sonin.mn

2-р суваг телевизийн "Цензүргүй яриа" нэвтрүүлэгт хөтлөгч П.Анужин оролцсон билээ. Тус нэвтрүүлгийн эхэнд сэтгүүлч Мөнхбаясгалан О.Дашбалбар агсаны тухай ам нээж ярьсан бөгөөд үүнийг үзсэн охин Д.Индра нь цахим хуудраасаа өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрээр  "Цензүргүй яриа" нэвтрүүлгийг үзлээ. Нэвтрүүлгээс гүтгэлэг, доромжлол, хатуужил, чин сэтгэл, хайр энэрэлийн талаар их сонслоо. Зочноор орсон П. Анужин гэх гайхалтай бүсгүйн талаар бол ярих зүйл огтоос байхгүй байсан бөгөөд үнэхээр зөв үзэл бодолтой хүн гэдгийг нь улам их мэдэрлээ.

Харин сэтгүүлч н.Мөнхбаясгалан гэх зүрх сэтгэлд минь хүүхэд байхаас шарх үлдээсэн бүсгүйн анх удаа эцгийн минь талаар ярихыг сонсоод үнэндээ хэлэх үг олдсонгүй! Зочин П. Анужин тухайн үед манай гэрт ямар асуудал болсныг огтоос мэдэхгүй хүн юм.

Тэрээр н.Мөнхбаясгалан сэтгүүлчийн олон жил гүтгүүлж зовсноо хэрхэн даван туулсан талаар асууж яриагаа эхэлсэн нь тухайн үйл явдал болсон хийгээд хэл амыг биеэрээ туулаад гарсан миний хувьд үнэхээр хүнд туслаа.

Хүүхэд наснаасаа эхлэн шар сонин, олны хэл ам ямар хэцүү байдаг гэдгийг ааваасаа харж өссөн миний бие тэр бүхэнд тэвчээртэй, чимээгүй байсан нь хождог гэдгийг ойлгодог.

“Доромжлуулах тусам би улам өнгө орно, долоон бурхан од шиг улам тод гялалзана. Гүтгүүлэх тусам би улам өнгө орно гүн шөнийн од шиг улам тод гялалзана” гэдэг энэ мөртийг аав минь зүгээр нэг уран үгээр бичээгүй юмаа!

Аавыгаа ард түмний дуу хоолой болж эх орон, газар шорооныхоо төлөө өдөр шөнөгүй ярьж, бичиж, тэмцэж байсныхаа төлөө хариуд нь шар сонин хэвлэлээр хэрхэн гүтгүүлж элдвээр бичүүлж байсныг одоо бодоход тэр атгахан зүрх нь яаж дааж байсан юм болдоо гэж бодоход элэг минь эмтрэх шиг болдог юм.

Хорхой ч алж байхыг нь хараагүй аавыгаа нэг л өдөр сэтгүүлч бүсгүйг хүчиндэхийг завдсан гэх гүтгэлгийг уншаад жаахан охин байсан би юу ч ойлголгүй дэмий л шаналан аавынхаа дэргэд сууж хардагсан...

Хүчиндэхийг завдсан гэх нийтлэл эцэстээ Дашбалбар хүүхэн хүчиндсэн болж хувирсан бөгөөд ар гэрийнхэн болоод миний бие хичээлдээ ч явж чадахааргүй сэтгэл зүйн дарамтанд орж, олон хүүхдийн доог тохуу болж эцэст нь ангийнхаа хөвгүүнтэй аавыгаа өмөөрч үл ойлголцон хөлөө хүртэл гэмтээж байсан үе бий!

Гэтэл энэ бүх гүтгэлгийг бичсэн хүн нь хүчиндүүлэхийг завдсан гэх тэр сэтгүүлч бүсгүй бус тухайн үед сэрүүлэг сонинд ажиллаж байсан Мөнхбаясгалан гэх энэ бүсгүй өөрөө бичсэн юм. Миний аав хэзээ ч жаахан охиныхоо дэргэд гэр орондоо цаашлаад оюун санаандаа ч бүсгүй хүнрүү адгуус мэт дайрах хүн биш!

Гэтэл Мөнхбаясгалан гэх сэтгүүлч хайр найргүй аавыг минь гүтгэж ханалгүй "Цензүүргүй яриа" гэх хов жив хөөцөлдсөн нэвтрүүлэгтээ "тэр хүний ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэндээ 16 жил доромжлуулж, чимээгүй байлаа" гэсэн нь үнэхээр эгдүүцэл төрүүллээ!

Мөнхбаясгалан, чи үнэхээр хүчирхэг сэтгүүлч байсан бол, эмэгтэй хүн мөн юм бол ааваас минь сэтгэлдээ ч болтугай уучлалт гуйх ёстой юмаа! Чамд гүтгүүлсэн аавыгаа нүдэндээ нулимстай сууж байхыг харсан тэр хар өдрүүд одоо ч нүдэнд минь харагдаж сэтгэл өвдөж сууна.

Энэ бүх үйлийн үрээ ухаарахгүй ахиад л нэг жаахан охин, гэр бүлтэй хүний амьдрал, нэр төр, ирээдүйгээр нь шоу хийлээ. Энэ бол зүгээр нэвтрүүлгийнхээ үзэгчдийн хандалтаа ихэсгэх ээлжит нэг дуулиан чинь! Эцсийн дүндээ наад сонин, нэвтрүүлгийг чинь хэдэн хүн үзэж, уншиж хов живээр хооллохдоо бус цаана нь хэдэн арван хүний оюун санаа, сэтгэл зүрх урагдаж байдаг гэдгийг сана!!!

Залуу сэтгүүлчиддээ нэг хүнийг гүтгэхэд цаана нь хэдэн аав ээж, үр хүүхэд уйлж шаналаж түүнийхээ үйл лайг хэдэн жил амсдаг гэдгийг заалгүй харин ч эсрэгээрээ өнөөх л бөгсний хэрүүл ярьж шүүртэй шулмас байх тухай сурталчилж байгааг чинь харахад өөрөө сэтгүүлчийн ёс зүй хийгээд цензүр ярих болоогүй мэт санагдаж байна.

Тэнгэрт байгаа аав минь чамайг уучилж хайрласан ч амьд үлдсэн бидний сэтгэл зүрх үргэлж шархтай явдгийг санаж ахиж эр эм, гэр бүлийн асуудлаар шоу хийлгүй соён гэгээрүүлэх үйлсэд ханцуй шамлан орж нэг өдрийн өмнө ч гэсэн хүнд гэрэл гэгээ хайрлахыг хүсье!