sonin.mn
Ирэх наймдугаар сарын дундуур манай улсад хоёр хөршийн төрийн тэргүүн нар айлчилна. Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн баярыг манай улс ирэх наймдугаар сард тэмдэглэх юм. Дорнод Монголын хилийн Халх голын орчимд 1939 онд түрэн орж ирсэн Японы цэргийн хүчийг Монгол, ЗХУ хамтын хүчээр бут цохиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалсан билээ. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг Халх голын ойн баяртаа албан ёсоор урьсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин урьд нь манайд хоёр удаа буюу 2001 онд Ерөнхийлөгч байхдаа айлчилж байсан бол 2009 оны хавар Ерөнхий сайдын хувиар хоёр дахь удаагийнхаа "экспресс" айлчлалыг хийсэн юм.
 
Мөн энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчилна гэсэн мэдээлэл бий. ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн олимпийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзсан билээ. Тэр үеэр Си Зиньпин даргыг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьсан бөгөөд урилгыг талархан хүлээн авч энэ онд багтан Монголд айлчлахаа илэрхийлсэн. Хэрэв айлчлал төлөвлөсөн ёсоор хэрэгжвэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Хятадын Ерөнхийлөгчийн хийж байгаа анхны айлчлал болох юм. Хамгийн сүүлд 2003 онд тухайн үеийн БНХАУ-ын дарга Хуа Жинтао Монголд айлчилж байсан билээ.
 
Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван улс хаяа хаяагаа дэрлэн оршиж буй түүхэн хөршүүд. Тиймээс бидний дунд эв нэгдэл, эрх ашгийн нэгдмэл ашиг сонирхол гэж буй. Хоёр хөршийн төр, засгийн тэргүүнүүд Монголд айлчлах нь улс төр, эдийн засаг, геополтик талаасаа үнэлшгүй ач холбогдолтой гэдэг нь тодорхой юм. Монголын газар зүйн байршил нь хоёр их хөршийн дунд оршдог. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “бидний хувирашгүй үнэн бол хоёр оронтой хөрш” гэж хэлсэн байдаг. Тиймдээ ч хоёр том гүрний төрийн тэргүүнүүд Монгол Улсад айлчлах үйл явдал олон нийтийн анхаарлын дунд байсаар байна. Түүнчлэн төрийн тэргүүнүүдийн айлчлалын хүрээнд ямар асуудал хэлэлцэж, стратегийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм.
Мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ үеэр зарлан хуралдуулна гэсэн мэдээлэл ч байгаа юм.
 
Ж.МАРАЛ
 
Эх сурвалж: "Өдрийн сонин"