх хүүхдээ  хөхүүлж өсгөх.

-Багш эмэгтэйчүүд  хүүхдүүд, сурагчид, оюутнууддаа эрүүл амьдрах арга ухаан, буруу хооллолт, тамхи, архины хор хөнөөлийг багаас нь ойлгуулж, жин ихсэхээс нь сэргийлж  өөрсдөө зөв хооллож, хөдөлгөөнөө идэвхжүүлж таргалалтгүй байх ёстой. -- Жүжигчид, дуучид, бүжигчид, хөгжимчид, телевизийн нэвтрүүлэгчид бол яах аргагүй хүн бүрийн хардаг шүтдэг одууд. Та нар бүтээлээрээ олны танил болсон нь гарцаагүй. Одоо харин биеийн гоолиг  галбир төрхөөрөө од болж бусдыг үлгэрлэн дуриал болохыг хүсье. Та бүхэн эрүүл бус хоолны сурталчилгааг хийхгүй байхад анхаарлаа хандуулах ёстой шүү. Эмэгтэйчүүдээ, та бүхэн юуны өмнө эрүүл мэндийн түүний дотор зөв зохистой хооллолтын мэдлэг боловсролыг эзэмших нь чухал шүү. Тэгэж байж та бүхэн гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалагч болж чадна. Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхдээ эрүүл байлгахын  үндэс нь  мэдлэг боловсрол. Эрүүл амьдрах тухай мэдлэггүй бол амьдрал өвчин зовлон болно.

-Эмэгтэйчүүдээ та бүхэн гэртээ даралтын багаж, лентэн метр, биеийн жин хэмжигч, алхаа хэмжигч, биеийн жингийн индексийн хүснэгт, мэдлэгээ дээшлүүлэх гарын авлага зэргийг бэлдэж гэрийнхнийхээ эрүүл мэндэд  сар, улирал тутам хяналт тавьж эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх нь эрүүл амьдралын чухал хэсэг шүү. Буруу хооллолтын хяналтыг эмэгтэйчүүд та нар хийж чадна.

-Эмэгтэйчүүдээ! Хүүхдүүддээ багаас нь эрүүл амьдралын хэвшлийг зааж өгч хатуу чанга дэглэмд сургая. Азийн орны эмэгтэйчүүдээс үлгэр авъя. Нөхрүүдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч тэдний зөрүүд занг мэдлэг, оюун  ухаанаараа байлдан дагуулж тэдний эрүүл мэндийг сайжруулахыг та нараасаа хүсч байна. Манай эрчүүд эрүүл мэндийн таагүй үзүүлэлттэй байгааг анхаарах нь бидний л үүрэг.

Бүх эрэгтэйчүүдээ та нарын оролцоогүйгээр эмэгтэйчүүд яах билээ. Та нар боломжийг нь хангаж өгч, мэдлэгээ хамт дээшлүүлж, дэмжин туслаж, үгийг нь сонсож  хамтран ажиллах  юм бол эмэгтэйчүүдэд их тус болох болно.

Хүндэтгэн ёсолсон,

 “Эрүүл амьдрах ухаан төв”-ийн тэргүүн, “Зөв зохистой хооллож эрүүл амьдрах” цуврал дөрвөн номыг бүтээгч, анагаах ухааны доктор М.Оюунбилэг