sonin.mn

"Харанга"-ын Ц.Энхманлай гэвэл түүнийг Монголд мэдэхгүй, танихгүй хүн үгүй биз. Харин МУГЖ, нэртэй гитарчин энэ эрхмийг төмөр замаас ажил амьдралын гараагаа эхэлсэн гэдгийг тэр бүр мэдэхгүй байж болох юм. УБТЗ-ын 65 жилийн түүх бол бахархал ололт, амжилтын түүх.

Тэрхүү амжилт бүтээлийг хөлс хүчээрээ бүтээсэн үе үеийн төмөр замчдын түүх юм. Энэ байгууллагын өнгөрсөн түүх Монголын тээврийн салбарт ноён оргил байснаас гадна улс эх орны хөгжилд шинэ үеийг нээсэн, урлаг, соёл, спортын хөгжилд ч онцгой нөлөөтэй байж, эгнээнээсээ олон алдартнуудыг төрүүлсэн бахархалтай.

Энэ их айлын халуун бүлээс алмаз мэт гялалзсан авьяас билэгтнүүд төрөн гарч, нэр цуугаа дуурсгасан нь цөөнгүй. Тэдний нэг нь "Харанга" хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай юм.

-"УБТЗ" 65 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ ойн өмнө таныг уншигчдтайгаа уулзуулъя гэж зорилоо. Таны уран бүтээлийн гараа төмөр замаас эхтэй гэдэг?

-Баярлалаа, төмөр замчидтай "Ган зам" сониноор дамжин уулзах завшаан олгож байгаад. 1975 онд төмөр замын техникум төгсөөд Улаанбаатар өртөөнд холбогчоор ажилд орсон. Тухайн үед өртөө дэргэдээ ажилчин залуусын "Ногоон гэрэл" гэж хамтлагтай.

Түүнд Я.Одсүрэн бид хоёр орохгүй юу. Хамтлагийн бусад гишүүдэд ивүүрчин Эрдэнэ-Очир, галт тэрэгний найруулагч Сергей, тээшний ревизор Энэбиш гээд залуучууд байлаа.

-Хөдөлгөөний ажлын хажуугаар уран бүтээлдээ анхаарах цаг зав та бүхэнд хэр олддог байв?

-Өглөөний 08.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл, эсвэл оройн 20.00 цагаас өглөө 08.00 цаг хүртэл вагон дагаад гүйчихнэ. Ажлаасаа буугаад гэртээ харьж, хувцсаа сольж, юм идчихээд буцаад улаан булан руугаа гүйнэ дээ. Дуртай гэж жигтэйхэн. Зарим үед бусдын маань ээлж зөрчихнө.

Заримдаа бүгд бэлтгэлдээ цуглахгүй үе ч гарна. Харин ямар нэгэн баяр ёслол, эсвэл урлагийн үзлэг дөхөхөөр биднийг ажлаас чөлөөлнө. Эсвэл ээлжийг маань нэг болгож зохицуулж өгнө л дөө.

-Тэгвэл өртөөний удирдлагаас та бүхнийг сайн дэмждэг байж дээ?

-Өртөөний дарга Б.Баярмагнай урлагийг их дэмждэг хүн байсан. Тухайн үед Монголдоо байхгүй л хөгжмийг "Ногоон гэрэл" хамтлагтаа авч өгдөг. Тэр үед Хангамжийн бааз гэж байсан шүү дээ.

Тэнд Эвлэлийн төв хорооны захиалгаар оруулж ирсэн хөгжмөөс л ямар нэгэн аргаар бидэнд аваад өгчихдөг сүйхээтэй хүн байлаа. Б.Баярмагнай дарга тэгж дэмжээгүй бол бид өдийд энэ хэмжээнд очихгүй л байсан болов уу гэж бодогддог. Манай хамтлаг 1977 онд Улсын хэмжээнд зохиогдсон тэмцээнд түрүүлж байсан шүү.

-Та тэгээд хэдий хүртэл төмөр замд ажилласан бэ?

-1977 онд хүртэл ажилласан. Ер нь, цаашдаа мэргэжлийн байгууллагад оръё. Өөрийнхөө авъяасыг дагая даа гэдэг бодолтойгоор гарсан. Тэгээд Үйлдвэрчний соёлын төв ордонд хөгжимчнөөр орсон. "Айзам" хамтлаг байгуулагдсан байсан юм.

Тэнд жил болоод цэргийн албанд татагдсан. Тухайн үед эр хүн болгон цэргийн алба хаадаг байлаа. Одоогийнх шиг зугтана, бултана, мөнгө төлнө гэдэг юм байхгүй юм чинь /инээв/.

-Ингэхэд та анхнаасаа яагаад урлагаар явалгүй төмөр замын мэргэжил сонгосон юм бэ?

-Наймдугаар анги төгсөөд есдүгээр ангидаа орох уу, техникумын хуваарь авах уу гэдэг сонголт хийхгүй юу. Хөгжимд дуртай болохоор техникумын хуваарь авсан. Техникум гоё хөгжимтэй байхгүй юу. Хөгжимд нь шохоорхоод орчихсон. Аав маань бас Улаанбаатар өртөөнд зураачаар ажиллаж байсан. Аавын нөлөө ч байсан байх.

-Цэрэгт очоод та бас "Соёмбо" чуулгын гишүүн болсон байхаа?

-Тэгсээн. Цэрэгт очоод байтал Жанжин штаб дээр дуудсан. Яваад очтол чи "Соёмбо" чуулгад орноо гэсэн. Тэнд манай "Харанга"-ын Чука (Ц.Чулуунбат), Пүүжээ (Н.Пүрэвдаш) хоёр байсан.

Тухайн жилийнхээ шинэ жилээр "Баярын цэнхэр дэлгэц" гэдэг нэвтрүүлэгт орж, Авирмэд гуайн "Өссөн нутаг" гэдэг дууг дуулж, түүгээр Монголчууд минь намайг мэддэг болсон гэж хэлэхэд болно доо. Тэнд зургаан жил болсон.

-Ер нь, тухайн үед тэнд "Харанга" хамтлагийн гишүүд хувь заяаны тохиолоор бие биенээ олоод уулзчихсан юм байна даа?

-Тэгсэн. Харин Я.Одсүрэн бид хоёр бол 1975 онд "Ногоон гэрэл"-д байсан хоёр. Бид хоёрын мөрөөдөл бол Монголд рок хамтлаг байгуулах. Тухайн үед рок хамтлаг гэдэг бол хөрөнгөтний суртал ухуулга гэдэг үүднээс хардаг байсан болохоор боломжоор их тааруухан. Гэхдээ бид хоёр мөрөөдөлдөө үнэнч явсан даа.

1983 онд би "Соёмбо"-оос, өөрөөр хэлбэл, армиас халагдсан. Гол санаа нөгөө л рок хамтлаг. Намайг халагдахад "Соёмбо"-д Я.Одсүрэн, Пүүжээ (Н.Пүрэвдаш), Чука (Ц.Чулуунбат) гурав маань үлдсэн. Тэр гурваасаа түрүүлж гараад Төв циркт хөгжимчнөөр орсон.

Тухайн үед 14 хоногоос илүү ажилгүй байж болдоггүй байлаа. Нэгд, мэргэжлээ дээшлүүлэх, хоёрдугаарт, мэргэжлийн газар ажиллаж байя гэж бодсон. Гурван жил ажиллаж байтал циркээс надад хуучин цирк дээр "эстрад цирк" гэж байгуулъя гэсэн санал тавьсан.

Циркээс яагаад тийм санал тавьсан бэ гэхээр 1983 онд циркэд орсны дараа шинэ жилийн тоглолт дээр нь "Учралын хорвоо", " Дөрвөн улирал" гэдэг хоёр дууг номерын ард дуулсан. Үзэгчид их сайн хүлээж авсан.

Тэгээд ер нь, циркийн ийм төрөл байж болох юм гээд 1986 онд хөгжмийн зохиолч С.Бэхбат, Б.Дамдинсүрэн, Эрдэнэбаяр гэсэн хөгжимчидтэй "Цирк" гэдэг хамтлаг байгууллаа. Тэгэхдээ Одсүрэнгээ Соёмбоос гаргаад хамтлагтаа авсан. Дараагаар нь, Пүүжээгээ авсан. Иймэрхүү маягаар тэднийгээ нэг нэгээр нь сугалаад байсан.

-"Харанга" хамтлаг бий болох суурийг л та бэлдээд байсан хэрэг үү?

-Ер нь, бол тийм. Циркийн хажууд рок хамтлаг байх боломжгүй юм байна гэдэг тодорхой байсан. Циркийн номерын ард тоглоод байх нь бидний хүсэл мөрөөдлөөс хол зөрүүтэй хэрэг шүү дээ. Тийм болохоор 1989 онд циркээсээ гараад Драмын театр дээр очиж, Н.Сувд эгчтэй уулзсан.

Танай театрын хажууд хамтлаг байгуулъя. Бид бүгд мэргэжлийн хөгжимчид гэсэн. Тэгэхэд Н.Сувд эгч "Яагаад заавал манай театрын хажууд..." гэхээр нь би "Соёл-Эрдэнэ" хамтлагийн түүхийг ярьж өгсөн л дөө. Ардын дуу бүжгийн чуулгын хажууд "Соёл-Эрдэнэ" хамтлаг байгуулагдсан. Тэдний хажуугаас Монголын номер нэг хамтлаг төрсөн юм чинь танай хажуугаас ийм хамтлаг яагаад төрж болохгүй гэж.

Энэ байшинд л төрөх учиртай юм шиг байна гэж хэлсэн чинь Н.Сувд эгч "За, би бодож үзье. Удирдлагуудтайгаа ярилцая" гэсэн. Долоо хоногийн дараа очиж уулзахад зөвшөөрсөн шүү.

Тэгэхэд Чука маань "Соёмбо"-оос халагдаагүй байсан. Ямар ч байсан би, Одсүрэн, Пүүжээ, манай хамтлагт байсан Х.Булган бид дөрөв тэнд орсон. Тэгээд Чукагаа сугалж авсан даа /инээв/ Тэгээд 1989 оны 10 дугаар сарын 26-нд “Амьдрал" нэртэй тоглолтоо хийсэн дээ.

-Ингэхэд хамтлагийн гоцлол дуучин маань хэдийд орж ирсэн бэ?

-"Амьдрал" тоглолтоос сарын өмнө "Томоотой хүн" гэж дуу хийгээд Чука бэлтгэлд ороод долоо хонож байснаа "Би ердөө рок дуу дуулж чадахгүй юм байна. Рок дуучин авсан дээр" гэсэн. Рок дуучин чинь хаана байгаа юм бэ гэтэл "Би нэг бацаан мэднэ, их хөөрхөн дуулдаг" гээд удахгүй дагуулаад ирсэн.

Тэгээд Лхагваа (Х.Лхагвасүрэн) ирээд "Шүүдэр цэцэг"-ийг гитартай дуулж шалгуулсан. Бид хариу хэлнэ гээд явуулсан ч? дуулах нь таалагдсан. Гэхдээ рокстильтэй биш цээлхэн гоё хоолойтой юм. Хоолойны чадал бүх юм нь болж байсан болохоор бид хэд "Энэ хүүхдийн стилийг нь бага зэрэг эвдээд рок болгож болох юм.

Өөрөө хүсвэл авна" гээд дахиж дуудсан. Тэгээд "За, бүх насаараа бидэнтэй хамт дуулж чадах уу" гэхэд "Чаднаа" л гэв. Ингэж л Лхагваагаа олж авсан.

-Түүнээс хойш 25 жил өнгөрсөн байна. Ийм удаан хугацаанд нэг бүрэлдэхүүнээр тоглосон хамтлаг ховор. Энэ эрчүүдийн үнэнч нөхөрлөл үү, эсвэл өөр нууц бий юу?

-Одоо бизнест хүртэл хамтарч ажиллах чадвартай хүнийг ажилд авна гээд байгаа биз дээ. Түүн шиг уран бүтээлд ч тийм байх ёстой. Зорилго нэг байх ёстой. Зорьсон зорилгодоо чин сэтгэлээсээ дуртай, бас үнэнч байх ёстой.

Анх "Амьдрал" нэртэй тоглолтоо тоглочихоод өрөөндөө орж ирээд андгай маягийн юм л даа "Түрүүлж үхсэнийгээ хувиа хичээсэнд тооцно шүү" гэж ярьцгаагаад. За тэгвэл, үхтэлээ хамт юм байна гэж андгай өргөж байсан даа.

-Энэ олон жилд ам мурийх, үзэл бодол зөрөх үе гарна биз дээ?

-Мэдээж, олон аавын хүүхдүүд янз бүрийн ааш араншинтай л байлгүй яахав. Гэхдээ бид зорилгоороо нэгддэг учраас ойлголцож чаддаг. Ойлголцохын хажуугаар хөгжимдөө чин сэтгэлээсээ дурласан. Үүнийхээ төлөө амьдарч чадсан учраас тэр шүү дээ. Муудаж сайдах үе гаралгүй яахав дээ.

Хамт олон байтугай нэг гэрт байгаа эр эм хоёр ч ам мурийдаг шүү дээ. Тийм үед бид хамгийн гол нь хэний буруу байна, хэний зөв байна гэдгийг хамт олноороо ярилцаж шийддэг. Буруу ярьж байгаадаа чиний л буруу гэдгийг нь хэлж ойлгуулдаг. Бие биенээ уучилж чаддаг, бие биенээсээ уучлал гуйж чаддаг.

Тэр утгаараа өнөөдөр тачигнатал хэрэлдсэн байлаа гэхэд маргааш нь инээлдээд л, тэврэлдээд л явна. Хар буруу санаа үлддэггүй. Урлаг өөрөө хүнийг ариусгаж явдаг юм даа. Монголын түүхэнд байтугай дэлхийн түүхэнд хэн нэг гишүүнээ солилгүй 25 жил болсон хамтлаг ховорхон юм билээ.

-Та төмөр замчин байсан хүний хувьд төмөр замын сэдэвтэй уран бүтээл хийхсэн гэж боддог уу?

-Боддог. Төмөр замын юуг нь уран бүтээл болгох вэ гэж боддог. Ажил хөдөлмөр, амьдрал ахуйн ямар сэдвээр байвал зүгээр юм бэ дээ. Яг өнөөдөртөө тийм сэдэв орж ирчихээгүй байгаа. Апиваа дуу, хөгжмөөс гадна шүлэг чухал. Тэрэндээ жаахан гацаатай байна. Аливаа нэг юманд зориулж бүтээл хийнэ гэдэг бас хэцүү.

Яруу найрагчид шүлгээ унших талаас нь бичдэг. Тэр нь аятайгаа авцалддаггүй. Энгийн хар үгээр хэлчихнэ гэхээр болж өгдөггүй, хэцүү юм бий. Үүнтэй адилхан бэрхшээлүүд гардаг. Компаниуд сүлд дуу хийлгэе гэдэг. Дуунд нь заавал компаний нэр байж байх ёстой гэнэ.

Дуун дундуур нэг компаний нэр хэлээд дуулаад байх сонин. Нийтэд хүртэхгүй уран бүтээл болно. Тэгээд тэрэндээ их мөнгө төлөх гэнэ. Мөнгийг нь бодоод хийчихье гэхээр уран бүтээл биш болоод байх. Иймэрхүү зовлон бий.

Төмөр замын сэдэвтэй хуучны гоё дуунууд бий. Жишээ нь, "Ган зам". Ер нь, энэ дууг давах дуу гарч ирэх болов уу даа. Хоёр жилийн өмнө манай Чука "Монголын төмөр зам" гээд дуу хийсэн. Манай Лхагва дуулсан. Ажил мэргэжлийн тухай биш төмөр замчдын амьдрал ахуйтай холбоотой дуу бол зүгээр гэж бодогддог.

-Төмөр замчидтай хэр ойр байдаг вэ?

-Одсүрэн бид хоёрын хувьд төмөр замд төрж өссөн. Төмөр замаасаа амьдралаа залгуулсан. Бид хоёрын хувьд нутаг нугын үзэл гаргавал төмөр зам төрсөн нутаг юм, хүмүүсийн ярьдгаар. /инээв/ Тийм болохоор байнга л бодолд явна шүү. Төмөр замын техникум (хуучнаар) дээр миний зураг байж л байна лээ.

2006, 2007 онд би тайлан тоглолтоо хийсэн. Тэгэхэд төмөр замаас 1000 гаруй хүн үзсэн. Соёлын төв өргөөнд хоёр удаа тоглоход ихэнх үзэгчид нь төмөр замчид маань байлаа. Намайг төмөр замынх гэж төмөр замчид баярладаг байх. Би ч төмөр замчдаараа бахархдаг.

-Удахгүй 65 жилийн ойгоо тэмдэглэх төмөр замчиддаа хандаж та юу хэлэх вэ?

-Төмөр замын ажил хүнд хөдөлмөр дөө. Би өөрөө холбогч байсан. Вагон дагаад л, зүүгдээд л гүйж явдаг. Тийм л ажил хийж байсан. Төмөр замын хатуу хөтүүг мэднэ. Өвлийн идэр есийн хүйтэнд ч, зуны аагим халуунд ч вагонд зүүгдээдл...

Хүнд ажил мөртлөө Монгол улсын хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа бахархам хөдөлмөр юм. Төмөр замчид Монголын тээврийн голыг нуруундаа үүрч байгаа. Төмөр замчдыг би асар их буяны ажил хийдэг улс гэж ойлгодог.

Улсынхаа хөгжилд ч тэр, хүмүүсийн амьдралд ч тэр. Тийм болохоор төмөр замчид та бүхний минь хийсэн бүтээсэн бүхэн амьдралд ахуйд тань тэнгэрийн хишиг шиг сайхан хүртэх байхаа.

Та бүхэн минь эрүүл байгаагаарай, хамгийн гол нь. Эрүүл байвал илүү сайн ажиллана, илүү ихийг бүтээнэ. Тэр хэрээр амьдрал сайхан болно.Та бүхэндээ энэ орчлонгийн хамгийн сайн, сайхан бүхнийг хүсье.

Б.Гүнжинлхам

Эх сурвалж: “Ганзам” сонин